Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0279

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ММ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Нэхэмжлэгч: “ММ” ХХК

Хариуцагч: МУ-ын СС,

Хариуцагч: СЯ-ны ХАА-ны УБ-гч Б.С;

 

Нэхэмжлэлийн шаардлага: ““ММ” ХХК-иас МУ-ын СС-д холбогдуулан МУ-ын СС-ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “ММ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, СЯ-ны ХАА-ны УБ-гчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/25 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай;

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 942 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Б.С, хариуцагч МУ-ын СС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0521/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ММ” ХХК-аас МУ-ын СС, СЯ-ны ХАА-ны УБ-гч Б.С нарт холбогдуулан ““ММ” ХХК-иас МУ-ын СС-д холбогдуулан МУ-ын СС-ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “ММ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, СЯ-ны ХАА-ны УБ-гчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/25 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 942 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ММ ХХК-иас МУ-ын СС-д холбогдуулан МУ-ын СС-ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын ММ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *******ны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/25 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо:

3.1. “Манай “ММ” ХХК нь Дундговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан ДУГАОНӨГ/202101030/02/01 тоот “Сумдын албан хэрэгцээнд бохир сорох автомашин” нэртэй тендер шалгаруулалтад оролцохоор хүсэлтээ гаргасан. Анхан шатны шүүхээс “... Хэдийгээр шалгалтын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ММ” ХХК нь Дундговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тус тендер шалгаруулалтад оролцохоор хүсэлтээ гарган тендерийн баримт бичиг хүлээн авах хугацаанд маргаан бүхий 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6721 дүгээр албан бичигт “...сүүлийн 3 жилийн хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй болох нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/3036 албан бичгээр тогтоогдсон боловч шүүх зорилго нь аргаа зөвтгөхгүй байх зарчмыг баримтлах нь зүйтэй мөн тендерийн материал болон хавсаргасан баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд залруулах үүргээ биелүүлээгүй” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн хувьд засварласан баримт бичиг илгээсэн гэдийг мэдмэгцээ буюу 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 136/21 дугаар албан бичгээр тус тендерээс татгалзсан тухайгаа албан бичгээр мэдэгдэж, тендер шалгаруулалтад оролцоогүй байдаг. Улмаар Дундговь аймгийн засаг даргын Тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2/813 дугаар албан бичгээр тендерийн шаардлага нийцээгүй талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтын үнэлгээ гарахаас өмнө компанийн ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас алдаатай материал илгээсэн учир тендерээс татгалзаж залруулах үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

Түүнчлэн менежер Б.Г нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн тусгай архивын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6721 дүгээр лавлагаанд өөрөө дур мэдэн засвар оруулж түүнийгээ тендерийн материалд бүрдүүлэлт болгон өгснөөс гадна илгээх эрх бүхий албан тушаалтан биш атлаа илгээсэн байсан. Энэ үед компанийн захирал байгаагүй байхад ба ийнхүү цахим тендерт материал илгээх эрх өгөөгүй атал дур мэдэн илгээсэн үйлдэлд компани хариуцлага хүлээх асуудал нь өрөөсгөл юм. Уг асуудал нь цагдаагийн байгууллагаар мөн шалгагдаж байгаа болно.

3.3. Б.С байцаагчийн дүгнэлт гарахын өмнө Б.Г болон захирал Т.Э нар нь тайлбар гарган өгсөн байх ба энэ нь улсын байцаагчийн дүгнэлтэд тусгагдсан байхаас гадна тухайн үед “ММ” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй нь тогтоогдож байхад ийнхүү худал мэдээлэл ирүүлсэн гэх нь үндэслэлгүй юм. Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн тусгай архиваас лавлагаа авах гол ач холбогдол нь тус компанийг шүүхийн маргаантай эсэх, шүүхэд хариуцагчаар орж байсан мэдээллийг л тодруулах гол зорилготой гэдэг. Үүнээс үзэхэд, илт худал мэдээлэл гэж үзэхэд лавлагааны агуулга болох хариуцагчаар орсон ороогүй талаарх тодорхойлолт буюу мэдээлэл өөрчлөхийг ойлгохоор байх тул огноо, хаяглагдсан этгээдийг засварласан нь илт худал мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд худалдан авах ажиллагааны улсын байцаагч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/25 дугаар дүгнэлтээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан илт худалд мэдээлэл ирүүлсэн нь тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй.

3.4. МУ-ын СС-ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалаар манай компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэхдээ Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг зөрчин Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн дүгнэлт гарснаас хойш 5 сарын дараа бүртгэж байгаа нь дээрх журмыг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй атал анхан шатны шүүхээс үүнийг буруутгах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

3.5. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0942 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.Үүнд

3.1. Захиалагч нь тендерийн ерөнхий нөхцөлийн магадлах явцад илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хандаж, уг асуудлыг шалгаж, тогтоолгох учиртай.

3.2. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2/813 дугаар албан бичгээр тендерт оролцогч “ММ” ХХК-д “...Шүүхийн төрөлжсөн архив”-ын тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж ирүүлсэн” гэсэн үндэслэлээр тус компанийн тендерийг шаардлагад нийцээгүй, татгалзаж буй талаар мэдэгдсэн байх бөгөөд Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаар албан бичгээр *******ны Хууль эрх зүйн газарт хандаж “... “ММ” ХХК-иудыг илт худал мэдээлэл бүхий ирүүлсэн гэж үзэн дээрх компанийн материалыг шалгуулан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах”-аар холбогдох мэдээлэл, нотлох баримтын хамт хүргүүлжээ. /1-р хх-ийн 108 тал/

3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14-т “энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх;”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.”, 521 дүгээр зүйлийн 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Тендерт оролцогч ...илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ...нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно”, 2.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухай этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заажээ.

3.4. Үүний дагуу ХАА-ны УБ-гч Б.С нь Монгол Улсын СЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2021 оны “Хяналт шалгалт хийх тухай” УБ/04, “Удирдамжийн хугацаа сунгах тухай” УБ/05 дугаартай удирдамжийн дагуу “ММ” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн эсэх хяналт шалгалтыг холбогдох журмын дагуу хийж, гүйцэтгэн улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/25 дугаартай дүгнэлт гаргасан байна. /1-р хх-ийн 18-19 талд/

3.5. Ингэхдээ дараах зөрчлийг илрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч “ММ” ХХК нь Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 онд зарласан ДУГАЦДСЗДТГ/202101030 дугаартай “Сумдын албан хэрэгцээнд бохир сорох автомашин нийлүүлэх” тендер шалгаруулалтад оролцохдоо Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6721 дугаартай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хаягласан иргэний хэрэгт хариуцагчаар оролцоогүй болох албан бичгийг засварлаж, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ” гэсэн тэргүүг дарж, “ТОДОРХОЙЛОЛТ” болгон, “2021.04.08” гэсэн огноог “2021.04.28” гэж засч, иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй талаарх тодорхойлолтыг хуурамчаар ирүүлсэн болох нь

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/8013, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/1947 албан бичиг /1-р хх-ийн 75, 47 тал/,

-Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 160 дугаар албан бичиг /1-р хх-ийн 73 талд/-ээр тус тус нотлогдож байна.

Энэхүү үйлдэл буюу албан бичгийг зассан талаар нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь нэхэмжлэгч компанийн Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газарт 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 136/21 дүгээр албан бичгээр “...манай байгууллагын ажилтан алдаатай баримт бичиг хавсарган ирүүлсэн тул ... тус тендерээс татгалзаж байна” гэх агуулга бүхий хүсэлт /1-р хх-ийн 11 талд/, мөн тус компанийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 43/22 дугаар тушаалаар “...Б овогтой Г ... ажил дээр ноцтой алдаа гаргасны улмаас үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж, улмаар *******анд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 362/21 дүгээр албан бичгээр “...Менежер албан тушаалтай Б овогтой Г хариуцан ажиллаж байсан ... Шүүхийн тусгай архивын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6721 тоот “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өмнө хаяглан авч байсан тодорхойлолтыг өөрчилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэсэн хаягийг дарж, “Тодорхойлолт” болгон өөрчилж, огноог 28-ны өдөр болгон засч илгээсэн” гэсэн албан бичгүүдээр нэхэмжлэгч зөрчил гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байна.

4. Иймд МУ-ын СС-ын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4-д “Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд ... залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч компани тендерт оролцогчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Энэ талаарх нэхэмжлэгчийн “...тендер шалгаруулалтын үнэлгээ гарахаас өмнө компанийн ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас алдаатай материал илгээсэн учир тендерээс татгалзаж залруулах үүргээ биелүүлсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Дээрхээс дүгнэн үзвэл, 2021 оны ДУГАЦДСЗДТГ/202101030 дугаартай “Сумдын албан хэрэгцээнд бохир сорох автомашин нийлүүлэх” тендер шалгаруулалтад оролцогч “ММ” ХХК нь тендерийн материалыг бүрдүүлэхдээ иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй талаарх тодорхойлолтын тэргүү, огноог засварлаж, хуурамчаар баримт үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд нэгэнт нэхэмжлэгч компани илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нь тогтоогдсон энэ тохиолдолд Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргаж, түүнийг бүртгэсэн Сангийн сайдын тушаал нь хуульд нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ХАА-ны УБ-гчийн дүгнэлт гарснаас хойш 5 сарын дараа бүртгэж байгаа нь ... журмыг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

6. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА