Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2022/01663

 

 

 

 

 

                                         2022            05            17

                 184/ШШ2022/01663

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... байр, ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогт Д-ийн Б /регистрийн дугаар: .../,

 Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... байр, .. тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогт Д-ийн Бо /регистрийн дугаар: .../ нарын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогт Д-ын Г /регистрийн дугаар: ..../-т холбогдох,

  Маргаан бүхий газар эзэмших эрхийн тухайд Д.Б, Д.Бо нарыг Д.Н-ийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, өвлөгдвөл зохих эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, амины хашааны зориулалттай, 471 метр квадрат талбай бүхий газры н эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлж өгөхийг даалгах, маргаан бүхий эд хөрөнгийн нөхөн олговорт авсан 12,479,667 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ө, Х.Н  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Б, Д.Бонар нь хариуцагч Д.Гт холбогдуулан маргаан бүхий газар эзэмших эрхийн хувьд Д.Н-ийнхууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, өвлөгдвөл зохих эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, амины хашааны зориулалттай, 471 метр квадрат талбай бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлж өгөхийг даалгах, маргаан бүхий эд хөрөнгийн нөхөн олговорт авсан 12,479,667 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Миний бие 1982 оны 08 дугаар сарын 21-ний өдөр, миний ах Д.Бо1979 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус Я.Дболон Д.Н нарын хүүхдүүд болон мэндэлсэн.Тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэж өөрийн төрсөн эцэг болох Д.Ноор овоглож чадаагүй бөгөөд Улаанбаатар хотын октябрийн районы шүүхийн 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Боын төрсөн эцгийг Д.Н мөн болохыг, 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б миний төрсөн эцэг Д.Н мөн болохыг тус тус тогтоосон. Гэр бүлийн таарамжгүй байдлын улмаас эцэг эх минь хамт амьдрах боломжгүй болсон тул 1982 оноос хойш тусдаа амьдарцгаасан. Бидний төрсөн эцэг 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Хэдий тусдаа амьдардаг байсан боловч бид хааяадаа аав дээрээ очдог байсан. Аавыг нас барах үед бид ажил явдалд нь оролцож, түүнээс хойш тухайн амьдарч байсан газарт нь очоогүй. Гэтэл аавыг нас барахаасаа өмнө амьдарч байсан газар, хашаа болох Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... тоот амины хашааны зориулалттай 611  м.кв талбайтай газрын эзэмшигч нь миний аав Д.Н байсныг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас мэдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор тухайн газрын талаар цааш судалж үзтэл миний аавын төрсөн эгчийн хүүхэд болох Д.Г нь 2018 онд дээрх маргаан бүхий газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан. Нэхэмжлэгч бидний зүгээс өв залгамжлагчийн хувьд эцгийн минь нэр дээр байсан эсэх талаарх лавлагааг гаргуулахаар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандаж хүсэлт гаргахад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар захирамжийн дагуу маргаан бүхий газрын эзэмших эрх, Д.Гт шилжсэн талаар хариу ирсэн. Үүнээс үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Газрын алба болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар нь нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ бичигдээгүй, төрсөн хүүхэд болон эхнэрийн лавлагааг шалгахгүйгээр дээрх газрын эзэмших эрхийг хариуцагч Д.Гийн нэр дээр шилжүүлж өгсөн нь хууль бус гэж үзэж байна. Хариуцагч Д.Гийн тухайн газрын бичиг баримтыг авахдаа бичиж өгсөн өргөдөлд миний төрсөн аав Н-ийн газар, мөн шүүхэд анх гаргаж өгсөн тайлбарт бас мөн юмаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байх бөгөөд нэхэмжлэгч нараас өөр үр хүүхэд талийгаач аав минь байхгүй бөгөөд дээрх маргаан бүхий газартай холбоотойгоор холбогдох ажиллагааг хийхгүйгээр хариуцагч Д.Гт эзэмших эрхийг шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Д.Бо, Д.Б нарыг Д.Н-ийнхууль ёсны өв залгамжлагчаар тогтоож, өвлөгдвөл зохих эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоот амины хашааны зориулалттай 611 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Д.Бо, Д.Б нарт шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий эд хөрөнгөөс тодорхой хэсгийг төр нөхөх олговортойгоор авч, хариуцагч Д.Гт газар болон эд хөрөнгийн нөхөн олговорт 12,479,667 төгрөгийг олгосон байх тул нөхөн олговор 12,479,667 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.” гэж тодорхойлсон.

 

2.Нэхэмжлэгч Д.Боын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Нэхэмжлэгч Д.Б, Д.Бонарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага адилхан. Хариуцагчийн хувьд шүүхэд 2 удаа хариу тайлбарыг гаргаж өгсөн байдаг. Эхний хариу тайлбар дээрээ талийгаач Д.Нтой хамт амьдарч байсан. Өв залгамжлалаар маргаан бүхий газрыг өвлөж авсан юм аа гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн хариуцагч талаас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шаардсан баримтыг бүрдүүлж өгсөн гэдэг боловч тухайн баримтыг энгийн хүний нүдээр харахад хүртэл хууль бус баримт цуглуулсан болох нь харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Г миний бие өөрийн төрсөн ах Д.Нтой 10 гаруй жил Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт хамт амьдарсан бөгөөд ах маань 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөд болсон. Манайх ам бүл долуулаа бөгөөд би нэг эгч /Д.Ц/, 3 ахтай /Д.Н, Д.А, Д.Б/. Би дээрх хаягт байрлах хашаа байшинд сүүлийн 20 орчим жил амьдарч байгаа. Миний ах Д.Н нь хүнтэй гэрлэж байгаагүй, хүүхэдтэй талаар би огт мэдэхгүй, сонсож ч байгаагүй. Нэхэмжлэгч Д.Б, Д.Бонар нь миний ахыг амьд сэрүүн байх үед нэг ч удаа ирж уулзаж, харж хандаж байгаагүй атлаа ахыг маань өөд болсноос арав гаран жилийн дараа эд хөрөнгө, өв залгамжлалын асуудлаар шүүхэд хандсанд гомдолтой байна. Миний бие 2018 онд дээрх газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд зааснаар авсан. Тухайн үедээ холбогдох байгууллагуудаас лавлагааг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргаж өгсөн. Д.Н нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч, өмчлөгч гэсэн баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  Д.Боын иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.Болор-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Засаг даргын 450, 451 дугаартай тодорхойлолт, Д.Б-ийн төрсний гэрчилгээний хуулбар, Д.Боын төрсний гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж, Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ...дугаартай шийдвэр, 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн .. дугаартай шийдвэр, бүртгэл-хяналтын картын маяг, А.Б-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монголын Нотариатчдын танхмын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Иргэн Д.Б танаа” гэх ...дугаартай албан бичиг,  Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай магадлал, Д.Бооос Ц.Э-т олгосон итгэмжлэл, Үндэсний төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03-09/384, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай хүн амын тооллогын лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай албан бичиг, гэрэл зураг, 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Русская гимназия” сургуулийн захирал, “Худалдааны төв”-ийн захирал, Сонгинохайрхан дүүргийн Хот тохижуулах газрын боловсон хүчин, “Улаанбаатар хот харуул хамгаалалтын боловсон хүчин”, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан гаргасан Д.Н-ийнажилд орох тухай өргөдөл, Д овогтой Н-ийн түүх, Өвөг эцэг Гонгорын түүх, Төрсөн эцэг Г овогтой Д-ын түүх.

 

5. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай “Төрөл садангийн тухай” лавлагаа, мөн өдрийн ... дугаартай “Гэрлэлт бүртгэлгүй тухай” лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 545 дугаартай тодорхойлолт, Д.Гоос Л.О-д олгосон итгэмжлэл, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, фото зураг, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай албан бичиг.

 

6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаартай албан бичиг /хавсралтаар: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж, 23 дугаартай Доржпаламын Ганзориг Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... тоот газар баталгаажилтын хувийн хэрэг, 000...гэрчилгээний дугаартай Д.Гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ..дугаар хороо, ... тоот хаягт байрлах 617 м.кв талбайтай, 186363...нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Д.Н-ийн186363...нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, бүртгэл-хяналтын картын маягт, хариу өгөх мэдэгдэл, Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хорооны Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ...дугаартай тодорхойлолт, Д.Гийн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандан гаргасан өргөдөл, Д.Ц-ийн Сонгинохайрхан дүүргийн Газрын албадан хандан гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын ... дугаартай Д.Н-ийннас барсны бүртгэлийн лавлагаа, ... дугаартай Д.Нтой “Төрөл садангийн тухай”  лавлагаа, н.Ү, н.Б, н.Н, н.Ц, н.Б, Д.А нарын Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөл, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ..дугаартай “Гудамж, хашааны хаягийг шинэчлэх тухай” тогтоол/, Улаанбаатар төмөр замын Төрөлжсөн архивын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай албан бичиг / хавсралтаар:БНМАУ-ын хүн амын регистрийн карт Д.Ц Төрөгсдийг бүртгэх анкет Ц Г, Үрчилсний бүртгэх анкет Ц Г, үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа/, Сонгинохайрхан дүүргийн ..дугаар хорооны Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн .. дугаартай албан бичиг /хавсралтаар: хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр Д.Н/, Улаанбаатар төмөр замын барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Б.Б-ын Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан тайлбар, УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай албан бичиг, Д.Гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай албан бичиг /хавсралтаар: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай захирамж, Бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртсөн иргэдэд олгох нөхөх олговрын төсөв,/ Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичиг /хавсралтаар: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай “Газар эзэмших эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” албан бичиг, Газар баталгаажилтын хувийн хэрэг/, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн .. дугаартай албан бичиг, Нийслэлийн архивын газрын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ...  дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай албан бичиг, нэхэмжлэгч Д.Б-ийн Huawei маркийн Y20 загварын гар утасны мессежинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай албан бичгүүд.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Д.Бо, Д.Б нар 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хандаж, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах 477 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагч Д.Гт даалгах, газрын нөхөх олговорт авсан 12,479,667 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч нар эдгээр шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа, талийгаач эцэг Д.Н нь нас барахаасаа өмнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах 611 м.кв газрыг эзэмшдэг байсан тул түүний хууль ёсны өв залгамжлагчдын хувьд тухайн хөрөнгийг өвийн журмаар өмчлөх эрхтэй гэж үзсэн. Түүнчлэн хариуцагч Д.Г нь хөрөнгийг хуулийн дагуу өмчлөх эрхгүй атлаа газраас 140 м.кв хэсгийг захиран зарцуулж 12,479,667 төгрөг олсон гэх үндэслэлээр уг мөнгийг шаардсан.

 3. Мөн нэхэмжлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах 611 м.кв газрын хувьд 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нас барсан Д.Н-ийнхууль ёсны өв залгамжлагчид мөн болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн энэ шаардлага нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн бие даасан шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх боломжтой.

4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд энэ талаар тодруулсан боловч нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгч Д.Болор-Эрдэнийн өмгөөлөгчийн зүгээс бие даасан шаардлага байдлаар шийдвэрлүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хуулийн зохицуулалтын агуулгаас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бие дааж өөрөө тодорхойлох буюу хэнээс юуг шаардах, юуг эс шаардахаа шийдэх эрхтэй байна. Иймд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан Д.Б, Д.Бонарыг Д.Н-ийнхууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох шаардлагыг бие даасан шаардлагын хэмжээнд шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

6. Хариуцагч Д.Г нь 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нас барсан Д.Нийг маргаан бүхий газрыг эзэмшиж байгаагүй тул газар эзэмших эрх буюу хөрөнгө түүний хүүхдүүд болох Д.Бо,  Д.Б нарт өвлөгдөхгүй, мөн өөрийн хууль ёсоор эзэмшиж буй газрын зарим хэсгийг төрд өгч, нөхөх олговор авсан тул мөнгийг буцааж өгөхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

7. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газар эзэмших эрхийг өвийн журмаар өмчлөх эрхтэй гэж үзсэн бол өв нээгдэх үед тухайн хөрөнгийг талийгаач Д.Н өмчилж эзэмшиж байсан, өвлөгдвөл зохих хөрөнгө мөн болохыг нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох үүрэгтэй байдаг.

8. Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 9 сарын хугацаанд талууд нотлох баримт цуглуулж мэтгэлцсэн. Энэ хугацаанд талуудын хүсэлтээр шүүх нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч маргаан бүхий газар эзэмших эрхийг нэхэмжлэгч нарын эцэг Д.Н эзэмшиж байсан болох нь тогтоогдоогүй.

Дээрх тохиолдолд нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзнэ.

9. Түүнчлэн, нэхэмжлэгч нарын зүгээс тэдний эцэг Д.Н газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан болох нь Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас ирүүлсэн газар баталгаажилтын хувийн хэрэгт Д.Г газар өвлөж авах хүсэлт гаргасан баримт, хариуцагч Д.Г шүүхэд анх хариу тайлбар гаргахдаа газрыг хуулийн дагуу өвлөж авсан хэмээн тайлбарласан баримт, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн албан бичиг зэргээрээр тогтоогдоно гэж үзсэн.

            9.1 Хариуцагч Д.Г нь тухайн газрыг өвлөж авахаар бичгээр хүсэлт гаргасан боловч уг газрыг өмнө талийгаач Д.Н эзэмшиж байсан болох нь баримтаар тогтоогдоогүй ба Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай захирамжаар Д.Гт анх маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрыг хариуцагч Д.Гоос өмнө хэн нэгэн Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж байгаагүй байна.

9.2 Хариуцагч Д.Г нь анх шүүхэд бичгээр хариу тайлбар гаргахдаа, газрыг өвийн журмаар өвлөж авсан гэх тайлбар гаргасан боловч хожим түүний өмгөөлөгч нарын зүгээс шинээр газар эзэмших эрх авсан талаар тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно.” гэж, мөн Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д: “Өмгөөлөгч үйлчлүүлэгчийг итгэмжлэл, хүсэлт, гэрээ, эсхүл нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд томилолтын үндсэн дээр төлөөлнө.” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл өмгөөлөгч үйлчлүүлэгчийг хуулийн дагуу төлөөлж болдог бөгөөд хариуцагч Д.Гийн өмгөөлөгчид түүнийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэж үзэхээр байна.

Аливаа этгээд газар эзэмших эрх олж авах явдал нь эрх бүхий Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хэрэгждэг тул хариуцагч Д.Гийн тайлбарыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцнэ. Хэрэгт авагдсан өөр бусад баримтуудаас үзвэл хариуцагч Д.Г нь маргаан бүхий газар эзэмших эрхийг өв залгамжлалаар бус анх удаа эрх бүхий байгууллагаас эзэмших эрхийг олж авсан гэж үзэхээр байна.

9.3  Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14-т заасан улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх чиг үүрэгтэй байгууллага юм. Энэ байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгох чиг үүрэггүй бөгөөд газар эзэмших эрхийг шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан Засаг дарга байна.

9.4 Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай албан бичигт: “...нэгж талбарын 186363...дугаар бүхий 610 м.кв талбайтай газар нь иргэн Д.Н-ийннэр дээр эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байна...” хэмээн бичсэнийг шүүх дахин тодруулсан болно. Улмаар тус газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай албан бичгээр “ газрын бүртгэл хийгээгүй” талаар хариу ирүүлжээ.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хадгалагдаж буй газрын мэдээллийн нэгдсэн санд Д.Н-ийннэрээр кадастрын зураглал хийлгэсэн байгаа нь түүнд газар эзэмших эрх олгосон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

10. Нэхэмжлэгч нар хариуцагч Д.Гоос 12,479,667 төгрөг гаргуулахаар шаардахдаа, маргаан бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Д.Бо, Д.Б тул өмчлөх эрхгүй этгээд болох Д.Г уг газрыг захиран зарцуулснаас олсон орлогыг өмчлөх эрхгүй гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхгүй этгээд эд хөрөнгийг захиран зарцуулснаас үндэслэлгүй орлого олсон буюу нэхэмжлэгч нарт энэ хэмжээгээр хохирол учруулсан гэж үзжээ. Нэхэмжлэгч нарын энэ үндэслэлээс үзвэл, Д.Боболон Д.Б нар Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасан үндэслэлээр 12.479.667 төгрөгийг хариуцагч Д.Гоос шаардсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д: “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.”, мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.3-т: “Эрх бүхий этгээдийн эд хөрөнгийг хариу төлбөртэйгээр захиран зарцуулсан бол түүнээс олсон орлогыг эрх бүхий этгээдэд учирсан хохиролд тооцно.” гэж тус тус заажээ.  

Хариуцагч Д.Гийн захиран зарцуулсан хөрөнгө гэх 140 м.кв газрыг нэхэмжлэгч нарын эцэг Д.Н эзэмшиж байгаагүй, түүний хууль ёсны өв залгамжлагч нар болох Д.Бо, Д.Б нарт өвлөгдвөл зохих хөрөнгө биш тул нэхэмжлэгч нар уг газрыг хуулийн дагуу эзэмших эрхгүй юм.

Нөгөө талаас, эрх бүхий этгээд маргаан бүхий газрыг анх удаа хариуцагч Д.Гт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Д.Г нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч мөн байх тул бусдын хөрөнгийг захиран зарцуулснаас орлого олсон гэж үзэхгүй.

11. Нэхэмжлэгч нар маргаан бүхий газар эзэмших эрхийн хувьд талийгаач Д.Н-ийнхууль ёсны өв залгамжлагчид мөн болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөхөөр заажээ. Хуулийн энэ хэсэгт заасан “өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх” гэх ойлголт нь өв нээгдэх үед өвлүүлэгч эзэмшиж байсан эрх болон хөрөнгө өвлөгдөнө гэж ойлгохоор байна.

Нэхэмжлэгч нарын эцэг Д.Н нас барах үед буюу өв нээгдэх үед маргаан бүхий газар эзэмших эрхийг талийгаач Д.Н хуулийн дагуу эзэмшиж байсан болох нь баримтаар тогтоогдоогүй тул тухайн хөрөнгийн хувьд нэхэмжлэгч нарыг хууль ёсны өв залгамжлагч гэж тогтоох боломжгүй байна.

12. Хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл нь эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилжээ. Нэхэмжлэгч нараас хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөгийг, нөхөх олговор 12,479,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 214,625 төгрөгийг  тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс тооцож тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Иймд нэхэмжлэгч нь 447 м.кв газрын зах зээлийн үнэлгээнээс тооцож тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй байжээ. Тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг шүүх тооцохдоо хэрэгт авагдсан баримтыг үндэслэж, төрөөс олгосон нөхөх олговрын хэмжээгээр тооцсон болно.

Төрөөс 140 м.кв газрын үнэлгээг 8.400.000 төгрөгөөр тооцсон байх тул энэ үнэлгээнээс 477 м.кв газрын үнэлгээг тооцвол 26.820.000 төгрөг болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлэхээр заасан тул нэхэмжлэгчийн төлсөн 355,025 төгрөгийг улсын орлогод үлдээж, дутуу төлсөн 160,649 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан Д.Б, Д.Бонарыг маргаан бүхий газар эзэмших эрхийн хувьд Д.Н-ийнхууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, өвлөгдвөл зохих эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, амины хашааны зориулалттай, 477 метр квадрат талбай бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлж өгөхийг даалгах, маргаан бүхий эд хөрөнгийн нөхөх олговорт авсан 12,479,667 төгрөгийг гаргуулахыг хүссэн, хариуцагч Д.Гт холбогдох нэхэмжлэгч Д.Б, Д.Бонарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 160,649 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан улсын орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ХИШИГБААТАР