Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2022/01544

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2022/01544

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Х.Б ХХК /РД: 2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Х.А овогт Ж-ийн С /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, С овогт Ч-ийн Б /РД: .../-нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 240,253,243.38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бархасын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ж.С, Ч.Б нар нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Х.Б ХХК-тай ... дугаартай зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 365 хоногт 20 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулаптаар авсан. Банк нь зээлийн хөрөнгийг 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хас банкин дахь Ж.С-ийн эзэмшлийн ... дугаартай харилцах дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээлийг олгосон. Талууд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ...-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... хороолол, Москвагийн гудамж, ... байр, ... давхарт байрлах ... м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан болно. Гэрээний хугацаанд хариуцагч нар нь үндсэн зээлд 17,854,214 төгрөг, зээлийн хүүнд 221,940,649.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 82,253.91 төгрөгийг төлсөн. Хариуцагч нар нь 2019 оны 1... сараас хойш сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй 611 хоног хугацаа хэтрүүлж 58,107,457.3 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан ба зээл нь муу ангилалд шилжин цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Банкны зүгээс Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2... зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан ... дугаартай зээлийн гэрээний 6.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр тасапбар болгон зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан болно. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 182,145,786 төгрөг, үндсэн хүү 58,015,603.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 91,854 төгрөг, нийт 240,253,243.38 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн ... дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, Москвагийн гудамж, ... байр, 4 давхарын хэсэг тоот хаягт байрлах ... м.кв тапбайтай орон сууцаар хангуулж өгнө үү.

 

Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч нараас төлсөн зээлийн төлбөрийн тооцооллыг буруу гаргасан тул бид өөрсдөө тооцооллыг дахин гаргаж өгнө гэсэн боловч өөрсдөө тооцооллоо гаргаж өгөөгүй, мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкууд зээлийн тооцооллыг Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу боддог. Манай банк ч бас энэ журамд заасан аргачлалын дагуу хүүг боддог тул төлбөр, хүүг буруу тооцсон байх учиргүй гэв.

 

2. Хариуцагч Ж.С, Ч.Б нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ж.С, Ч.Б бид тус банкнаас 200,000,000 төгрөгийг зээлсэн. Бид нар зээлээ төлж байсан боловч эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бүрэн төлж чадаагүй юм. Банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлбөрийн тооцоог буруу тооцож гаргасан байна. Бид өөрсдөө тооцоог дахин гаргаж өгнө гэжээ.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот зээлийн гэрээ, мөн өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ...-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, 000327396 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, Х.Б ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2б/3203 тоот зээлийн төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2б/703 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2021/09743 дугаар захирамж, Баянгол дүүргийн ... дүгээр хорооны засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолтыг хавсарга гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн болно.

 

4. Хариуцагч Ж.С, Ч.Б нар нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хариу тайлбараа гаргасан.

5. Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасан арга, хэрэгслээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч Ж.С, Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 240,253,243.38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Банк нь зээлийн хөрөнгийг 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хас банкин дахь Ж.С-ийн эзэмшлийн ... дугаартай харилцах дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээлийг олгосон. Талууд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ...-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. Гэрээний хугацаанд хариуцагч нар нь үндсэн зээлд 17,854,214 төгрөг, зээлийн хүүнд 221,940,649.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 82,253.91 төгрөгийг төлсөн. Хариуцагч нар нь 2019 оны 1... сараас хойш сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй 611 хоног хугацаа хэтрүүлж 58,107,457.3 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан ба зээл нь муу ангилалд шилжин цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкууд зээлийн тооцооллыг Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу боддог. Манай банк ч бас энэ журамд заасан аргачлалын дагуу хүүг боддог тул төлбөр, хүүг буруу тооцсон байх учиргүй гэж тодорхойлжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан ба татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд, Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ж.С, Ч.Б бид тус банкнаас 200,000,000 төгрөгийг зээлсэн. Бид нар зээлээ төлж байсан боловч эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бүрэн төлж чадаагүй юм. Банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлбөрийн тооцоог буруу тооцож гаргасан байна. Бид өөрсдөө тооцоог дахин гаргаж өгнө гэжээ.

 

4. Хариуцагч нарт шүүхээс хуралдааны товыг хуульд заасан арга, хэрэгслээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

 

5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот зээлийн гэрээ, мөн өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн ...-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... хороолол, Москвагийн гудамж гудамж, ... байр, дөрөвдүгээр давхарын хэсэг тоот хаягт байршилтай, ... м/к талбай бүхий орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000327396 тоот гэрчилгээ, дансны хуулга, Х.Б ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2б/3203 тоот зээлийн төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2б/703 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлээр нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч Ж.С, Ч.Б нартай 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 365 хоногт 20 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулаптаар зээлдүүлсэн ба зээлийн гэрээг нэг талын санаачилгаар буюу нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн санаачилгаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр тасапбар болгон цуцалсан үйл баримт тогтоогдож байна.

 

7. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 45... зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-д ... банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3.5 хувийг нэмсэнтэй тэнцүү хэмжээний хувьсах хүүтэй байна. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь, хэмжээ 20 хувь байна гэж заасан тул хариуцагч нар хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй. гэж, талуудын байгуулсан зээлийн гэрээний 5.1-д Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлнө. Нэмэгдүүлсэн хүү нь хугацаандаа төлөөгүй зээлд оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Б ХХК нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч нар гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

8. Зээлийн гэрээний хугацаа 2034 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болох байсан боловч хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй буюу эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө 2019 оны 1... сараас хойш 611 хоногийн хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн санаачилгаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцалсан нь Х.Б ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2б/3203 тоот зээлийн төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2б/703 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуульд заасан журмын дагуу гэрээ цуцалжээ. Хариуцагч нар гэрээний үүргээ 2019 оны 1... сараас эхлэн биелүүлээгүй ба нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрт 182,145,786 төгрөг, үндсэн хүү 58,015,603.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 91,854 төгрөг, нийт 240,253,243.38 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

8.1. Хариуцагч нар нь гэрээ байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 1... сарыг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт 239,887,116 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч Х.Б ХХК нь дээрх төлбөрөөс үндсэн зээлд 17,854,214 төгрөгийг, үндсэн хүүнд 221,940,649.80 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 82,253.91 төгрөгийг суутгаж тооцсон нь зээлийн гэрээ болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-тай нийцсэн. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийн тооцооллын талаар маргасан тайлбарыг дараа дахин гаргах болно гэсэн боловч тооцооллоо шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

8.2. Иймд хариуцагч Ж.С, Ч.Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 182,145,786 төгрөг, үндсэн хүү 58,015,603.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 91,854 төгрөг, нийт 240,253,243.38 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... хороолол, Москвагийн гудамж гудамж, ... байр, дөрөвдүгээр давхарын хэсэг тоот хаягт байршилтай, ... м/к талбай бүхий орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,429,416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,429,416 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 45... зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан Ж.С, Ч.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 240,253,243.38 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... хороолол, Москвагийн гудамж гудамж, ... байр, дөрөвдүгээр давхарын хэсэг тоот хаягт байршилтай, ... м/к талбай бүхий орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,162.22 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,162.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР