Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/01195

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/01195

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ш.б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б,

Хариуцагч: Г.С нарт холбогдох,

Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц эзэмшиж, ашигласны хөлсөд 16.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 14-ний иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. ан

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , хариуцагч Г.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Г.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Ш.Г  нь хариуцагч Г.Б , Г.С  нарт холбогдуулан Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц эзэмшиж, ашигласны хөлсөд 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Ш.Г  нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Хонгор апартмент 16 дугаар байр, Б блок, 00 тоотод байрлах, 79,94 м.кв талбай бүхий орон сууцыг иргэн Г.С  Г.Б нарт 1 м.кв талбайн үнийг 2.100.000 төгрөг, нийт 167.874.000 төгрөгөөр худалдахаар тохирч, хариуцагч нар урьдчилгаа төлбөрт 50.400.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 117.474.000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаанд буюу 36 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч хэлцлийн дагуу 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш сар бүр үлдэгдэл төлбөрийг тэнцүү хэмжээгээр хүүгийн хамт 4.178.000 төгрөгөөр тооцон төлөх үүргийг өнөөдрийг хүртэл 16 сарын хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй тул хэлцлээс татгалзаж, орон сууц чөлөөлөхийг шаардсан мэдэгдлийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нарт хүргүүлсэн. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэл буюу 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Г.С  Г.Б  нар гэр бүлээрээ амьдран сууж, тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул орон сууц хөлслөх гэрээний харилцаа бодитоор үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Дээрх орон сууцны ойролцоо байршилд 1 сарын хугацаанд 3 өрөө орон сууцыг хөлслөх зах зээлийн дундаж хөлс 1.000.000 төгрөг байх бөгөөд 16 сарын хугацаанд орон сууцыг бодитоор эзэмшиж, ашигласан хөлсөд 16.000.000 төгрөгрийг нэхэмжлэх эрх Ш.Г үүссэн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 205 дугаар зүйлийн 205.1, 302 дугаар зүйлийн 302.1, 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагч нарын орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууц эзэмшиж, ашигласны хөлсөд 16.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.Г-той эхнэр Г.С бид хоёр худалдах-худалдан авах гэрээ байгуулж Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 16 дугаар байрны 000 тоотод байрлах, 79,94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 167.874.000 төгрөгийн үнийн дүнгээр худалдан авахаар тохирсон. Урьдчилгаа 50.400.000 төгрөгийг өгсөн. Байр ашиглалтад орсны дараа бид нүүж орсон. Тэгээд үлдэгдэл төлбөрөө төлөх гэхэд ковидын хөл хорио тогтоогдож манайх үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд дөнгөж ажилчдынхаа цалинг өгч байсан. Төлбөрийг төлөх чин хүсэл байсан бөгөөд миний хувьд бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалтай болж, хажуугаар нь ар гэрийн хүнд нөхцөл байдал их нөлөөлсөн. Энэ талаар Ш.Г ахад хэлж, мэдэгдэж байсан. Гэхдээ ингэж шүүхэд хандах хэмжээний нөхцөл байдал үүссэн гэдэгт итгэхгүй байна. Манайх хэлцэл хийснээс хойш 2020 оны 10 дугаар сард байрандаа орсон, хүү маань мэндлээд удаагүй байсан тул бид байрандаа орсон. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 16.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тухайн орон сууцыг худалдан авахаар тохироод амьдарч байгаа, төлбөрийг төлөх нь үнэн. Түүнээс биш хөлслөх гэрээний харилцаа үүсгээгүй гэжээ.

 

3. Хариуцагч Г.С  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талууд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хэлцэл хийгээд орон сууц худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрийг төлөөд орон сууцандаа амьдарч байгаа. Тэгэхээр хариуцагч нар хэлцлийн үндсэн дээр орон сууцанд амьдарч байгаа тул хууль бусаар оршин суудаг гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 16.000.000 төгрөгийн хувьд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй, хэрэв төлбөрийг төлөхгүй бол орон сууц хөлслөх гэрээний журмаар нэмэлт төлбөр авна гэдгийг талууд хэлцлээрээ тохироогүй. Иргэний хуульд заасан давагдашгүй хүчин зүйлийн улмаас худалдах-худалдан авах гэрээний төлбөр хийгдээгүй өдий хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 308.150 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч Ш.Г Т.М олгосон итгэмжлэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж, 16 дугаар байр, 00 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл зэргийг ирүүлсэн.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.С  Г.Минжмаад олгосон итгэмжлэл, Г.Б  Г.М олгосон итгэмжлэл, нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Хэлцэл гэх баримт, хавсралт буюу хэлцлийн талуудын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримт авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ш.Г  болон хариуцагч Г.С  Г.Б  нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хэлцэл байгуулагдаж, уг хэлцлийн дагуу Г.Б , Г.С  нар тухайн үедээ 90 хувийн гүйцэтгэлтэй, 2020 оны 7 дугаар сард ашиглалтад орох 80 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ын үнэ 2.100.000 төгрөг байхаар тогтоож худалдан авах, мөн урьдчилгаа 50.400.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаас хойш сарын 1,4 хувийн хүүтэй, 3 жил буюу 36 сарын хугацаанд хуваан нэхэмжлэгч Ш.Г  төлөхөөр тохиролцжээ.

 

Өөрөөр хэлбэл, талууд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж, 16 дугаар байр, 00 тоотод байрлах, 79,94 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 3 өрөө орон сууцыг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна.

 

3. Хэдийгээр гэрээнд орон сууцны талбайн хэмжээг 80 м.кв гэж тохирсон боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 79,94 м.кв болох нь тогтоогдсон ба үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Ш.Г  нэр дээр гарсан байна.

 

Ингээд нэхэмжлэгч нь хариуцагч нарыг хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, мөн тухайн орон сууцанд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нийт 16 сарын хугацаанд оршин сууж, эзэмшиж, ашигласан тул орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэж 16.000.0000 төгрөг гаргуулахаар шаардсан талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Хэлцлийн үндсэн дээр орон сууцанд амьдарч байгаа тул хууль бусаар оршин суудаг гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 16.000.000 төгрөгийн хувьд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй хэмээн маргасан.

 

4. Зохигчид зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр маргаан бүхий орон сууцанд хариуцагч нар оршин суудаг талаар маргаагүй учир төлбөр бүрэн төлөгдөөгүй гэх үндэслэлээр орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гээд мөн зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Г  нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн боловч тухайн өмчлөлийн зүйлээ бусдад худалдах буюу захиран зарцуулахаар хэлцэл байгуулсан тул уг хэлцлийн дагуу худалдан авсан иргэн нь тухайн орон сууцанд хууль бусаар оршин сууж, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй учир нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шаардах эрхгүй байна.

 

5. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан талаар дурдсан байх боловч энэхүү заалт нь нэхэмжлэгчийн Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Нэхэмжлэгч зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу хариуцагчаас гэрээний үүрэг шаардаагүй тул энэхүү хуулийн заалтыг шүүх хэрэглэх боломжгүй болно.

 

6. Түүнчлэн нэхэмжлэгч Орон сууц хөлслөх жишиг үнэлгээний дагуу 16.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд харин талуудын хооронд байгуулагдсан Хэлцэл-ийн дагуу үүрэг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

7. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 302 дугаар зүйлийн 302.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Б  Г.С  нарт холбогдох Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц эзэмшиж, ашигласны хөлсөд 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Г  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 302 дугаар зүйлийн 302.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Б , Г.С нарт холбогдох Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц эзэмшиж, ашигласны хөлсөд 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.150 /гурван зуун найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА