Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2022/01305

 

 

 

 

 

 

2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/01305

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Д,

 

Хариуцагч: Э.Б

 

Хариуцагч: Г.Ц

 

Хариуцагч: Д.С

 

Хариуцагч: М.Х

 

Хариуцагч: М.Э

 

Хариуцагч: М.Н

 

Хариуцагч: М.Д

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З,

Хариуцагч Э.Б , М.Д , М.Н , М.Э  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.       

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Д  нь хариуцагч Э.Б , Д.С , Г.Ц , М.Х , М.Д , М.Н , М.Э  нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ц.М-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 2014176 тоот арлын дугаартай, Dongfeng XZJ516JSQD маркийн 2012 онд үйлдвэрлэсэн, цэнхэр өнгөтэй, ачааны өргүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг 110 000 000 төгрөгөөр үнэлж Ц.Мэндбаярт худалдахаар тохиролцсон. Худалдан авагч Ц.М нь тохиролцсон үнийг төлөхдөө өөрийн эзэмшлийн Ланд круйзер 200 маркийн авто машиныг 70 000 000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан өдөр хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл төлбөр болох 40 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлж дуусгахаар тохиролцсон. Гэтэл худалдан авагч Ц.М нь зуурдаар нас барсан бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр болох 40 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Талийгаач Ц.М-ын албан ёсны өвлөгч болох эхнэр Э.Б той уулзахад өвийн асуудал шийдэгдээгүй, хэд хэдэн өвлөгч нар маргаантай байгаа гэсэн хариу өгсөөр өнөөдрийг хүрсэн. 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монголын нотариатчидын танхимаас Ц.М-ын хууль ёсны өвлөгчөөр Э.Б , Д.С , Г.Ц , М.Х , М.Д , М.Н , М.Э  нар бүртгэгдсэн талаар албан ёсны хариуг өгсөн. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 40 000 000 төгрөг, хугацаа хэтэрснээс үүсэх алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн тул хуульд заасны дагуу 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг хариуцагч Ц.М-ын хууль ёсны өвлөгч Э.Б , Д.С , Г.Ц , М.Х , М.Д , М.Н , М.Э  нараас гаргуулж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагч Э.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ш.Д  болон Ц.Мэндбаярыг нар нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулан 2014176 тоот арлын дугаартай, Dongfeng XZJ516JSQD маркийн ачааны машиныг Тоёота Ланд круйзер 200 маркийн машинаар солилцох арилжааны гэрээ байгуулсан бөгөөд Ц.М нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нас барсан тул хууль ёсны өвлөгч нар болох Э.Б , Г.Ц , Д.С , М.Х , М.Н , М.Д , М.Э  нар нь хувь тэнцүү өв хүлээж авсан. Илтэд нэг талыг барьсан, хууль зөрчсөн гэрээ байсан тул Э.Б  миний зүгээс тухайн гэрээг үл хүлээн зөвшөөрч, татгалзах саналаа өмнө нь илэрхийлсэн. Иймд энэхүү  нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч Э.Б , М.Д , М.Н , М.Э  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд хариу тайлбартаа: “...Ш.Д т шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байна. Учир нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С.Амаржаргал бөгөөд итгэмжлэл болон гаалийн бүрдүүлбэрийн мэдүүлгээс харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл С.Амаржаргал нь Ш.Д т тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээг төлөөлж гэрээнд гарын үсэг зурах, авто тээврийн газарт бүртгүүлэх  итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгосон, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 371 тоот итгэмжлэл дээр С.Амаржаргал нь төлөөлүүлэгч, Ш.Д  нь төлөөлөгч гэсэн байх бөгөөд гаалийн мэдээлэл дээр С.Амаржаргал гэдэг иргэний мэдээлэл бүртгэгдсэн. Ийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хариуцагч Г.Ц , Д.С  нар хариу тайлбартаа: “...Г.Ц , Д.С  нар нь нас барсан Ц.М-ын эцэг эх, хууль ёсны өв залгамжлагч мөн тул өвтэй холбоотой нэхэмжлэгч Ш.Д  болон хариуцагч Э.Б т холбогдох Dongfeng XZJ516JSQD маркийн ачааны өргүүрийн зориулалтай ачаа тээврийн хэрэгслийг худалдан худалдан авах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өв нээгдсэнээс хойш бид талийгаач хүүгийн өмчлөлд байсан энэхүү тээврийн хэрэгслийг өвлөх эрхийнхээ дагуу хүсэлт гаргаж, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хүлээн авсан. Худалдах худалдан авах гэрээ хийгдсэн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудалд тодорхой мэдээлэл, нотлох баримт бидэнд байхгүйгээс гадна бид өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй тул шүүх хуралдаанд биечлэн ирэх боломжгүй билээ. Нотлох баримт дээр үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрийг бид хүндэтгэн үзнэ. Бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуралдаанд оролцуулахгүй байхыг хүсье” гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас, Ш.Д , Ц.М нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 371 дүгээр итгэмжлэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Монголын нотариатчидын танхимын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

6. Хариуцагч Э.Б оос, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээ, Ц.М-ын Хан-Уул дүүргийн ............талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Өв залгамжлагчдын хоорондох өвлөх хөрөнгийг хуваарилан хуваах хэлцэл, Ц.М-ын нас барсны гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. 

 

2. Нэхэмжлэгч Ш.Д  нь анх тус шүүхэд хариуцагч Э.Б т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Ц , Д.С , М.Х , М.Д , М.Н , М.Э  нарыг хамтран хариуцагчаар оролцуулсан.  

 

Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ц.М-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 2014176 тоот арлын дугаартай, Dongfeng XZJ516JSQD маркийн 2012 онд үйлдвэрлэсэн, цэнхэр өнгөтэй, ачааны өргүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг 110 000 000 төгрөгөөр Ц.Мэндбаярт худалдахаар тохиролцсон. Ц.М нь автомашины үнээс 70 000 000 төгрөгт өөрийн эзэмшлийн Ланд круйзер 200 маркийн авто машиныг гэрээ байгуулсан өдрөө хүлээлгэн өгч, үлдэх 40 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлж дуусгахаар тохиролцсон. Гэтэл Ц.М нь зуурдаар нас барж, гэрээний үлдэгдэл төлбөр болох 40 000 000 төгрөг өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй. Талийгаач Ц.М-ын албан ёсны өвлөгч болох эхнэр Э.Б той уулзахад өвийн асуудал шийдэгдээгүй, хэд хэдэн өвлөгч нар маргаантай байгаа гэсэн хариу өгсөөр өнөөдрийг хүрсэн. 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монголын нотариатчидын танхимаас Ц.М-ын хууль ёсны өвлөгчөөр Э.Б , Д.С , Г.Ц , М.Х , М.Д , М.Н , М.Э  нар бүртгэгдсэн талаар албан ёсны хариуг өгсөн. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 40 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг хариуцагч Ц.М-ын хууль ёсны өвлөгч Э.Б , Д.С , Г.Ц , М.Х , М.Д , М.Н , М.Э  нараас гаргуулж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч Э.Б  нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:  “Ш.Д  болон Ц.Мэндбаярыг нар нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулан 2014176 тоот арлын дугаартай, Dongfeng XZJ516JSQD маркийн ачааны машиныг Тоёота Ланд круйзер 200 маркийн машинаар солилцох арилжааны гэрээ байгуулсан бөгөөд Ц.М нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нас барсан тул хууль ёсны өвлөгч нар болох Э.Б , Г.Ц , Д.С , М.Х , М.Н , М.Д , М.Э  нар нь хувь тэнцүү өв хүлээж авсан. Илтэд нэг талыг барьсан, хууль зөрчсөн гэрээ байсан тул Э.Б  миний зүгээс тухайн гэрээг үл хүлээн зөвшөөрч, татгалзах саналаа өмнө нь илэрхийлсэн. Иймд энэхүү  нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

4. Хариуцагч Э.Б , М.Д , М.Н , М.Э  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Ш.Д т шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байна. Учир нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С.Амаржаргал болох нь итгэмжлэл болон гаалийн бүрдүүлбэрийн мэдүүлгээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл С.Амаржаргал нь Ш.Д т тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээг төлөөлж гэрээнд гарын үсэг зурах, авто тээврийн газарт бүртгүүлэх  итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгосон, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

5. Хариуцагч Г.Ц , Д.С  нар хариу тайлбартаа: “...Г.Ц , Д.С  бид нас барсан Ц.М-ын эцэг эх, хууль ёсны өв залгамжлагч мөн. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өв нээгдсэнээс хойш бид талийгаач хүүгийн өмчлөлд байсан энэхүү тээврийн хэрэгслийг өвлөх эрхийнхээ дагуу хүсэлт гаргаж, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудалд тодорхой мэдээлэл, нотлох баримт бидэнд байхгүйгээс гадна бид өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй тул шүүх хуралдаанд биечлэн ирэх боломжгүй билээ. Нотлох баримт дээр үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрийг бид хүндэтгэн үзнэ. Бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуралдаанд оролцуулахгүй байхыг хүсье” гэв. 

 

6. Хариуцагч М.Х ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцан нэхэмжлэлийн хувийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул түүнийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ш.Д , Ц.М нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр талууд 2014176 тоот арлын дугаартай, Dongfeng XZJ516JSQD маркийн 2012 онд үйлдвэрлэсэн, цэнхэр өнгөтэй, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 110 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан өдрөө худалдан авагч Ц.М нь өөрийн өмчлөлийн 0090 УБҮ улсын дугаартай, 062249 тоот арлын дугаартай, Тоёота Ландкруйзер 200 маркийн, 2011 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийг тээврийн хэрэгслийг 70 000 000 төгрөгт тооцон “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдагч Ш.Д ийн өмчлөлд шилжүүлж, үлдэх 40 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. 

 

Зохигчид тус гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч хариуцагч Ц.М автомашины үлдэгдэл төлбөр 40 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсоноор тухайн эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр талуудад зөвхөн үүрэг үүсдэг бөгөөд худалдагч тал Ш.Д  нь гэрээний зүйл болсон автомашиныг худалдан авагч Ц.М-ын өмчлөлд шилжүүлж хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин худалдан авагч Ц.М нь үлдэх 40 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, үүргийн зөрчилтэй.

 

8. Шүүхийн хэлэлцүүлэгт, хариуцагч Э.Б , М.Д , М.Н , М.Э  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд нь “...маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч С.Амаржаргал болох нь итгэмжлэл болон гаалийн бүрдүүлбэрийн мэдүүлгээс харагдаж байна. С.Амаржаргал нь Ш.Д т тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээг төлөөлж гэрээнд гарын үсэг зурах, авто тээврийн газарт бүртгүүлэх  итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгосон, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр С.Амаржаргал нь 1153572 тоот гаалийн мэдүүлэгтэй, LGAX2B132C2014176 тоот арлын дугаартай, Dongfeng XZJ516JSQD маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг шилжүүлэх, худалдах худалдан авах гэрээ хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах автотээврийн газарт бүртгүүлэх эрхийг 2 жилийн хугацаатай Ш.Д т олгожээ.

 

Тус итгэмжлэлийн дагуу Ш.Д  нь маргаан бүхий автомашиныг Ц.М-ын өмчлөлд шилжүүлсэн, тус автомашин өвлөгч Ц.М-ын өвлөгдөх хөрөнгийн жагсаалтад бүртгэгдсэн болох нь өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдох тул худалдагч Ш.Д  нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй, энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболдын тайлбар үндэслэлгүй байна.

 

9. Худалдан авагч Ц.М 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нас барсан болох нь 4141 дүгээр нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Ц.М-ын хууль ёсны өвлөгчид болох Э.Б , Д.С , Г.Ц , М.Х , М.Д , М.Н , М.Э  нарт 110 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2014176 тоот арлын дугаартай, Dongfeng XZJ516JSQD маркийн 2012 онд үйлдвэрлэсэн, цэнхэр өнгөтэй, ачааны /өргүүрийн/ зориулалттай  тээврийн хэрэгслийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 010 тоот өвлөх гэрчилгээгээр өвлүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Э.Б , М.Д , М.Н , М.Э  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд нь өвийн асуудлаар Г.Ц , Д.С  нартай тохиролцоонд хүрсэн, өр төлбөрийг асуудлыг Э.Б  нар хариуцахаар болсон гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч нь дээрх хариуцагч нараас татгалзаагүй байна.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө”, 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, 535 дугаар зүйлийн 535.1-д “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ”, 535.2-т “Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж тус тус зааснаар хариуцагч Э.Б , М.Д , М.Н , М.Э  М.Х , Г.Ц , Д.С  нар автомашины үлдэгдэл төлбөр 40 000 000 төгрөгийг хариуцах үүрэгтэй. 

 

Харин зохигчид гэрээний 3.8 дахь заалтаар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасантай нийцэх боловч шүүх хариуцагч М.Д , М.Н , М.Э  нар насанд хүрээгүй, мөн гэрээний нэг тал болох Ц.М нас барсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардсан 20 000 000 төгрөгийн алдангийг тал хувиар бууруулах боломжтой гэж дүгнэв.

 

10. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.8, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Б , М.Д , М.Н , М.Э  М.Х , Г.Ц , Д.С  нарт автомашины үлдэгдэл төлбөр 40 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийн үүргийг хуваан хариуцуулж, хариуцагч Э.Б оос 7 142 857,14 төгрөг, Д.С гаас 7 142 857,14 төгрөг, Г.Ц оос 7 142 857,14 төгрөг, М.Х өөс 7 142 857,14 төгрөг, М.Дариас 7 142 857,14 төгрөг, М.Н аас 7 142 857,14 төгрөг, М.Э гээс 7 142 857,14 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 407 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т тус тус заасныг баримтлан Э.Б оос 7 142 857,14 төгрөг, Д.С гаас 7 142 857,14 төгрөг, Г.Ц оос 7 142 857,14 төгрөг, М.Х өөс 7 142 857,14 төгрөг, М.Дариас 7 142 857,14 төгрөг, М.Н аас 7 142 857,14 төгрөг, М.Э ээс 7 142 857,14 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ