Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2022/01545

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2022/01545

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Өнөр хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, А овогт С-ын П /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... шар, өөрийн байр хаягт оршин байх, Х.А.И ХХК /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, сул зогсолтын нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн, Б.Очмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОЛТ

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч С.П нь 2017 оны 09 дүгээр сараас эхлэн Х.А.И ХХК-д хүнд машин механизмийн оператор, дуудлагын клеркаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай тушаалаар ЭМААБО-ны хэлтэст аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр томилогдож, хангайн бүсийн Баянгол төсөл-ийн хэсэгт ажилласан байна. Гэтэл тус төслийн менежер Энхсайхан гэгч нь төсөл хэрэгжүүлэх хэлтэст 3 удаа дуудан ажилуулаад тухайн хэсэгт эрс тэс уур амьсгалтай тул эмэгтэй хүн ажилуулахгүй гэх үндэслэлгүй шалтгаан зааж 2020 оны 08 дугаар сарын 07-ноос хойш ажлын томилгоонд дуудахгүй, томилогдсон гэрээт ажлыг хийлгэхгүй байсаар 2021 оны 06 дугаар сарын 30-нд ажилтан мэргэжил, ур чадвар тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар халлаа, тушаалаа харуулын байрнаас ирж аваарай гэж хүний нөөцөөс утсаар мэдэгдсэн байна. Үүний дагуу харуул дээр очиход мэдэхгүй тийм тушаал алга гэхэд нь дотогш орж хүний нөөцийн хүмүүстэй уулзах гэхэд ковидын дэглэм гээд дотогш оруулаагүй нэвтрүүлээгүй байна. Нэхэмжлэгч арга буюу хүний нөөцийн ажилтантай утсаар холбогдож ажил олгогчийн санаачлагаар халсан шийдвэр үндэслэлгүй, нэр хүндийг үндэслэлгүй гутаасан, цаашид өөр байгууллагад ажилд ороход сөргөөр нөлөөлөх талтайг хэлэхэд тэгвэл өөрийн хүсэлтээр халагдья гэсэн хүсэлтээ бичээд зургийг аваад цахимаар явуулчих гэхэд нь С.П муу нэртэй болж үлдэхгүйн тулд арга буюу өгсөн зааврын дагуу цахим хүсэлт явуултал өмнөх тушаалаа өөрчлөн ажилтан хүсэлтээрээ халагдсан болгож 2021 оны 07 дугаар сарын 08-нд ... дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрийг нь бөглөж өгсөн байна. Дээрхи байдлаас үзэхэд ажил олгогч компани нь ажилтан С.Пн хөдөлмөрлөх эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлаж, хөдөлмөрийн гэрээний дагуу ажпыг нь хийлгэхгүй, ажилд томилохгүй, 2020 оны 08 дугаар сарын 07-ноос хойш цалин хөлс олгохгүй байсаар 2021 оны 06 дугаар сарын 30-нд үндэслэлгүйгээр нэр төрийг гутаасан аястай цаашид өөр газар байгууллагад ажилд ороход сөрөг нөлөө үзүүлж болохуйц ажил мэргэжилд тэнцэхгүй гэх шалтгаанаар халсан тушаал гаргаж улмаар ажилтныг аргагүй байдалд шахан оруулж өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт гаргах, хүсээгүй үйлдлийг нь хийлгэж өөрийн хүсэлтээр халагдсан мэтээр гэрээ цуцалсан тушаал гаргасан нь тодорхой байна. Ажилтан С.П нь ХАБ-ын зохих дамжаа сургууль төгссөн мэргэжлийн үнэмлэхтэй, Хүний нөөцийн албанаас зохион байгуулдаг дамжаа давтан шалгалтандаа зохих журмын дагуу оролцож тэнцсэн байна. Иймд С.Птай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тушаал, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажилтны хүсэлтээр цуцалсан тушаалуудыг үндэслэлгүй болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан аюулгүй ажиллагааны мэргэжилтэн ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. Үүнд, С.П нь тус компанид аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр Баруун ноён уул төсөл дээр ажиллаж байхад нь 2020 оны 01 дүгээр сарын 27-нд ээлжийн бусаар ажпаас нь буулгаж ажилд дуудахгүй байсаар 2020 оны 03 дугаар сард засварын баазад дуудлагын клеркээр түр ажиллуулах болтол засварын менежер нь тодорхойгүй шалтгаанаар энд ажиллуулахгүй гэснээр 2020 оны 04 дүгээр сарын 26-нд хүний нөөцөөс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж Баянгол төсөлд аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр томилсон боловч тус төслийн менежер нь эмэгтэй хүн ажиллуулахгүй, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай гэдэг байдлаар ажлаа хийхэд нь хязгаарлалт тогтоосон байдаг. Энэ талаар хүний нөөцийн ажилтан, ЭМААБО төслийн менежер Б.Ө нарт мэйл илгээхэд ямар ч гэсэн 3 сар ажилла гэсэн боловч 3 ростер ажиллуулаад ажилд дахин дуудаагүй байдаг. Ийм байдлаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос хойш ажил хийлгэхгүй байсаар 2021 оны 06 дугаар сарын 30-нд ажил олгогчийн санаачлагаар, 2021 оны 07 дугаар сарын 08-нд ажилтнаар хүсэлт гаргуулж ажилтны санаачлагаар гэсэн үндэслэлээр халсан байдаг. Ажил олгогч 2020 оны 04 дүгээр сарын 26-нд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж С.Пг хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар сарын 838,800 төгрөгийн цалин олгохоор тохирсон байдаг. Мөн ажил олгогч нь С.Пн нийгмийн даатгалын шимтгэлийг сул зогсолтоор 10 сарын турш төлсөн гэдэг боловч энэ талын баримтыг гаргаж өгөөгүй. Тухайн үед мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Ажилтны буруу биш шалтгаанаар сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол ... нөхөх олговор олгоно, мөн хуулийн 56.2-т Сул зогсолтын нөхөн олговрын хэмжээ үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байна гэж заажээ. Иймд Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон 838,800 төгрөгийн дүнгээс тооцон 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 17 сарын сул зогсолтын нөхөх олговорт үндсэн цалингийн 60 хувиар тооцоход 1 сарын нөхөх олговрыг 503,000 төгрөг болж байх бөгөөд 17 сарын нөхөх олговорт 8,551,000 төгрөгийг ажил олгогч Х.А.И ХХК-аас гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэв.

 

2. Хариуцагч Х.А.И ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн, Б.Очмаа нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч С.Пгийн нэхэмжлэлтэй Х.А.И ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж байгаагүй тухайд: Нэхэмжлэгч С.Пгийн хувьд тус компанид анх 2017 оны 09 дүгээр сарын 11-нд хүнд машин механизм дампын оператороор ажилд орсон, улмаар 2018 оны 10 дугаар сарын 26-нд дуудлагын клеркийн албан тушаалд, 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр дэвшин ажилласан. Манай компанийн зүгээс С.Пгийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлж байгаагүй бөгөөд харин ч дээр дурдсанаар ажиллах хугацаанд нь албан тушаал дэвшихэд нь бүх талаар дэмжиж албан тушаал бүрт нь тохирсон цалин урамшууллыг олгож байсан болно. Манай компанийн хүний нөөцийн бодлого ч олон жил тогтвор суурьшилтай ажиллаж буй ажилчдаа аль болох ажлаас гаргахгүй байх тал дээр ихээхэн анхаарч дэмжин ажиллуулдаг бөгөөд туршлагатай боловсон хүчнээ халж шинэ ажилчин авч дахин дадлагажуулж сургаж авах нь компанид хохиролтойг мөн дурьдах нь зүйтэй. Тийм ч учраас манай компанид олон жил үр бүтээлтэй ажиллаж буй С.Пгийн эрхийг зөрчиж ажлаас хүчээр халах ямар ч шаардлага манайд байхгүй, энэ талаар албан ёсны баримт бичиг ч байхгүй болно. Гэтэл нэхэмжлэгч С.П нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ар гэрийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргасан байдаг. Үүний дагуу Х.А.И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан болно. Иймд Х.А.И ХХК-ийн 2021 оны ... дугаар тушаал нь хуульд нийцсэн тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч С.П 10 сарын хугацаанд сул зогсож нийгмийн даатгалын шимтгэл нь сул зогсолтоор төлөгдсөн тухайд: С.П нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай компанийн охин компани болох Кэй эй майнинг ХХК-ийн гэрээтээр ажилладаг Б.Т.Е.Г ХХК-ийн Баянгол төсөл-ийн уурхайд ажиллаж байгаад ажиллах ростерын хугацаа нь дуусаж бууж ирсэн байдаг. Үүнээс хойш ажлаас өөрийн хүсэлтээр гарах өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй байдаг. Энэ нь дараах шалтгаанаар тайлбарлагдана. Үүнд, С.Пгийн ажилладаг төсөл болох Б.Т.Е.Г ХХК-ийн уурхай 2020 оны 12 дугаар сараас эхлэн коронавирус цар тахлын улмаас сул зогсолт хийснээр манай компани ажилгүй болж ажилчдыг тус тус ажилгүй сул зогсоож нийгмийн даатгалын шимтгэлийг сул зогсолтоор төлсөн болно. Энэ хугацаанд зөвхөн нэхэмжлэгч С.П ажилгүй сул зогссон биш компанийн ихэнхи ажилчид цар тахлын хүнд хэцүү үед хорио цээрийн дэглэмээс шалтгаан сул зогссон болно. Коронавирусын халдвар голомтлон гарч байсан тул халдвар буурах хүртэл хугацаанд компанийн зүгээс өндөр настай, эмэгтэй, архаг хууч өвчтэй ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс аль болох цар тахлын голомттой төсөл рүү явуулж ажиллуулахгүй байх тал дээр анхаарч ажилласан. Тухайн бүс нутагт ч удаа дараа хатуу хөл хорио тогтоосноос ажилчдын ээлж хэвийн солихгүй, бүрэн зогсолт хийх тохиолдол цөөнгүй байсан.

С.Пг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах тушаал гарч байгаагүй тухайд: С.П нь 2021 оны 06 дугаар сарын 30-нд ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй шалтгаанаар ажлаас халах тушаал гарсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Гэтэл манай компанийн гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй албан ёсны ямар ч тийм тушаал албажиж гарч байгаагүй болно. Харин С.Пгийн харъяалагддаг төслийн удирдлага болон алба нэгжийн удирдлагаас түүний мэргэжил ур чадварын түвшин тогтоосон дүгнэлт, саналыг компанийн хүний нөөцөд ирүүлж байсан болно. Уг дүгнэлтээр С.Пг аюулгүй ажиллагааны мэргэжилтэн албан тушаалд тэнцэхгүй хэмээн дүгнэсэн байдаг. Гэтэл энэ дүгнэлтийг хүний нөөцөөс танилцуулж саналыг авах гэж дуудахад С.П нь ажлаас халах тушаал гарсан хэмээн буруу ойлгосон. Манай компанийн дотоод журам, хүний нөөцийн шилжилт хөдөлгөөний журмуудаар компанийн гүйцэтгэх захирлын тушаал бичгээр гарснаар хүнийг ажилд авч, ажилтныг ажлаас чөлөөлөх албан ёсны эрх зүйн хүчин чадалтай баримт болж албажиж явдаг. Х.А.И ХХК-ийн дотоод журмын дагуу хэрэв ажилтныг халах талаар аливаа зөрчил, дүгнэлт уурхайн сайтаас ирсэн тохиолдолд манай компанийн Хууль, эрх зүй, аюулгүй байдлын газар хянаж үзэж гүйцэтгэх захиралд танилцуулан эцэслэн шийдвэрлэдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч сул зогсолтын олговорт 8,551,000 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай хууль /хуучин/-ийн 56 дугаар зүйлийн 56.5-д Сул зогсолтын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ажилтанд олговор олгохгүй гэж заасан байна. Уурхайн төслийн ажил зогссон хугацаанд аж ахуйн няравын ажилд ажиллахыг Хүний нөөцийн менежер Л.Түвшинтөр нь С.Пд санал болгож байсан. Гэтэл С.П дээрх албан тушаалд ажиллахаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан тул ажил олгогчийн зүгээс сул зогсолтын олговрыг олгох боломжгүй болсон. Мөн нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагадаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх нийт 17 сарын хугацаанд сул зогссон хэмээн хугацааг тодорхойлсон боловч С.П нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай компанийн гэрээтээр ажилладаг Б.Т.Е.Г ХХК-ийн Баянгол төсөл-ийн уурхайд ажиллаж байгаад ажиллах ростерын хугацаа нь дуусаж бууж ирсэн бөгөөд 2020 оны 08 дугаар сард 1,250,660 төгрөгийн цалин авсан байдаг. Үүнээс хойш ажлаас гарах өргөдлөө өгөх хүртлээ 10 сарын хугацаанд ковидын үеийн хүнд нөхцөл байдал болон захиалагч талын уулын ажлаа зогсоосон зэрэг байдлаас шалтгаалан компани ажилгүй болж нийт ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246, А/245 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журам-ын 2.26.9-т заасан ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрөл, код-25 буюу /Жилд 7 сараас доошгүй хугацаанд үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг улирлын чанартай үйл ажиллагаатай байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, ажил зогссон үед/ гэх төрлийн хүрээнд нийгмийн даатгалыг шимтгэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн /хуучин/ 46 дугаар зүйлийн 46.3-т Улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлнө гэх хуулийн зохицуулалтын дагуу 420,000 төгрөгөөр тооцож С.Пгийн нийгмийн даатгалыг шимтгэлийг төлж ирсэн болно. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Х.А.И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 08ы өдрийн ... тоот тушаал, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр болон 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Х.А.И ХХК, С.П нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Үндэсний техникийн их сургуулийн D202102807 тоот баклаврын диплом, хавсралтыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ.

 

4. Хариуцагч хариу тайлбарын хамт компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаар, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар тушаал, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн албан тушаал дэвшүүлэх тодорхойлолт, Хүний нөөцийн хэлтэст гаргасан өргөдөл, 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Х.А.И ХХК, С.П нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт, Б.Т.Е.Г ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20/436 дугаар албан бичиг, Х.А.И ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тушаал танилцуулах хуудсыг шүүхэд нотлох баримтаар гаргасан.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 14ий өдрийн 102/ШЗ2021/12746 захирамжаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс С.П ажилгүйдлийн тэтгэмж аваагүй талаар лавлагааг, шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2021/13565 дугаар захирамжаар хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийж, фото зургаар бэхжүүлж шүүхийн журмаар нотлох баримтаар цуглуулсан.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Х.А.И ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цуцалсан тушаал, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажилтны хүсэлтээр цуцалсан тушаалуудыг үндэслэлгүй болохыг тогтоолгож, өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгох, сул зогссон 17 сарын нөхөн олговорт 8,551,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... тус төслийн менежер Энхсайхан гэгч нь төсөл хэрэгжүүлэх хэлтэст 3 удаа дуудан ажилуулаад тухайн хэсэгт эрс тэс уур амьсгалтай тул эмэгтэй хүн ажилуулахгүй гэх үндэслэлгүй шалтгаан зааж 2020 оны 08 дугаар сарын 07-ноос хойш ажлын томилгоонд дуудахгүй, томилогдсон гэрээт ажлыг хийлгэхгүй байсаар 2021 оны 06 дугаар сарын 30-нд ажилтан мэргэжил, ур чадвар тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар халлаа, тушаалаа харуулын байрнаас аваарай гэж хүний нөөцөөс утсаар мэдэгдсэн байна. Үүний дагуу харуул дээр очиход мэдэхгүй тийм тушаал алга гэхэд нь дотогш орж хүний нөөцийн хүмүүстэй уулзах гэхэд ковидын дэглэм гээд дотогш оруулаагүй, нэвтрүүлээгүй байна. Нэхэмжлэгч арга буюу хүний нөөцийн ажилтантай утсаар холбогдож ажил олгогчийн санаачлагаар халсан шийдвэр үндэслэлгүй, нэр хүндийг үндэслэлгүй гутаасан, цаашид өөр байгууллагад ажилд ороход сөргөөр нөлөөлөх талтайг хэлэхэд тэгвэл өөрийн хүсэлтээр халагдья гэсэн хүсэлтээ бичээд зургийг аваад цахимаар явуулчих гэхэд нь С.П муу нэртэй болж үлдэхгүйн тулд арга буюу өгсөн зааврын дагуу цахим хүсэлт явуултал өмнөх тушаалаа өөрчлөн ажилтан хүсэлтээрээ халагдсан болгож 2021 оны 07 дугаар сарын 08-нд ... дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрийг нь бөглөж өгсөн байна. Ажил олгогч 2020 оны 04 дүгээр сарын 26-нд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж С.Пг хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар сарын 838,800 төгрөгийн цалин олгохоор тохирсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Ажилтны буруу биш шалтгаанаар сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол ... нөхөх олговор олгоно, мөн хуулийн 56.2-т Сул зогсолтын нөхөн олговрын хэмжээ үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байна гэж хуульчилсан байдаг тул 17 сарын нөхөх олговорт 8,551,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд: Нэхэмжлэгч С.П нь манай байгууллагын сайн ажилчдын нэг бөгөөд манай байгууллага нь сайн боловсон хүчнээ ажлаас халж шинэ ажилтан сургаж авах нь манайд хохиролтой юм. С.Пн хувьд ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн тул гүйцэтгэх захирлын тушаал гарч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа шиг эрхэлсэн ажил албан тушаалдаа ур чадварын хуьд тэнцэхгүй гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар түүнийг ажлаас халаагүй, тийм тушаал огт гаргаж байгаагүй. Харин сул зогсолтын үед С.Пд байгууллагын зүгээс аж ахуйн няравын ажлыг санал болгоход тэрээр үндэслэлгүйгээр энэ саналаас татгалзсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нөхөн олговор олгохгүй байх үндэслэлтэй. Мөн тэрээр 2020 оны 01 дүгээр сараас эхлэн сул зогссон гэх боловч түүний нийгмийн даатгалын дэвтэрээр 2020 оны 08 дугаар сард 1,200,000 төгрөгийн цалин авч ажиллаж байсан нь тогтоогдож, 2020 оны 08 дугаар сараас эхлэн ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хамтран ажилладаг компани маань уурхайн ажлаа зогсоосон гэжээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хариуцагч Х.А.И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаар тушаал, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр тушаал, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар тушаал, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн албан тушаал дэвшүүлэх тодорхойлолт, Хүний нөөцийн хэлтэст гаргасан С.Пгийн өргөдөл, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр болон 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Х.А.И ХХК, С.П нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт, Б.Т.Е.Г ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20/436 дугаар албан бичиг, Х.А.И ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ... гэх мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч С.П 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Х.А.И ХХК-д хүнд машин механизм дампын оператороор ажилд орсон, улмаар 2018 оны 10 дугаар сарын 26-нд дуудлагын клеркийн албан тушаалд, 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн аюулгүй ажиллагааны мэргэжилтнийн албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сарын 08ы өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйл, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2-т дахь хэсгийг үндэслэн аюулгүй ажиллагааны мэргэжилтэн 2 албан тушаалтай Сандуйжавын Пүрэвдалай нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон тул 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ... гэх мэйл хаягт үзлэг хийхэд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 13:27 минутад ... гэх хаягнаас Миний бие С овогтой П нь 2017 оноос одоог хүртэл ажиллаж байна. Ар гэрийн гачигдлаас болоод ажиллах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэх цахим зурвас байх бөгөөд энэ зурвасыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй болно.

 

6. Зохигчид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч С.Пг тус компанийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэн албан тушаалд ажиллуулж байсан, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч С.П ... Миний бие С овогтой П нь 2017 оноос одоог хүртэл ажиллаж байна. Ар гэрийн гачигдлаас болоод ажиллах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэх зурвасыг цахимаар Х.А.И ХХК-д ирүүлсэн талаар, тухайн зурвасаар ирүүлсэн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2021 оны 06 дугаар сарын 30-нд ажилтан мэргэжил, ур чадвар тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар халлаа, тушаалаа харуулын байрнаас аваарай гэж хүний нөөцөөс утсаар мэдэгдсэн. С.П арга буюу хүний нөөцийн ажилтантай утсаар холбогдож ажил олгогчийн санаачлагаар халсан шийдвэр үндэслэлгүй, нэр хүндийг үндэслэлгүй гутаасан, цаашид өөр байгууллагад ажилд ороход сөргөөр нөлөөлөх талтайг хэлэхэд тэгвэл өөрийн хүсэлтээр халагдья гэсэн хүсэлтээ бичээд зургийг аваад цахимаар явуулчих гэхэд нь С.П муу нэртэй болж үлдэхгүйн тулд арга буюу өгсөн зааврын дагуу цахим хүсэлт явуултал урьдах тушаалаа өөрчлөн ажилтан хүсэлтээрээ халагдсан болгож 2021 оны 07 дугаар сарын 08-нд ... дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрийг нь бөглөж өгсөн байна гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

7. Хариуцагч Х.А.И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай С.Пгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална, мөн 38.1.1-д ажилтан санаачилсан гэж заасантай нийцсэн байх тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Харин нэхэмжлэлийн шаардлагын хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоолгох гэх хэсэг нь бие даасан шаардлага биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байх тул тухайлан шийдвэрлэв шаардлагагүй юм.

 

8. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 17 сарын хугацаанд сул зогссон ба энэ хугацааны нөхөх олговорт 8,551,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.Пгийн нийгмийн даатгалын 0407803 дугаартай дэвтэрээс үзэхэд тэрээр 2020 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан нь тогтоогдож байх бөгөөд 2020 оны 09 дүгээр сараас эхлэн ажил олгогчийн зүгээс сул зогссон тул түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 420,000 төгрөгөөр тооцож шимтгэлийг төлжээ. Мөн нэхэмжлэгч нь Б.Т.Е.Г ХХК-ийн Баянгол төсөл дээр ажиллаж байсан талаар маргаагүй, энэ төслийн ажлыг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зогсоосон нь Б.Т.Е.Г ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20/436 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч С.Пг 2020 оны 09 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд сул зогссон гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 56 дугаар зүйлийн 56.1-д Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтны өөр ажил шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно, мөн 56.2-т Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй гэж зааснаар хариуцагч нөхөх олговор олгох үүрэгтэй. Нэхэмжлэгч С.Пгийн хариуцагчтай 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд түүний сарын цалинг 838,800 төгрөг байхаар талууд тохиролцсон, энэ талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгчид олговол зохих нэг сарын нөхөх олговорыг /838,800 төгрөг : 60 хувь = 503,200 төгрөг/-өөр тооцож, 2020 оны 09, 10, 11 дүгээр сарын олговорт /503,200 х 3 сар = 1,509,600 төгрөг/ 1,509,600 төгрөг, харин 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 5 өдөр байх тул /ажлын нэг өдрийг 23,400 төгрөгөөр тооцож/ энэ хугацааны нөхөх олговорт /5 өдөр х 23,400 төгрөг = 117,200 төгрөг/ 117,020 төгрөг, нийт /1,509,600 +117,020 =1,626,620 төгрөг/ 1,626,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч С.Пд олгож нэмэгдүүлсэн энэ шаардлагаас 6,924,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Энэ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40,976 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 140,400 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Пгийн хариуцагч Х.А.И ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан аюулгүй ажиллагааны мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан хариуцагч Х.А.И ХХК-иас 1,626,620 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Пд олгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас үлдэх 6,924,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас 40,976 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж, нэхэмжлэгчээс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч С.Пд буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР