Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01105

 

 

 

 

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01105

 

 

 

                                     С.Нийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/01139 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Нийн хариуцагч “ЭДЭ” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 2,340,000 төгрөг, алданги 1,170,000 төгрөг, нийт 3,510,000 төгрөг гаргуулах үндсэн, шинжээчийн зардал 185,948 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Долгорсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С.Н нь ........... нэрийн дэлгүүрийн Эрдэнэт салбарт 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Айпонь /iphone/ 11 загварын шаргал өнгийн гар утсыг 2,340,000 төгрөгөөр худалдан авах захиалга өгч, төлбөрийг бүрэн төлсөн. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр захиалга баталгаажуулсан тухай захиалгын хуудас олгосон. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “АМК” ХХК-ийн ..... дугаарын утаснаас залгаж илгээмж ирсэн талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч тухайн үед Улаанбаатар хот байсан тул дүү С.Дэр дамжуулж илгээмжийг авахуулсан. Утсыг асааж тохиргоо хийх гэсэн боловч Unable to activatе гэсэн бичиг гараад болохгүй байсан. Улмаар дэлгүүр дээр нь очиж үзүүлэхэд “программ нь асуудалтай юм шиг байна, компьютерт холбоод программ уншуулна, программ уншихад удна, утсаа үлдээгээд яв” гэсэн. Ингээд утсыг АНУ-ын Apple компани руу шалгуулахаар явуулсан гэж хэлсэн. Гэтэл 2021 оны 05 дугаар сард утсыг сольж шинэ утас өгөхөөр боллоо гэсэн. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр залгаж “утсыг шинжилгээнд өгөхөд эд ангиудыг нь сольсон байна, шинэ утас өгөх боломжгүй болсон, мөн шинжилгээ хийлгэхэд гарсан зардлыг өгөөрэй” гэж мэдэгдсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тул “ЭДЭ” ХХК-аас утасны үнэ 2,340,000 төгрөг, алданги 1,170,000 төгрөг, нийт 3,510,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Тус компанийн нэрийн дэлгүүр нь 2016 оноос хойш АНУ-аас Apple store-ийн албан ёсны гишүүнчлэлтэйгээр гар утас худалдан авч, Монгол дахь салбар дэлгүүрүүдээрээ худалдан борлуулдаг. С.Н нэрийн дэлгүүрийн Орхон аймаг дахь салбарт 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Айпонь /Iphone/ 11 загварын 256 GB багтаамжтай шаргал өнгийн утасны захиалга өгсөн. АНУ-аас худалдан авалт хийгдэж, агаарын карго үйлчилгээний компаниар илгээгдэн, захиалагч тал илгээмжийн төлбөр тооцоогоо барагдуулан хүлээн авсан. Хүлээн авагдах үед хүлээн авагч талаас сав баглаа болон бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн гомдол санал дурдагдаагүй, худалдан авагч талд ямар нэгэн доголдолгүй бүрэн бүтэн бараа хүлээлгэн өгсөн. Apple компаниас нэг жилийн баталгаат хугацааг бүтээгдэхүүндээ дагалдуулан олгодог. С.Н утас нь ашиглаж болохгүй байна гэж хандахад баталгаа хангах журмынхаа дагуу бүтээгдэхүүнийг хүлээн авч, салбар дээр анхан шатны үзлэг хийж, төв салбар дээрээ үйлдвэрлэгчээс зөвлөдөг ашиглалтын зөвлөгөөгөөр программ шинэчлэх, АНУ-ын Apple store оношлогоонд оруулах замаар үзлэг хийлгэсэн. Тухайн бүтээгдэхүүнд үйлдвэрлэгч болон дэлгүүрийн зүгээс үүрэг хүлээх, шалтгаалах хүчин зүйл байхгүй. С.Нт адил төрлийн бараагаар сольж өгөхөөр бэлтгэж байсан боловч Apple store-т хийгдсэн оношлогоогоор 90 хувийн эд анги нь хуурамч эд ангиар солигдсон талаар дүгнэлт гарсан тул утсыг сольж өгөх шаардлагагүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгчийн утсыг буцаан татаж гэмтлийг тодруулахаар АНУ руу явуулахад уг утсанд задаргаа орж, эд ангиудыг хуурамч эд ангиар сольсон гэсэн дүгнэлт гаргасан. Иймд хариуцагчаас шалтгаалсан ямар нэгэн гэмтэл байхгүй тул утсыг үзлэгт оруулахад гарсан зардал 185.948 төгрөгийг нэхэмжлэгч гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: ... Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “ЭДЭ” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2,340,000 /хоёр сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 1,170,000 төгрөг гаргуулах тухай, мөн нэхэмжлэгч С.Нээс шинжээчийн зардал 185.948,6 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ЭДЭ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,110 /далан нэгэн мянга нэг зуун арав/ төгрөг, хариуцагч “ЭДЭ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,230 /зургаан мянга хоёр зуун гуч/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЭДЭ” ХХК-аас 52.390 /тавин хоёр мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Нт олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

 

6.1. Үйл баримтын талаар,

6.1.а. С.Н 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг дахт салбараас Айпонь 11 гар утсыг 2,340,000 төгрөгийг төлж захиалсан. Захиалга 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод ирж, ачааг шууд олон улсын шуудан хүргэлтээр албан ёсны зөвшөөрөлтэй компаниар 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр С.Нийн хүсэлтээр дүү С.Д нь АМК ХХК-д ирж гарын үсэг зурж бүрэн бүтэн хүлээн авсан. Ачаа цааш Эрдэнэт рүү хэрхэн нэхэмжлэгчид хүрсэнийг мэдэх боломжгүй учраас ачаа эзэндээ хүргэгдсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Эрдэнэт салбарт утас сүлжээ барихгүй, ажиллахгүй байгаа талаар авч ирж үзүүлсэн. Утасны хайрцаг задарснаас гадна захиалсан барааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаас хойш 4 хоногийн дараа ирсэн. Хариуцагч утсыг буцаан авч гэмтлийг нь тодорхойлуулахар АНУ-руу явуулсан боловч уг утас нь задаргаа орсон, эд ангиудын 90 хувьд нь хуурамч эд ангиар сольсон гэсэн дүгнэлт ирсэн. Иймд утсыг солих боломжгүй, эд ангийг нь солиход дахин утас авах хэмжээний төлбөр гарах учраас буцааж авсан. Хариуцагчаас шалтгаалсан ямар нэгэн төлбөр төлөх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

6.2. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. АНУ-руу утсыг үзлэгт оруулахаар явуулсан зардал 185,948 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд хуулийн хүрээнд хэргийг үнэн зөвшөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: “ЭДЭ” ХХК баталгааны хуудас өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтийг Аппэл компани гаргаагүй, хариуцагч хувийн компаниар гаргуулсан. Хариуцагч нь гэмтэлгүй утас өгөх үүргээ биелүүлээгүй, эд анги нь эвдрэлтэй утас явуулсан. Нэхэмжлэгч гар утсыг дүүгээрээ авахуулсан нь үнэн. Утасны гадуурх хайрцаг савыг шалгахад утас хайрцаг дотор байсан. 4 хоногийн хугацаа нь короновирус цар тахлын үед таарсан ч хугацаа удаахгүй буцаасан. Худалдагч тал захиалсан утсыг авчирч өгөх үүрэгтэй атал каргогоор явуулсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С.Нийн гар утасны үнэ 2,340,000 төгрөг, алданги 1,170,000 төгрөг, нийт 3,510,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч “ЭДЭ” ХХК эс зөвшөөрч шинжээчийн зардал 185,948 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

 4. Нэхэмжлэгч С.Н нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч компанийн “.....” нэрийн дэлгүүрээс “Айпонь /iphone/ 11” загварын гар утас худалдан авахаар 2,340,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан захиалгын хуудас, талуудын тайлбараар тогтоогдсон. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. /хх1-3, 26-27, 72/

 

4.а. Талууд гэрээ байгуулагдсан, төлбөр төлөгдсөн, гэрээний зүйлийг хүлээн авсан талаар маргаагүй, харин гэрээний зүйл доголдолтой байсан гэж маргасан. Тодруулбал, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... утас ажиллахгүй байсан, хариуцагч утасны доторх эд ангиудыг нь сольсон тухай дүгнэлт гарсан, шинэ утас өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн ...” гэж тайлбарласан. Хариуцагч “... нэхэмжлэгчид ямар нэгэн доголдолгүй утас хүлээлгэж өгсөн, АНУ-д утсыг шалгуулахад утасны доторх эд ангийн 90 хувийг хуурамч эд ангиар солигдсон болохыг тогтоосон, үйлдвэрлэгч болон худалдагч үүрэг хүлээхгүй” гэж үгүйсгэсэн.

 

4.б. Хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй болох нь дараахь байдлаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

 

“АМК” ХХК-ийн нэхэмжлэгчийн нэр дээр 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ирсэн бараа буюу “Айпонь /iphone/ 11” загварын гар утсыг түүний хүсэлтээр 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр С.Дд хүлээлгэн өгсөн тухай албан бичиг, нэхэмжлэгчийн “... ачааг Улаанбаатар хотоос авах боломжгүй байсан тул 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дүү С.Дэр авахуулж, Эрдэнэт рүү төмөр замаар явуулсан ...,” гэх тайлбар, гэрч Б.Зийн “нэхэмжлэгч каргоноос авсан утсаа 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шалгуулахаар авчирсан” гэх мэдүүлэг, гэрч С.Д “утсыг каргоноос авахад гадуураа сав, баглаа боодолтой байсан, доторхыг нь задалж үзээгүй, утсыг аваад задалж үзээгүй шууд вагоны нэгдсэн тээш хадгалах үйлчилгээгээр Эрдэнэт рүү эгчдээ явуулсан” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд эд хөрөнгийн доголдол нь нэхэмжлэгчийн буруугаас бий болсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. /хх48, 94/

 

Хариуцагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн нь баримтаар нотлогдоогүй. Гар утсанд задаргаа орж, эд ангиудыг хуурамч эд ангиар сольсныг тогтоосон “АНУ-аас ирүүлсэн” шинжээчийн дүгнэлт гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хариуцагч нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байна. /хх28-29/

 

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт .., худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан. Анхан шатны шүүх хариуцагчаас утасны төлбөр 2,340,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлтэй.

 

5. Талууд анзын гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь алданги 1,170,000 төгрөг шаардах эрхгүй, шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

6. Шинжээчийн зардал 185,948 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Хэргийн 69-71 дүгээр талд авагдсан гадаад хэлнээс орчуулсан 63.60 ам.долларын төлбөрийн баримт нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй, уг мөнгөн төлбөрийг хэзээ, хэнд төлсөн гэдэг нь тодорхойгүй байна. Нөгөө талаар, хариуцагч нь нэхэмжлэгчийг гар утасны доторх эд ангийн 90 хувийг хуурамч эд ангиар сольсон гэдгийг нотлоогүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэх 185,948 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хангах үндэслэлгүй. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/01139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талын төлсөн 55,366 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

                   ШҮҮГЧИД                                     Д.БЯМБАСҮРЭН

                                                                  А.МӨНХЗУЛ