Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2022/01564

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2022/01564

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг тоотод оршин суух овогт Ягийн М /РД: /

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг  тоотод оршин суух Алаг адуут овогт Жамъянбалын Я /РД: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг өөрийн байр “Д” ХХК /РД: /

 

Зээлээр бараа нийлүүлэх гэрээ болон зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгүүд болон гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх, 9,488,108 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 11,080,253 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Я.М, Ж.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн төлөөлөгч Н.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Я.М, Ж.Я нар нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан хууль бус гэрээ байгуулж өмчлөх эрх зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулж, хууль зөрчсөн. Иймд 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлээр бараа нийлүүлэх гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд уг гэрээг үндэслэн байгуулсан барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгийг чөлөөлөх, барьцаа хөрөнгийн гэрчилгээг эх хувиар гаргуулахаар шаарджээ.  

 

1.2. Хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байх хугацаанд илүү цагаар ажиллуулж, тухайн хугацааны нэмэгдэл хөлсийг олгоогүй, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг олгоогүй, цалингаас хууль бусаар суутгал хийсэн үндэслэлээр 9,488,108 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулж байгаагүй, борлуулалтын няравуудыг нэгдсэн журмаар ажлын цаг дуусмагц ажлынх нь байрнаас гаргадаг, ажилтан хийх ёстой ажлаа ажлын цагаар хийж чадаагүйгээс илүү цаг ажилласан нь байгууллагад хамаагүй, ажилтныг илүү цагаар ажиллуулсан баримт үйлдэж илүү цагийг тооцсон анкет бөглөж, гүйцэтгэх захирлаар батлуулдаг, хурууны хээгээр илүү цагийг тооцдоггүй, ээлжийн амралтын хуваариас өмнө нэхэмжлэгч ажлаа хаяж явсан, сар бүр дутагдал гаргаж байсан учраас цалингаас нь тодорхой хэмжээний суутгал хийж байсан, үүнийг тухайн үед нэхэмжлэгч зөвшөөрч байсан гэжээ.

 

2.2. Харин 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлээр бараа нийлүүлэх гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг зөвшөөрч, уг хэлцлийн дагуу авсан үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг буцаан өгөхийг зөвшөөрсөн байна.   

 

3. Хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэгч Я.Мд холбогдуулан ажиллаж байх хугацаандаа дутагдуулсан барааны үнэ 6,674,877 төгрөг, уг дүнгээс тооцож 4 сарын хүү 400,496 төгрөг, алданги 4,004,880 төгрөг нийт 11,080,253 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа 6,674,877 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн дутагдуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Талуудын байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлээр бараа нийлүүлэх гэрээгээр дутагдуулсан барааны дүнгээс хүү, алданги тооцохоор тохирсон боловч уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг зөвшөөрч, хүү, алданги гаргуулахаас татгалзаж байна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлийг Я.М дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

 

4.1. Дутагдал гаргасан гэж бодохгүй байна, яаж тооцоо гаргаад дутагдалтай гэж үзсэнийг ойлгохгүй байна гэжээ.  

 

5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЗБНГ/21-03 дугаар зээлээр бараа нийлүүлэх гэрээ, зээлийн барьцааны гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Я.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /ХХ-ийн 4-12 дугаар тал/

 

6. Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчаас Я.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, цагийн бүртгэлийг нотлох баримтаар бүрдүүлсэн. /ХХ-ийн 43-51 дугаар тал/

 

7. Хариуцагч дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн хариуцлагын тухай гэрээ, Я.Мын гар өргөдөл, “Д ф” ХХК-ийн чөлөөний хуудас, гадуур ажилласныг нотлох хуудас, “Д” ХХК-ийн ажилчдын 2021 оны 4-10 дугаар сарын цалингийн дэлгэрэнгүй /ХХ-ийн 62-71, 78-84 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулахыг хориглосныг зөрчиж зээлээр бараа борлуулах болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон хэдий ч барьцаалсан хөрөнгийг чөлөөлөхгүй, гэрчилгээг өгөхгүй өмчлөх эрхийг зөрчиж байна, мөн хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаанд 629.5 цагаар илүү ажиллуулж, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс өгөөгүй, ээлжийн амралтын олговор олгоогүй, цалингаас хууль бусаар суутгал хийж хохироосон гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулж байгаагүй, борлуулалтын няравуудыг нэгдсэн журмаар ажлын цаг дуусмагц ажлынх нь байрнаас гаргадаг, ажилтан хийх ёстой ажлаа ажлын цагаар хийж чадаагүйгээс илүү цаг ажилласан нь байгууллагад хамаагүй, ажилтныг илүү цагаар ажиллуулсан баримт үйлдэж илүү цагийг тооцсон анкет бөглөж, гүйцэтгэх захирлаар батлуулдаг, хурууны хээгээр илүү цагийг тооцдоггүй, ээлжийн амралтын хуваариас өмнө нэхэмжлэгч ажлаасаа гарсан, сар бүр дутагдал гаргаж байсан учраас  цалингаас нь тодорхой хэмжээний суутгал хийж байсан, үүнийг тухайн үед нэхэмжлэгч зөвшөөрч байсан гэж маргасан. Харин 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Зээлээр бараа нийлүүлэх гэрээ болон зээлийн барьцааны гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг зөвшөөрч, барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг буцаан өгөхийг зөвшөөрсөн байна.   

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Я.Мыг “Д ф” ХХК-ийн захирлын 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс туршилтын нэг сарын хугацаагаар Борлуулалтын албанд няраваар ажиллуулахаар томилж, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ.” гэж заасан. Энэхүү тохиролцоо зохигчийн хооронд хийгдсэн, энэ талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ. Уг гэрээг Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар хугацаагүй байгуулсан атлаа ажил олгогчийн шийдвэрээр туршилтын нэг сарын хугацаа тогтоосон нь хуульд нийцэхгүй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг баримтлана. Иймд нэхэмжлэгчийг хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан гэж үзнэ. Талууд хөдөлмөрийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болгож цуцласан байх ба энэ асуудлаар маргаагүй болно.

 

Харин дээрх хугацаанд илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор нөхөн гаргуулах, цалингаас хууль бусаар суутгасан суутгалыг гаргуулахаар шаардсан ба уг шаардлагыг хариуцагч “нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулж байгаагүй, тухайн хүн ажлын цагт ажлаа хийж дуусгах эсэх нь өөрийнх нь асуудал, борлуулалтын няравуудын хувьд нэг  нэхэмжлэгчийн ээлжийн амралтыг 11 сард олгох хуваарьтай байсан, үүнээс өмнө ажлаа хаяад явсан, нэхэмжлэгч нь сар бүр барааны дутагдал гаргаж байсан учраас цалингаас нь суутгаж байхаар болсон, үүнийг тухайн үед нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байсан” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргав.  

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно”, уг хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт “Нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно” гэжээ. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж заасан. Иймд дээрх хуулийн заалтуудаас үзвэл илүү цагаар ажилласан гэдгийг ажилтан өөрийн сайн дураар ердийн ажлын цагийг хэтрүүлэн ажилласныг илүү цагаар ажилласан гэж ойлгохгүй ба харин ажил олгогчийн шийдвэрээр /тодорхой шаардлагын улмаас/ ажилтныг ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажиллуулахыг ойлгоно. Энэ тохиолдолд ажилтан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон нэмэгдэл хөлс авах ба ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлсийг хуульд заасан хэмжээгээр эсвэл талуудын гэрээгээр тохиролцсон болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр /1.5 дахин буюу түүнээс дээш/ нэмэгдүүлэн олгохоор байна.

 

Нэхэмжлэгч нь цагийн бүртгэлийн баримтыг үндэслэн өдөр бүрийн ажилд ирсэн болон явсан цагийн зөрүүгээр ердийн ажлын цагийг хэтрүүлсэн буюу илүү цагаар ажилласан гэж үзжээ. Энэ хугацаанд ажил олгогчийн шийдвэрээр илүү цагаар ажиллаж байсан болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, энэ талаар ямар нэг баримт гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэгчийг ажил олгогчийн шийдвэрээр илүү цагаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаас өөр үндэслэлээр ажил олгогч нь ажилтны цалин хөлснөөс суутгал хийх эрхгүй бөгөөд хууль бусаар суутгал хийсэн тохиолдолд уг суутгалыг эгүүлэн олгох гомдлыг ажилтан хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж болно гэж хуульд заасан. Энэ талаарх гомдлыг нэхэмжлэгч гаргаж байгаагүй байна.

 

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалаар баталсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 15-д “Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох үүрэгтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл талууд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход /ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаас үл хамааран/ хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын хоногийг тооцож, мөнгөн олговор олгох үүрэгтэй байсан ба энэ талаарх шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгч гаргах эрхтэй байжээ.   

 

Дээрх шаардлагуудыг нэхэмжлэгч нь хариуцагчийн эсрэг гаргахад тодорхой хугацаатай болохыг Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-д хөдөлмөрийн ганцаарчилсан аливаа маргаантай асуудлаар гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаар заагаагүй. Иймд энэ төрлийн маргааны улмаас шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж ойлгоно.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж хөдөлмөрийн маргаантай холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байна. Энэ хугацаанд гомдол гаргаагүй бол шаардах эрхээ алдана.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ” гэжээ. Нэхэмжлэгч нь сар бүр цалингаас суутгал хийж байсныг мэдэж байсан тул суутгалтай холбоотой шаардах эрх нь эрх зөрчигдсөн үеэс, мөн ажил олгогчийг илүү цагаар ажиллуулж байна гэж үзсэн үеэс буюу эрх зөрчигдсөн үеэс, ээлжийн амралтын олговортой холбоотой шаардах эрх нь хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон үеэс үүсэх ба эрх зөрчигдсөн үеэс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх өнгөрсөн байх тул илүү цаг ажилласны нэмэгдэл хөлс, цалингаас суутгасан суутгалыг эгүүлэн авах, ээлжийн амралтын олговор шаардах эрхээ нэхэмжлэгчийг алдсан гэж үзнэ. Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан. Иймд 9,301,631 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаандаа учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Зээлээр бараа нийлүүлэх гэрээ”-г байгуулсан байх ба уг гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хариуцагч зөвшөөрсөн байна. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөөр “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, хариуцагч Ж.Ягийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг * нэгж талбарын дугаартай 435м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-дугаарт бүртгэлтэй газар, Чингэлтэй дүүрэг *хаягт байршилтай 135м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, барьцааны эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. Ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар хөдөлмөрийн гэрээгээр, мөн хөдөлмөрийн дотоод журам, хуульд нийцүүлэн ажил олгогчоос тогтоосон бусад журам, дүрмээр зохицуулах ба эдгээрээс өөр буюу хөдөлмөрийн харилцаанаас өөр харилцааг зохицуулсан гэрээ байгуулж, уг гэрээгээр үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Зээлээр бараа нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны эрхээс чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.       

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаандаа учруулсан хохиролд  бараа, бүтээгдэхүүний үнэ 6,674,877 төгрөг, уг дүнгээс тооцож 4 сарын хүү 400,496 төгрөг, алданги 4,004,880 төгрөг нийт 11,080,253 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахар шаардсан ба хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад хүү 400,496 төгрөг, алданги 4,004,880 төгрөг нийт 4,405,376 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг зарим шаардлагаасаа татгалзсан гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт нийцсэн байх ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэг бүхий этгээд мөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 136 дугаар зүйлийн 136.1, 136.2 дахь хэсэгт зааснаар байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодорхойлно. Хариуцагч нь нэхэмжлэгчийг бараа, бүтээгдэхүүн дутагдуулж 6,674,877 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн нотлох баримтаар нягтлан бодогчийн гарын үсэг, байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтыг гаргаж өгсөн байна. Энэхүү баримтыг Сангийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 100 дугаар тушаалаар баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягтыг хөтлөх аргачлал”-ын дагуу хөтөлнө. Иймд нэхэмжлэгчээс авах авлагын дэлгэрэнгүй гүйлгээний бүртгэлд тусгагдсан мөнгөн дүнгүүд нь байгууллагад хөтлөгдөж буй бусад санхүүгийн баримт, бүртгэлтэй тохирч байх ёстой бөгөөд эдгээр нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Иймд нэхэмжлэгчээс авах авлагын тооцооны бүртгэлийг ямар баримтыг үндэслэж хөтөлсөн болох, дебет, кредит дүнгүүд нь нягтлан бодох бүртгэлийн бусад баримтуудтай тохирч байгаа эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаандаа 6,674,877 төгрөгийн хохирол учруулсан болохыг хариуцагч нотлоогүй гэж үзэв. Мөн энэ талаарх гомдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах болохыг Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Авлагын дэлгэрэнгүй бүртгэлд хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өглөг, авлага бүртгэж, авлагын нийт тооцоог гаргасан байх тул тухайн өдрөөс хойш 3 сарын дотор буюу 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэл гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр 6,674,877 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Д ф” ХХК, Я.М нарын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЗБГ/21-03 тоот Зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан Чингэлтэй дүүрэг * нэгж талбарын дугаартай 435м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-  дугаарт бүртгэлтэй газар, Чингэлтэй дүүрэг *хаягт байршилтай 135м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаанаас чөлөөлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № , үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №  тоот гэрчилгээнүүдийг хариуцагч “Д ф” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Я.М, Ж.Я нарт олгосугай.      

 

2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д ф” ХХК-д холбогдох 9,488,108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Я.Мын нэхэмжлэлийн шаардлагыг, Я.Мд холбогдох 6,674,877 төгрөг гаргуулах тухай “Д ф” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “Д ф” ХХК нь 4,405,376 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Я.Мд холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494,910 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,234 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “Д ф” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 328,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.М, Ж.Я нарт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА