Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02070

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Ш ын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/01195 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ш ын

 

Хариуцагч Г. , н нарт холбогдуулан гаргасан,

 

Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц эзэмшиж, ашигласны хөлсөнд 16,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г  /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ш нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Хонгор апартмент 16 дугаар байр, Б блок, 00 тоотын 79,94 м.кв талбайтай орон сууцыг н, Г. нарт 1 м.кв-ыг 2,100,000 төгрөг, нийт 167,874,000 төгрөгөөр худалдах, хариуцагч нар урьдчилгаа төлбөрт 50,400,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 117,474,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 3 жил буюу 36 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш сар бүр үлдэгдэл төлбөрийг хүүгийн хамт 4,178,000 төгрөгөөр тооцон төлөх үүргийг өнөөдрийг хүртэл 16 сарын хугацаанд биелүүлээгүй тул хэлцлээс татгалзаж, орон сууц чөлөөлөхийг шаардсан. Мэдэгдлийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нарт хүргүүлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд н, Г. нар гэр бүлээрээ амьдран сууж, тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул орон сууц хөлслөх гэрээний харилцаа бодитоор үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Уг орон сууцны ойролцоо байршилд 3 өрөө орон сууцыг сарын 1,000,000 /зах зээлийн дундаж ханш/ төгрөгөөр хөлсөлдөг бөгөөд 16 сарын хугацаанд орон сууцыг эзэмшиж, ашигласны хөлс 16,000,000 төгрөг болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 205 дугаар зүйлийн 205.1, 302 дугаар зүйлийн 302.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, орон сууц эзэмшиж, ашигласны хөлсөнд 16,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 16 дугаар байрны 00 тоотын, 79,94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 167,874,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Бид гэрээний урьдчилгаа 50,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, байр ашиглалтад орсны дараа нүүж орсон. Үлдэгдэл төлбөрийг төлөх гэхэд ковидын хөл хорио тогтоож хариуцагч нар үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Үлдэгдэл төлбөрийг төлөх чин хүсэл байсан боловч бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалтай болж, хажуугаар нь ар гэрийн хүнд нөхцөл байдал их нөлөөлсөн. Энэ талаар Ш од мэдэгдэж байсан. 16,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар уг орон сууцыг худалдан авахаар тохирч амьдарч байгаа, төлбөр төлөх нь үнэн. Орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй. Хариуцагч нар хэлцлийн үндсэн дээр орон сууцанд амьдарч байгаа тул хууль бусаар оршин суусан гэж үзэхгүй. Иргэний хуульд заасан давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний төлөлт хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 302 дугаар зүйлийн 302.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г. , н нарт холбогдох орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн үйл баримтад хууль зүйн зөв дүгнэлт хийгээгүй тухайд

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хэлцлийн дагуу орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш хариуцагч нар сар бүр 4,178,000 төгрөг төлөх үүргээ 16 сарын хугацаанд биелүүлээгүй тул хэлцлээс татгалзах, орон сууцыг чөлөөлөхийг шаардсан мэдэгдлийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр н, Г. нарт хүргүүлсэн. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

4.2. Орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл 16 сарын хугацаанд хариуцагч нар орон сууцанд амьдарч байгаа тул орон сууц хөлслөх гэрээний харилцаа бодитой үүссэн. Уг орон сууцны ойролцоох 3 өрөө орон сууцыг хөлслөх зах зээлийн дундаж хөлс 1,000,000 төгрөг тул 16 сарын хугацааны хөлсөнд 16,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: н нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлийг хүлээж аваагүй. Нэхэмжлэгч орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хөлс 16,000,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзаагүй бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхгүй. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ш нь Г. , н нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж, орон сууцыг 16 сарын хугацаанд эзэмшиж, ашигласны хөлс 16,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хэлцэл хийж нэхэмжлэгч нь 90 хувийн гүйцэтгэлтэй, 2020 оны 07 дугаар сард ашиглалтад орох 79.94 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 2,100,000 төгрөгөөр тооцож хариуцагч нарт худалдах, хариуцагч нар орон сууцны үнийн урьдчилгаа төлбөр 50,400,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаас хойш сарын 1,4 хувийн хүү тооцон 3 жилийн хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 35-36/

4. Зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ маргаанд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

5. Орон сууцны үнийн урьдчилгаа төлбөрийг хариуцагч Г. , н нар төлмөгц нэхэмжлэгч Ш эзэмшлийг нь шилжүүлэх, улмаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа төлбөрийн үлдэгдэл 117,474,000 төгрөгийг хариуцагч нар 36 сарын хугацаанд, нэг сарын 1.4 хувийн хүүтэйгээр төлөхөөр хэлцлээр үүрэг хүлээсэн нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тогтоожээ.

Талууд дээрх хэлцлээр худалдагч Ш нь орон сууцны үнийг бүрэн төлөхөөс өмнө орон сууцыг худалдан авагч нарын өмчлөлд эхэлж шилжүүлэх, ийнхүү өмчлөх эрх шилжсэний дараа худалдан авагч Г. , н нар хэлцлээр тохирсон хугацаанд үнийг төлж дуусгахаар тохиролцсон боловч нэхэмжлэгч Ш нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус 00 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн атлаа орон сууцыг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарыг орон сууцны үлдэгдэл төлбөр 117,474,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргааны зүйл болсон орон сууцыг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр улсын комисс хүлээн авсан, улсын комисс хүлээн авснаар хариуцагч тал үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй” гэх агуулгатай гомдлыг хангах боломжгүй.

6. Талууд хэлцлээр хүлээсэн эхний үүргээ (үүргийн хэлцлээр) биелүүлсэн ч нэхэмжлэгч тус 00 тоот орон сууцны өмчлөх (өмчийн хэлцлээр) эрхийг хариуцагч нарт шилжүүлээгүй, өөрөө өмчлөгчөөр бүртгэгдсэн тул Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах эрхгүй. Хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй.

Түүнчлэн худалдагч Ш эхэлж үүргээ биелүүлснээр худалдан авагч Г. , н нарт төлбөр төлөх үүрэг үүсэх учир нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлснээр гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй.

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргахад орон сууцны эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх шаардлагатай.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Г. , н нарт орон сууцны өмчлөх эрх улсын бүртгэлээр шилжих тул зөвхөн эзэмшлийг шилжүүлснээр өмчлөх эрх шилжсэн гэж үзэхгүй. Хариуцагч нар нь гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшиж байгаа тохиолдолд тэдний эзэмшлийг хууль бус гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх зааснаар хариуцагч нарын эзэмшлээс орон сууц чөлөөлөхийг шаардах эрхгүй.

8. Маргаан бүхий орон сууцыг 16 сарын хугацаанд эзэмшиж, ашигласны хөлс 16,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч нарын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгчийн эхэлж гүйцэтгэх үүргээс шалтгаалах учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгчид бий болоогүй учир мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нараас орон сууцыг 16 сарын хугацаанд ашигласан хохирлыг шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх 16,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх зохицуулалтыг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь орон сууц хөлслөх гэрээний үүрэг шаардаагүй. Харин орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны хохирлыг орон сууц хөлслөх гэрээний жишиг үнээр тооцсон шаардлагыг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/01195 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г. , н нарыг Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр /17060/ гудамж, 16 байрны 00 тоотод орших 79,94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЭНХБАЯР

                      ШҮҮГЧИД                                  М.БАЯСГАЛАН

                                                                               Э.ЭНЭБИШ