Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00427

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00427

 

                

С.А, Ц.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/00002 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.А, Ц.Ц нарын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгох, үнэлгээ тогтоолгосонтой холбоотой шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч С.А, Ц.Ц нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Шүүхийн шийдвэрийн дагуу 353,091,166 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс хойш 100,000,000 гаруй төгрөгийг төлж барагдуулаад үлдэгдэл төлбөртэй байгаа. Банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үлдэгдэл төлбөрийг барагдуулахаар шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгосон. Гурван үл хөдлөх эд хөрөнгөд гурван өөр шинжээч томилсон. Зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээг үндэслэлгүй тогтоосон гэдэг үндэслэлээр гурван шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

 

1а. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Ү-2206026913 дугаартай гоо сайхны үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд Мөнх-Оргил трейд ХХК нь 868,419,300 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Өмнө нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан,  битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гомдол гаргаад шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2713 дугаартай шийдвэрээр тус тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн хамт дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар тоноглож засварласан байдлаар дуудлага худалдаагаар худалдаалах нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх буюу төлбөр авагч, төлбөр төлөгчийн эрх ашигт нийцнэ гэх үндэслэлтэй байх тул шийдвэр гүйцэтгэх газрын хураан авах, битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тэгээд дахин үнэлгээ тогтоолгохоор 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 6/86 дугаар тогтоолоор дахин шинжээч томилсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гоо сайхны салоны эд хөрөнгийг хураан авч битүүмжилсэн атлаа 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч томилсон тогтоолд төлбөрт хураагдсан зөвхөн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон. Шинжээчийн дүгнэлтээр дагалдах эд хөрөнгийг үнэлээгүй тул уг үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа.

 

 1б. Барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 313 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 114,279,000 төгрөгөөр үнэлсэн. Баянмодот ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн 3.3-т “давхрын байршил, засвар тохижилт хийсэн хүчин зүйлсийн тохиргоог нэг бүрчлэн хийн ач холбогдол өгвөл нэгж талбайд тохируулагдсан жишиг үнэ 1 м.кв нь 2,856,975 төгрөг болно. Үнэлгээ хийлгэж буй орон сууцны талбайг 40 м.кв гэж тооцвол 114,279,000 төгрөг болно” гэсэн. Үнэлгээ тогтоосны дараа тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр талбайн хэмжилт хийлгэсэн. Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал MNS60582009 стандартын дагуу хэмжилтийг хийлгэхэд 68,67 м.кв болох нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтийн хавсралт 8 дугаар хүснэгтэд жишиг болгож хуучны 3 орон сууцыг сонгож аваад дунджаар нь 1 м.кв-ын үнэлгээг тогтоосон болох нь харагдаж байна. Монгол Улсад мөрдөгдөж буй хэмжилтээр хэмжиж үзэхэд орон сууц нь 68,67 м.кв байгаа тул шинжээчийн тогтоосон 1 м.кв-ын үнэлгээгээр зах зээлийн үнэлгээг тогтооход 196,188,473 төгрөг болж үнийн дүн нэмэгдэх боломжтой байсан. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасныг зөрчиж үнэлгээ хийсэн тул уг дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

 

 1в. Файнт эстимейт ХХК 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн. 1м.кв-ыг 1,723,000 төгрөгөөр тооцож 67,200,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Цар тахлын улмаас барилгын салбарт үүссэн хямралын үетэй холбоотой орон сууцны үнэ огцом өссөн. Тухайн Нарлаг хотхоны орон сууцны 1м.кв-ын үнэ өссөн талаархи баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Уг баримтаас харахад 1м.кв нь 2,363,000-2,558,000 төгрөгийн үнэлгээтэй зарагдаж байгаа. Файнт эстимейт ХХК-ийн үнэлгээгээр орон сууцны 1м.кв-ыг 1,723,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. 67,200,000 төгрөгийн 1/3 хувь нь 22,400,000 төгрөг болох ба 89,600,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй бол 1/3 хувиар өөрчлөлт орсон гэж үзэх боломжтой. Гэтэл өнөөдрийн зах зээлийн үнэ ханшаар тооцож үзэхэд 90,000,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй болсон байх тул Файнт эстимейт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж тогтоолгосон Мөнх-Оргил трейд ХХК, Файнт эстимейт ХХК, Баян модот ХХК-ийн шинжээчийн дүгнэлт болон Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 686 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах гоо сайхны үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон. Дагалдах эд хөрөнгө, нэмэлт засвар хийсэн хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хамтад нь хураасан. Шинжээч томилсон тогтоол болон эд хөрөнгө хураах тухай тогтоолд үйлчилгээний зориулалтаар тохижуулсан хөрөнгө болохыг дурдсан. Үүнээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгчээс хамтад нь үнэлэхийг даалгасан болох нь харагдаж байгаа. Хөрөнгийн үнэлгээний тайланд тухайн эд хөрөнгийг үйлчилгээний газрын зориулалттай гэж тусгасан байгаа. Үнэлгээний тайлангийн 14 дэх хуудсанд уг эд хөрөнгийг үнэлэхдээ захиалагчийн өгсөн мэдээлэл, хөрөнгийн ашиглалтын одоогийн байдал, ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнэлгээний байдлыг харгалзсан гэж байна. Итгэмжлэл, тайлангийн нүүр, дүгнэлтэд нэмэлт тохижуулсан гэж дурдсан байгаа тул дагалдах эд хэрэгслийг хамтад нь үнэлсэн гэж үзэж байна. Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээний хувьд үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлага, өртгийн хандлага гэсэн 2 хандлагыг жишиж  тогтоосон. Зах зээлийн үнэлгээг ач холбогдолтой гэж үзсэн. Баянмодот ХХК-ийн үнэлгээний хувьд 3 байрыг харьцуулж үнэлсэн. Файнт эстимейт ХХК-ийн үнэлгээ 2021 оны 06 дугаар сард гарсан. Тухайн үеийн ханшаар зах зээлийн үнэлгээг тогтоох байсан. 6 сараас багагүй хугацаанд үнэлгээ өөрчлөгдсөн гэж үзвэл талууд хүсэлт гаргах эрхтэй. Одоогийн байдлаар 6 сарын хугацаа болоогүй байна. Үнэлгээний тайланг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр танилцуулсан. Нэхэмжлэгч 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон 2021.06.11-ний өдрийн 6/86 дугаар тогтоол,  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, Рапид харш хороолол, 31-1 тоот Ү-2206026913 дугаартай гоо сайхны үйлчилгээний зориулалттай 187,20 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 868,419,300 төгрөгөөр үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2021.06.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 313 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 114,279,000 төгрөгөөр үнэлсэн Баянмодот ХХК-ийн 2021.06.17-ны өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгож, Файнт эстимейт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Үнэлгээ хийлгэсэн үл хөдлөх эд хөрөнгүүд нь бүгд нэг зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор хийгдсэн барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан эд хөрөнгүүд юм. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангахаар хуульчилсан. Мөн барьцааны эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар борлуулж үүргийг хангуулахаар зохицуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж төлбөр төлөгчийн эрхийг хамгаалсан заалтыг хуульчилсан байна.  Нэхэмжлэгч нь дээр дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалтад нийцүүлэн Файнт Эстимейт ХХК-ий үнэлгээг хүчингүй болгохыг хүсэн нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Файнт Эстимеэйт ХХК-ий үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.  С.А, Ц.Ц нар НШШГГт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

 

4. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

6. НШШГГ С.А, Ц.Ц нараас 376,091,164 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00382 дугаар захирамжийг биелүүлэх явцдаа төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн шүүгчийн захирамжид заасны дагуу барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 31-1 тоот хаягт байрлах  187.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11-313 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, 101-46 тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоох ажиллагаа хийжээ.

 

7. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж тус тус заасан байна. Хэргийн баримтаас үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч нар анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй нь тогтоогдсон бөгөөд хариуцагч шинжээч томилж, шинжээчийн тогтоосон үнийн талаар нэхэмжлэгч нарт мэдэгджээ. Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, 101-46 тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

8. Шинжээчээр ажилласан “Файнт эстимейт” ХХК нь хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан дээрх хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд нэхэмжлэгч нар нь дахин үнэлгээ тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргах эрхтэй.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэл нь шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.    

 

9. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 31-1 тоот хаягт байрлах  187.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11-313 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн “Баянмодот” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч тал гомдол гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/00002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.А, Ц.Ц нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ДАВААДОРЖ

 

                ШҮҮГЧИД                           Ч.ЦЭНД

 

                                                                                       Д.БЯМБАСҮРЭН