Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/01139

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/01139

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э  ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 2.340.000 төгрөг, алданги 1.170.000 төгрөг, нийт 3.510.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, Шинжээчийн зардал 185.948,6 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. ан

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н  нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П , хариуцагчийн өмгөөлөгч Б.Б , гэрч С.Д  Б.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч С.Н  нь хариуцагч Э  ХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 2.340.000 төгрөг, алданги 1.170.000 төгрөг, нийт 3.510.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.Н  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрладаг Ай хаус нэрийн дэлгүүрийн Эрдэнэт салбарт 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Iphone 11 загварын 256 GB багтаамжтай, шаргал өнгийн гар утсыг 2.340.000 төгрөгөөр худалдан авахаар захиалга өгч, төлбөрийг бүрэн төлсөн. Эрдэнэт салбараас захиалгыг баталгаажуулж 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 16.25 гэсэн захиалгын хуудас олгосон. 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Ану М  ХХК-ийн 9000000 дугаарын утаснаас миний 9000000000 дугаартай утас руу холбогдож, Таньд илгээмж ирсэн байна. Аваарай гэсэн. Би Улаанбаатар хотоос очиж авах боломжгүй байсан тул дүү С.Д  авахуулаад хайрцгийг нээж утсаа асаагаад Хэл цэсийг сонгож, цааш үйлдэл хийх гэсэн боловч Unable to activatе гэсэн бичиг гараад болохгүй байсан. Тэгээд би утсаа цааш оролдохгүй, маргааш нь утасны захиалга өгсөн нэрийн дэлгүүр дээрээ очоод үзүүлэхэд миний захиалгыг авсан худалдагч утсыг үзээд Программ нь асуудалтай юм шиг байна, би компьютерт холбоод программ уншуулъя, программ уншихад удна. Та утсаа үлдээгээд яв гэсэн. Би утсаар 16 цагийн үед залгахад Болоогүй байна, танд хариу хэлнэ гэсэн. Хариу өгөхгүй болохоор нь 2 өдрийн дараа асуухад Улаанбаатар хотын төв рүүгээ Монгол шуудангаар явуулж байгаа. Төвөөс хариу өгнө гэж хэлсэн. Эрдэнэт салбараас ойр ойрхон шаардахад Таны утсыг Америк руу явуулсан гэнэ. Apple компани руу яагаад асахгүй байгааг шалгуулахаар явуулсан гэсэн. Гэтэл 2021 оны 5 дугаар сард над руу залгаад Таны утсыг солиод шинэ утас өгөхөөр боллоо. Ямар өнгөтэйг захиалах вэ гэсэн, би Өмнө нь захиалсан шиг шар өнгөтэйг гэдгээ хэлсэн. Энэ хугацаанд байнга Эрдэнэт хотын салбараас шаардаж байсан. Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 70119889 дугаар утаснаас залгаад Захирал нь байна. Таны утсыг шинжилгээнд өгсөн чинь эд ангиудыг нь сольсон байна. Таньд шинэ утас өгөх боломжгүй болсон. Дээрээс нь шинжилгээ хийлгэхэд гарсан зардал өгөөрэй гэсэн. Мэдээж би хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд эцэс сүүлд нь утас ч үгүй, мөнгө ч үгүй, шинжилгээний төлбөрийн өртэй болж хоцорсондоо гомдолтой байна. Иймд утасны үнэ 2.340.000 төгрөг, алданги үнийн дүнгийн 50 хувиар бодож 1.170.000 төгрөг, нийт 3.510.000 төгрөгийг хариуцагч Э ХХК-иас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э  ХХК-ийн захиал Х.А  шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Манай IHouse нэрийн дэлгүүрийн үйлчлүүлэгч С.Н  гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Манайх нэрийн дэлгүүрээрээ дамжуулан 2016 оноос хойш АНУ-аас Apple store-ийн албан ёсны гишүүнчлэлтэйгээр худалдан авч, Монгол дахь салбар дэлгүүрүүдээрээ худалдан борлуулдаг. Үүнээс гадна Гаалийн тариф, гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.15, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.24-т зааснаар хүссэн хүн бүхэнд хямдралтай үнээр бүтээгдэхүүн худалдан авах боломжийг хангасан захиалгын үйлчилгээг санал болгон ажилладаг. Энэхүү боломжийг хүрээнд С.Н  нь манай компанийн IHouse нэрийн дэлгүүрийн Орхон аймаг дахь салбарт 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр үйлчлүүлж, Iphone 11 загварын 256 GB багтаамжтай шаргал өнгийн утасны захиалга өгсөн. Тухайн захиалгыг захиалгын хуудсаар баталгаажсан бөгөөд уг хугацаанд АНУ-аас худалдан авалт хийгдэж, агаарын карго үйлчилгээний компаниар илгээгдэн, захиалагч тал илгээмжийн төлбөр тооцоогоо барагдуулан хүлээн авагдсан. Хүлээн авагдах үед хүлээн авагч талаас сав баглаа болон бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн гомдол санал дурдагдаагүй. Бид худалдан авагч талд ямар нэгэн доголдолгүй бүрэн бүтэн бараа хүлээлгэн өгсөн. Мөн бид Apple компаниас дагалддаг нэг жилийн баталгаат хугацааг бүтээгдэхүүндээ дагалдуулан олгодог. С.Н  утас ашиглаж болохгүй байна гээд бидэнд хандахад баталгаа хангах журмынхаа дагуу бүтээгдэхүүнийг хүлээн авч, салбар дээр анхан шатны үзлэг хийж, төв салбар дээрээ үйлдвэрлэгчээс зөвлөдөг ашиглалтын зөвлөгөөгөөр программ шинэчлэх, АНУ-ын Apple store-т оношлогоонд оруулах замаар үзлэг хийлгэхэд бидний зүгээс баталгааг хангахтай холбоотой дарааллан хийгдсэн ажлын үр дүнд тухайн бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгч болон манай дэлгүүрийн зүгээс үүрэг хүлээх, шалтгаалах хүчин зүйл байхгүй болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хохирол барагдуулах боломжгүй болсон. С.Н барааг адил төрлийн бараагаар сольж өгөх талаар холбогдож, өөр утас илгээхээр бэлтгэж байсан боловч Apple store-т хийгдсэн оношлогоогоор 90 хувийн эд анги нь хуурамч эд ангиар солигдсон талаар дүгнэлт гарсан тул бид уг утсыг сольж өгөх шаардлагагүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Бид утсыг буцаан татаж гэмтлийг тодруулахаар АНУ руу явуулсан ба үйлдвэрийн шинжээч нь уг утсанд задаргаа орж, эд ангиудыг хуурамч эд ангиар сольсон гэсэн дүгнэлт гаргасан. Иймд манайхаас шалтгаалсан ямар нэгэн гэмтэл байхгүй бөгөөд уг утсыг үзлэгт оруулахад гарсан зардал 185.948,6 төгрөгийг нэхэмжлэгч С.Н  гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 71.110 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Захиалгын хуудас гэх баримт, Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Орхон аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 470 дугаар тогтоолын хуулбар, Орхон аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 201 тоот Хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/2462 дугаар Хариу мэдэгдэх хуудас, гэрч Б.З  өгсөн мэдүүлэг, гэрч Д.П өгсөн мэдүүлэг, Монгол шуудан ХК-ийн шуудангийн үйлчилгээний хуудас, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШЗ2022/0000 дүгээр захирамжийн хуулбар, өмгөөлөгч Б.Д оролцуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлт зэргийг ирүүлсэн.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.А  Д.П  олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Үзлэгийн тайлан гэх баримт, Apple Christiana mall гэх төлбөрийн нэхэмжлэх, 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, АНУ Монгол карго ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн N-1 тоот албан бичиг, С.Д  барааг хүлээлгэн өгсөн тухай баримтын хуулбар, 43 хуудас бүхий Захилгын хуудас, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 63,6 ам доллар нэхэмжилсэн нэхэмжлэхийн хуулбар, 2021 оны 2 дугаар сард хийгдсэн захиалгын жагсаалт, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6.230 төгрөг төлсөн баримт, сөрөг нэхэмжлэл зэрэг баримт ирсэн.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2022/0000 тоот захирамжийн дагуу Ану М ХХК-иас ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04 тоот албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн 2 хуудас баримтууд хэрэгт авагдсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Э ХХК-ийн Орхон аймаг дахь IHouse нэрийн дэлгүүрт 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр захиалга өгч, IPhone 11 загварын, 256 GB багтаамжтай, шар өнгийн гар утсыг 2.340.000 төгрөгөөр худалдан авахаар захиалга өгч, төлбөрийг бүрэн төлсөн тухай Захиалгын хуудас бичигдэж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

3. Харин Тухайн гар утас нь гэмтэлтэй буюу 90 хувийн эд ангийг нь хуурамч эд ангиар сольж, задаргаа хийгдсэн, цаашид ашиглах боломжгүй болсон болох нь тогтоогдсон ба энэхүү гэмтэл нь захиалгын дагуу ачааг илгээсэн тал буюу хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин ч шинжээчийн зардалд төлсөн 185.948,6 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна хэмээн хариуцагч маргасан.

 

4. Ану М ХХК-иас ирүүлсэн баримт болон тайлбарт Иргэн Х.А 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр IPhone 11 маркийн гар утсыг иргэн С.Н нэр дээр илгээснийг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр С. Д хүлээлгэн өгсөн гээд холбогдох баримтуудыг хавсаргаж, С.Н  нэр дээр илгээгдсэн барааг Монгол Улсын гааль дээр онгойлгож шалгасан зүйл байхгүй, Х.А  хүлээлгэн өгсөн хэлбэрээр С.Н  хүсэлтээр С.Д  хүлээлгэн өгсөн гэжээ.

 

5. С.Д  нь тухайн барааг хүлээн авсан дариудаа вагоноор эгч С.Н  явуулсан гэх бөгөөд ачааг 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч хүлээн авсан, Тэгээд утсаа асаах гэхэд Unable to activate гэсэн бичиг гараад цааш ажиллагаа хийх боломжгүй байсан тул захиалга өгсөн нэрийн барааны дэлгүүрт 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр очоод худалдагч Б.З  гар утсаа үзүүлээд үлдээсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан, гэрч Б.З  мөн 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр С.Н  утсаа авч ирээд үзүүлсэн талаар мэдүүлсэн байна.

 

6. Ингээд бодит байдал дээр захиалсан утас ашиглах боломжгүй байсан учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гар утасны төлбөрт төлсөн 2.340.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасантай нийцэх бөгөөд уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Хэдийгээр хариуцагч уг утсыг нэхэмжлэгч хүлээн авсан, хүлээн авснаас хойш ямар нэгэн задаргаа хийсэн байхыг үгүйсгэхгүй тул бид хохирлыг хариуцахгүй хэмээн маргах боловч хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний дагуу биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

8. Мөн хариуцагч нь Үйлдвэрлэгчээс 1 жилийн хугацаатай баталгаат хугацаа тогтоодог хэмээн тайлбарласан тул уг баталгаат хугацааны дотор доголдлыг арилгах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр сольж өгөх үүрэг худалдагчид үүснэ.

 

9. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан боловч 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Захиалгын хуудас-т алдангийн талаар талууд тохиролцоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан алданги 1.170.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

10. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд утсыг шинжилгээнд оруулсны зардал 63,60 ам доллар буюу 185.948,6 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан боловч уг сөрөг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Төлбөрийн нэхэмжлэх гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д заасан шаардлага хангаагүй тул уг баримтыг үндэслэн төлбөр гаргуулах боломжгүй гэж үзсэн болно.

 

11. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Э ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2.340.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Алданги 1.170.000 төгрөг гаргуулах тухай, мөн нэхэмжлэгч С.Н  Шинжээчийн зардал 185.948,6 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.110 төгрөг, хариуцагч Э  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.230 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э  ХХК-иас 52.390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н  олгоно.

 

13. Хариуцагчийн гаргаж ирүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Үзлэгийн тайлан гэх баримт нь орчуулагын албан ёсны эрх бүхий этгээдээр орчуулагдаж, нотариатаар баталгаажаагүй, мөн хэрэгт авагдсан Захиалгын хуудас гэх нийт 43 ширхэг баримт нь хэрэгт хамааралгүй тул уг баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Э  ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2.340.000 /хоёр сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Алданги 1.170.000 төгрөг гаргуулах тухай, мөн нэхэмжлэгч С.Н Шинжээчийн зардал 185.948,6 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.110 /далан нэгэн мянга нэг зуун арав/ төгрөг, хариуцагч Э  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.230 /зургаан мянга хоёр зуун гуч/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э  ХХК-иас 52.390 /тавин хоёр мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА