Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/01141

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/01141

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ц.д/,

 

Хариуцагч: г.х,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 8 900 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Д 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О 

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.       

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Д нь Г.Х холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Г.Х нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, 37 дугаар байрны 000 тоот 2 өрөө орон сууцыг сарын 500 000 төгрөгөөр түрээсэлсэн. Анх 2019 онд тухайн байрыг түрээслэх гэрээг манай менежер Ч.Д  байгуулж байсан. Гэвч тэрээр Солонгос улсад ажиллахаар явсан, үндсэн гэрээ нь олдохгүй байгаа тул бид өмнө нь уг гэрээг байгуулж байсан нөхцлөөр гэрээ үйлдэн Г.Х  гарын үсгийг зурж, хэрэгт хавсаргасан. Г.Х  нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш түрээсийн төлбөрт сард 500 000 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 10 000 000 төгрөгийг төлж байснаар хариуцагч түрээсийн гэрээний үүргээ ойлгож байсан нь нотлогдоно. 2020 оны 12 дугаар сараас хойш Г.Х түрээсийн гэрээний хугацаа дууссан, чи төлбөрөө төлөхгүй байгаа учир байраа чөлөөлж өг гэх шаардлагыг удаа дараа тавьсан. Гэвч байрыг чөлөөлж өгөхгүй байсаар 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр чөлөөлсөн. Ингэхдээ байр хүлээлгэж өгсөн гэх баримтад гарын үсгээ зурна уу гэхэд Ц.Д  шал руу түлхэн унагааж зодсон бөгөөд нэхэмжлэгчийн чихний хэнгэрэг нь цоорсон гэх зөрчлөөр эрүүгийн хэрэг үүссэн байдаг юм. Иймд Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-д зааснаар түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж заасны дагуу хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 8 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.Д  хариуцагч Г.Х  нарын хооронд амаар болон бичгээр ямар ч түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Бодитоор хариуцагч Г.Х нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, жуулчны гудамж, 37 дугаар байрны 307 тоот 2 өрөө орон сууцанд амьдарсан, аж ахуйн үйл ажиллагаа явуулсан гэх зүйл огт байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан үл хөдлөх хөлслөх гэрээнд зурагдсан гарын үсэг нь Г.Х  гарын үсэг биш юм. Иймд Ц.Д  Г.Х нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3.  Нэхэмжлэгч талаас, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаар үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ, түрээсийн төлбөрийн график, нэхэмжлэгч Ц.Д  Төрийн банк дахь 000000000 тоот харилцах дансны харилцагчийн хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Г.Х нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, 37 дугаар байрны 000 тоот 2 өрөө орон сууцыг сарын 500 000 төгрөгөөр түрээсэлсэн. Анх 2019 онд тухайн байрыг түрээслэх гэрээг манай менежер Ч.Д  байгуулж байсан. Гэвч тэрээр Солонгос улсад ажиллахаар явсан, үндсэн гэрээ нь олдохгүй байгаа тул бид өмнө нь уг гэрээг байгуулж байсан нөхцлөөр гэрээ үйлдэн Г.Х  гарын үсгийг зурж, хэрэгт хавсаргасан. Г.Х  нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш түрээсийн төлбөрт сард 500 000 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 10 000 000 төгрөгийг төлж байснаар хариуцагч түрээсийн гэрээний үүргээ ойлгож байсан нь нотлогдоно. 2020 оны 12 дугаар сараас хойш Г.Х түрээсийн гэрээний хугацаа дууссан, чи төлбөрөө төлөхгүй байгаа учир байраа чөлөөлж өг гэх шаардлагыг удаа дараа тавьсан. Гэвч байрыг чөлөөлж өгөхгүй байсаар 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр чөлөөлсөн. Ингэхдээ байр хүлээлгэж өгсөн гэх баримтад гарын үсгээ зурна уу гэхэд Ц.Д  шал руу түлхэн унагааж зодсон бөгөөд нэхэмжлэгчийн чихний хэнгэрэг нь цоорсон гэх зөрчлөөр эрүүгийн хэрэг үүссэн байдаг юм. Хариуцагч төлбөрөө Ц.о гэх хүний данснаас сар бүр шилжүүлдэг байсан нь миний дансны хуулгаас харагдана. Иймд Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-д зааснаар түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж заасны дагуу хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 8 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Нэхэмжлэгч Ц.Д, хариуцагч Г.Х нарын хооронд амаар болон бичгээр ямар ч түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Бодитоор хариуцагч Г.Х  нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, жуулчны гудамж, 37 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцанд амьдарсан, аж ахуйн үйл ажиллагаа явуулсан гэх зүйл огт байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан үл хөдлөх хөлслөх гэрээнд хариуцагч Г.Х  гарын үсэг зураагүй. Иймд Ц.Д  Г.Х нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Маргаан бүхий, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 50 мянгат, /15170/ Жуулчны гудамж 37 байр, Зүүн жигүүр хэсэг 5 давхарт байршилтай 310 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ц.Д  байна.        

 

Улмаар нэхэмжлэгч Ц.Д нь хавтаст хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Г.Х  уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сарын 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон “Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн боловч “...тус гэрээг өмнөх байгуулсан нөхцөлөөр үйлдэж, Г.Х  өмнөөс гарын үсгийг нь зурсан” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан тул шүүх талуудын хооронд бичгээр хэлцэл байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрийн эзэмшдэг Төрийн банк дахь ,00000000 тоот дансны хуулгаар нотлогдоно гэж тайлбарласан боловч түүний дээрх дансанд ц.о гэх эзэмшигчтэй Хаан банк дахь 000000000 тоот данснаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “...2018.12 sar, 2019.01 sar turees Hasmand” гэсэн утгатай 1 000 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “...2019.02 sar, 2019.03 sar turees” гэсэн утгатай 1 000 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “...Hasmand turees 2019.04,05 sar” гэсэн утгатай 1 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “...Hasmand 6.7 sar turees” гэсэн утгатай 1 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “...Hasmand 8,9 sar turees” гэсэн утгатай 1 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “...Hasmand 10, 11sar turees” гэсэн утгатай 1 000 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “...Hasmand 2020.2, 2020.03 sar” гэсэн утгатай 1 000 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “...Hasmand 5,6 sar turees” гэсэн утгатай 1 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “...Hasmand 2020 onii 08 sar, 09 sar turees” гэсэн утгатай 1 000 000 төгрөг тус тус, Г.э гэх эзэмшигчтэй Хаан банк дахь 000000000 тоот данснаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “...Hasmand 12, 1 sariin turees” гэх гүйлгээний утгатай 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг хариуцагч Г.Х  эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг биелүүлж байсан гэж дүгнэх боломжгүй байна.

 

5. Иймд Ц.Д , Г.Х нарын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасан эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй, Г.Х  нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тус үл хөдлөх эд хөрөнгийн өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж байсан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлж, өөрт учирсан хохирлоо шаардахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 350  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Х  түрээсийн гэрээний үүрэгт 8 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Д  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ