Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01255

 

 

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01255

 

   

Ц.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/01076 дугаар шийдвэртэй, Ц.Д-ийн нэхэмжлэлтэй Г.-Х-т холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 8,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд түрээсийн төлбөр 8,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж байна. Г.Х нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, 40, 50 мянгатын ** дугаар байр, *** тоотод байрлах 2 өрөөг сарын 500,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Г.Х түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 8,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэлд хавсаргасан гэрээнд Г.Х гарын үсэг зураагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч Г.Х-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.-Хаас 133,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д-д олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Зохигч нарын хооронд түрээсийн гэрээ аман болон бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй, хариуцагч Г.Х нь Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат Жуулчны гудамж, ** дугаар байрны *** тоот, 310 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд амьдраагүй, ямар нэгэн түрээсийн үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогддог. Учир нь нэхэмжлэгч Ц.Д дээрх 310 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 2 өрөөг түрээслүүлсэн гэх боловч 310 м.кв талбайн аль хэсэгт ямар хугацаанд хариуцагч түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн гэх боловч нэхэмжлэлд хавсаргасан дансны хуулгаар Ц.О эзэмшигчтэй Хаан банкны 575387**** тоот данс, Г.Э эзэмшигчтэй Х банкны 500778**** тоот данснаас Hasmand түрээс гэх утгатай төлбөр орж ирсэн нь хариуцагчийг түрээсийн төлбөр төлдөг гэх үйл баримт болон шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. /хх-7-20/

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/93 дугаар захирамжийг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай, шүүх хэргийн материалд авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Хариуцагчийн эрүүгийн хэрэгт өгсөн "Түрээсийн асуудал байсан гэх мэдүүлгээр Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат Жуулчны гудамж, ** дугаар байр, *** тоот, 310 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд байсан, түрээсийн үйл ажиллагаа явуулсан болох нь нотлогдохгүй. Хариуцагчийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн гэж нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд анх удаа оролцож байна. Үүнд: Г.Х нь тухайн үл хөдлөх хөрөнгөд 3 жилийн хугацаанд байсан нь үнэн гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэлсэн атлаа иргэний хэрэгт оролцохдоо огт байгаагүй мэт тайлбар гаргасан нь үндэслэлгүй. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр анх Г.Х-тай түрээсийн гэрээ байгуулаагүй, тухайн менежертэй гэрээ байгуулаад хугацаа нь дууссан. Маргаан бүхий уг үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч Г.Даваадорж болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Г.Д нь тухайн үед байгаагүй бөгөөд цар тахлын дараа ирээд түрээсээ төлөхийг шаардахад Г.Х нь Засгийн газраас түрээсийн төлбөрийг чөлөөлсөн шийдвэр гарсан учраас төлөхгүй гэх тайлбар өгсөн. Уг түрээсийн төлбөрийг өгөхгүй байсны улмаас 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр талуудын хооронд маргаан үүссэн. Тухайлбал, Г.Х орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгөхгүй явсаар түлхүүр солилцох хооронд Г.Х-ын хамрыг мурийлгасан асуудлаар Г.Д яллагдагчаар татагдсан. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Г.Х нь тухайн орон сууцыг чөлөөлж өгсөн бөгөөд суллаж байгаагаа мэдэгдэхгүйгээр байрны жижүүрт түлхүүр үлдээхэд Ц.Д нь түлхүүрээ хүлээлгэж өгөөд гарын үсэг зураад яв гэсэн боловч зурахгүй гэж маргаснаас Ц.Д эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж хэн хэн нь хохирогч болж шүүхээр явсан.

Анхан шатны шүүхээр тус асуудлыг хэлэлцээд н.О төлөөлөгч оролцохдоо Г.Х тухайн орон сууцанд байгаагүй, түрээсийн төлбөрийг өмнө нь Ц.Х-аас өөр хүн төлж байсан гэх тайлбар өгсөн учраас энэ үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас эрүүгийн хэргийн материалыг авчрах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг шийдвэрлэгдэж дууссаны дараа Г.Х нь маргаан бүхий орон сууцанд амьдарч байснаа хүлээн зөвшөөрсөн учраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай хүсэлт гаргаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.Д-ийг яллагдагчаар татагдсан үед Г.Х орон сууцанд амьдарч байсныг дурдаад түрээсийн төлбөрөөс үүдэн талуудын хооронд маргаан үүссэнийг тайлбарласан мэдүүлэг өгсөн. Үүнд Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар тухайн орон сууцанд амьдраад түлхүүрийг хүлээлгэн өгөх хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжлэх эрх Ц.Д-д байгаа учраас түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр анх орон сууцанд нүүж орсон өдрөөс хойш Г.Х 2 өрөө орон сууцыг сарын 500,000 төгрөгийн хөлс төлж ашигласан нь тогтоогдсон.

Иймд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 2. Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Г.Х-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40, 50 мянгат /15170/ Жуулчны гудамж, ** дугаар байр, зүүн жигүүр хэсэг, ** давхарт байршилтай, 310 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нэхэмжлэгч Ц.Д болох нь эрхийн улсын бүртгэлийн 00046**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

 4.1. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/934 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжаар Г.Х-т холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорт буцааж шийдвэрлэжээ. Уг хэрэгт хариуцагч Г.-Хын гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг бүхий тэмдэглэлд тусгагдсан баримтат мэдээллийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

4.2. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Төрийн банкин дахь дансны хуулгаас үзэхэд Ц.О, Г.Э нараас түрээс Хасманд гэсэн гүйлгээний утгатай мөнгө шилжүүлж байсан, хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Хасманд нэртэй ломбард ажиллуулж байсан гэж тайлбарласан байна.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно.

Хариуцагч түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй, төлбөрийг өөр этгээд төлж байсан нь хариуцагчийг үлдэгдэл төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй юм.

5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг 318.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус юм.

Хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор талууд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хэлцлийн дагуу хэн алиндаа шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрхтэй.

2018 оны 12 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт сар тутам 500,000 төгрөг төлж байсан нь нэхэмжлэгчийн харилцах дансны хуулгаар, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

2018 оны 12 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нийт 18,500,000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 10,000,000 төгрөгийг хасахад 8,500,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

 Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарахаар, 493.6 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээхээр тус тус заажээ.

Иймд түрээсийн зүйлийг ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт нийцнэ.

 6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

 7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/01076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН