Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01477

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022             08           10                                              210/МА2022/01477

 


Б.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/01194 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Нын нэхэмжлэлтэй хариуцагч ГЕГт холбогдох ажилгүй байсан хугацаан дахь цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 326 тоот шийдвэрээр Б.Н надад холбогдох ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилогдох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй адилтгах олговрыг нөхөн олгож эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ГЕГт даалгасан шийдвэр гаргасан. Гэвч одоог хүртэл энэ шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, би хохирсоор явна. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ГЕГт 2 жил шахам шүүхийн шийдвэр биелүүлэх шаардлагыг хуулийн дагуу удаа дараа тавьсан болов ямар ч үр дүнгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2-153/1385 тоот албан бичигт надад олгох олговрыг тооцохдоо 2020 оны 9 дүгээр сарын 14-нийг хүртэлх байдлаар тооцож ирүүлсэн.

Иймд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх цалингийн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг тооцуулж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Н нь Гаалийн ерөнхий газрын харьяа Шуудан илгээмж дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар хууль бус боловсролын баримт бичиг ашиглан гаалийн байгууллагад ажиллаж байсан нь тогтоогдсон тул түүнийг гаалийн албанаас халсан. Үүнийг эс зөвшөөрч Б.Н захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0230 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 368 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүх хуралдаанаас боловсролын баримт бичгийн зөрчилтэй асуудлыг үл хэрэгсэн Б.Нын нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №2-153/1385 албан бичгийн хариуг хүргүүлсэн. Гаалийн ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №01-4/580 албан бичигт Б.Нын ажилгүй байсан хугацааны олговрын тооцооллыг ажлаас чөлөөлөгдсөн хугацаанаас эхлэн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол гарах хүртэлх хугацааг хамруулан тооцон гаргасан. Энэ тооцооллыг шүүх шийдвэр гаргахдаа цалингийн хэмжээг харгалзан үзнэ үү. Гаалийн байгууллагаас Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэрийг биелүүлэхээр холбогдох санхүүгийн эх сурвалжийг судлан ажиллаж байгаа, түүнчлэн холбогдох сангаас Б.Нын нөхөн олговрыг олгуулах талаар судалж байгаа болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч Гаалийн ерөнхий газраас 28.636.512 /хорин найман сая зургаан зуун гучин зургаан мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх цалин, олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох хугацааг буруу тодорхойлсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч ГЕГт холбогдуулан ажилгүй байсан хугацаан дахь цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Б.Н нь 1998 оноос гаалийн байгууллагад ажилласан бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалаар Монгол Улсын Үндэсний Их Сургуулийг эдийн засаг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгсөөгүй болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Монгол Улсын Их Сургуулийн албан тоотуудаар тогтоогдож, Гаалийн албанд хууль бус боловсролын бичиг баримттай ажиллаж байсан гэх үндэслэлээр гаалийн улсын байцаагчийн ажлаас чөлөөлөгдсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08ы өдрийн 230 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 368 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалыг хүчингүй болгон, Б.Нын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуульд заасан журмын дагуу нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ГЕГт даалгаж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэрэг баримтуудаар тус тус тогтоогджээ. /хх 1-5, 28-45/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч ГЕГ нь нэхэмжлэгч Б.Ныг шүүхийн шийдвэрээр тогтоосон албан тушаалд өнөөдрийг хүртэл томилоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, эрхийн зөрчил үргэлжилж байна гэж үзнэ.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 09 дүгээр сарын 14ий өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцох хугацааг буруу тодорхойлсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилоогүй, энэхүү шийдвэр биелэгдээгүй байгаа учраас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 28,635,512 төгрөгийг гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн. Иймд шүүх хууль буруу тайлбарласан гэх гомдол үндэслэлгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/01194 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдлыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

                ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.БЯМБАСҮРЭН