Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01342

 

 

 

.....гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/01545 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ......- ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, сул зогсолтын олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очмаа, түүний өмгөөлөгч Д.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

..... 2017 оны 09 дүгээр сараас эхлэн ......- ХХК-д хүнд машин механизмийн оператор, дуудлагын клеркаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б-1/0459 дугаартай тушаалаар ЭМААБО-ны хэлтэст аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр томилогдож, хангайн бүсийн Баянгол төсөл-ийн хэсэгт ажилласан. Гэтэл тус төслийн менежер нь төсөл хэрэгжүүлэх хэлтэст 3 удаа ажиллуулаад ...эрс тэс уур амьсгалтай тул эмэгтэй хүн ажиллуулахгүй... гэх үндэслэлээр 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажил хийлгэхгүй байсаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажилтан мэргэжил, ур чадвар тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар халсан. ..... хүний нөөцийн ажилтантай утсаар холбогдож ажил олгогчийн санаачилгаар халсан шийдвэр үндэслэлгүй, цаашид өөр байгууллагад ажилд ороход сөргөөр нөлөөлөх талтайг хэлэхэд тэгвэл өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичээд цахимаар явуулчих гэсний дагуу 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б-1/403 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, нийгмийн даатгалын дэвтрийг нь бөглөж өгсөн. Дээрх байдлаас үзэхэд ажил олгогч компани нь ажилтан .....н хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан. ..... нь ХАБ-ын зохих дамжаа сургууль төгссөн, хүний нөөцийн албанаас зохион байгуулсан давтан шалгалтанд оролцож тэнцсэн. Ажил олгогч 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж .....г хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар сарын 838,800 төгрөгийн цалин олгохоор тохирсон. Мөн ажил олгогч нь .....н нийгмийн даатгалын шимтгэлийг сул зогсолтоор 10 сарын турш төлсөн боловч энэ талаар баримтгүй. Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон 838,800 төгрөгийн дүнгээс тооцон 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 17 сарын сул зогсолтын нөхөх олговорт үндсэн цалингийн 60 хувиар тооцоход 1 сарын нөхөх олговрыг 503,000 төгрөг бөгөөд 17 сарын олговорт 8,551,000 төгрөгийг ......- ХХК-аас гаргуулна. Иймд .....тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн ажилд нь эгүүлэн тогтоож, сул зогсолтын олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

.....гийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаагүй. ..... манай компанид 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүнд машин механизм дампын оператороор ажилд орсон. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуудлагын клеркийн албан тушаалд, 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр дэвшин ажилласан. Манай компанийн хүний нөөцийн бодлого олон жил тогтвор суурьшилтай ажиллаж буй ажилчдыг ажлаас гаргахгүй байхад анхаарч дэмжин ажиллуулдаг тул .....г мөн дэмжиж ажиллуулсан. Гэтэл ..... нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ар гэрийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргасны дагуу гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б-1/403 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан.

..... нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай компанийн охин компани болох Кэй эй майнинг ХХК-ийн гэрээтээр ажилладаг Болд төмөр ерөө гол ХХК-ийн Баянгол төслийн уурхайд ажиллаж байгаад ажиллах ростерын хугацаа нь дуусаж бууснаас ажилдаа ирээгүй. Болд төмөр ерөө гол ХХК-ийн уурхай 2020 оны 12 дугаар сараас эхлэн коронавирус цар тахлын улмаас сул зогсолт хийснээр манай компанийн ажилчид ажилгүй болж сул зогсолт хийсэн тул нийгмийн даатгалын шимтгэлийг сул зогсолтоор төлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт сул зогсолтын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ажилтанд олговор олгохгүй гэж заасан. Уурхайн төслийн ажил зогссон хугацаанд аж ахуйн няравын ажилд ажиллахыг .....д санал болгосон боловч ..... ажиллахаас татгалзсан тул ажил олгогчийн зүгээс сул зогсолтын олговрыг олгох боломжгүй. Мөн ..... нь 2020 оны 08 дугаар сард 1,250,660 төгрөгийн цалин авсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246, А/245 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журамд жилд 7 сараас доошгүй хугацаанд үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг улирлын чанартай үйл ажиллагаатай байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, ажил зогссон үед байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлнө гэж зааснаар 420,000 төгрөгөөр тооцож .....гийн нийгмийн даатгалыг шимтгэлийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч .....гийн хариуцагч ......- ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан аюулгүй ажиллагааны мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......- ХХК-аас 1,626,620 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .....д олгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас үлдэх 6,924,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 40,976 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж, нэхэмжлэгчээс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч .....д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ..... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08 хүртэл сул зогсоож ажилд дуудаагүй тул 17 сарын сул зогсолтын олговрыг цалингийн 60 хувиар тооцож 8,551,000 төгрөгийг ......- ХХК-аас гаргуулж нэхэмжилсэн. ..... 2020 оны 01 дүгээр сараас эхлэн сул зогссон гэх боловч түүний нийгмийн даатгалын дэвтрээр 2020 оны 08 дугаар сард 1,200,000 төгрөгийн цалин авч ажиллаж байсан нь тогтоогдож байна... харин Уурхай 2020 оны 08 сараас ковидын нөхцөл байдлаас сул зогсолт хийснээс хойш 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүртэл ..... цалин авч байгаагүй талаар маргаагүй. Шүүх .....гийн нийгмийн даатгалын дэвтрээс 2020 оны 08 дугаар сарыг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан байна гэж дүгнэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн дүнгээс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс мөн оны 08 дугаар сар хүртэл хугацааны олговрыг хассан. Шүүх .....д 2020 оны 08 сараас ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2021 оны 07 дугаар сарын 08 хүртэл 12 сарын хугацаанд үндсэн цалин 838,800 төгрөгийн 60 хувиар бодож 6,039,360 төгрөгийн олговрыг ......- ХХК-аас гаргуулж олгох үндэслэлтэй байтал 2020 оны 09 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сул зогссон мэт буруу дүгнэж 2020 оны 09 дүгээр сараас хойш 2021 оны 07 дугаар сарьн 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгийн цалин авч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мэт буруу дүгнэж 3 сар 7 хоногийн сул зогсолтын олговор 1,626,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчаас сул зогсолтын олговорт 4,412,740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Цар тахлын улмаас 2020 оны 12 дугаар сараас эхлэн ажил зогссон. .....г аж ахуйн няравын ажлын байр санал болгосон боловч зөвшөөрөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар сул зогсолтын олговрыг 2020 оны 08 дугаар сараас хойш 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх олгох боломжгүй. ......- ХХК-д хүнд нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас уурхайн 130 гаруй ажилчид ажилгүй болсон ч нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн. Иймд компанийн зүгээс 3 сарын сул зогсолтын олгохыг зөвшөөрсөн. Харин үлдэх хугацааны олговрыг зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хязгаарлалгүй бүхэлд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын үүссэн маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг шүүхийн шийдвэрт баримтлаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ..... нь хариуцагч ......- ХХК-д холбогдуулан тус компанийн аюулгүй ажиллагааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны сул зогсолтын олговорт 8,551,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. ..... нь ......- ХХК-д ажилгүй ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б-1/403 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байна. (хх-ийн 6)

 

Нэхэмжлэгч ..... нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ... миний бие 2017 оноос одоог хүртэл ажиллаж байна. Ар гэрийн асуудлаас болоод ажиллах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү... гэх хүсэлтийг хариуцагч ......- ХХК-д гаргасан болох нь хариуцагч байгууллагын хүний нөөцийн менежер Ц.Чулуунчимэгийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна. (хх-ийн 131-132) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар үзлэгийн тэмдэглэл нь нотлох баримтад хамаарна.

 

Нэхэмжлэгч ..... нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул ажил олгогч ......- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б-1/403 дугаар тушаал ажилтны өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг зохицуулсан Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч .....гийн хариуцагч ......- ХХК-д холбогдуулан гаргасан тус компанийн ажилгүй ажиллагааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн. Энэ талаар талууд хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй болно. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 гэсэн заалтыг хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

1.в. Нэхэмжлэгч .....гийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны сул зогсолтын олговор 8,551,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар.

Хариуцагч ......- ХХК нь нэхэмжлэгч .....д цалин хөлс олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 08 дугаар сарыг хүртэл төлсөн байх тул хариуцагч компани 2020 оны 09 дүгээр сараас эхлэн сул зогссон гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч ..... нь Болд төмөр ерөө гол ХХК-ийн Баянгол төсөлд ажилласан үйл баримтын талаар талууд маргаагүй ба энэ төслийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс зогсоосон болох нь Болд төмөр ерөө гол ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20/436 дугаар албан бичгээр тогтоогдсон тул нэхэмжлэгчийг 2020 оны 09 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сул зогссон гэж анхан шатны шүүх дүгнэж сул зогсолтын олговорт 1,626,620 төгрөгийг ......- ХХК-аас гаргуулсанд хариуцагч гомдол гаргаагүй байна. (хх-ийн 51)

 

Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно гэж заасан.

 

......- ХХК болон тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааны талаар анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж байгаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэхгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд ... манай компани нэхэмжлэгчид 3 сарын сул зогсолтын олговор олгохыг зөвшөөрсөн... гэж тайлбарласан байна.

 

1.г. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 85,554 төгрөгийг буцаан олгов.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/01545 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 38 дугаар зүйлийн 38.1.1... гэснийг ... 128 дугаар зүйлийн 128.1.2... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзийгийн төлсөн 85,554 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ