Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01208

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол сдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/01544 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.С , Ч.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 240,253,243 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Ж.С , Ч.Б , хариуцагч нарын өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч Ж.С , Ч.Б нар 2014 оны 07 сарын 01-ний өдөр Х ХХК-тай 0000000000 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 365 хоногт 20 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Банк нь зээлийн хөрөнгийг 2014 оны 07 сарын 02-ны өдөр Х ХХК дахь Ж.С ийн эзэмшлийн 0000000000 дугаартай харилцах дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээл олгосон. Талууд 2014 оны 07 сарын 01-ний өдөр 0000000000 -01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ... 180 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Гэрээний хугацаанд хариуцагч нар нь үндсэн зээлд 17,854,214 төгрөг, зээлийн хүүнд 221,940,650 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 82,254 төгрөгийг төлсөн. Хариуцагч нар нь 2019 оны 11 сараас хойш сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй 611 хоног хугацаа хэтрүүлж 58,107,457 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан ба зээл нь муу ангилалд шилжин цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Банкны зүгээс 2022 оны 02 сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 182,145,786 төгрөг, үндсэн хүү 58,015,603 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 91,854 төгрөг, нийт 240,253,243 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2201034871 дугаартай, ... байрлах 180 м.кв талбайтай орон сууцаар хангуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ж.С , Ч.Б бид тус банкнаас 200,000,000 төгрөгийг зээлсэн. Бид нар зээлээ төлж байсан боловч эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бүрэн төлж чадаагүй юм. Банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлбөрийн тооцоог буруу тооцож гаргасан байна. Бид өөрсдөө тооцоог дахин гаргаж өгнө.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар Ж.С , Ч.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 240,253,243 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 1,429,416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,429,416 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Ж.С , Ч.Б нар 2022 оны 04 сарын 26-ны өдөр хуралдсан иргэний шүүх хуралдааны товын өдрийг мэдэж, цагийг нь харин буруу сонсож тогтоосноос 11 цаг 30 минут гэснийг 01 цаг 30 минут гэж ойлгон хурлын цагаа андуурч 01 цаг 30 минутад өмгөөлөгчийг дагуулан очиход хурал болоод дууссан байсан. Хурлын цагийг андуурсан нь бидний буруу, үүнээс болж шүүх хуралдаанд оролцож маргах болон нэхэмжлэгч талтай зарим асуудлаар эвлэрэх асуудлаа ярилцаж чадсангүй. Шүүх хуралдаанд орж чадаагүй тул хариуцагч нарын зүгээс гаргах санал, хүсэлт болон нэхэмжлэгч талаас тавьсан эвлэрэх саналыг хуульчтай ярилцаж шийдэж амжаагүй.

4.б. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ...хариуцагч нарыг шүүхэд төлбөрийн тооцооллын талаар маргасан тайлбарыг дараа дахин гаргаж өгнө гэсэн боловч тооцооллоо шүүхэд гаргаж өгөөгүй болно... гэсэн байна. Бидний зүгээс ямар нэгэн тооцоолол болон баримт гаргаж өгнө гээгүй, шүүх худлаа дүгнэлт хийсэн байна. Бид ...нэхэмжилж буй зээлийн төлбөрийн тооцоо буруу гэж үзэж байгаа тул санхүү эдийн засгийн мэдлэг бүхий мэргэжилтнээр шинжилгээ хийлгэж, төлбөрийн тооцооллыг зөвтгөж гаргаж, шинжээч томилуулах хүсэлтэй байна... гэсэн боловч энэ асуудлыг шийдвэрлэсэнгүй.

4.в. Хариуцагч нар 2014 оны 07 сарын 01-ний өдөр орон сууцны зориулалтайгаар Х ХХК-аас 200,000,000 төгрөгийг зээлж авахаар гэрээ байгуулж, 2019 оны 11 сар хүртэлх хугацаанд нийт 239,877,118 төгрөгийг төлсөн. Гэтэл банк энэ төлсөн мөнгөнөөс 17,000,000 төгрөгийг л үндсэн зээлд тооцож, үлдэх 233,000,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцсон байна. Банкны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн зээлийн хүүг тооцсон байдалд эргэлзээ төрж байгаа тул 2014 оны 07 сарын 01-ний өдрөөс хойшхи төлсөн болон хүү бодсон тооцооллыг Х ХХК-аас гаргуулах хүсэлтээ гаргасан боловч шүүх шийдвэрлэсэнгүй. Банк нь бидний зээлээ төлсөн дүнгээс тухайн сард хэдэн төгрөгийг үндсэн зээлд, хэдэн төгрөгийг хүүнд, хэдэн төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд авсан буюу сар бүрээр гаргасан нарийвчилсан тооцооллыг гаргаагүй, ерөнхийд нь гаргасан учир дээрх баримтыг банкнаас гаргуулах хүсэлтийг гаргасан болно.

4.г. Зээлийн гэрээний 2.2-т ...зээлийн хүү нь банкны төгрөгийн суурь хүү дээр 3,5%-ийг нэмсэнтэй тэнцэх хувьсах хүүтэй байна гэсэн бөгөөд 2015-2019 онуудад төгрөгийн суурь хэд, хэдээр тооцогдсон нь ойлгомжгүй байгаа тул суурь хүүний мэдээллийг банкнаас гаргуулах хүсэлт гаргасан. 2014 оноос бусад жилүүдэд банкны суурь хүү хэд болсныг бид мэдэхгүй, бидэнд мэдэгдэж байгаагүй тул 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад Х ХХК-ийн төгрөгийн суурь хүү хэд байсныг банкнаас гаргасан байдлаар нь гаргуулж авах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй.

4.д. Зээлийн гэрээний 2.9-д ...зээлдэгч нь 1%-тай тэнцэх шимтгэлийг бэлнээр төлнө... гэсэн бөгөөд энэ шимтгэлийн 2,000,000 төгрөгийг зээлд олгосон 200,000,000 төгрөгөөс татаж авсан. Банк 200,000,000 төгрөг олгоод 2,000,000 төгрөг шимтгэлд буцаан авсан атлаа нийт 200,000,000 төгрөг олгосноор тооцон хүү, нэмэгдүүлэн бодож авлаа. Иймд олгосон зээлээс энэхүү шимтгэлийг суутган авсан баримтыг Х ХХК-аас гаргуулах хүсэлт гаргасныг мөн адил шийдвэрлээгүй. Энэхүү 2,000,000 төгрөгийг шимтгэлд суутгасан эсэх баримтыг гаргуулснаар үндсэн зээл хэд олгогдсон, нийт хэдэн төгрөгийн зээлд хүү бодогдсоныг тодорхой болгож, цааш төлөгдөх мөнгөний үндсэн дүн, хүү хэд болох нь тодорхой болох байсан гэж үзэж байгаа.

Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцаан талуудын эрх ашгийг тэнцвэртэйгээр харгалзан, хариуцагч нарын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж, банкнаас нэхэмжилсэн үнийн дүнгийн тооцооллыг бодитой, үнэн зөвөөр гаргуулан шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй, мэтгэлцэх зарчмаар хангаагүй талаар хариуцагч тал давж заалдах гомдолдоо дурдаж байна. 2022 оны 04 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд 2 хариуцагч ирсэн. Тухайн хурлын товтой хариуцагч нар танилцаж, гарын үсгээ зурж, хурал болох огноог мэдсэн бөгөөд уг баримт хэргийн 99 дүгээр талд авагдсан. Хариуцагч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 04 сарын 26-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан болохоос шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй. Талууд зээлийн гэрээний хавсралтаар зээл төлөх хуваарийг тохиролцсон байгаа. Зээл төлөх хуваариас харахад эхний жилүүдэд үндсэн зээлд 332,476 төгрөг, дараагийн жил буюу 2015 онд 919,563 төгрөг буюу эхний хэдэн жил үндсэн зээлийн төлөлт маш бага байхаар тохиролцсон. 2021 оны 12 сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 187,056,855 төгрөг байхаар байна. Банк уг графикын дагуу үндсэн зээлээ суутгахаар үндсэн зээлээс 17,000,000 төгрөг хасагдсан. Хуваарийн дагуу зээлийн төлөлт явж байгаа учир зээлийн хүү өндөр гэх асуудал байхгүй. Хариуцагчийн данс руу эхлээд зээлийн 200,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд шимтгэлийн 2,000,000 төгрөгийг Ж.С өөрөө шилжүүлсэн болох нь хэргийн 31 дүгээр талд авагдсан. Иймд манай банкнаас дутуу зээл олгосон асуудал байхгүй. Гэрээний суурь хүү 16.5, нэмэх нь 3.5, нийт 20 хувийн тогтмол хүүтэй хувьсах зээл байна. 20 жилийн хугацаатай зээл учир үүнд хувьсах хүүг аль болох багасгах бодолтой байгаа. 2017 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш Х ХХК-ийн зээлийн хүү 18 хувь болж буурсан. 2022 оны 02 сарын 11-ний өдрөөр нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан бөгөөд үүнээс өмнөх хүүгийн төлөлтийн асуудал гэрээний үүрэг хэвээр үлдэнэ. Зээлийн гэрээний хүү хэдэн төгрөг бодогдсон нь тодорхойгүй байна гэж хариуцагчийн өмгөөлөгч хэлсэн. Зээлийн дансны хуулгад маш тодорхой байгаа. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, хэд хэдэн удаа хойшилсон бөгөөд нэг удаагийн хуралдаанд шүүгч эвлэрэх, хүсэлт боломж байна уу, эвлэрэх үү гэхэд хариуцагч үгүй гэж хариулсан. Манай талд эвлэрэх хүсэлт ирээгүй. Мөн зээлийн гэрээний хуваарьт заалтууд болон эргэн төлөлтийн хуваарь зөрүүтэй байна гэдэг. Гэтэл сар бүрийн зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасан. Уг зээл нь 20 жил үргэлжлэх тул өдөр болгоны төлөлтийг зааж өгөх боломжгүй. Тухайн жилийн үндсэн зээлийн хасалтыг хийж, үндсэн зээлийн үлдэгдлээс хүү нь бодогдоно. Хэргийг анхан шатны шүүхэд буцаах тохиолдолд хэрэгт шинээр авагдах нотлох баримт байхгүй бөгөөд анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.   Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ж.С , Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 240,253,243 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар ...зээлийн эргэн төлөлтөд 239,877,178 төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс 17,854,214 төгрөг л хасагдсан байна, иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг буруу тооцоолсон гэж үзэж байна, өөрсдийн зүгээс нарийвчилсан тооцоолол гаргаж өгнө, 2014 оноос бусад жилд банкны төгрөгийн жилийн суурь хүү хэд байсан нь тодорхойгүй байна... гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 43, 94-95/

 

3.   Хариуцагч тал өөрийн татгалзлыг нотлох, өөрсдийн зүгээс тооцоолол гаргах зорилгоор ...2015-2019 онуудад банкны төгрөгийн жилийн суурь хүү хэд байсан талаархи нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хариуцагч нарын хүсэлтэд дурдсан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. /хх 94-95, 107-108/

Талуудын байгуулсан 2014 оны 07 сарын 01-ний өдрийн №0000000000 тоот Зээлийн гэрээ-ний 2.2-т Зээлийн жилийн буюу 365 хоногийн хүү нь: Банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3.5 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна. 2014 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь, хэмжээ 20 хувь байна, 2.3-т Банк нь жил бүрийн 6, 12 саруудад зээлийн хувьсах хүүг Банкны жилийн суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулан хянаж, суурь хүүд өөрчлөлт орсон тохиолдолд дараагийн хуанлийн хагас жилд мөрдөх зээлийн хүүг тогтоож, дараа сарын 1-ний өдрөөс мөрдөнө гэсэн нөхцөлийг тус тус тусгажээ. /хх 11-17/

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь хагас жил, жил тутам хувь, хэмжээ нь өөрчлөгдөж болзошгүй, тодорхойгүй хүүтэй зээлийн гэрээг зээлдэгч нарт санал болгож байгуулсан, зээлдэгч нар тухайн хагас жил, жилд мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээг баттай мэдэхгүйгээр өөрсдийн зүгээс тооцоолол гаргах боломжгүй, мөн банк нь 2015-2019 онуудад жилийн суурь хүүг хэд гэж тогтоосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч талын гаргуулахыг хүссэн нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

4.   Харин хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан бусад үндэслэл /шүүх хуралдааны товыг андуурсны улмаас шүүх хуралд оролцож чадаагүй, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны талаар шүүх хангалттай мэдээлэл өгөөгүй, зээлийн шимтгэлтэй холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хангаагүй/-ийг давж заалдах шатны шүүхээс хангах боломжгүй гэж үзлээ.

Учир нь, шүүх хуралдаанд оролцоогүй нь хариуцагч талын хувийн зохион байгуулалттай холбоотой, хариуцагч тал шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй учир шүүх шийдвэрлэх боломжгүй, хариуцагч талд эрх үүргийг нь тайлбарласан талаарх баримт хэрэгт авагдсан, зээлийн шимтгэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдсан байна.

 

5.   Иймд давж заалдах шатны шүүхэд нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой ажиллагаа хийх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/01544 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 1,429,416 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Ж.С , Ч.Б нарт буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР