Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00583

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00583

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Б-, А.А-, Б.Г- нарт холбогдох,

Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС байр, 00 тоот, 270,7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай үндсэн, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Б, хариуцагч М.Б-, Б.Г- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч нарын өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 1984 онд Оросын холбооны улсад эмч мэргэжлийг эзэмшиж 1984 оноос 2021 он хүртэл улсад болон хувийн хэвшилд ажиллаж тэтгэвэртээ гарсан. Би 1998 онд аав, ээжийнхээ үүсгэн байгуулсан Манал оточ ЗБН-д эмчээр ажилласан. Аав, ээж 2 минь хоёулаа тэтгэвэрт гарсан. Эмнэлгийн зориулалтын байртай болмоор байна гэж ярилцаад би тухайн үед 3 өрөө байр 3,4 хорооллын 13б байрны 104 тоот 40 м.кв байраа тэр үеийн ханшаар борлуулсан. Аав маань 50 мянгатын 17 байр, 500 тоот 3 өрөө байрыг борлуулаад дуудлага худалдаанд дэнчин мөнгийг нь өгч 55,920,000 төгрөгөөр бид Баянгол дүүрэг, 7 хороо, амины орон сууц 00 тоотод байрлах 270 м.кв, 2 давхар, 8 өрөө сууц эмнэлгийн зориулалтаар ашиглах гэж авсан. Тухайн үед зах зээлийн ханш нь миний өөрийн байр 11,000,000 төгрөг, аавын байр 10 гаруй сая болж байсан яг тодорхой санахгүй байна. Байрнуудаа зарчхаад эмнэлгийн зориулалттай орон сууц авах гэтэл мөнгө хүрээгүй тэр үед 1 доллар 800 төгрөг байсан. 14 хоногийн дотор мөнгөө шилжүүлэхгүй бол дуудлага худалдаа хүчингүй болох байсан. 50 хувь нь аав бид хоёрын байр, үлдсэн 50 хувийг миний үеэлийн нөхөр 30,000 ам.доллар төлөөд авч өгсөн. Энэ сууц бидний мэдэлд шилжиж, манай гэр бүлийн 5 гишүүн, аав, ээж, миний эгч Б.Г- гээд 9 хүн энэ байрандаа ирж амьдарсан. Би өөрийнхөө байрыг зарсан худалдах, худалдан авах гэрээг хэргийн материалд гаргаж өгсөн. Миний ээж 2002 онд хүнд өвчний улмаас бурхан болсон. Энэ нөхөрлөлийн 30 хувийг Батбаяр миний бие, 70 хувийг миний аав эзэмшдэг татварын байгууллагад бүртгүүлээд явж байсан. Энэ хугацаанд бидэнд өр их байсан. Голомт банк, Хаан банк хувь хүмүүсээс зээлсэн мөнгөө төлөх гэж эрүүл мэнд, хувийн хэвшлийн салбарууд хүнд байсан. Би өрөө төлөх гэж чадлаараа зүтгэж явсан. 2006 онд би И ББСБ--аас зээл аваад 2006-2010 он хүртэл төлж байсан. Миний аав 2011 онд 80 нас хүрсэн. И ББСБ- нь зээлээ төлж чадахгүй байна гээд үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн байсан. Миний бие таньдаг найз нөхдөөсөө гуйж төлөөд 2011 онд барьцаанд байсан хөрөнгөө аваад үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг аавд өгсөн. Тэр үед аав нь үхэхдээ өргүй байх юм байна гэж хэлж байсан. Миний эгч аавыг асарч байгаа нэрээр итгэмжлэл, түлхүүрийг нь авсан байна. Би бол юу ч бодоогүй, зөвхөн аавын үгийг харж байсан. 2011 онд аав надад аав нь 80 нас хүрлээ, хүүхэд үзэж чадахгүй, нүд харахгүй байна гэхэд, за тэгвэл болъё гээд аав хаягаа авсан. Тэр үед А.А- эмч гэмтлийн эмнэлэгт ажилладаг байсан. Гэмтлийн эмнэлэг нь манай эмнэлгээс 100 метр доор байдаг. А.А- эмчтэй танилцаж, 3,4 удаагийн уулзалт товлоод сүүлд аав хамтарч ажиллая, татвар тайлан, цалин хөлс, хөрөнгө оруулалт гээд хэцүү бүгдээрээ хамтраад ажиллая гэж байсан. Би энэ хаягт тасралтгүй 25 жил амьдарч, ажиллаж байна. Нэг ч удаа миний хаягийн бүртгэл өөрчлөгдөж байгаагүй. Өнөөдөр намайг гэр оронгүй болгочхоод, миний эзэмшлийн 30 хувийг миний эгч намайг эзэмших эрхгүй гэдэг. Миний эцгийг нас барахаас 2 сарын өмнө Батчимэг, А.А-, манай тойргийн нотариатчийг дуудаад Батхүдэр, Гандарь нарыг байлцуулж байгаад надгүйгээр итгэмжлэл бичүүлсэн. А.А- эмчид тэгж итгэмжлэл бичих ямар ч эрх байхгүй.

Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 хороолол, /16094/ Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 67/00 тоот хаягт байршилтай, 270.1 м.кв талбайтай амины орон сууц /цаашид маргаан бүхий хөрөнгө гэх/ үл хөдлөх хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

 

2. Хариуцагч М.Б-, Б.Г- нарын тайлбарын агуулга:

2017 онд миний аав А.А- эмчтэй маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө буюу Баянгол дүүрэг, 6 хороо, 2 давхар амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талаар ярилцах санал тавьсан. Миний аав 2015 онд хагалгаанд орсны дараа өөрийн гэсэн ухаантай байсан учраас Баянгол дүүргийн нотариатчид хандсан. Нотариатч манай гэрт ирээд бүх зүйл журмын дагуу явагдаж байна гэж ойлгосон. Миний аав бүх асуудлыг шийдвэрлэх ухаантай байсан. Хэрвээ ухаангүй байсан бол нотариатч А.А-аас надад орон сууц үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх итгэмжлэл хийхгүй байх байсан. Үл хөдлөхийн гэрчилгээг миний аав өөрийн зээ охин Гандарь, миний бага дүү Батхүдэр нарын нэр дээр байраа шилжүүлж, 03 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч би аавдаа харуулахад за болж дээ гээд хэлэхэд би бүх зүйл болсон гэж бодсон. Гэтэл дараа нь М.Б- шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Манай ээжийн 30 хувийг М.Б-т шилжүүлсэн талаар бид огт мэдээгүй. Өмчлөлийн асуудал яригдвал бид эхээс тавуулаа төрсөн. Ах маань нас барсан, одоо дөрвөн хүүхэд нь байхад яагаад бусад хүүхдүүдээ дуудалгүй ээжийн маань 30 хувийнхаа хувьцааг М.Б-т шилжүүлсэн байсан.

 

3.Хариуцагч А.А-ын тайлбарын агуулга:

Анхны үүсгэн байгуулагч Маналжав нь А.А-тай би компанийнхаа хувьцааг шилжүүлж байгаа шүү, түүнээс нөхөрлөлийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгөө буцаан шилжүүлж авна шүү гэж тохирчихсон байсан талаар өмгөөлөгч бүх зүйлийг ярьсан. Надад хэлэх зүйл байхгүй.

 

4. Хариуцагч М.Б-, Б.Г- нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2017 оны 02 сарын 11-ний өдөр М ХХК-ийн захирал А.А-аас М.Б-т итгэмжлэлийг олгосон. Нотариатын үйлдэл дээр нэхэмжлэгч тал маргаагүй. Энэ үйлдлийг Баянгол дүүргийн нотариатч Ганхуяг гэрчилсэн. Энэ итгэмжлэлээр М.Б-т энэ 270.1 м/кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг М ХХК-ийн өмнөөс бусдад шилжүүлэх, бэлэглэлийн гэрээ байгуулж бусдад бэлэглэх эрхийг олгосон итгэмжлэл байсан. Энэ итгэмжлэлийг үндэслээд М.Б- нь хариуцагч М.Б-, Б.Г- нартай 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулсан. Энэ маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр хууль ёсны өмчлөгч нь М.Б-, Б.Г- нар болсон. 2017 оноос хойш М.Б- энэ байранд байгаа. 2013 оноос өөр хүнтэй гэр бүл болоод түүнээсээ хойш энэ байранд М.Б- өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Өмчлөгч нарын хувьд байраа чөлөөлж өгөөч гэсэн шаардлагыг тавьж байгаа. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар М.Б-ын хууль бус өмчлөлөөс энэ үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөөч гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.1.10, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.3, 276 дугаар зүйлийн 276.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч А.А-, М.Б-, Б.Г- нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 6 хороо, 3 хороолол, /16094/ Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 67/2 хаягт байршилтай 270.1 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 2017.02.20-ны өдрийн М ХХК-ний захирал А.А-аас М.Б-т олгосон итгэмжлэл, 2017 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн М ХХК, М.Б-, Б.Г- нарын хооронд хийгдсэн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б-т холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 6 хороо, 3 хороолол, /16094/ Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 67/2 хаягт байршилтай 270.1 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч М.Б-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч М.Б-, Б.Г- нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 297,150 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч М.Б-, Б.Г- нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийн бодит үнэн, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Миний хувьд 1998-2011 оныг хүртэл өөрийнхөө хөрөнгийг оруулж, өнөөг хүртэл ажиллаж амьдарсаар ирсэн, /тухайн үед эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байсан ажлын байр/ одоо амьдарч байгаа байр гэр орныг минь эгч дүү нар маань хууль бусаар өмчилж авсныг сүүлд мэдсэн.

А.А-т аав бид хоёр 2011 онд ЗБН-ийнхөө хувьцаа буюу үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө шилжүүлэн өгсөн. Ийнхүү өгөхдөө ЗБН-ийн нэр дээр бүртгэлтэй маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээгүй. Зөвхөн Золач ХХК-ийн үнэлснээр 53,500 төгрөгийн үнэ бүхий хувьцааг, үндсэн хөрөнгө болох /чагнуур, даралтны аппарат, үзлэгийн ор, эмнэлгийн ор, ширээ, сандал/-ыг 2011 онд бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. Энэ тухай хариуцагч А.А- нь анхан шатны шүүх хуралдаанд компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг л авсан. Харин үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж аваагүй гэж мэдүүлсэн атал энэ мэдүүлгийг анхан шатны шүүхээс огт үнэлж дүгнээгүй орхигдуулсан. А.А- нь мэдүүлэхдээ үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй гэдгийг эхлээд мэдээгүй. 1-2 жилийн дараа л мэдсэн гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дугаар талд байх А.А-ын мэдүүлэг/-ээр хэн, аль нь зөвхөн компанийн эрхээ шилжүүлж байгааг тодруулсан.

Анхан шатны шүүх хурал дээр А.А- нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж аваагүй болохоо дахин нотолж тайлбарлаж хэлсэн. Ээжээс маань надад шилжсэн өв залгамжлах эрхийг хэргийн цуглуулсан материалд байгааг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй.

Хариуцагч М.Б- нь өв залгамжлах эрхийн гэрчилгээг мэдээгүй байсан гэж анхан шатны шүүх хурал дээр мэдэгдэж байх юм. Миний аав ЗБН-ийн захирлын хувьд ээжийг минь өөд болсны дараа 2004 онд Баянгол дүүргийн татварын албанд хүсэлтээ гаргаснаар ээжийн нэр дээр байсан 30%-ийг өв залгамжлалаар хүү М.Б- миний нэр дээр шилжиж ирсэн нь үнэн. Энэ М.Б- аав бид хоёрын ЗБН-ийн өмчлөл, үйл ажиллагааны талаар огт ойлголтгүй байсныг нотолж байна.

Сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэхдээ миний өмчлөлийн 4 хороололд байрлалтай 3 өрөө байраа 1998 онд бусдад худалдаж дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд оруулсныг ХХАГ-т авагдаагүй учраас нотлогдохгүй гэж үзсэн. Худалдах, худалдан авах гэрээг миний бие архиваас авч хавтаст хэрэгт өгсөн байгаа боловч авч хэлэлцээгүй.

Аав маань мөн адил Номингийн Баярсайхан гэх хүнд өөрийн байраа тухайн үеийн ханшаар борлуулж худалдах, худалдан авах гэрээг сүүлд хийсэн. 1998 онд төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгийг авахаар цуглуулсан 55,920,000 төгрөгийг тухайн үеийн Ард банкны төрийн өмчийн хорооны дансанд тушаагаад тогтоол шийдвэр нь гарч бидэнд үл хөдлөхийн гэрчилгээ олгогдож байлаа. Тухайн үед баримтын хуулгыг авч хадгалаагүй. Аав бид хоёрын орон байраа зарж байж цуглуулсан мөнгө хүрээгүй учир үлдсэн мөнгө болох 30,000,00 гаруй төгрөгийг ах дүү хамаатан саднаасаа авч, төлбөрөө төлж өмчийн эзэн болж байсан.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийг талуудын тайлбар, мэтгэлцээнийг тэгш явуулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судалж дүгнэлт хийгээгүй, маргааны үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж эрх зүйн үндэслэлд зөв дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч нарын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч 11,000,000 төгрөгийг өгсөн, мөн 31,000 ам.долларыг хамаатны хүмүүсээс зээлж, Төрийн өмчийн хорооны өмчлөгчийн эрхийн гэрчилгээнд дурдагдсан 55,920,000 төгрөгийг төлсөн гэж хэлсэн боловч баримтаар нотлоогүй. Энэ хүрээнд шүүх үнэн зөв дүгнэлт хийсэн. Орон сууц бэлэглэлийн гэрээг үндэслэж хөрөнгийн өмчлөх эрх нь Б.Г- болон М.Б- нарт шилжсэн бүртгэл хүчин төгөлдөр юм. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэлд байгаа мэдээлэл үнэн зөв. Орон сууц бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байна. Үүнд нэхэмжлэгч тал маргаж буй үндэслэлээ нотолсон баримтыг хэрэгт өгөөгүй. хариуцагч М.Б-, Б.Г- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- итгэмжлэл авч, тайлбар гаргахдаа М.Б-ийн өмнө гаргасан тайлбарыг үгүйсгэж, эс зөвшөөрсөн тайлбар гаргасан. Үүнд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч М.Б-, А.А-, Б.Г- нарт холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС байр, 00 тоот, 270,7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Нэг. МО- ЗБН-ийн хувьцаа эзэмшигчдийн талаар:

 

1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.М- 19,500 төгрөг, А.М- 34,000 төгрөгийн хөрөнгө оруулж МО- зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл хуулийн этгээдийг /цаашид нөхөрлөл гэх/ 1998 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан нь улсыг бүртгэлийн гэрчилгээ, нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээ, татварын байгууллагын тодорхойлолт болон улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /1хх 7-17/

 

2. Дээрх нөхөрлөлийн гишүүн С.М- нь 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нас барж, улмаар 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдөр түүний 16,250 төгрөгийн хөрөнгийг нэхэмжлэгч М.Б- өвлөх тухай өв залгамжлалын эрхийн гэрчилгээ олгогдсон байна./2хх 147-148/

 

3. Тус нөхөрлөлийн бүх гишүүдийн 2004 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрээр С.М-/нас барсан тул/-ын нөхөрлөлийн хөрөнгөн дэх эзэмшил хувийг хүү М.Б-т эзэмшүүлэхээр тогтож, нөхөрлөлийн үүсгэн байгуулагчаар бүртгэж, Улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг захирал А.М- үйлдсэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн баримтаар тогтоогдсон байна./2хх 149-150/

 

4. Мөн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нөхөрлөлийн гишүүн А.М- нөхөрлөлийн 70 хувь буюу 36,750 төгрөгтэй тэнцэх хувьцааг А.А-т, нэхэмжлэгч М.Б- нөхөрлөлийн 30 хувь буюу 15,750 төгрөгтэй тэнцэх хувьцааг А.Б-т тус тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, мөн өдөр нөхөрлөлийн эрхээ шилжүүлэх гэрээг тус тус хийсэн байна. /2хх138-146/

 

5. Түүнчлэн, 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нөхөрлөлийн гишүүдийн хурлаар үүсгэн байгуулагч А.М- өөрийн эзэмшлийн 70 хувийг А.А-т, үүсгэн байгуулагч М.Б- өөрийн эзэмшлийн 30 хувийг А.Б-т тус тус шилжүүлэхээр шийдвэрлэж, нөхөрлөлийн тэргүүнээр А.А-ыг сонгож, хаягийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 23-503 тоот болгож, гэрчилгээг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар шийдвэрлэсэн байна. /2хх 133-134/

 

6. Мөн 2011 оны 06 дугаар сарын 12-ны өдөр уг нөхөрлөлийн гишүүн А.Б- өөрийн эзэмшлийн 30 хувийн 15,750 төгрөгийн хувьцааг А.А-т бэлэглэж, нөхөрлөлийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан байх ба, 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурлаар А.Б-аас дээрх 30 хувийн хувьцааг хариуцагч А.А-т шилжүүлэх тухай асуудлыг шийдвэрлэжээ./2хх 121-132/

 

7. 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн нөхөрлөлийн үүсгэн байгуулагч А.А-ын шийдвэрээр нөхөрлөл нь хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилж, ганц гишүүнтэй МО- ХХК болсон байна. /2хх 103-120/

 

8. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тус компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр компанийн 51 хувийг Д.Э-т, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр А.А- компанийн 49 хувийн эрхээ Ш.Г-од, мөн өдөр Д.Э- компанийн 51 хувийн эрхээ Ш.Г-од тус тус шилжүүлсэн, одоо тус компани 1 гишүүнтэй, захирлаар нь Ш.Г- бүртгэлтэй байгаа үйл баримтууд тогтоогджээ/2хх 65-159/

 

Хоёр: МО- ЗБН-ийн үл хөдлөх эд хөрөнгийн талаар:

 

1. МО- бүрэн бус хариуцлагатай нөхөрлөл нь Үндэсний Үнэт цаас компанийн Бизнес төвийн 270,1 м.кв барилгын нийтийн дуудлага худалдааны ялагч болж 55,920,000 төгрөгийг бүрэн төлсөн тул Төрийн өмчийн хорооны 1998 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар тогтоолоор уг барилгын өмчлөх эрхийг тус нөхөрлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж, Төрийн өмчийн хорооноос Өмчлөгчийн эрхийн 00180 дугаартай гэрчилгээ олгосон байна. /1хх 176-186/

 

2. Тус нөхөрлөлөөс дээр дурдсан дуудлага худалдаагаар авсан хөрөнгийг Үл хөдлөх хөрөнгийн талаар бүртгэлийн газарт хандсанаар эрхийн улсын бүртгэлийн 2205004697 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 хороо, 4 хороололд байрлах 270,1 м.кв талбайтай эмнэлэг үйлчилгээний зориулалттай, 55,920,000 төгрөгийн үнэтэй, 2 давхар барилгат МО- ЗБН-ийн өмчлөлийн 7074 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг 1998 оны 05 дугаар сарын18-ны өдөр олгосон байна. /1хх 202/

 

3. МО- ЗБН-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас авах, бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг МО- ХХК-ийн захирал ажилтай хариуцагч А.А-аас, хариуцагч М.Б-т 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1 сарын хугацаатай итгэмжлэл олгосон байна./1хх 232/

 

4. Хариуцагч М.Б- нь дээрх итгэмжлэлийн дагуу Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандан 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр лавлагаа хүсэхэд И ББСБ--ын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй гэсэн хариуг өгчээ./1хх 228-240/

 

5. Мөн хариуцагч М.Б- нь И ББСБ--аас дээрх зээлийн гэрээ дуусгавар болсон тул барьцаанаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийн хамт тухайн үл хөдлөх хөрөнгө аливаа барьцаанд байхгүй тухай лавлагаа авахаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж, улмаар тус газраас 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр уг үл хөдлөх хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэлгүй болох тухай лавлагааг гаргаж өгсөн байна. /1хх 250/

 

6. Хариуцагч М.Б- нь МО- ХХК-аас олгогдсон дээрх итгэмжлэлийг үндэслэн Баянгол дүүрэг, 7 хороо, 4 хороололд байрлах 270,1 м.кв талбайтай эмнэлэг үйлчилгээний зориулалттай, 55,920,000 төгрөгийн үнэтэй, 2 давхар, МО- ЗБН-ийн өмчлөлийн барилгыг 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээгээр хариуцагч М.Б-, Б.Г- нарт үнэ төлбөргүй бэлэглэж, бэлэг хүлээн авагч нарын өмчлөлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /2хх 1-27/

 

7. Хариуцагч М.Б- нь дээр дурдсан нөхөрлөлийн үүсгэн байгуулагч асан А.М- /2017 оны 04 дүгээр сарын 30-нд нас барсан, 4 хүүхэдтэй гэх/-ын охин гэх ба, хариуцагч А.А- нь нөхөрлөлийн хувийг А.М-, М.Б- нараас шилжүүлэн авах үедээ дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн аваагүй тул А.М-ын хүсэлтээр охин М.Б-т уг хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн өгсөн, ах дүү улсын хооронд хожим ийм маргаан гарна гэж бодоогүй гэж тайлбарлаж байна.

 

8. МО- ХХК-ийн захирал, хариуцагч А.А-аас, хариуцагч М.Б-т 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх олгогдох хүртэл уг хөрөнгө нь МО- ЗБН-ийн нэр дээр үл Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэлтэй байсан ба, нөхөрлөл нь хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчлөн компани болсон тул энэхүү хөрөнгийг захиран зарцуулах эрх МО- ХХК-д шилжсэн гэж үзнэ.

 

Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь МО- ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байснаас гадна нэхэмжлэгч М.Б- нь 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшиж байсан тус хуулийн этгээдийн 30 хувьтай тэнцэх хувьцааг А.Б-т шилжүүлэн өгснөөр гишүүнээс хасагдсан тул хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй юм.

 

9. Хэрэгт авагдсан компанийн дүрэм, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар А.А- нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8, 2016 оны 01 сарын 06-ны өдрийн Компанийн дүрмийн 6, 7 дугаар зүйлд зааснаар компанийг үүсгэн байгуулагч, ганц гишүүний хувьд компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй этгээд тул компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах эрх бүхий этгээд юм. Тэрээр эрхийнхээ хүрээнд М.Б-т олгосон итгэмжлэл нь хууль ёсны байх бөгөөд уг итгэмжлэлийг үндэслэн төлөөлөгчийнх нь хийсэн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

9.а. Харин сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшил ашиглалтад байгаа талаар маргаагүй байх ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангасан нь хуульд нийцжээ.

 

10. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ