Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01527

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01527

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС байр, 2 тоот хаягт оршин суух, Алтангэрэлийнхний овогт Мын Батбаяр /РД: ХБ61022511/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, Ш овогт А-ын А /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... байр, ... тоот хаягт оршин суух, А овогт М-ын Б /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, М овогт Б-ийн Г /РД: .../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээ хүчингүй болгуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч М.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал,

Хариуцагч А.А,

Хариуцагч М.Ба, А.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч М.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие М.Б нь мэдрэлийн эмч мэргэжилтэй бөгөөд өөрийн аав Мын мэргэжлийг өвлөж авсан хүн. Эцэг Мтай хамтран М-О зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулж, эмнэлгийн чиглэлээр ажиллуулдаг байсан. Аав маань 2017 оны 04 дүгээр сард насан эцэслэсэн. Баянгол дүүргийн ... хороо, ... дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, АОС ... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 1997 онд дуудлагын худалдаагаар 55,920,000 төгрөгөөр худалдан авч, эмнэлгийнхээ нэр дээр буюу М-О ЗБН-ийн нэр дээр бүртгүүлсэн байдаг. Тэрхүү гэрчилгээ маань 2018 оныг хүртэл хүчинтэй байж байсан бөгөөд гол нь энэ хөрөнгө дотроо манай гэр бүл, би өөрөө оршин суусаар өдийг хүрсэн. Би Баянгол дүүргийн 3, 4 хорооллын ... дүгээр байрны ... тоот ... м/кв байраа тэр үеийн ханшаар борлуулсан, аав маань ... мянгатын ... дугаар байрны ... тоот ... өрөө орон сууцаа зарсан мөнгөнүүдээ нийлүүлээд дуудлага худалдаанд дэнчин мөнгийг нь өгч 55,920,000 төгрөгөөр бид Баянгол дүүрэг, ... хороо, амины орон сууц ... тоотод байрлах ... м/кв талбай бүхий ... давхар, ... өрөө үл хөдлөх эд хөрөнгийг эмнэлгийн зориулалтаар ашиглах гэж авсан. Хариуцагчийн өмгөөлөгч тухайн үед энэ үл хөдлөх эд хөрөнгө ямар хөрөнгөөр бий болсон бэ? гэж асуугаад байна. Тухайн үед зах зээлийн ханш нь миний өөрийн дээрх орон сууц 11,000,000 төгрөг, аавын дээрх орон сууц 10 гаруй сая төгрөг болж байсан яг тодорхой санахгүй байна. Байрнуудаа зарчихаад эмнэлгйин зориулалттай орон сууц авах гэтэл мөнгө хүрээгүй, тэр үед 1 доллар 800 төгрөг байсан, 14 хоногийн дотор мөнгөө шилжүүлэхгүй бол дуудлага худалдаа хүчингүй болох байсан, 50 хувьд нь аав бид хоёрын орон сууц, үлдсэн 50 хувийг миний үеэлийн нөхөр 30,000 ам.доллар өгсөн мөн банкуудаас зээл авч төлсөн. Ингэж энэ сууц бидний мэдэлд шилжсэн. Тэгээд 1998 оноос 2011 он хүртэл аав, ээжтэйгээ эмнэлгийн үйл ажиллагаа явуулсан. 2011 он хүртэл арилжааны банк, банк бусын бүх өрийг хаасан. Ганцхан тэр хүргэнийхээ мөнгийг төлж чадаагүй. Хамгийн сүүлд И К ББСБ ХХК-аас 15,000,000 төгрөгийг долларын зээлээр аваад төлж чадахгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хүртэл очиж, энэ үл хөдлөх хөрөнгөө дуудлага худалдаанд оруулах гэж байсан.

 

Гэтэл аавыг маань нас барсан цагаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар бусдын нэр шилжсэн болохыг би хэд хоногийн өмнө архивын лавлагаа авч олж мэдээд ихэд цочирдлоо. М-О ЗБН-ийг 2011 онд А.А гэж хүний тавьсан хүсэлтийн дагуу эмнэлгээ нэгтгэх зорилгоор шилжүүлсэн. Энэ гэрээнд эмнэлгийн тусгай зөвшөөрөлтэй нөхөрлөлийн 70 хувийг эцэг М, би өөрөө 30 хувиа л түр шилжүүлсэн. М-О ЗБН буюу эмнэлгийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэх тухай нэг ч үг, үсэг байхгүй, үл хөдлөх эд хөрөнгө нь тусдаа гэрчилгээтэй, бүртгэлтэй хөрөнгө тул бие даасан гэрээгээр шилжих нь хэнд ч тодорхой, ийм үл хөдлөхөө шилжүүлье гэсэн гэрээ хэзээ ч хийгээгүй, хийх ч үгүй. Гэтэл дараах сонин сонин гэрээ хэлцлүүд хийгдээд явсан байх юм, гэтэл би дотор нь өөрөө амьдраад байдаг, оршин суудаг хаяг маань эндээ байгаад байдаг, өмчлөгч надад мэдэгдэхгүй дараах үйл явдал болсон байгааг олж хараад их л гутарч сууна даа. Үүнд,

 

-2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нөхөрлөлийн эрхээ шилжүүлэх гэрээ нь өөрөө хууль бусаар хийгдсэн буюу эцэг М нь 70 хувиа шилжүүлэхэд 30 хувийн өмчлөгч М.Б миний зөвшөөрөл, харин би 30 хувиа А.Бт шилжүүлэхэд 70 хувийн өмчлөгч Мын зөвшөөрөл тус тус бичгээр авагдах ёстой атал тийм зөвшөөрөлгүй А.Аын танил нотариатчаар хэлцэл хийлгүүлсэн. Гэтэл яг энэ өдөр буюу 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нөхөрлөл маань шууд л М-О ХХК болж хувираад зогсохгүй ганц гишүүнтэй компани болжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт нөхөрлөлийн 70 ба 30 хувиа бүртгээд өгөөч гэсэн болохоос биш 2 гишүүнтэй нөхөрлөлийг компани болгож өөрчлөн байгуулсан тухай үг, үсэг огтоос байхгүй. Тус нөхөрлөл нь 5 нэр төрлийн, 53,500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөтэй болохыг хөрөнгийн үнэлгээний Золач ХХК үнэлж байсан. 2011 оны 01 дүгээр сарын 25-нд М нь А.Ат нөхөрлөлийн 70 хувиа бэлэглэх гэрээ байгуулсан гэх боловч гэрээ байгуулсан иргэд гэдгийн ард нь М, Батбаяр нарын иргэний үнэмлэхийг хуулбарлаж хавсаргасан, эрх шилжүүлэх гэрээнүүдийн огноо нь 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэсэн атлаа нотариатч нь 2011 оны 01 дүгээр сарын 21-нд гэрчилсэн зэргээр бүх үйл баримт нь зөрүүтэй, хууль бус байна.

 

-2017 оны 03 дугаар сарын 11-нд орон сууц бэлэглэлийн гэрээ үйлдэхдээ үл хөдлөх эд хөрөнгө нь М-О ЗБН-ийн нэр дээр бүртгэлтэй байсаар атал М-О ХХК-ийн захирал А.А нь М.Бт итгэмжлэл олгож, түүгээр нь М.Б нь өөрийн төрсөн охин Б-ийн Г болон М.Ба нарт бэлэглэсэн байх юм. Ашиг сонирхол нэгтэй төрсөн ээж нь төлөөлүүлэгч болоод өөрийн охинд миний өмчийг орон сууц гэж нэрлэж байгаад, М-О ХХК, М-О ЗБН гэсэн хоорондоо зөрчилтэй, бодит байдал дээр нэгэн зэрэг байх боломжгүй хоёр өөр төрлийн хуулийн этгээдийг холилдуулж илтэд төөрөгдүүлсэн, хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээ хийсэн байх юм. 2017 оны 02 дугаар сарын 20-нд М-О ХХК-ийн захирал ажилтай А.А гэх хүн М-О зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн өмнөөс нөхөрлөлийн нэр дээрх хөрөнгийг бусдад бэлэглэх эрх олгох итгэмжпэл өгөх эрхгүй юм. Учир нь тус нөхөрлөл 2 гишүүнтэй ба тиймдээ ч нөхөрлөл гэж нэртэй, 2 хүний өмнөөс ганцаараа эрх олгох нь өөрөө хууль бус юм. Тэгээд ч нөхөрлөлийн хөрөнгийг бэлэглэлийн гэрээ байгуулж бэлэглэх нь үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчих, хүчин төгөлдөр бус юм. А.А эмч энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг 2017 онд шилжүүлсэн талаараа 5 жилийн хугацаанд надад яагаад хэлээгүй юм бэ? би үнэхээр бухимдаж явсан. А.А эмч ийм зүйл болсон гэж нэг ч үг цухуйлгаагүй 5 жил болсон байна. Би түрээсийн байранд өөрөө ороод энэ барилгыг анхны зориулалатаар нь ашиглаад, эмнэлгийн зориулалтаар ажиллуулах гэж явсан, тийм л санал байна. Үйл ажиллагаанаас олсон хөрөнгөнөөс дүү болон эгчдээ өгч болно. Миний эгч М.Б нь 2021 оны 08 дугаар сараас хойш шүүхдэнэ гэж намайг айлгалаа, одоо энийгээ боль, чамд 1, 2 өрөө байр авч өгье, хангалттай биш үү, эгч нь цагаан сараас өмнө байр авч өгье, тэгээд амар амгалан амьдар гэдэг. Миний төрсөн эгч, дүү нар бүгд буруу харчихаад намайг гадуурхаад байгаа юм уу? яагаад байгаа юм би ойлгохгүй байна. Миний эгч 2018 онд энэ байрны өмчлөлийг охин Г нэр дээр шилжүүлээд Г нь нөхөр дээрээ итгэмжлэл бичүүлээд зээл авч байна. Зээл авсан материалыг нь би үзсэн арай дэндүү байна. 1 дүгээр давхарт миний үзлэгийн өрөөнд дуртай үедээ ирж хог шатааж нарийн боовоо хийчихээд явдаг. Иймд М-О ЗБН-ийн 30 хувийг бусдад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, ... ... тоот хаягт байрлах, ... м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөний 30 хувийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд, би албадан гараад хаачих вэ? Би өөрийн 3 өрөө байраа зараад энэ үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж аваад сүүлийн 24 жил амьдарч байна. Би энэ үл хөдлөхийн 30 хувийг эзэмших эрхтэй. Би аавынхаа амыг хардаг байсан ааваа нэр дээрээ болгоё гэхэд за л гэдэг. М.Б гуай сая хэллээ би 20 гаруй жил амьдарсан тодорхой хувь нэмрээ оруулсан байхад яагаад бидний бий болгосон эд хөрөнгөөс намайг албадан хөөж байгаа юм бэ? хүлээн зөвшөөрөхгүй гээд хэлчихсэн. Сөрөг нэхэмжлэл бол үндсэн нэхэмжлэлтэй холбоотой, Б, Г нар хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон болох нь хууль ёсны дагуу байна уу? үгүй юу гэдгийг шүүх шийдэж байж тодорхой болох учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Батчимэг төлөөлөгч хэлэхдээ яагаад чи ганцаараа өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа юм бэ? энэ чинь манай гэр бүлийн хөрөнгө гэж хэлсэн. Нэгэнт тэр хөрөнгийн 70 хувийг эзэмшиж байсан М гуай бурхан болсон учраас хөрөнгийн тодорхой хувийг эзэмших, өмчлөх ёстой гэж үзэж байна гэв.

 

2. Хариуцагч А.Аын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: М-О ЗБН-ийг 2011 оны 01 дүгээр сард зохих хууль, журмын дагуу шилжүүлж авч байлаа. Тэр компани шилжиж аав, хүү хоёроос аав, хүү хоёрт ирлээ гэж билэгшээж Төрийн банкинд очиж өгөлцөж авалцаж байсан. Тэгээд 2011 оны 06 дугаар сард ЗБН-ийг өөрчилж ХХК болгоод нэг гишүүнтэй болгосон. М-О ЗБН-ийн нэр дээр ийм үл хөдлөх эд хөрөнгө байгаа гэдгийг эхлээд мэдээгүй, дараа нь мэдсэн. 2017 онд М гуай намайг дуудаад компаний нэр дээрх амины орон сууцыг бэлэглэх итгэмжлэлийг М.Бт хийж өг гэж хэлсний дагуу итгэмжлэлийг М.Бт өгсөн. Түүнээс би М.Бийг ч танихгүй гэв.

 

3. Хариуцагч М.Ба, Б.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: М.Баас шүүхэд гаргасан ... ... дугаарын ул ходлох эд хорөнгийг хууль бусаар шилжуулэн авсан гэрээг хучингуй болгуулах... шаардлагын тухайд, нэхэмжлэгч М.Б, хариуцагч М.Ба, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б бид нар төрсөн эгч, ах, дүүс бөгөөд бидний эцэг А.М, эх С.М нар М-О ЗБН-ийг 1998 оны 01 дүгээр сарын 18-нд мэдрэлийн өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр үүсгэн байгуулж үйл ажиллагааг явуулж байсан. М-О ЗБН-ийг өөрийн гэсэн эмнэлэг, үйлчилгээний байртай болгох зорилгоор 1998 оны 04 дүгээр сарын 20-нд Монгол Улсын Төрийн өмчийн хороотой ... дугаартай Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Ингэхдээ төрийн өмчид бүртгэлтэй байсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 270.1 м.кв талбайтай 2 давхар барилгыг 1998 оны 04 дүгээр сарын 15-нд Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газраас зохион байгуулсан нийтийн дуудлага худалдаанаас 55,920,000 төгрөгөөр худалдан авч 1998 оны 05 дугаар сарын 18-нд 7074 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Бидний ээж С.М 2002 оны 08 дугаар сарын 25-нд нас барснаар 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдөр М-О ЗБН-ийн үүсгэн байгуулах бичиг баримтанд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөрлөлийн гишүүнээс С.Мыг чөлөөлж, М.Быг нөхөрлөлийн гишүүнээр элсүүлэн бүртгэсэн, өөрөөр хэлбэл М-О ЗБН-ийн 70 хувийг аав А.М, 30 хувийг М.Б эзэмших болсон. 2011 оны 01 дүгээр сарын 20-нд А.М, А.А нарын хооронд Бэлэглэлийн гэрээ, 2011 оны 01 дүгээр сарын 21-нд Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулагдаж өөрийн эзэмшлийн 70 хувийн хувьцааг хариу төлбөргүйгээр, эргэн буцах ямарч нөхцөлгүйгээр бэлэглэсэн. Харин М.Б 2011 оны 01 дүгээр сарын 20-нд А.Бтай Бэлэглэлийн гэрээ, 2011 оны 01 дүгээр сарын 21-нд Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж өөрийн эзэмшлийн 30 хувийн хувьцааг хариу төлбөргүйгээр, эргэн буцах ямарч нөхцөлгүйгээр бэлэглэсэн. Үүний дараа 2011 оны 01 дүгээр сарын 25-нд М-О ЗБН-ний үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр гарч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр А.М, М.Б нар М-О ЗБН-ний гишүүнээс гарсан ба ингэснээр М.Б нөхөрлөлийн гишүүнээс хасагдсан бөгөөд нөхөрлөлийн 30 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ алдсан. М-О ЗБН-ийн хувьцааг А.Ат үнэ төлбөргүй шилжүүлэхдээ аав А.М А.Атай харилцан тохиролцож нөхөрлөлийн нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж авахаар тохиролцсон байсан ба А.Аын хувьд энэ тохиролцоондоо шударгаар хүрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б надад 2017 оны 02 дугаар сарын 20-нд итгэмжлэл олгосон. Дээрх итгэмжлэлийг Баянгол дүүргийн тойргийн ... дугаар тамганы дугаартай нотариатч Н.Г 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдөр үнэн зөвийг гэрчилсэн тул надад олгосон итгэмжлэл хуульд нийцсэн гэж үзэж байгаа ба энэ үйл баримт нь Нийслэлийн архиваас газраас нотлох баримтаар ирүүлсэн нотариатын бүртгэлийн дэвтэр, холбогдох бусад баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, Нотариатын тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д ...Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална, мөн хуулийн 26.2-д ...Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ, мөн хуулийн 26.3-т ...Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлд гарын үсэг зурна. гэж заасан байх ба хэрэгт нотлох баримтаар авагдсан Н.Г нотариатчийн 2017 оны 01 дүгээр сарын бүртгэлийн дэвтэрийн 41 дэх талд М-О ХХК-ний захирал А.Ааас М.Б надад олгосон итгэмжлэлийн бүртгэл хийгдсэн болох нь нотлогдоно. М.Б нь итгэмжлэлийг үндэслэн М-О ХХК-г төлөөлөн М.Ба, Б.Г нартай 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ-г байгуулж Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 270.1 м.кв талбай бүхий эмнэлэг, үйлчилгээний зориулалттай, 55,920,000 төгрөгийн үнэ бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр бэлэглэсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр М.Ба, Б.Г нар хууль ёсны өмчлөгч болсон. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгох хууль, эрх зүйн боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч М.Бын шүүхэд гаргасан ...өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд, энэ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч М-О ЗБН нь манай аав, ээжийн үүсгэн байгуулсан гэр бүлийн нөхөрлөл байсан бөгөөд уг нөхөрлөлийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэлтэй байсан хөрөнгө, мөн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Аав А.М 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан бөгөөд нас барахаасаа өмнө А.Атай уулзаж өмнөх тохиролцсоныхоо дагуу нөхөрлөлийн нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж авахаар ярилцаж охин М.Б миний нэр дээр итгэмжлэл хийлгүүлж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бидний бага дүү М.Ба /хөгжлийн бэрхшээлтэй/, өөрийн том ач охин Б.Г нарын нэр дээр орон сууц бэлэглэлийн гэрээ-ээр шилжүүлж өг гэсний дагуу итгэмжлэл олгогдож, гэрээ байгуулагдаж үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр М.Ба, Б.Г нар бүртгэгдсэн юм. Өмнө дурьдсанчлан бид эцэг, эхээс тавуулаа /М.Батчулуун, М.Б, М.Б, М.Б, М.Ба/ тул эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь дан ганц М.Б болох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, уг эд хөрөнгө нь өвлөгдөх эд хөрөнгө болно. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмын талаар зохицуулсан ба 528.1, 528.2-т өвийг хүлээн авах хугацааг заасан байх ба хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 ...Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зөхих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ... гэж заасан, нэхэмжлэгч М.Бын хувьд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах талаар зохих байгууллага, этгээдэд гаргаагүй учраас өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байх тул шаардах эрхгүй байна. Аав маань 2015 оны 5 дугаар сард өөрийн 4 хүүхдүүд (М.Б, М.Б, М.Б, М.Ба)-ээ цуглуулан М.Бт ... м/кв тайлбай бүхий сүүлийн үеийн орон сууц авч өгч оруулах талаар өөртэй нь ярилцахад байр авахаас эрс татгалзсан болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Баянгол дүүрэг, ... хороо, ... дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ... тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ... дугаар бүхий амины орон сууцны зориулалттай ... м/кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг М.Бын хууль бус өмчлөлөөс албадан чөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд нэхэмжлэгч М.Бын шүүхэд гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн шаардлагыг эс зөвшөөрч гаргаж байгаа. 2017 оны 02 сарын 11-ний өдөр М-О ХХК-ийн захирал А.А-аас М.Бт итгэмжлэлийг олгосон. Нотариатын үйлдэл дээр нэхэмжлэгч тал маргаагүй. Энэ үйлдлийг Баянгол дүүргийн нотариатч Ганхуяг гэж хүн гэрчилсэн юм билээ. Энэ итгэмжлэлээр М.Бт ямар эрхийг өгч байгаа вэ? гэхээр энэ 270.1 м/кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг М-О ХХК-ийн өмнөөс бусдад шилжүүлэх, бэлэглэлийн гэрээ байгуулж бусдад бэлэглэх эрхийг олгосон итгэмжлэл байсан. Энэ итгэмжлэлийг үндэслээд М.Б нь хариуцагч М.Ба, Б.Г нартай 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулсан. Энэ маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр хууль ёсны өмчлөгч нь М.Ба, Б.Г нар болсон. 2017 оноос хойш М.Б энэ байранд байгаа. Тэрээр би эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэж үнэн зөв тайлбарыг шүүхэд гаргасан гэж найдаж байна. 2013 оноос өөр хүнтэй гэр бүл болоод түүнээсээ хойш энэ байранд М.Б өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Өмчлөгч нарын хувьд байраа чөлөөлж өгөөч гэсэн шаардлагыг тавьж байгаа. Бидний хууль ёсны өмчлөлд байхад яагаад М.Б гэж хүн хууль бусаар амьдраад байдаг юм бэ? гээд Батбаярын хууль бус өмчлөлөөс энэ үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөөч гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэв.

 

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, нас барсны бүртгэлийн ... дугаар лавлагаа, төрсний бүртгэлийн ... дугаар лавлагаа, 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн өв залгамжлах эрхийн ... тоот гэрчилгээ, С.Мын иргэний үнэмлэхний хуулбар, А.М, М.Б нарын нотариатчид гаргасан өргөдөл, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, М-О ЗБН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, М hospital нөхөрлөлийн дүрмийн санг бүрдүүлэх хөрөнгийн үнэлгээний тооцоо, Үндэсний татварын албанд гаргасан өргөдөл, Голомт банкны төв салбарын 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/405 дугаар тодорхойлолт, М-О ЗБН-ийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт хийж шинэчилсэн бүртгэлд хамруулах тухай, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, М-О нөхөрлөлийн эхлэлтийн тайлан тэнцэл, Золач эд хөрөнгийн үнэлгээний төвийн 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00/98 дугаар гэрчилгээ, М-О нөхөрлөлийн бүх гишүүдийн 2004 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, М-О нөхөрлөлийн /мэдрэлийн хувийн эмнэлэг/ үүсгэн байгуулах гэрээ, М-О зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2004 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар Батламж, гэрчилгээ, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаартай эрх шилжүүлэх гэрээ, М-О нөхөрлөлийн 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр албан бичиг, 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, ... дугаартай орлогын ордер, Төрийн өмчийн хорооны 1998 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Өмчлөгчийн эрхийн ... дугаар гэрчилгээ, мөн 1998 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоол, 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ, гэрчилгээ, схем зураг, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр, 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/9216 дугаар мэдэгдэл, 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 149-01 дүгээр акт, 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5, 102 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Б.Г-ийн гаргасан өргөдөл, 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 7074 дүгээр гэрчилгээ, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл, М-О ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн 000521432 дугаар гэрчилгээ, гэрээ, Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г, М.Ба нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ.

 

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, 1998 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг гарган өгсөн.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буянжаргалын хүсэлтээр Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Архивын газраас М-О ЗБН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, Манал hospital нөхөрлөлийн дүрмийн санг бүрдүүлэх хөрөнгийн үнэлгээний тооцоо, Үндэсний татварын албанд гаргасан өргөдөл, И.К ББСБ ХХК-ын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 82 дугаар барьцааны гэрээ, Ц.И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, , М-О ЗБН-ийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт хийж шинэчилсэн бүртгэлд хамруулах тухай, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, М-О нөхөрлөлийн эхлэлтийн тайлан тэнцэл, Золач эд хөрөнгийн үнэлгээний төвийн 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00/98 дугаар гэрчилгээ, М-О нөхөрлөлийн бүх гишүүдийн 2004 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, М-О нөхөрлөлийн /мэдрэлийн хувийн эмнэлэг/ үүсгэн байгуулах гэрээ, М-О зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2004 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 745/2004 дугаар Батламж, гэрчилгээ, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаартай эрх шилжүүлэх гэрээ, М-О нөхөрлөлийн 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр албан бичиг, 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, 5857 дугаартай орлогын ордер, Төрийн өмчийн хорооны 1998 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Өмчлөгчийн эрхийн 00180 дугаар гэрчилгээ, мөн 1998 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар тогтоол, 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ, гэрчилгээ, схем зураг, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр, 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 617 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/9216 дугаар мэдэгдэл, 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 149-01 дүгээр акт, 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5, 102 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Б.Гандарийн гаргасан өргөдөл, 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 7074 дүгээр гэрчилгээ, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл, М-О ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0000111562 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн 000521432 дугаар гэрчилгээ, гэрээ, Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г, М.Ба нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000573150 дугаар гэрчилгээ, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэл, Б.Г, Г.С нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр М.Бын гаргасан өргөдлийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхийн журмаар гаргуулсан болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч А.А, М.Ба, Б.Г нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч М.Ба, Б.Г нар нь нэхэмжлэгчид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, АОС .. тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 1997 онд дуудлагын худалдаагаар 55,920,000 төгрөгөөр худалдан авч, эмнэлгийнхээ нэр дээр буюу М-О ЗБН-ийн нэр дээр бүртгүүлсэн байдаг. Энэ хөрөнгө дотроо манай гэр бүл, би өөрөө оршин суусаар өдийг хүрсэн. Би Баянгол дүүргийн 3, 4 хорооллын ... дүгээр байрны ... тоот ... м/кв байраа тэр үеийн ханшаар борлуулсан, аав маань ... мянгатын ... дугаар байрны ... тоот .. өрөө орон сууцаа зарсан мөнгөнүүдээ нийлүүлээд дуудлага худалдаанд дэнчин мөнгийг нь өгч 55,920,000 төгрөгөөр бид дээрх 2 давхар, 8 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг эмнэлгийн зориулалтаар ашиглах гэж авсан. Тухайн үед зах зээлийн ханш нь миний өөрийн дээрх орон сууц 11,000,000 төгрөг, аавын дээрх орон сууц 10 гаруй сая төгрөг болж байсан яг тодорхой санахгүй байна. Байрнуудаа зарсан мөнгө хүрээгүй, тэр үед 1 доллар 800 төгрөг байсан, 14 хоногийн дотор мөнгөө шилжүүлэхгүй бол дуудлага худалдаа хүчингүй болох байсан. 55,920,000 төгрөгийн 50 хувьд нь аав бид хоёрын орон сууц зарсан мөнгө, үлдсэн 50 хувийг миний үеэлийн нөхөр 30,000 ам.доллар өгсөн мөн банкуудаас зээл авч төлсөн. Ингэж энэ сууц бидний мэдэлд шилжсэн. Тэгээд 1998 оноос 2011 он хүртэл аав, ээжтэйгээ эмнэлгийн үйл ажиллагаа явуулж арилжааны банк, банк бусын бүх өрийг хаасан. Ганцхан тэр хүргэнийхээ мөнгийг төлж чадаагүй. М-О ЗБН-ийн 70 хувийг миний аав А.М, 30 хувийг миний ээж С.М өмчилж байсан, ээж маань нас барснаар би 30 хувийг нь өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл энэ үл хөдлөх эд хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр би бүртгэлтэй байсан. Эд нар хуйвалдаж миний өмчлөлийг хууль бусаар авсан байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч М.Б нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардах эрхээ алдсан, бид эцэг А.М амьд сэрүүн байхдаа тухайн хөрөнгийг хүү М.Ба, зээ охин Б.Г нарт өгөх шийдвэрийг гаргасан. Харин М.Бт ногдох хэсэгт нь 3 өрөө орон сууц авч өгөхөөр ярилцаж байсан боловч тэрээр зөвшөөрөөгүй. М.Б нь тухайн орон сууцанд эхнэртэйгээ архдах зэргээр зүй бус явдал их гаргаж ирсэн. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг авахад бид бүгдийн оролцоо байгаа гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

4.1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нас барсны бүртгэлийн 21112501001750 дугаар лавлагаа, 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн өв залгамжлах эрхийн 28 тоот гэрчилгээ, С.Магийн иргэний үнэмлэхний хуулбар, М-О ЗБН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, М-О ЗБН-ийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт хийж шинэчилсэн бүртгэлд хамруулах тухай, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, М-О нөхөрлөлийн бүх гишүүдийн 2004 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, М-О зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаартай эрх шилжүүлэх гэрээ, М-О нөхөрлөлийн 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр албан бичиг, 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, Төрийн өмчийн хорооны 1998 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Өмчлөгчийн эрхийн 00180 дугаар гэрчилгээ, мөн 1998 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар тогтоол, 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ, гэрчилгээ, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Б.Гандарийн гаргасан өргөдөл, 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 7074 дүгээр гэрчилгээ, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл, М-О ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0000111562 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн 000521432 дугаар гэрчилгээ, гэрээ, Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г, М.Ба нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000573150 дугаар гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд,

 

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын нутагт байрлах, Үндэсний Үнэт цаас компанийн бизнес төвийн ... м/к талбай бүхий 2 давхар төрийн өмчийн барилгыг 1998 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр явагдсан нийтийн дуудлага худалдаанаас 55,920,000 төгрөгөөр худалдан авахаар М-О ЗБН нь 1998 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 15 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2205004697 дугаарт бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 7074 дүгээр гэрчилгээ авчээ. Харин өмчлөгч М-О ЗБН-ийг А.М, С.Ма нар гэрээгээр үүсгэн байгуулж, 1998 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Үндэсний татварын ерөнхий газраас 9537 дугаар оноосон нэрийн зөвшөөрөл, 1998 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 26/248 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Улмаар үүсгэн байгуулагч С.Ма 2002 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нас барсан тул түүний төрсөн хүү М.Б нь 19,500 төгрөгийн эд хөрөнгийг өв залгамжлах эрхийн 28 дугаар гэрчилгээгээр өвлөж авснаар М-О ЗБН-ийн 2005 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хурлын Үүсгэн байгуулагч өөрчилсөн тухай шийдвэрээр С.Магийн тус нөхөрлөлийн хөрөнгөн дэх эзэмшил хувь болох 19,500 төгрөгийн хөрөнгийг хүү М.Бт эзэмшүүлэхээр тогтон, М.Быг нөхөрлөлийн үүсгэн байгуулагчаар бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлтийг 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлжээ. 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр М-О ЗБН-ийн үүсгэн байгуулагч А.М нь өөрийн 70 хувийн хувьцааг А.Ат, М.Б нь өөрийн 30 хувийн хувьцааг А.Бт тус тус бэлэглэснээр тус нөхөрлөлийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр А.М өөрийн 36,750 төгрөгийн 70 хувийг А.Ат, М.Б өөрийн 15,750 төгрөгийн 30 хувийн хувьцааг А.Бт тус тус шилжүүлж, тэргүүнээр А.Аыг сонгож шийдвэрлэсэн. 2011 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр А.Б нь 30 хувийн хувьцаагаа А.Ат бэлэглэж, М-О ЗБН-ийн 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3 дугаартай Гишүүн гарч, нөхөрлөлийн хэлбэр өөрчлөх тухай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсанаар 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр М-О ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэж, ... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг олгож, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагаар нь Александрын А.А бүртгэгджээ.

 

Улмаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр М-О ХХК нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлалтай 270.1 м/к талбай бүхий эмнэлэг үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд тус компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг М.Б олгосон, М.Б нь итгэмжлэлийн үндсэн дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээгээр М.Ба, Б.Г нарт бэлэглэснээр 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000573150 дугаар гэрчилгээгээр М.Ба, Б.Г нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ.

 

4.2. Нэхэмжлэгч М.Б нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, .. тоот хаягт байрлалтай, 270.1 м/к талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ буюу М-О ЗБН-ийн 30 хувийн хувьцааг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр М.Баас А.Бт бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, М.Б нь итгэмжлэлийн үндсэн дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээгээр М.Ба, Б.Г нарт бэлэглэсэн гэрээнүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн зохицуулалтыг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй:, мөн 280.1.1бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн;, 280.1.2бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэж хуульчилсан бөгөөд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох дээрх үндэслэлүүд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

4.3. Мөн нэхэмжлэгч М.Б нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1998 онд нийтийн дуудлага худалдаагаар 55,920,000 төгрөгөөр худалдаж авахад өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3-4 дүгээр хорооллын ... дүгээр байрны ... тоот орон сууцыг 11,000,000 төгрөгөөр худалдсан орлогоо өгсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцыг хэдэн төгрөгөөр, хэзээ, хэнд худалдсан талаарх гэрээ байхгүй, 11,000,000 төгрөгийг нийтийн дуудлага худалдааны төлбөрт төлсөн гэх баримт байхгүй байгаа нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч М.Бын бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

5. Хариуцагч М.Ба, Б.Г нарын орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

5.1. Хариуцагч М.Ба, Б.Г нар нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, .. тоот хаягт байрлалтай, ... м/к талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээгээр, маргаан бүхий орон сууцанд өнөөг хүртэл нэхэмжлэгч М.Б оршин сууж байгаа нь зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, .. тоот хаягт байрлалтай, ... м/к талбай бүхий Амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.Бын эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,550 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хумаамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж хариуцагч М.Ба, Б.Г нарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 280.1.1, 280.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бын хариуцагч А.А, М.Ба, Б.Г нарт холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, .. тоот хаягт байрлалтай, 270.1 м/к талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.Бын эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,550 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хумаамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж хариуцагч М.Ба, Б.Г нарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР