Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01297

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01297

 

Б.Н, Б ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01175 дугаар шийдвэртэй

Б.Н, Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох

хариуцагчийн хууль бус эзэмшлээс автомашин чөлөөлүүлэх, албадан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Э.Анарболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганболдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Би өөрийн найз А.Бтай 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уулзсан бөгөөд А.Б найздаа авто машинаа өгөөч, гадуур ажил амжуулах хэрэг байна гэхээр нь зөвшөөрч өөрийн эзэмшлийн ИИ 30 маркийн 00-00 УНК улсын дугаартай авто машиныг өгч явуулсан. Гэвч орой нь А.Б манай гэрт машингүй ирж, би машиныг чинь унаад өөрийн ажлын байр болох Баянзүрх дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б ХХК-ийн байранд очиход Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О өрөөндөө дуудаад ...А.Баа чи компанид өр үүсгэсэн байна, чиний унаж яваа авто машиныг хурааж авлаа, чи 10 000 000 төгрөг өгөөд ирж машинаа аваарай гээд машины түлхүүрийг булааж авсан... гэж хэлсэн. Иймд Ц.О нь Б.Нын авто машины түлхүүрийг булааж авч бусдын өмчлөх эрхэнд халдсан тул 18 450 000 төгрөгийн үнэлгээтэй, ИИ 30 маркийн 00-00 УНК улсын дугаартай авто машиныг Ц.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Анарболд, М.Жамъяандорж нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б.Н нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр №08000700150 тоот зээлийн гэрээ байгуулж зээл авсан бөгөөд 00-00 УНК улсын дугаартай ИИ 30 маркийн автомашин нь Б ХХК-ийн өмчлөлийнх юм. Зээлдэгч Б.Н одоог хүртэл зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт 593 104,39 төгрөгийг хуваарийн дагуу төлж байна. Гэвч зээлдэгч Б.Нын найз болох А.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр автомашиныг авч явсан, Б ХХК-ийн гүйцэтгэх захирал болох Ц.О нь Б ХХК-ийн өмчлөлийн 00-00 УНК улсын дугаартай ИИ-30 маркын автомашины түлхүүрийг булаан авч байгууллагын зогсоол дээр байршуулсан гэх нэхэмжлэлийг Б.Н нь шүүхэд гаргасан байх бөгөөд Б.Нын зээлийн гэрээ дуусаагүй байгаатай холбогдуулан манай байгууллагын өмчлөлийн 00-00 УНК улсын дугаартай ИИ-30 маркийн автомашиныг хууль бусаар булаан авснаар манай байгууллагын эрх ашиг давхар зөрчигдөж байна. Иймд Б ХХК-ийн өмчлөлийн 00-00 УНК улсын дугаартай ИИ-30 маркийн автомашиныг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Сургуулийн гудамжинд байрлах, Б ХХК-ийн гараажид хураагдсан байгаа автомашиныг Ц.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайханы шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч Ц.О нь Б ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд маргаан бүхий автомашиныг Б ХХК-ийн хашаанд байрлуулсан гэх явдал болоход тухайн үед байгаагүй. Энэ талаар А.Бын ажиллаж байсан маркетинг борлуулалтын албанаас тодруулах нь зүйтэй. Тиймээс Ц.О нь маргаан бүхий автомашиныг өөрийн эзэмшилдээ байлгасан, авсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн өмчлөлийн, нэхэмжлэгч Б.Нын эзэмшил ашиглалтад байсан ИИ маркийн 00-00 УНК улсын дугаартай, хөх өнгөтэй, суудлын тээврийн хэрэгслийг хариуцагч С.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайханы давж заалдах гомдлын агуулга: ... Тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн А.Б гэгч нь энэ хэрэгт хувийн ашиг сонирхол бүхий этгээд бөгөөд өмнө нь Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэгт оролцож байсан учир үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй юм. Түүнчлэн А.Б нь Витсамо Фрүт Жүүс ХХК-д ажиллаж байгаад бараа бүтээгдэхүүний мөнгө ашиглан шамшигдуулсны улмаас ажлаас гарсан, энэ талаараа ч өөрөө шүүхэд мэдүүлсэн, автомашины асуудал А.Бын компанид төлөх ёстой өр төлбөрөөс үүдэлтэй, үүнтэй холбогдуулж шүүхэд А.Баас 23,980,300 төгрөг гаргуулахаар Витсамо фриут жүүс ХХК нь нэхэмжлэл гаргасан зэргээс үзэхэд энэ нь Витсамо фриут жүүс ХХК болон А.Б нарын хоорондын харилцаанаас эхлэлтэй хэрэг явдал юм, Энэ талаар хариуцагч талаас Ц.О нь Витсамо Фрут Жуүс ХХК-ийн захирлаар ажилладаг. Автомашиныг Витсамо фриут жүүс ХХК-ийн хашаанд гэх явдал болоход Ц.О нь байгаагүй, энэ талаар А.Бын байсан Маркетинг борлуулалтын албанаас тодруулах нь зүйтэй. Гэтэл уг хэрэгт хувь хүний зүгээс ямар ч холбогдолгүй Ц.Оийг хариуцагчаар татан, түүнээс ИИ маркийн, 00-00 УНК улсын дугаартай хөх өнгөтэй, автомашиныг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг илт зөрчиж байна. Ц.О нь Витсамо фриут жүүс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладгийн хувьд компанитай холбоотой эрх зүйн акт, шүүхэд гаргах нэхэмжлэл зэрэгт гарын үсэг зурах нь зайлшгүй юм. Гэхдээ Ц.От компанитай холбоотой асуудлыг нялзааж, түүнд байхгүй автомашиныг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх боломжийг үгүй хийж байгаа хэрэг мөн. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу энэ хэрэгт Витсамо фриут жүүс ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд татан оролцуулж, автомашин хураан авсан гэх үйл баримтыг нарийвчлан тодруулах боломжтой талаар хариуцагч талаас удаа дараа шүүх хуралдаанд саналаа илэрхийлсэн. Ц.О нь уг автомашиныг өөрийн мэдэлд авсан талаар ямар ч баримт нотолгоо байхгүй байхад А.Б гэгчийн өгсөн мэдүүлэгт дулдуйдаж Ц.Оийг авсан гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм. Гэрчийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх учиртай. Автомашины өөрт байхгүй зүйлийг байхгүй гэдгийг нотлох нь боломжгүй ба энэхүү нотлох үүрэг нь нэхэмжлэгч талд хамаарна. Харин нэхэмжлэгч талаас маргааны зүйл болсон автомашиныг Ц.О нь аваад явсан, өөрийнхөө мэдэлд хадгалж байгаа гэх ямар ч баримт гаргаж өгөөгүй, нотлох үүргээ биелүүлээгүй болно. Тус хэрэгт улсын тэмдэгтийн хураамжид 250,200 төгрөгийг гэрчээр оролцсон А.Б нь төлсөн тухай хавтаст хэргийн 3,4 дүгээр талд авагдсан байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч талаар зөвтгөн төлүүлэх, үүнтэй холбогдуулж хурал хойшлуулах талаар хүсэлт гаргасан ба шүүхээс хүсэлтийг тэмдэгтийн хураамжийг хэн ч төлж болно гэсэн үндэслэл заан хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэхүү хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж 2022 оны 05-р сарын 19-ний өдөр хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг гардаж авах өдөр гараагүй бөгөөд хэрэгт хавсаргаагүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс гэрчээр оролцсон этгээдийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс төлсөнтэй адилтгаж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шинжийг алдагдуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

7. Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Анарболдын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ...Хариу тайлбар байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Б.Н, Б ББСБ ХХК нь хариуцагч Ц.От холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс автомашин чөлөөлүүлэх, албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Н, Б ББСБ ХХК 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 12,950,000 төгрөгийг, сарын 2,89 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зорилгоор зээлсэн, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж ИИ 30 маркийн 00-00 УНК улсын дугаартай автомашиныг барьцаалсан, Б ББСБ ХХК 2013 онд үйлдвэрлэгдсэн, ИИ 30 маркийн 00-00 УНК улсын дугаартай автомашины өмчлөгчөөр 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн баримт авагджээ. /хх.7, 28/

5. Хэрэгт авагдсан бичгийн дээрх баримтууд болон зохигчдын тайлбар гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд маргааны зүйл болж буй автомашиныг Б.Н эзэмших эрхтэй байх бөгөөд талууд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс барьцааны гэрээ байгуулж, уг автомашин Б ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн өмчлөлийн, нэхэмжлэгч Б.Нын эзэмшил ашиглалтад байсан ИИ маркийн 00-00 УНК улсын дугаартай, хөх өнгөтэй, суудлын тээврийн хэрэгслийг хариуцагч Ц.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ...шүүх гэрчээр оролцсон А.Б улсын тэмдэгтийн хураамж төлснийг нэхэмжлэгч төлсөнтэй адилтгаж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг алдагдуулсан гэжээ.

8. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан бөгөөд гэрчээр асуугдсан А.Б улсын тэмдэгтийн хураамжид 250,200 төгрөг төлснийг зөрчил гэж үзэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 250,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО