Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/шш2022/01143

 

 

 

 

 

 

 

2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/01143

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХХК,

 

Хариуцагч: Л.З,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9 933 080 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.       

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х  ХХК нь Л.З холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9 933 080 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Л.З  нь 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны 00000000 тоот данснаас интернэт банкаар гүйлгээ хийж өөрийн дансанд байсан 49 320 төгрөгийг бусдад шилжүүлэх явцад Хаан Банкны интернэт банкны системийн алдаа гаргасныг ашигласан тус өдрийн 17:28 минутаас 17:35 минутын хооронд 49 320 төгрөгийг 100 гаруй удаагийн үйлдлээр, мөн 2015 оны 5 дугаар сарын 08-ны 01:46 минутад дахин 49 320 төгрөгийг 89 гаруй удаагийн үйлдлээр, 44 700 төгрөгийг 14 гаруй удаагийн үйлдлээр буюу нийт 9 933 080 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдэд шилжүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Улмаар Хаан банкны зүгээс дуудаж уулзахад уг мөнгийг авч ашигласнаа хүлээн зөвшөөрч сар бүр төлөх байдлаар төлбөрийг төлж барагдуулах хүсэлтийг банканд гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөгдөөгүй учраас 9 933 080 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Л.З дансаар 9 934 080 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болохыг хүлээн зөвшөөрдөг ч жинхэнэ хариуцагч Л.З  биш юм.  Нэгдүгээрт, Х ХХК нь системийн алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хоёрдугаарт, Системийн алдаанаас Л.З  данснаас А.Ж  данс руу нийт  9 933 080 төгрөг шилжсэн бөгөөд нэхэмжлэгч Х  ХХК нь жинхэнэ хариуцагч хэн болохыг сонгох ёстой. Дээрх үйл баримтаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд нь А.Ж  юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар А.Ж  Төрийн банк ХХК-ийн 000000000 тоот данс руу 1 минутын дотор 100 гаруй үйлдлээр 9 001 617,50 төгрөг шилжсэн, А.Ж  уг мөнгийг тухайн өдрөө 5 000 000 төгрөгийг нэг удаагийн үйлдлээр, 800 000 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр өөрийн данснаасаа гаргасан байдаг. Дээрх мөнгө нь Л.З  данс руу орсон биш түүний данснаас хасах нөхцөлтэйгөөр А.Ж данс руу шилжсэн. Х  ХХК ч системийн алдаа гарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн атлаа уг алдааг ашиглаж, ашиг олсон А.Ж  яагаад дээрх төлбөрийг шаардахгүй байгаа юм бэ. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд нь А.Ж  байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3.  Нэхэмжлэгч талаас, хариуцагч Л.З  Х ХХК дахь 000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А.Ж , Л.З  нарын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Х  ХХК-ийн тусгай активын газарт гаргасан өргөдөл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Төрийн банк ХХК-иас А.Ж 00000000000000 тоот дансны 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Л.З  нь 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Х  00000 тоот данснаас интернэт банкаар гүйлгээ хийж өөрийн дансанд байсан 49 320 төгрөгийг бусдад шилжүүлэх явцад Хаан Банкны интернэт банкны системийн алдаа гаргасныг ашигласан тус өдрийн 17:28 минутаас 17:35 минутын хооронд 49 320 төгрөгийг 100 гаруй удаагийн үйлдлээр, мөн 2015 оны 5 дугаар сарын 08-ны 01:46 минутад дахин 49 320 төгрөгийг 89 гаруй удаагийн үйлдлээр, 44 700 төгрөгийг 14 гаруй удаагийн үйлдлээр буюу нийт 9 933 080 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдэд шилжүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хаан банкны зүгээс дуудаж уулзахад уг мөнгийг авч ашигласнаа хүлээн зөвшөөрч сар бүр төлөх байдлаар төлбөрийг төлж барагдуулах хүсэлтийг банканд гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй учир 9 933 080 төгрөгийг Л.З  гаргуулна” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Дээрх мөнгө нь Л.З  данс руу орсон биш түүний данснаас хасах нөхцөлтэйгөөр А.Ж  данс руу шилжсэн. Х  ХХК системийн алдаа гарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, уг алдааг ашиглаж, ашиг олж үндэслэлгүй хөрөнгөжсөн хүн нь А.Ж тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Л.З Хаан банк дахь 000000000 дугаар дансны эзэмшигч болох нь,  түүний дансны үлдэгдэл 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 36 минутын байдлаар 46 470 төгрөг байсан боловч Хаан банкны системийн алдааны улмаас мөн өдрийн 17 цаг 27 минутаас 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг 46 минут хүртэл 49 320 төгрөг 44 700 төгрөгийн үнийн дүнгээр нийт 180 гаруй удаагийн үйлдлээр 9 933 080 төгрөгийн зарлага гарсан болох нь талуудын тайлбар хариуцагчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.

 

Мөн тус 9 993 080 төгрөгийн зарлага А.Ж Төрийн банк дахь MNMN5003410000000тоот данс руу орлого болж шилжин, А.Жавхлан нь 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөгөөр нэг удаа, 800 000 төгрөгөөр 6 удаагийн гүйлгээгээр нийт 9 800 000 төгрөгийн зарлага гаргасан болох нь Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байна.

 

Дээрх баримтууд болон хэргийн нөхцөл байдлыг харьцуулан дүгнэхэд хариуцагч Л.З  эд хөрөнгө нэмэгдсэн зүйлгүй, түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Л.З Хаан банкны зүгээс дуудаж уулзахад уг мөнгийг авч ашигласнаа хүлээн зөвшөөрч сар бүр төлөх байдлаар төлбөрийг төлж барагдуулах хүсэлтийг банканд гаргасан” гэж тайлбарлан, “2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банкны активын газарт ...А.Ж , Л.З  би нийт 18 782 739 төгрөг Төрийн банкны 100000 А.Ж  нэртэй данс руу шилжүүлж авсан. Энэ авлагаа а сар бүр 500 000 төгрөгөөр төлж барагдуулна” гэх бичмэл баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон боловч тус баримтад Л.З , А.Ж нар гарын үсэг зурсан, үүнийг хариуцагч Л.З төлбөр төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэхгүй юм.

 

5. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасан ...хөрөнгө олж авсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Л.З 9 933 080 төгрөг гаргуулах тухай Х  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлж, дээрх төлбөрийг гаргуулахаар шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Л.З  холбогдуулан гаргасан 9 933 080 төгрөг гаргуулах тухай Х  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ