Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01175

 

 

 

 

 

 

2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/01175

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Н

 

Нэхэмжлэгч: Б ББСБ ХХК  

 

Хариуцагч: Ц.О

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийн хууль бус эзэмшлээс автомашин чөлөөлүүлэх, албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г,

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, М.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Гэрч А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.        

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н  нь Ц.О т холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс автомашин чөлөөлүүлэх, албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Би өөрийн найз А.Б-тай 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уулзсан бөгөөд А.Б найздаа авто машинаа өгөөч, гадуур ажил амжуулах хэрэг байна гэхээр нь зөвшөөрч өөрийн эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 00-00 УНК улсын дугаартай авто машиныг өгч явуулсан. Гэвч орой нь А.Б манай гэрт машингүй ирж, би машиныг чинь унаад өөрийн ажлын байр болох Баянзүрх дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах В ХХК-ийн байранд очиход В ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О  өрөөндөө дуудаад “...А.Б чи компанид өр үүсгэсэн байна, чиний унаж яваа авто машиныг хурааж авлаа, чи 10 000 000 төгрөг өгөөд ирж машинаа аваарай гээд машины түлхүүрийг булааж авсан...” гэж хэлсэн. Иймд Ц.О  нь Б.Н ын авто машины түлхүүрийг булааж авч бусдын өмчлөх эрхэнд халдсан тул 18 450 000 төгрөгийн үнэлгээтэй, Тоёота приус 30 маркийн 00-00 УНК улсын дугаартай авто машиныг Ц.О ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

2.Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь Ц.О т холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн автомашиныг чөлөөлүүлэх, албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Б.Н  нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр №08000700150 тоот зээлийн гэрээ байгуулж зээл авсан бөгөөд 00-00 УНК улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашин нь Б ХХК-ийн өмчлөлийнх юм. Зээлдэгч Б.Н  одоог хүртэл зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт 593 104,39 төгрөгийг хуваарийн дагуу төлж байна. Гэвч зээлдэгч Б.Н ын найз болох А.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр автомашиныг авч явсан, В ХХК-ийн гүйцэтгэх захирал болох Ц.О  нь Б ХХК-ийн өмчлөлийн 00-00 УНК улсын дугаартай Тоёота приус-30 маркын автомашины түлхүүрийг булаан авч байгууллагын зогсоол дээр байршуулсан гэх нэхэмжлэлийг Б.Н  нь шүүхэд гаргасан байх бөгөөд Б.Н ын зээлийн гэрээ дуусаагүй байгаатай холбогдуулан манай байгууллагын өмчлөлийн 00-00 УНК улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг хууль бусаар булаан авснаар манай байгууллагын эрх ашиг давхар зөрчигдөж байна. Иймд Б ХХК-ийн өмчлөлийн 00-00 УНК улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Сургуулийн гудамжинд байрлах, В ХХК-ийн гараажид хураагдсан байгаа автомашиныг Ц.О ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: “...Хариуцагч Ц.О  нь В ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд маргаан бүхий автомашиныг В ХХК-ийн хашаанд байрлуулсан гэх явдал болоход тухайн үед байгаагүй. Энэ талаар А.Б-ын ажиллаж байсан маркетинг борлуулалтын албанаас тодруулах нь зүйтэй. Тиймээс Ц.О  нь маргаан бүхий автомашиныг өөрийн эзэмшилдээ байлгасан, авсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

4. Нэхэмжлэгч Б.Н аас, Б ХХК, Б.Н  нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан №08000700150 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн барьцааны гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2021/10517 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр В ХХК-иас А.Болдбаатарт холбогдуулж гаргасан нэхэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар, нэхэмжлэгчийн хүсэлтээр, хамтран нэхэмжлэгч Б ХХК-иас Тоёота приус 30 маркийн 00-00 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Н  дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Би найз А.Б-ын гуйсны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 00-00 УНК улсын дугаартай авто машиныг өгч явуулсан. Гэтэл орой нь А.Б “би машиныг чинь унаад өөрийн ажлын байр болох Баянзүрх дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах В ХХК-ийн байранд очиход В ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О  өрөөндөө дуудаад “...А.Болдбаатараа чи компанид өр үүсгэсэн байна, чиний унаж яваа авто машиныг хурааж авлаа, чи 10 000 000 төгрөг өгөөд ирж машинаа аваарай гээд машины түлхүүрийг булааж авсан...” гээд машингүй ирсэн. Иймд Ц.О  нь Б.Н ын авто машины түлхүүрийг булааж авч бусдын өмчлөх эрхэнд халдсан тул 18 450 000 төгрөгийн үнэлгээтэй, Тоёота приус 30 маркийн 00-00 УНК улсын дугаартай авто машиныг Ц.О ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгч Б дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Б.Н  нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр №08000700150 тоот зээлийн гэрээ байгуулж зээл авсан бөгөөд 00-00 УНК улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашин нь Б ХХК-ийн өмчлөлийнх юм. Зээлдэгч Б.Н  одоог хүртэл зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт 593 104,39 төгрөгийг хуваарийн дагуу төлж байна. Гэвч зээлдэгч Б.Н ын найз болох А.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр автомашиныг авч явсан, В ХХК-ийн гүйцэтгэх захирал болох Ц.О  нь Б ХХК-ийн өмчлөлийн 00-00 УНК улсын дугаартай Тоёота приус-30 маркын автомашины түлхүүрийг булаан авч байгууллагын зогсоол дээр байршуулсан гэх нэхэмжлэлийг Б.Н  нь шүүхэд гаргасан байх бөгөөд Б.Н ын зээлийн гэрээ дуусаагүй байгаатай холбогдуулан манай байгууллагын өмчлөлийн 00-00 УНК улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг хууль бусаар булаан авснаар манай байгууллагын эрх ашиг давхар зөрчигдөж байгаа тул тус автомашиныг Ц.О ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Хариуцагч Ц.О  нь В ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд маргаан бүхий автомашиныг В ХХК-ийн хашаанд байрлуулсан гэх явдал болоход тухайн үед байгаагүй. Энэ талаар А.Б-ын ажиллаж байсан маркетинг борлуулалтын албанаас тодруулах нь зүйтэй. Тиймээс Ц.О  нь маргаан бүхий автомашиныг өөрийн эзэмшилдээ байлгасан, авсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Н  нь маргаан бүхий, Тоёота приус 30 маркийн, 00-00 УНК улсын дугаартай, хөх өнгөтэй, ZVW30-5644446 арлын дугаартай суудлын автомашиныг худалдан авах зорилгоор Б ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг Б ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдох тул нэхэмжлэгч нарын хэн аль нь уг шаардлагыг гаргах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд дээрх тохиолдолд хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх урьдчилсан нөхцөлийг шаарддаг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт, гэрч А.Б-ын гаргасан “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр найз Б.Н аас машиныг нь гуйж аваад өөрийн ажлын байр болох В ХХК-ийн хашаанд унаж очсон”, “...тухайн үед би компани дээрээ бараа материалын 20-оод сая төгрөгийн өр төлбөртэй байсан”, “....гүйцэтгэх захирал Ц.О  өрөөндөө намайг дуудаад машины түлхүүрийг хураан авч, өр ширээ өг, эхний ээлжид 10 000 000 төгрөг өгөөд түлхүүрээ аваарай гэсэн”, “...ажлын газрынхаа хүнээс миний унаж явсан машиныг харсан уу гэхэд захирал цаашаа гэрийнхээ авто зогсоол руу аваад явчих шиг болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг болон нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр В ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О ийн А.Б-т холбогдуулж гаргасан компаниас авч ашигласан бараа бүтээгдэхүүний төлбөр 23 980 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувь зэргээр хариуцагч Ц.О  нэхэмжлэгч нарын өмчлөл, эзэмшил ашиглалтад байсан Тоёота приус маркийн, 00-00 УНК улсын дугаартай, хөх өнгөтэй, автомашиныг хууль бусаар эзэмшилдээ байлгаж буй үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

 

Түүнчлэн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар маргааны зүйл болсон автомашин түүний эзэмшилд байхгүй гэдгийг нотлох үүргээ биелүүлээгүй байна. 

 

6. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Тоёота приус маркийн 00-00 УНК улсын дугаартай, хөх өнгөтэй, тээврийн хэрэгслийг хариуцагч С.О ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн өмчлөлийн, нэхэмжлэгч Б.Н ын эзэмшил ашиглалтад байсан Тоёота приус маркийн 00-00 УНК улсын дугаартай, хөх өнгөтэй, суудлын тээврийн хэрэгслийг хариуцагч С.О ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ