Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2022/01194

 

 

 

 

 

2022 05 18

181/ШШ2022/01194

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГЕГ -т холбогдох,

ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганболд, нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс ажлаасаа үндэслэлгүй халагдаад 4 жил орчим болж, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дээд шүүхийн эцсийн шийдвэр гарснаар ажилдаа эгүүлэн томилогдохоор болсон боловч өнөөдрийг хүртэл ажилдаа ороогүй, нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй, маш их хохирч байна.

Би Хөдөө аж ахуйн Их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр сурч төгссөн. Хөдөө аж ахуйн суруулийн архивт миний сурч байсан талаар баримт байсан. Намайг анхан шатны сургуульд сураагүй гээд байдаг юм байна лээ. Би 2 өөр чиглэлээр 3 сургууль төгссөнөөс нэгээр нь магистр, докторын зэрэг хамгаалсан. Удирдлагын академийг төгсчихөөд байхад албан тушаал дэвшүүлэх гэрээтэй байдаг ч гэрээний үүргээ ГЕГ биелүүлээгүй.

Намайг албан тушаал нэмж өгье 12.000.000 төгрөг өг гэж байсан ч би өгөхгүй гэсэн. Энэ талаар маргалдсанаас болоод намайг халсан. Тэр хүн нь авилга авсан хэргээр байцаагдаж байгаа. Эцсээ хүртэл явна. Нэхэмжлэлээсээ татгалз, тэгвэл ажилд чинь авна гэж хэлж байсан. Миний эрх ашиг хөндөгдөж байна. Би хамгийн хэцүү нөхцөл байдалд хөдөө хил дээр ажиллаж байсан. Би хувийн компанид ажиллаагүй, миний цалин хөлс хэрхэн бодогдох, шүүх хэрхэн бодохыг би мэдэхгүй.

Нийгмийн даатгал дээр очихоор, сүүлийн 3 сар даатгал төлөөгүй гээд их хэцүү байна, хариуцагч талаас намайг ажилуулаагүй, намайг нотлох баримтаа бүрдүүлж иргэний шүүхэд ханд гэсэн.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг Гаалийн ерөнхий газраас гаргуулж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ажилдаа ч ороогүй цалин олговороо ч аваагүй байна.

Одоо бол би 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулахаар ГЕГ аас нэхэмжилж байна.

2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх цалингийн тооцооллыг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас гаргуулж авахад цалин хөлс маань 21.287.000 төгрөг болсон, гэхдээ би шүүхээр бодуулмаар байна. Мөн миний бие улирал бүр үр дүнгийн урамшуулал авдаг байсан. Урамшуулал авсан сүүлийн гурван улирлаараа тооцож үзээд, аваагүй 10 улирлын мөнгө 6.000.000 төгрөг болж тооцоологдож байна 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх цалинг танд гаргуулж өгнө гэж хэлсний дагуу цалингийн тооцоолол гаргаж шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн байгаа юм.

Намайг ажиллаж байх үед ч гэсэн миний цалинг дутуу бодож олгодог байсан, саяхан шүүх захирамжаар баримт шаардахад ГЕГ намайг олон хоног ажил тасалсан мэт бичсэн байна, хэрэв би ажил тасалсан юм бол тухайн үед тэр үндэслэлээрээ ажлаас халахгүй яасан юм.

Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 326 тоот шийдвэрээр Б.Н надад холбогдох ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож ажилд буцаан томилогдох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг нөхөн олгож эрүүл мэнд, нөхөн бичилт хийлгэхийг ГЕГ т даалгасан шийдвэр гаргасан.

Гэвч одоог хүртэл энэ шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, би хохирсоор явна. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас ГЕГ т 2 жил шахам шүүхийн шийдвэр биелүүлэх шаардлагыг хуулийн дагуу удаа дараа тавьсан болов ямар ч үр дүнгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2-153/1385 тоот албан бичигт надад олгох цалин хөлсийг тооцохдоо 2020 оны 9 дүгээр сарын 14-нийг хүртэлх цалин хөлсийг тооцож ирүүлсэн.

Шүүхийн шийдвэр одоог хүртэл биелэгдээгүй, ажил орлогогүй их хэцүү байгаа тул 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг тооцуулж, бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Н нь Гаалийн ерөнхий газрын харьяа Шуудан илгээмж дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчаагчаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар хууль бус боловсролын баримт бичиг ашиглан гаалийн байгууллагад ажиллаж байсан тул түүнийг гаалийн албанаас халсан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас боловсролын баримт бичгийн шалгалт явуулснаар зарим нэг хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн.

Үүнийг эс зөвшөөрч Б.Н захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0230 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №368 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхээс боловсролын баримт бичгийн зөрчилтэй асуудлыг үл хэрэгсэн Б.Нын нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №2-153/1385 албан бичгийн хариуг хүргүүлсэн.

Гаалийн ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №01-4/580 албан бичигт Б.Нын ажилгүй байсан хугацааны олговрын тооцооллыг ажлаас чөлөөлөгдсөн хугацаанаас эхлэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоол гарах хүртэлх хугацааг хамруулан тооцон гаргасан. Энэ тооцооллыг шүүх шийдвэр гаргахдаа цалингийн хэмжээг харгалзан үзнэ үү.Гаалийн байгууллагаас Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр холбогдох санхүүгийн эх сурвалжийг судлан ажиллаж байгаа, түүнчлэн холбогдох сангаас Б.Нын нөхөн олговрыг олгуулах талаар судалж байгаа болно.

Иймд Б.Нын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 10-ны 01-4/580 тоот албан бичиг, цалингийн тооцоолол, цалингийн карт, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 368 дугаар магадлал, Нийслэл дэх захирагааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0230 дугаар шийдвэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зэргийг гаргасан.

Хариуцагчаас: нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Шүүхээс нотлох баримтаар: Б.Нын 2019 оны 05, 07, 08, 09 дүгээр саруудад цалин хөлс авахдаа ажлын хэдэн өдрөөр цалин бодогдож авсан, өвчтэй, чөлөөтэй хэд хоног байсан талаар лавлагаа бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанааар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад     

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч ГЕГ т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0230 дугаартай шийдвэрээр ГЕГ т холбогдох Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гагуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгахыг хүссэн Б.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлсэн байна. /хх-ийн 34-45-р хуудас/

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 368 дугаартай магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ./хх-ийн 28-33-р хуудас/

Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаартай тогтоолоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалыг хүчингүй болгон Б.Нын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуульд заасан журмын дагуу нөхөн олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ГЕГ т даалгаж шийдвэрлэжээ./хх-ийн 2-4-р хуудас/

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Гаалийн ерөнхий газраас 2022 оны 3 дугаар сарын 10 ны өдрийн 01-4/580 дугаартай албан бичгээр Б.Ныг ажлаас нь чөлөөлсөн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг тооцоолон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. /хх-ийн 4-8-р хуудас/

Гэвч хариуцагч /ажил олгогч/ ГЕГ нэхэмжлэгч /ажилтан/ Б.Ныг ажилд нь эгүүлэн томилоогүй, түүний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгоогүй болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 33-р хуудас/

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1., 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.1., 46.2. дах заалтуудыг зөрчсөн байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Б.Нын 1 сарын дундаж цалин болон нэг өдрийн цалинг тооцоолон бодоогүй байх бөгөөд түүний нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 5-9 дүгээр сарын цалин олговор нь харилцан адилгүй, их зөрүүтэй байсан тул шүүх, ажил олгогч Гаалийн ерөнхий газраас ажилтан Б.Ныг 2019 оны 5-9 дүгээр саруудад цалин хөлс авахдаа ажлын хэдэн өдрөөр цалин бодогдож авсан, өвчтэй чөлөөтэй хэд хоног байсан талаарх лавлагааг авч, түүний бүтэн ажилласан сар болох 2019 оны 2, 3,4- дүгээр сарын цалингаас дундаж цалинг тооцох нь зүйтэй гэж үзсэн болно./хх-ийн 68-99-р хуудас/

Б.Нын цалин олговрыг Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг тооцоолоход 28.636.512 төгрөг болж байна.

/1.243.101+1.255.301+1.757.485=4.255.887төгрөг, 4.255.887:3=1.418.629 төгрөг, 1.418.629:21,5=65.983төгрөг,1.418.629х20сар=28.372.580төгрөг,65.983х4хоног=263.932 төгрөг, 28.372.580+263.932=28.636.512 төгрөг/

Иймд Б.Нийн ажилгүй байсан хугацаа болох 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 28.636.512 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, уг цалин олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.

Нэхэмжлэгч Б.Н нь аваагүй 10 улирлын урамшууллал мөнгө 6.000.000 төгрөг болж байгаа гэх боловч тэр талаар ажил олгогч байгууллагадаа хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, шаардлага гаргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч Гаалийн ерөнхий газраас 28.636.512 /хорин найман сая зургаан зуун гучин зургаан мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх цалин, олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3., 40.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 


 ДАРГАЛАГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО