Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01333

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           Я.М, Ж.Я нарын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/01564 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.М, Ж.Я нарын хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гаргасан зээлээр бараа нийлүүлэх гэрээ болон зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгүүд болон гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх, 9,488,108 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 11,080,253 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү наршүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч компани хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулж, хууль зөрчсөн. Иймд 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлээр бараа нийлүүлэх гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд уг гэрээг үндэслэн байгуулсан барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгийг чөлөөлөх, барьцаа хөрөнгийн гэрчилгээг эх хувиар гаргуулна. Мөн нэхэмжлэгч нарыг хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байх хугацаанд илүү цагаар ажиллуулж, тухайн хугацааны нэмэгдэл хөлсийг олгоогүй, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг олгоогүй, цалингаас хууль бусаар суутгал хийсэн тул 9,488,108 төгрөг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулж байгаагүй, борлуулалтын няравуудыг нэгдсэн журмаар ажлын цаг дуусмагц ажлынх нь байрнаас гаргадаг, ажилтан хийх ёстой ажлаа ажлын цагаар хийж чадаагүйгээс илүү цаг ажилласан нь байгууллагад хамаагүй. Ажилтныг илүү цагаар ажиллуулсан баримт үйлдэж илүү цагийг тооцсон анкет бөглөж, гүйцэтгэх захирлаар батлуулдаг, хурууны хээгээр илүү цагийг тооцдоггүй, ээлжийн амралтын хуваариас өмнө нэхэмжлэгч ажлаа хаяж явсан, сар бүр дутагдал гаргаж байсан учраас цалингаас нь тодорхой хэмжээний суутгал хийж байсан, үүнийг тухайн үед нэхэмжлэгч зөвшөөрч байсан. Харин 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлээр бараа нийлүүлэх гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг зөвшөөрч, уг хэлцлийн дагуу авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг буцаан өгөхийг зөвшөөрч байна гэжээ. 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Я.Маас ажиллаж байх хугацаандаа дутагдуулсан барааны үнэ 6,674,877 төгрөг, 4 сарын хүү 400,496 төгрөг, алданги 4,004,880 төгрөг, нийт 11,080,253 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа 6,674,877 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн дутагдуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Талуудын байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлээр бараа нийлүүлэх гэрээгээр дутагдуулсан барааны дүнгээс хүү, алданги тооцохоор тохирсон боловч уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг зөвшөөрч, хүү, алданги гаргуулахаас татгалзаж байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Дутагдал гаргасан гэж бодохгүй байна, хэрхэн тооцоо гаргаад дутагдалтай гэж үзсэнийг ойлгохгүй байна гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Д” ХХК, Я.М нарын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЗБГ/21-03 тоот Зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 19 дүгээр гудамж 273 тоот хаягт байршилтай 1501511197 нэгж талбарын дугаартай 435 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-2202013891 дугаарт бүртгэлтэй газар, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 19 дүгээр гудамж 273 тоот хаягт байршилтай 135 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2202028999 дугаарт бүртгэлтэй амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаанаас чөлөөлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000565754, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000759886 тоот гэрчилгээнүүдийг хариуцагч “Д” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Я.М, Ж.Я нарт олгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-д холбогдох 9,488,108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Я.Мын нэхэмжлэлийн шаардлагыг, Я.Мд холбогдох 6,674,877 төгрөг гаргуулах тухай “Д” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “Д” ХХК нь 4,405,376 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Я.Мд холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

6.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан “ ... хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах..”, “ ... нотлох баримтаас хасуулах ...” эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч энэ тухай хүсэлт огт гаргаагүй байхад шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтыг Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 100 дугаар тушаалаар баталсан маягтын дагуу хөтөлсөн бусад санхүүгийн баримттай тохирч байх ёстой, бусад баримтуудыг гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч талаас хэрэгт хавсаргаж өгсөн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт нь эх хувиараа байдаг бөгөөд шүүх үүнийг эргэлзээгүйгээр үнэлэх ёстой атал Сангийн сайдын 2018 оны 100 дугаар тушаалд хамааруулж үнэлэхгүй байгаа нь нотлох баримтыг бүрэн дүүрэн, хуулийн хүрээнд судлаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй.

6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129.1, 129.2-т заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа алдсан гэж, мөн хөөн хэлэлцэх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэл гаргаагүй гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн үйл баримт хэргээс харагдана. Сөрөг нэхэмжлэлийг 14 хоног хоцроож өгөх болсон шалтгаан нь Я.М ажлаас гарахдаа байгууллагатай тооцоо нийлэхгүй, ажлаа хаяад явсан. Ингэхдээ буцаад ажилдаа орно, өвчтэй байна гэх шалтаг тооцож байсан тул ажилдаа ирэх байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул энэ үеэс Я.Мын бараа бүтээгдэхүүн, орлого зарлагын мэдээллийг судалж үзэхэд хэрэгт нотлох баримтаар өгсөн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтыг гаргаж баримт нь энэ цаг хугацаанд бүрэн гүйцэд судлагдаж дуусаж байгаа. Мөн сөрөг нэхэмжлэлийг өмнө нь хүлээн авахаас татгалзаж байсан нь цаг хугацаа орсон гэдгийг шүүх харах хэрэгтэй. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо мэдсэн буюу мэдэх ёстой өдөр гэдгийг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Я.М  шүүхэд нэхэмжлэл гаргасан цаг хугацаанаас судалгаа гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөл байдал бий болж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг бүрдүүлж өгөх хангалттай хугацаа байсан. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч хохирол учруулсан гэдэг нь ямар баримтаар нотлогдож байгаа вэ” гэхэд “авлагын дэлгэрэнгүй баримтаар нотлогддог” гэж хэлсэн. Өөр баримт байхгүй гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь тус байгууллагад хохирол учруулсан гэдэг нь нотлогдоогүй. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх баримтыг гаргаж өгөөгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны  шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь Я.М, Ж.Я нар хариуцагчтай байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлээр бараа нийлүүлэх гэрээ, зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгүүд болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж, илүү цагаар ажиллуулсан хөлс 7,353,811 төгрөг, ээлжийн амралтын олговор 934,440 төгрөг, цалингаас суутгасан 1,199,857 төгрөг, нийт 9,488,108 төгрөг нэхэмжилснээс хариуцагч “Д” ХХК зээлээр бараа нийлүүлэх гэрээ, зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгүүд болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх шаардлагыг зөвшөөрч, дутагдуулсан барааны үнэ 6,674,877 төгрөг, хүү 400,496 төгрөг, алданги 4,004,880 төгрөг, нийт 11,080,253 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. /хх1-2, 58, 60, 77/

3. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,405,376 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаас татгалзсан байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Зээлээр бараа нийлүүлэх гэрээ болон зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тушаал, хөдөлмөрийн гэрээ, зээлээр бараа нийлүүлэх гэрээ,  зээлийн барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  /хх5-8, 10, 39-41, 43-48/

Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн борлуулалтын албанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс  нярваар ажиллаж байх явцад хөдөлмөрийн гэрээний талууд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эд хөрөнгийн хариуцлагын тухай, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлээр бараа нийлүүлэх гэрээ, зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулсан байна.

Ажил олгогч нь эд хөрөнгө хариуцсан ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулж болно. Харин эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан тодруулбал бараа материал дутагдуулж болзошгүй гэх үндэслэлээр бодит байдалд нийцээгүй гэрээ байгуулж бусдын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан нь буруу байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. /хх118/

          5. Нэхэмжлэгчийн илүү цагаар ажиллуулсан хөлс 7,353,811 төгрөг, ээлжийн амралтын олговор 934,440 төгрөг, цалингаас суутгасан 1,199,857 төгрөг, нийт 9,488,108 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

6. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгч Я.Мд холбогдуулан дутагдуулсан барааны үнэ 6,674,877 төгрөг, хүү 400,496 төгрөг, алданги 4,004,880 төгрөг, нийт 11,080,253 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 6,674,877 төгрөг шаарджээ. /хх60, 118/ Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэг, эд хөрөнгийн хариуцлагын гэрээний 3.9.6-д заасныг үндэслэн ажил олгогч бараа материалын дутагдлыг нэхэмжлэх эрхтэй боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар хангалттай нотлоогүй байна. “Д” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтаар нэхэмжлэгчийг тус компанид нярвын ажил үүргийг эрхэлж байхдаа 6,674,877 төгрөг бараа дутаасан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний 3.6.1, 3.9.6-д зааснаас үзэхэд бараа материал дутагдуулсан тохиолдолд компаниас томилогдсон тусгай комисс хохирлын хэмжээг тогтоож акт үйлдэх, эд хариуцагч актыг уншиж танилцан гарын үсэг зурах, өмч хөрөнгийн дутагдал гарсан тохиолдолд ажилтан шалтгаан нөхцөлийг нь холбогдох байгууллагуудтай хамтран нарийвчлан тогтоож өөрийн буруугаас үүссэн гэж үзвэл бүрэн хариуцахаар харилцан тохирчээ. Иймд нэхэмжлэгчийн “дутагдал гаргаагүй, хэрхэн тооцоо гаргаад дутагдалтай гэж үзсэнийг ойлгохгүй байна ...” гэж маргасныг үгүйсгэх хуульзүйн үндэслэл тогтоогдсонгүй.  /хх38/

Анхан шатны шүүхээс хариуцагчийн ирүүлсэн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтын талаар хийсэн дүгнэлт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.3.1-14.3.5, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.3, Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн маягт аргачлал батлах тухай 100 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягтыг хөтлөх аргачлалтай нийцсэн. Шүүх маргаан бүхий харилцааг зохицуулсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг хэрэглэжээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор сөрөг нэхэмжлэл гаргасан баримт хэрэгт авагдаагүй байна. /хх35-36, 54/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/01564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,700  төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦОГТСАЙХАН

                                           ШҮҮГЧИД                                  М.БАЯСГАЛАН

                                                                                              А.МӨНХЗУЛ