Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/00002

 

2021 оны 12 сарын 22 өдөр                     Дугаар 183/ШШ2022/00002                             Улаанбаатар хот

 

                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Э, Ц.Ц  нарын гомдолтой,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 14253, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /РД:5368138/-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгох, үнэлгээ тогтоолгосонтой холбоотой шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, үнэлгээчин Ч.Д Файнт эстимейт ХХК-ийн үнэлгээчин Н.Ц С.Ц  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжаргал нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

           Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Б  шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 382 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 353,091,166 төгрөгийн ажиллагаа явагдаж байгаа. Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Худалдаа хөгжлийн банкны зээлээр 314 ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед 800,000,000 төгрөг зээлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 353,091,166 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс хойш 100,000,000 гаруй төгрөгийг төлж барагдуулаад үлдэгдэл төлбөртэй байгаа. Банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу  барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үлдэгдэл төлбөрийг барагдуулахаар шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгосон. Гурван үл хөдлөх эд хөрөнгөд гурван өөр шинжээч томилсон. Зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээг үндэслэлгүй тогтоосон гэдэг үндэслэлээр гурван шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

          Нэгдүгээрт: өр төлбөр үүссэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Ү-2206026913 дугаартай гоо сайхны үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд Мөнх-Оргил трейд ХХК нь 868,419,300 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Өмнө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан,  битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гомдол гаргаад шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2713 дугаартай шийдвэрээр тус тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн хамт дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар тоноглож зохицуулсан байдлаар дуудлага худалдаагаар худалдаалах нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх буюу төлбөр авагч, төлбөр төлөгчийн эрх ашигт нийцнэ гэх үндэслэлтэй байх тул шийдвэр гүйцэтгэх газрын хураан авах, битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл дахин үнэлгээ тогтоолгохоор 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 6/86 дугаар тогтоолоор дахин шинжээч томилсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гоо сайхны салоны эд хөрөнгийг дурдаж хураан авч битүүмжилсэн байтал 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч томилсон тогтоолд төлбөрт хураагдсан зөвхөн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-г томилсон. Тогтоолд дагалдах эд хөрөнгийг үнэлээгүй тул тус үнэлгээ, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа.

 

           Хоёрдугаарт: Барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 313 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг нийт 114,279,000 төгрөгөөр үнэлсэн. Баянмодот ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн 3.3-т давхарын байршил, засвар тохижилт хийсэн хүчин зүйлсийн тохиргоог нэг бүрчлэн хийн ач холбогдол өгвөл нэгж талбайд тохируулагдсан жишиг үнэ 1 м.кв нь 2,856,975 төгрөг болно, үнэлгээ хийлгэж буй орон сууцны талбайг 40 м.кв гэж тооцвол 114,279,000 төгрөг болно гэсэн. Үнэлгээ тогтоосны дараа тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр талбайн хэмжилт хийлгэсэн. Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал MNS60582009 гэсэн стандартын дагуу хэмжилтийг хийлгэхэд 68,67 м.кв болох нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтийн хавсралт 8 дугаар хүснэгтэд жишиг болгож хуучны 3 орон сууцыг  сонгож аваад дунджаар нь 1 м.квадратын үнэлгээг тогтоосон болох нь харагдаж байна. Монгол Улсад мөрдөгдөж буй хэмжилтээр хэмжиж үзэхэд орон сууц нь 68,67 м.кв байгаа тул шинжээчийн тогтоосон 1 м.кв-ын үнэлгээгээр зах зээлийн  үнэлгээг тогтооход 196,188,473 төгрөг болж үнийн дүн нэмэгдэх боломжтой байсан. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасныг зөрчиж хийсэн тул тус дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

 

         Гуравдугаарт: Файнт эстимейт ХХК 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн. 1м.кв-ыг 1,723,000 төгрөгөөр  тооцож 67,200,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Цар тахлын үед барилгын салбарт үүссэн хямралын үетэй холбоотой орон сууцны үнэ огцом өссөн. Тухайн Нарлаг хотхоны орон сууцны 1м.кв-ын үнэ өссөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тус баримтаас харахад 1м.кв нь 2,558,000-2,363,000 төгрөгийн үнэлгээтэй зарагдаж байгаа. Файнт эстимейт ХХК-ийн үнэлгээгээр орон сууцны 1м.кв-ыг 1,723,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Шүүхэд гаргаж өгсөн зар дээрээс харахад 67,200,000 төгрөгийн 1/3 хувь нь 22,400,000 төгрөг болж байна. Гэтэл өнөөдрийн зах зээлийн үнэ ханшаар тооцож үзэхэд 89,600,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй бол 1/3 хувиар өөрчлөлт орсон гэж үзэх боломжтой. 90,000,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй нөхцөл байдал үүссэн тул Файнт эстимейт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Иймд дээр дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж тогтоолгосон Мөнх-Оргил трейд ХХК, Файнт эстимейт ХХК, Баян модот ХХК-иудын шинжээчийн дүгнэлт болон Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 686 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах гоо сайхны үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч томилсон тогтоолд үйлчилгээний зориулалттай тохижуулсан хөрөнгө болохыг дурдаж шинжээчид 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг дурдсан. Хөрөнгийн үнэлгээний хөрөнгийн тайланд тухайн эд хөрөнгийг үйлчилгээний газрын зориулалттай гэж тусгасан байгаа. Шийдвэр гүйцэтгэгчээс хамтад нь үнэлэхийг даалгасан болох нь харагдаж байгаа. Дагалдах эд хөрөнгө, нэмэлт засвар хийсэн хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хамтад нь хураасан. Үнэлгээний тайлангийн 14 дэх хуудсанд уг эд хөрөнгийг захиалагчийн өгсөн мэдээлэл, хөрөнгийн ашиглалтын одоогийн байдал, ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнэлгээний байдлыг харгалзсан гэж байна. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд хашилтанд үйлчилгээний зориулалтаар тохижуулсан хөрөнгө гэж тусгаад шинжээчдээ хамтад нь үнэлнэ гээд хураах тогтоолыг өгсөн. Итгэмжлэл, тайлангийн нүүр, дүгнэлтэд нэмэлт тохижуулсан гэж дурдсан байгаа тул дагалдах эд хэрэгслийг нийтэд нь үнэлэгдсэн гэж үзэж байна. Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээний хувьд Үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлага, өртгийн хандлага гэсэн 2 хандлагыг жишиж  тогтоосон. Зах зээлийн үнэлгээг ач холбогдолтой гэж үзсэн. Тогтоолдоо үйлчилгээний зориулалттай эд хөрөнгө гэж хамтад нь үнэлүүлэхээр заасан. Баянмодот ХХК-ийн үнэлгээний хувьд 40 м.квадратыг үнэлэхдээ 3 байрыг харьцуулж үнэлсэн. Файнт эстимейт ХХК-ийн үнэлгээ 2021 оны 06 дугаар сард гарсан. Тухайн үеийн ханшаар зах зээлийн үнэлгээг тогтоох байсан. 6 сараас багагүй хугацаанд үнэлгээ өөрчлөгдсөн гэж үзвэл талуудын хүсэлт гаргах эрхтэй. Одоогийн байдлаар 6 сарын хугацаа болоогүй байна. Миний зүгээс үнэлгээний тайланг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр танилцуулсан. Нэхэмжлэгч 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх С.А  Ц.Ц нарын гаргасан гомдолын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

           С.А  Ц.Ц нар шүүхэд гаргасан гомдолдоо “...Мөнх-Оргил трейд ХХК, Файнт эстимейт ХХК,  Баян модот ХХК-ийн гаргасан үнэлгээнүүдийг тус тус хүчингүй болгох, үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч тал “...хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан” гэх үндэслэлээр шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.12-ны өдрийн 183/ШШ2018/00382 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн Банк ХХК-ийн нэхэмжилсэн 376,091,164.98 төгрөгөөс хариуцагч нар 23,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 353,091,164,98 төгрөгийг хариуцагч С.А  Ц.Ц нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд төлбөрийг 2018.02.28-ны өдрөөс 2018.06.30-ны өдөр хүртэл сар бүр 5,000,000 төгрөг, үлдэх 328,091,164.98 төгрөгийг 2018.07.31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрсэн гэх үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.    

 

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай тус шүүхийн 2018.08.08-ний өдрийн 183/ШЗ2018/09263 дугаар шүүгчийн захирамж, 2018.08.08-ний өдрийн 183/ГХ2018/00860 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018.11.16-ны өдрийн 18291305 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Ц.Ц С.А нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.  

 

Төлбөрт хураагдсан эд хөрөнгөд мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэж үзээд 2021.06.11-ний өдрийн 6/86 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээч томилсон байх бөгөөд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, Рапид харш хороолол, 31-1 тоот Ү-2206026913 дугаартай гоо сайхны үйлчилгээний зориулалттай 187,20 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд 868,419,300 төгрөгөөр үнэлгээ тогтоосон байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

 

1. Нэхэмжлэгч нар 2021.05.13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2021.05.21-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дагалдах гоо сайхны салоны эд хөрөнгийг дурдаж хураан авсан атлаа 2021.06.11-ний өдрийн 6/86 дугаар шинжээч томилсон тогтоолд зөвхөн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор заасан гэх үндэслэлээр дээрх үнэлгээг эс зөвшөөрсөн, харин хариуцагч тал шинжээч томилсон тогтоолд /...үйлчилгээний газрын зориулалтаар тохижуулсан/ гэж тодруулсан гэж маргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ” гэж заасан бөгөөд 2021.05.21-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан эд хөрөнгөд гоо сайхны өрөө тус бүрийг доторхи эд зүйлийн төрөл, тоо ширхэгийг тусгасан байна.

 

 Харин шинжээч томилсон тогтоолд эд зүйлийн үнэлгээг тогтоохыг тодорхой заагаагүй байх бөгөөд Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2021.06.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 868,419,300 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний 3.2-т зааснаар зөвхөн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон, гоо сайханы салоны эд зүйлүүд үнэлэгдээгүй талаар үнэлгээчин Ч.Д шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдана” гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар тоноглож зохицуулсан байдлаар дуудлага худалдаагаар худалдаалах нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд буюу төлбөр авагч, төлбөр төлөгчийн эрх ашигт нийцнэ гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Иймд Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон 2021.06.11-ний өдрийн 6/86 дугаар тогтоол,  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, Рапид харш хороолол, 31-1 тоот Ү-2206026913 дугаартай гоо сайхны үйлчилгээний зориулалттай 187,20 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 868,419,300 төгрөгөөр үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2021.06.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 313 тоотод байрлах 40 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд 2021.06.21-ний өдрийн үнэлгээний тайлангаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2021.06.17-ны өдрийн байдлаар 114,279,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Баянмодот ХХК-ийн шинжээч “...талбайн хэмжилт хийгээгүй, тухайн орон сууцны гэрчилгээнд тусгасан хэмжээгээр тооцсон, Брайт пойнт ХХК-ийн орон сууцны талбайн хэмжилтийн тайлангаар тухайн сууцны талбайн хэмжээ 68,67 м.кв болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч тал Баянмодот ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрсөн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2-т “хөрөнгийн үнэлгээ хийх явц дахь хөрөнгийн үнэлгээний стандарт, дүрэм, журам, норм, нормативыг зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэмдэглэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, 9.3, 9.3.8-д “хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгана” гэж тус тус заажээ.

 

Ц.Ц ,,,,,,,,,,,,,,,,,, тоотод байрлах 3 өрөө байрны талбай нь 2006.03.31-нд олгогдсон эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “40 м/кв талбайтай” гэж тусгагдсан байх боловч Брайт пойнт ХХК-ийн орон сууцны талбайн хэмжилтийн тайлангаар тухайн сууцны талбайн хэмжээ 68,67 м.кв болохыг баталгаажуулсан байна.

 

Шүүх хуралдааны явцад орон сууцны барилгын доторхи сууцны талбайг тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу хэмжилт хийгээгүй болохыг Баянмодот ХХК-ийн үнэлгээчин С.Ц  хүлээн зөвшөөрсөн, тэрээр Сонгинохайрхан дүүргийн нутагт борлогдсон, зарахаар санал болгосон 3 өрөө орон сууцны зарын мэдээлэлд үндэслэн тохируулга хийсэн дээрх үнийг харьцуулах нэгжид хуваасан талаар тайлбарласан болно.

 

Иймд  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасны дагуу үнэлгээ тогтоогдоогүй, талбайн хэмжилт хийгдсэн тохиолдолд зах зээлийн үнэ нэмэгдэх боломжтой байсан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй тул Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 313 тоотод байрлах 40 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021.06.17-ны өдрийн байдлаар 114,279,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон Баянмодот ХХК-ийн  үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          3. С.А  өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон Ард Аюушийн өргөн чөлөө 101 дүгээр байрны 46 тоот, 39 м/кв талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлийн хандлагаарх үнэ цэнийг 2021.06.18-ны өдрийн байдлаар 67,200,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон Файнт эстимейт ХХК-ийн үнэлгээ, үнэлгээний тайлан хуульд нийцсэн байх бөгөөд “...цар тахлын үед барилгын салбарт үүссэн хямралын үетэй холбоотой орон сууцны үнэ огцом өссөн” гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгчийн тайлбар хуулийн үндэслэлгүй тул Файнт эстимейт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно”, 55.6-д “энэ хуулийн 55.5-д заасан үнэлгээний зардлыг хүсэлт гаргасан тал хариуцан гаргана” гэж тус тус заажээ.

Дээрх тохиолдолд нэхэмжлэгч нар хүсэлтээ гаргаж дахин үнэлгээ тогтоолгох боломжтой байхад үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан нь буруу, мөн 2021.12.20, 2021.12.22-ны өдрийн байдлаарх Нарлаг хотхоны орон сууцны зарагдах үнийг харьцуулан анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж тайлбарлаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан хугацаанд хамаарахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон                                                                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон 2021.06.11-ний өдрийн 6/86 дугаар тогтоол,  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, Рапид харш хороолол, 31-1 тоот Ү-2206026913 дугаартай гоо сайхны үйлчилгээний зориулалттай 187,20 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 868,419,300 төгрөгөөр үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2021.06.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг,   Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 313 тоотод байрлах 40 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 114,279,000 төгрөгөөр үнэлсэн Баянмодот ХХК-ийн 2021.06.17-ны өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгож,  Файнт эстимейт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ