Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0942

 

 

 

 

 

 

   2022         12            07                                    128/ШШ2022/0942

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М**************” ХХК, /РД:***********/

Хариуцагч: М****************,

Хариуцагч С********* ажиллагааны улсын байцаагч Б.С************** нарын хооронд “тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д**************, хариуцагч Б.С**************, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А**************, гэрч Б.А**************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 “М**************” ХХК-иас М********* холбогдуулан “Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ** дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “М**************” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.2 Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. “М**************” ХХК нь Дундговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан ДУГАОНӨГ/2021010300/** тоот “Сумдын албан хэрэгцээнд бохир сорох автомашин” нэртэй тендер шалгаруулалтад оролцохоор хүсэлтээ гарган тендерийн баримт бичгээ илгээжээ.

2.2. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дээрх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо хуралдаж, тендер шалгаруулах явцдаа “М**************” ХХК-ийн тендерийн баримт бичгийн бүрдэлд байх “Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6721 дугаар “тодорхойлолт”[1] эргэлзээ төрүүлсэнтэй[2] холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн төрөлжсөн архиваас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар албан бичгээр тодруулга, лавлагаа хүсжээ.

2.3.Гэтэл Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 1/8013 дугаар албан бичгээр “...М**************” ХХК нь тус архиваас 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6721 тоот албан бичгээр “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-т хаяглуулан тендерийн тодорхойлолт авсан болно. Тус компани нь дээрх албан бичгийн тэргүүг “ТОДОРХОЙЛОЛТ” гэж өөрчлөн засварлаж, баримт бичиг хуурамчаар үйлдэн танайд хүргүүлсэн болох нь тогтоогдож байна...”хэмээх хариу хүргүүлжээ[3].

2.4. Харин “М**************” ХХК-иас 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “...манай байгууллагын ажилтан алдаатай баримт бичиг хавсарган илгээсэн тул бид бүхэн тус тендерээс татгалзаж байна. Бид алдаатай баримт бичиг үйлдсэн ажилтанд тодорхой хариуцлага хүлээлгэсэн болно...” гэх 136/21 дугаар албан бичгийг Дундговь аймгийн орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн[4] боловч  захиалагч Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2/813 дугаар албан бичгээр “...Сумдын албан хэрэгцээнд бохир сорох автомашиныг нийлүүлэх танай компанийн тендерийг хянан үзсэн бөгөөд Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж ирүүлсэн...” танай компанийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг дагуу тендерийг шаардлагад нийцээгүй болохыг мэдэгджээ[5].

            2.5. Улмаар Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаар албан бичгээр “М**************” ХХК-ийг “илт худал мэдээлэл” ирүүлсэн гэж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг бүртгэлд хамруулахаар холбогдох мэдээлэл, нотлох баримтыг  Сангийн яамны хууль эрх зүйн газарт хүргүүлсэнтэй[6] холбогдуулан Сангийн яамны худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн УБ/04 дугаар “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн[7] дагуу  Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С************** хяналт шалгалт явуулан “М**************” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, “М**************” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр УБ/25 дугаар дүгнэлтийг гаргасан[8].

            2.6. “М**************” ХХК-иас дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 7.1-д заасны дагуу Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Н************** гомдлоо гаргасан ба уг гомдолдоо зэрэгцэн Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 207 дугаар “...“М**************” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 136/** тоот албан тоотоор уг тендер шалгаруулалтаас татгалзах хүсэлт ирүүлсэн бөгөөд материалыг дахин хянан үзээд эрх зүйн хор уршиг багатай байна гэж манай газраас үзсэн тул Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамааруулах жагсаалтад бүртгэхгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ асуудлаар манай газраас дахин гомдол санал гаргахгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна...” гэх  хүсэлтийг мөн хүргүүлжээ[9].

2.7.Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас дээрх гомдол, хүсэлтийг хүлээн авч хянаад “...Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр УБ/25 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй...” гэж шийдвэрлэсэн болохоо 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УБ/** дугаар албан бичгээр “М**************” ХХК-д мэдэгдсэн байна[10].

            2.8. Хожим Сангийн сайд дээрх Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг эрх зүйн үндэслэлээ болгон 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалаар “М**************” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэж, уг тушаалыг “М**************” ХХК-д 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/** дугаар албан бичгээр хүргүүлсэн байна[11].

            2.9 “М**************” ХХК нь дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сангийн сайдад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 4827 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгчээс 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С************** холбогдуулан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/25 дугаар дүгнэлтийг “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно[12].

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...“Дундговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зарласан ДУГАОНӨГ/202101030/** тоот Сумдын албан хэрэгцээнд бохир сорох автомашин нэртэй тендер шалгаруулалтын баримт бичгийг компанийн менежер албан тушаалтай Батсуурь овогтой Ганбат хариуцан ажиллаж байсан.

Тэрээр  Ковид-19 цар тахлаар 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өвдөж гэрээсээ ажиллаж байсан ба тухайн үед Ковид-19 өвчний хатуу хөл хорио дэглэмийг улс орон даяар тогтоосон байсан бөгөөд аж ахуй нэгж байгууллагууд онлайнаар гэрээсээ ажиллаж байх хугацаандаа тус ажилтан шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6721 тоот тодорхойлолтод засвар оруулан өөрчилж, Дундговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан ДУГАОНӨГ/202101030/02/01 тоот тендерийн бичигт хавсарган өгсөн байсан. Дундговь аймгийн орон нутгийн өмчийн газраас 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагад танай компани хуурамч бичиг баримт үйлдсэн байна гэдэг мэдэгдлийг утсаар захирал албан тушаалтай Т.Э************** мэдэгдсэн.

Үүнийг мэдсэн дариудаа менежер Б.Г************** хариуцлага тооцож, Дундговь аймгийн орон нутгийн өмчийн газарт 2021 оны 5 сарын 14-ний өдрийн 136/21 тоот мэдэгдлээр Дундговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан ДУГАОНӨГ/202101030/** тоот тендерээс татгалзсан тухайгаа мэдэгдэж, тухайн тендерийн шалгаруулалтад оролцоогүй.

Компанийн менежер Б.Г************** энэхүү үйлдэлд хариуцлага тооцож, түүнийг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан бөгөөд компанийн удирдлага, удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр хийсэн энэхүү үйлдлийг нь мэдсэн даруйдаа тендерээс татгалзан тендер шалгаруулалтад оролцоогүй ба уг албан бичиг нь үр дагавар үүсгээгүй.

...Компанийн менежер Б.Г************** үйлдлийн улмаас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас “илт худал мэдээлэл бүхий баримт бичгийг тендерт ирүүлсэн” гэж дүгнэлт гаргасан.

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн тусгай архивын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6721 албан бичигт “М**************” ХХК нь сүүлийн 3 жил Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй болохыг тодорхойлсон байдаг.

Манай байгууллага иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй талаар дээрх мэдээллийг илт худал болгож, тендер сонгон шалгаруулалтад хүргүүлээгүй, өмнөх лавлагааг ажилтан засаж өөрчилсөн нь албан бичгийн агуулгыг өөрчлөөгүй бөгөөд огноо болон хаяглагдсан этгээдийг зассан нь тендерт илт худал мэдээлэл хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус мэдээллийг агуулсан гэсэн үндэслэлээр улсын байцаагчийн 2021 оны 10 сарын 11-ний өдрийн УБ/25 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

...мөн Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалаар “М**************” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэхдээ Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ы 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг зөрчин Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт гарснаас хойш 5 сар гаруй хугацааны дараа буюу манай компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн.

Иймд  журам зөрчиж бүртгэсэн бүртгэлийн улмаас “М**************” ХХК-ийн тендерт оролцох, үйл ажиллагаа явуулах эрх ноцтой зөрчигдөөд байх тул хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

3.2. Хариуцагч болон хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14, 14 дүгээр зүйлийн 14.5, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалыг гаргасан. “М**************” ХХК-иас шүүхэд гомдол гаргах боломжтой хугацаа дуусгавар болсон нь тодорхой болсон тул худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг Сангийн сайдад хүргүүлсэн. Дүгнэлтийг хүлээн авсан сангийн сайд 30 хоногийн дотор буюу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тушаал гаргасан. Байцаагчийн дүгнэлтийг Сангийн сайд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээж авсан. М************** ХХК-г илт худал мэдээлэл ирүүлснийг байцаагч дүгнэлтээрээ тогтоосон байхад тендерт оролцох эрх нь нээлттэй байх нь Захиргааны ерөнхий хуулийн зорилгодоо нийцсэн байх агуулгатай нийцэхгүй.

Түүнчлэн тендерт оролцож байгаа этгээд нь тухайн компанийн ажилтан байх эсэхээс үл хамаарч эрх бүхий этгээдээс ирүүлж байгаа тендерийн материал хууль ёсны, хууль бус эсэхэд дүгнэлт өгнө.

Түүнээс биш компанийн ажилтан буруу материал явуулж, хариуцлага алдсан нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

... Улсын байцаагч бие дааж шийдвэр гаргадаг онцлогтой субъект. Дундговь аймгийн орон нутгийн өмчийн газар 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаар албан бичгээр нэр бүхий 3 байгууллагуудын материалыг шалгуулъя, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах албан бичиг ирүүлсэн.

Энэ мэдээлэлд үндэслээд 2021 оны 08 дугаар сарын 12-ны УБ/04 удирдамж, дараа нь удирдамжийн хугацааг сунгасан УБ/05 удирдамжууд гаргаж хяналт шалгалтын ажиллагааг явуулан Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6721 дугаар албан бичигт засвар хийж, илт хууль бусаар материалаа бүрдүүлж ирүүлсэн гэдгийг тогтоосон. Илт худал мэдээлэл ирүүлээгүй байхад захиргааны байгууллагаас дүгнэлт гаргасан бол энэ нь өөрөө илт хууль бус байж болох талтай.

Гэтэл илт худал мэдээлэл ирүүлсэн гэдгийг нотлоод улсын байцаагч дүгнэлтээ гаргасан. Тийм учраас ямар ч илт хууль бус захиргааны акт байхгүй.

 Мөн тухайн компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр сонсох ажиллагаа хийхэд тус компанийн захирал Т.Э**************, менежер Б.Г************** нар ирж тайлбар өгч сонсох ажиллагааны үеэр тус компани шүүхийн хуурамч тодорхойлолтыг өөрийн тендерт хавсарган, тоон гарын үсгээр баталгаажуулан илгээсэн болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд холбогдох баримтаар нотлогдсон.

Иргэн Б.Г************** тендерийн материал ирүүлээгүй, “М**************” ХХК-ийн тоон гарын үсгийг ашиглан тендерийн материал илгээж байгаа нь тухайн компанийн тендерийн материал болдог.

Тухайн байгууллага тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх гурван нөхцөлийн нэг нөхцөл нь тогтоогдсон гэж дүгнэлт гарсан.

Уг дүгнэлт нь илт хууль бус байх шинжийг агуулаагүй. Тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцдаг бөгөөд тэрхүү хуурамч баримт бичгийг хэн үйлдсэн нь илт худал мэдээлэл бүхий тендер гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч татгалзсан албан бичиг хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Дөрөв:Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

           4.1. Шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           4.2. Захиргааны актыг илт хууль бус, хууль зөрчсөн хэмээн ялгамжтай авч үздэг бөгөөд хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг бол хууль зөрчсөн хэдий ч гомдол, нэхэмжлэл гарч шийдвэрлэгдэх хүртэл хүчин төгөлдөр мөрдөх боломжтой актыг хууль зөрчсөнд тооцон хүчингүй болгодог болно.

           4.3 Нэхэмжлэгч “М**************” ХХК-иас өөрийн ажилтан байсан Б.Г************** Дундговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан ДУГАОНӨГ/2021010300/02/01 тоот “Сумдын албан хэрэгцээнд бохир сорох автомашин” нэртэй тендер шалгаруулалтад оролцохоор хүсэлтээ гарган тендерийн баримт бичигтээ Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6721 тоот албан бичгийн “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-т хаяглуулан тендерийн тодорхойлолтын тэргүүг “ТОДОРХОЙЛОЛТ” гэж, огноог 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр болгон өөрчлөн засварлаж хүргүүлсэн болохыг хүлээн зөвшөөрдөг.

           4.4. Харин Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/25 дугаар дүгнэлтийг “...Манай байгууллага иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй талаар дээрх мэдээллийг илт худал болгож, тендер сонгон шалгаруулалтад хүргүүлээгүй, өмнөх лавлагааг ажилтан засаж өөрчилсөн нь албан бичгийн агуулгыг өөрчлөөгүй бөгөөд огноо болон хаяглагдсан этгээдийг зассан нь тендерт илт худал мэдээлэл хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй...” гэж тайлбарлан түүнийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

           4.5.Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4-д “Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын[13] 2.1-д “Тендерт оролцогч ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно”, 2.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-т заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухай этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж.

           Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Ерөнхий нөхцөлийг магадлах”-ыг зааж, 14.1-д “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 521 дүгээр зүйлийн 521.2-д “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж тус тус заажээ.

           4.6.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С************** нь Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаар “...цахим тендерүүдэд хуурамч материал бүрдүүлж оролцсон ...“М**************” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах...” албан бичгийн дагуу уг асуудлыг шалгаж, тогтоох эрх, үүрэгтэй байна.

           4.7.Тэрээр хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэн, холбогдох ажиллагааг явуулан “М**************” ХХК-ийг “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” болохыг тогтоон 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/25 дугаар дүгнэлтийг гаргасныг хууль тогтоомж болоод нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

           4.8.Хэдийгээр шалгалтын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М**************” ХХК нь Дундговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан ДУГАОНӨГ/2021010300/02/01 тоот “Сумдын албан хэрэгцээнд бохир сорох автомашин” нэртэй тендер шалгаруулалтад оролцохоор хүсэлтээ гарган тендерийн баримт бичиг хүлээн авах хугацаанд маргаан бүхий 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6721 дүгээр албан бичигт “...сүүлийн 3 жилийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй...” болох нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/3036 албан бичгээр тогтоогдсон[14] боловч энэ тохиолдолд шүүх “зорилго нь аргаа зөвтгөхгүй” байх зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.

           4.9.Учир нь нэхэмжлэгч тендерийн материал, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, хэрэв алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүргээ биелүүлээгүй.

           4.10.Зорилгодоо хүрэхийн тулд төрийн эрх бүхий албан бичгийг засварлан, уг нотлох баримтаа захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийн бүрдэл болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “...илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг... гэдэгт хамаарахаар байна.

           4.11.Нөгөөтээгүүр маргаан бүхий акт болох 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/25 дугаар дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д  заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсан гэх шинжийг агуулаагүй.

           4.12.Өөрөөр хэлбэл актын агуулга ойлгомжтой, тодорхой, хэлбэрийн хувьд бичгээр гарсан, илэрхий алдаагүй, өөрийн албаны тэмдэг бүхий бланк дээрээ, огноо, нэр, гарын үсэг, баталгаажуулах тамга дарсан буюу эрх бүхий албан тушаалтан өөрт хуулиар олгосон чиг үүрэг хамааралтай асуудлаар гаргасан байна.

           4.13.Иймд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/25 дугаар дүгнэлт хууль бус болох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, уг актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйлгүй гэж шүүх дүгнэлээ.

            Тав: “Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “М**************” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

           5.1. Монгол Улсын Сангийн сайдаас дээрх тушаалыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтыг баримталсан байна.

           5.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд мөн зүйлийн 52.1.14 дэх заалтад энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх” гэжээ.

           5.3.Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх эрх хэмжээтэй этгээд байх бөгөөд ингэж хөтлөхдөө эрх бүхий улсын байцаагчаас мөн хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай шийдвэр гарсан тохиолдолд холбогдох этгээдийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар байна.

           5.4.Шийдвэрийн үндэслэх хэсгийн дөрөвт Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/25 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч “М**************” ХХК-ийг Дундговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан ДУГАОНӨГ/2021010300/02/01 тоот “Сумдын албан хэрэгцээнд бохир сорох автомашин” нэртэй тендер шалгаруулалтад оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлснийг шүүхээс хууль зөрчөөгүй, илт хууль бус актын шинжгүй гэж дүгнэсэн.

           5.5.Нэгэнт нэхэмжлэгч “М**************” ХХК нь “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” нь тогтоогдсон, маргаан бүхий 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/25 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргасныг хүлээн авч, Сангийн сайдаас хуулийн дээрх заалтад нийцүүлэн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаартай тушаалаар нэхэмжлэгч “М**************” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдээр бүртгэснийг буруутгах боломжгүй.

           5.6.Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.4-т “төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор ...бүртгэлд бүртгэнэ”[15] гэж заасныг зөрчин 5 сар гаруй хугацааны дараа 75 дугаартай тушаалыг гаргасан...” гэж тайлбарлан маргах боловч уг үндэслэл нь Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “М**************” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хангалтай хууль зүйн үндэслэл болж чадахгүй байна.

           5.7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5,  52 дугаар зүйлийн 52.1.14,  521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М**************” ХХК-иас Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулан “Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “М**************” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/25 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтас хэргийн 76 хуудас

[2] Хавтас хэргийн 152-153 хуудас

[3] Хавтас хэргийн 75 хуудас

[4] Хавтас хэргийн 11 хуудас

[5] Хавтас хэргийн 15 хуудас

[6] Хавтас хэргийн 108 хуудас

[7] Хавтас хэргийн 112, 120-122 хуудас

[8] Хавтас хэргийн 36-38 хуудас

[9] Хавтас хэргийн 16 хуудас

[10] Хавтас хэргийн 114 хуудас

[11] Хавтас хэргийн 20-22 хуудас

[12] Хавтас хэргийн 86-88 хуудас

[13] Хавтас хэргийн 42-44 хуудас

[14] Хавтас хэргийн 97 хуудас

[15] Хавтас хэргийн 43 хуудас