Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/01823

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/01823

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, Ажилчдын гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух Б овогт Л-ын Г /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, өөрийн байранд байрлах Д.Д.Ц.С ТӨХК /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмч ашигласны төлбөрт 395,929,283 төгрөг гаргуулах, патент ашиглах лицензийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, Ж.Энхцогт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Л.Г би Д.Д.Ц.С ТӨХК-д ашиглаж байгаа Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийн үр ашгийн тооцоог жишмэл түлшээр тооцон гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Энэхүү шинэ бүтээл нь 2014 оны 11 дүгээр сараас тус цахилгаан станцад ашиглагдаж байгаа бөгөөд шинэ бүтээлийг ашигласнаар 1 тонн нүүрсээр үйлдвэрлэж байгаа уурын хэмжээ нэмэгдэж цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл өссөн, зөв бүтэцтэй нүүрс хэрэглэснээр тоног төхөөрөмжийн гэмтэл буурсан гэсэн үндсэн 2 ашигтай үзүүлэлт бий болсон. Миний бие тоног төхөөрөмжийн гэмтэл буурсанаар жил бүр гарч байгаа 145,715,510 төгрөгийн үр ашгийн тооцоог хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 1 тонн нүүрсээр үйлдвэрлэж байгаа уурын үйлдвэрлэл нэмэгдсэнээр гарч байгаа ашгийг нэмэн тооцож, шинэ бүтээлийг ашиглалтын лицензийн гэрээгээр ашиглуулах хүсэлтэй байгаа билээ. Тус станцын Судалгаа, хөгжлийн албаны тооцоолсон 1 тонн нүүрсээр үйлдвэрлэж байгаа уурын үйлдвэрлэл нэмэгдсэнээр гарч байгаа ашгийг тооцсон аргачлалтай би санал нийлж байгаа ч өгөгдөл болгон авч байгаа жишмэл түлшний үзүүлэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Учир нь Д.Д.Ц.С ТӨХК нь 3,200 ккал/кг-аас 3,500 ккал/кг хүртэл илчлэгтэй нүүрс түлж байгаа болохоос 7,000 ккал/кг илчлэгтэй, үнэ нь тодорхой бус, Монгол улсад байдаггүй түлшийг хэрэглэдэггүй. Жишмэл түлш гэдэг ойлголтыг инженерийн тооцоонд мод, нүүрс, байгалийн хий, мазут гэх мэт олон төрлийн түлшний дулаан гаргах үзүүлэлтийг хооронд нь жишхэд хэрэглэж болох боловч тодорхой төрлийн түлшийг хэрэглэхэд гарч байгаа эдийн засгийн үр ашгийн тооцоог гүйцэтгэхэд ашиглах боломжгүй. Иймд Д.Д.Ц.С ТӨХК-ийн Судалгаа, хөгжлийн албаны хийсэн үр ашгийн тооцоог бодит түлшний зарцуулалтаар хийлгэж Монгол улсын оюуны өмчийн хуулийн дагуу ашиг хүртэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.

 

Нэхэмжлэгч миний бие нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодруулж байна. Үүнд, дээрх Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийн 4542 дугаартай патентийг Л.Г миний бие 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/627 дугаар тушаалаар авсан. Нүүрс боловсруулах аргын ялгаа нь илчлэг өндөртэй, чийглэг багатай нүүрсийг илчлэг багатай, чийглэг ихтэй нүүрсийг тус тусад нь туузан дамжуулгаар тээвэрлэн, буух хоолойгоор дамжуулан нэг туузан дамжуулагч дээр 70:30, 50:50, 30:70 харьцаагаар буулган, анхан болон хоёр дахь шатны бутлагчаар дамжуулан 200-250 микрометр голчтой болтол нунтаглан, холих бөгөөд нүүрсний орцын хувийг туузан дамжуулга бүрд байрлуулсан туузан жингийн заалтаар хянана. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь нүүрсний жинг мөн туузан дамжуулагчийн цахилгаан хөдөлгүүрт гүйдэл, хүчдэл, давтамжийг тохируулах инверторыг суурилуулж хурдыг өөрчлөх замаар хянана. Аргын томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь анхан шатны боловсруулалтанд холимог нүүрсийг алхан тээрэмд оруулж 20 мм голчтой болтол нунтагласан байна. Аргын томъёоллын ялгаа нь алхан тээрмээс гарсан нүүрсийг нүүрс хуримтлуулах бункерт хийж, нүүрс тэжээгчээр тээвэрлэн бултай эсвэл үрлэн тээрэмд нунтаглан хоёр дахь шатны боловсруулалтыг гүйцэтгэнэ гэж томъёолсон. Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийг хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК нь 2014 оноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаандаа ашиглаж байгаа.

 

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Эрчим хүчний сургуулиас томилогдсон шинжээчийн багийн дүгнэлтийн 2 дугаар хуудсанд БКЗ-420-140 маркийн зууханд Шивээ-Овоогийн нүүрс түлэх үед тохиолдож байсан хүндрэл болон шааргадалтыг бууруулах, түүнтэй хамааралтай гарах зогсолт, саатал, түүнийг устгах ажил, зарцуулах цаг хугацааг багасгасан ач холбогдолтой, оновчтой санаа болжээ, 3 дугаар хуудсанд Товчхондоо тухайн дэвшүүлж, оюуны өмчөөр хамгаалагдсан Нүүрс боловсруулах арга нь илчлэгийн зөрүүтэй хоёр нүүрсийг тодорхой харьцаатайгаар, механикаар хольж түлсэнээр зууханд шааргадалт үүсэх нөхцөлийг багасган түүнээс шалтгаалсан зогсолт, саатлын тоо, гарах эдийн засгийн хохирлыг бууруулах талаас үр дүнтэй, оновчтой шийдвэр байсан нь ашиглалтын үеийн тоо баримтаас харагдаж байна гэсэн боловч бодит үр ашгийн тооцоог мөнгөн дүнгээр болон нүүрсээр гаргаж өгөөгүй байна. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс томилогдон ажилласан Атен ХХК, Д.Барсболд нарын Шүүхийн шинжилгээний хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/114/141 тушаалаар батлагдсан Эдийн засгийн шинжилгээ хийх журам, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 231 дугаар тогтоолоор батлагдсан Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал, бусад хууль тогтоомжийг баримтлан шинжилгээ хийж гаргасан №2021/001 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 9/11 дүгээр хуудсанд байгаа тооцооллын дагуу цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн ашиг (2016-аас 2020 онуудын 1 жилийн дундаж) жил бүр 206,030,561 төгрөг, тоног төхөөрөмжийн гэмтэл буурсанаар жил бүр гарч байгаа хэмнэлт (2016-аас 2020 онуудын 1 жилийн дундаж) 160,570,627 төгрөг байна. Иймд дээрх хоёр төрлийн ашгийг нэгтгэсэнээр жил бүр гарч байгаа 366,601,188 төгрөгийн цэвэр ашгаас Монгол улсын патентийн тухай хуулийн 16.1.4, 16.1.5-ийг баримтлан ашгийн 18 хувиар тооцож, 66,000,000 төгрөгийн ашгийг жил бүр хуваарилах нөхцөлтэй патент ашиглах лицензийн гэрээг цаашид байгуулах, патент ашигласан 6 жилийн (2016-2021 онуудад) төлбөр болох 395,929,283 төгрөгийг хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК-иас гаргуулж нэхэмжлэгч Л.Г надад олгоно уу, мөн патент ашиглах лицензийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, Ж.Энхцогт нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Д.Ц.С ТӨХК нь нийт 8-н зуух, 7-н турбо генератортай, 772 мвт хүчин чадалтай цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага юм. Д.Д.Ц.С ТӨХК-ийн 1-4 дүгээр зууханд Багануурын нүүрс, 5-8 дугаар зууханд Шивээ-Овоо-гийн нүүрс түлдэг байсан. 2014 оны 11 дүгээр сард Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийн дагуу Багануур, Шивээ-Овоогийн нүүрсийг холих аргачлалыг ашиглаж 1-8 дугаар зууханд холимог нүүрсийг татаж ашиглаж байна. Нэхэмжлэгч Л.Г-ын 1 тонн нүүрсээр үйлдвэрлэж байгаа уурын хэмжээ нэмэгдэж цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл өссөн гэх шаардлагын үндэслэлд дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Л.Г нь 2019 онд Д.Д.Ц.С ТӨХК-ийн Судалгаа, хөгжлийн албаны инженер Э.Гын хийсэн тооцоог суурь болгон ашигласан гэж байна. Энэ тооцоо нь зөвхөн 5-8 дугаар зуухан дээр хийгдсэн тооцоо тул ашигтай гарах нь аргагүй. Учир нь 5-8 зууханд Шивээ-Овоо-гийн нүүрс түлдэг байсан ба нүүрсний илчлэг нэмэгдэж, чийглэгийг бууруулснаар дундаж ачаалал нэмэгдсэн. Гэвч дээрх тооцоололд Багануурын нүүрс түлдэг байсан 1-4 дүгээр зуухыг оруулаагүй, 1-4 дүгээр зуухны хувьд нүүрсний илчлэг буурч, чийглэг нэмэгдсэн, үүний үр дагаварт дундаж ачаалал буурсан. Хавтаст хэргийн 64 дүгээр талд байгаа Судалгаа, хөгжпийн албаны инженер Э.Г болон Зуухан цехийн горимын инженер Г.Б нарын нүүрсний үр дүнг тооцсон тухай тайлбарт Нүүрсийг холиж түлсэнээр 1-4 дүгээр зуухны тоноглолын үзүүлэлт буурч, 5-8 дугаар зууханд эерэг үзүүлэлтүүд гарсан. Нийт станцын хэмжээгээр тооцвол дээрх эерэг болон сөрөг үзүүлэлтүүдийн зөрүүгээр харьцуулахад үр дүн гарахгүй байсан тул ажлын хэсгийн хурлаас өгсөн саналын дагуу зөвхөн 5-8 дугаар зуухан дээр гарсан үр дүн, хэмнэлтийг тооцсон гэж тодорхой тусгасан байна.

 

Нүүрсийг холих арга нь өндөр илчлэгтэй, чийг багатай нүүрсийг бага илчлэгтэй, чийг ихтэй нүүрстэй хольж энэ 2 хольсон нүүрсний дундаж илчлэг, чийгтэй нүүрсийг зууханд түлэх зарчимтай. Иймээс зуухны дундаж ачаалалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл нүүрсэнд ямар нэгэн боловсруулалтын арга хэрэглээгүй учраас илчлэг нэмэгдэхгүй, чийглэг буурахгүй гэсэн үг юм. Ингэснээр 1 тонн нүүрсээр үйлдвэрлэх уурын хэмжээ нэмэгдэхгүй. Үүнийг Д.Д.Ц.С ТӨХК-ний Үйлдвэрлэлийн албаны техникийн тооцооны инженер Э.Н-ийн хийсэн харьцуулсан тооцооноос харж болно. Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийг ашигласнаар гарсан үр ашгийн тооцоонд 2011, 2012, 2013 он болон 2016, 2017, 2018 онуудын 1 квт/ц цахилгаан эрчим хүч боловсруулахад шаардагдах уурын хувийн зарцуулалтын харьцуулалтаар үр ашгийн тооцоог хийсэн байна. Уурын хувийн зарцуулалтыг жил бүр бууруулах, эдийн засгийн хамгийн ашигтай горимоор ажиллах нь станцын хамгийн чухал зорилт бөгөөд бид жил бүр уурын хувийн зарцуулалтыг бууруулж ажилласан. Нүүрс боловсруулах аргыг ашигласнаар уурын хувийн зарцуулалтанд нөлөөлөл үзүүлэхгүй. Манай станцад хэрэгжсэн бүх төсөл хөтөлбөрүүд нь зуухны уурын хувийн зарцуулалтыг бууруулах, 1 тонн нүүрсээр үйлдвэрлэх уурын хэмжээг нэмэгдүүлэх, 1 квт/ц цахилгаан эрчим хүч боловсруулахад шаардагдах уурын зарцуулалтыг бууруулах, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлэхэд чухал нөлөөлсөн үзүүлэлтүүд юм. Зөв бүтэцтэй нүүрс хэрэглэснээр тоног төхөөрөмжийн гэмтэл буурсан гэдгийг шууд утгаар нь авах боломжгүй. Зуухны үнс, шлак тогтолт нүүрсийг хольж түлсэн ч үүсч байгаа. Энэ асуудлыг шийдэх гарц нь үнс үлээлгийн төхөөрөмжийг суурилуулах явдал байсан.

Тодруулбал, Японы зээлээр үр ашиг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлсэн. Үүн дээр бүх зуух /1-8/-нд үнс үлээлгэх төхөөрөмж гэдэг зүйлийг суурьлуулсан. 1,700,000,000 төгрөгийг зээлээр авч тухайн ажлыг хийсэн. Энэ маань зуухны ажиллагааны тасралтгүй үе шатыг бууруулдаг учраас найдвартай ажиллагаа дээшлээд явсан. Тэгэхээр нүүрс холих технологийг ашилласаны үр дүнд зуухны найдвартай ажиллагаа нэмэгдэж, тоноглолын зогсолт буурсан гэдэг бол бас л өрөөсгөл ойлголт болоод байгаа юм. Бид үнс үлээлгийн төхөөрөмжийг ашигласнаар зуухны үе шатаас хамаарч зогс байгаа зогсолтыг байхгүй болгосон гэж үзэж байгаа юм. Мөн бид нар жил болгон 2 зууханд их засвар, 2 зууханд дунд засврын ажил хийдэг. Үүний дагуу зуухны гэмтлийн судалгаа гаргаад гэмтлийн дагуу шаардлагатай шугам хоолой солих ажиллагаа хийгддэг. Энэ маань өөрөө зуухны найдвартай ажиллагааг дээшлүүлэх маш том үзүүлэлт. Нүүрс холих технологийг ашигласнаас шууд найдвартай ажиллагаа дээшилсэн гэж үзэх нь ямар ч эдийн засгийн хувьд боломжгүй гэж үзэж байна.

 

Патентийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д шинэ бүтээлийн анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө амаар, бичгээр эсхүл бусад хэлбэрээр Монгол улсад болон гадаад улсад нийтлэгдсэн, хэрэглэгдэж ирсэн, эсхүл нийтэд илэрхий болсон шийдэл, эсхүл мэдлэг нь шинэ шийдэлд тооцогдохгүй гэж заажээ. Гэтэл энэхүү нүүрс холих арга нь Хятад, Солонгос, Япон зэрэг эрчим хүч импортлодог орнуудад хэрэгжиж байгаа арга бөгөөд Монгол үндэстний ахуйд гэр, байшингаа галлах хамгийн энгийн амьдралын бодит байдал дээр энэ арга хэрэглэгдсээр ирсэн нийтэд илэрхий болсон шийдэл гэж үзэж байна. Патентын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д Ажлын байран дахь шинэ бүтээл, ашигтай загварын патент авах эрхийг ажил олгогч эдэлнэ гэж заасан байна. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 Патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашиглуулах лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй учир төлбөр нэхэмжлэх эрх үүсэхгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Үр ашгийн тооцооны товчлолыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргасан. Харин Д.Д.Ц.С ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Ат 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Л.Г-ын гаргасан өргөдөл, Д.Д.Ц.С ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Л.Г-ын гаргасан өргөдөл, Д.Т, Ц.Ө нарын гаргасан холимог нүүрсний эдийн засгийн тооцооллын дүгнэлт, Д.Д.Ц.С ТӨХК-ийн Техникийн зөвлөлийн хурлын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10/19 дүгээр тэмдэглэл, Судалгаа, хөгжлийн албаны инженер Э.Гын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан холимог нүүрсээр ажилласнаар 5-8 дугаар зууханд гарсан үр ашгийн тооцоо, 2016, 2017, 2018 онуудад холимог түлшээр ажиллах үед түлшний илчлэг нэмэгдсэнээр гарсан уурын бүтээмжийн өсөлтийн тооцоо, Шинэ бүтээлийн патент /дугаар 4542/, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, патент судлаач Д.Д-ийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2020/2406 дугаар захирамжийг нотлох баримтын шаардлага хангахгүй хэлбэрээр хавсаргажээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариу тайлбарын хамт компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шинэ бүтээлийн патент /4542/, 72 цагийн иж бүрэн туршилт амжилттай дуусч, турбоагрегат түүний иж бүрдэл тоног төхөөрөмжийг баталгаат хугацаан, үйлдвэрийн ашиглалтанд хүлээн авах акт, Улаанбаатар хотын Д.Д.Ц.С ТӨХК-ний БКЗ-420-140 зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд өөрчлөлт хийн 500 т/ц болгох дулаан техник, гидродинамик, аэродинамикийн тооцоо, Эрчим хүчний барилга, байгууламжийг ашиглалтанд оруулан улсын комиссын акт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2020/2406 дугаар захирамжийг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гарган өгчээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 102/ШЗ2020/09119 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, хариуцагчаас Техникийн зөвлөлийн хурлын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10/19 тэмдэглэл, Д.Т, Ц.Ө нарын хийсэн Холимог нүүрсний эдийн засгийн тооцооллын дүгнэлт, Л.Г-ын хөдөлмөрийн гэрээ, нүүрс боловсруулах аргачлал, Д.Д.Ц.С ТӨХК-ийн Судалгаа хөгжлийн албаны 1 тонн нүүрсээр үйлдвэрлэж байгаа уурын хэмжээ, эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэнээр гарч байгаа ашгийн тооцоолол, аргачлал, Г.Г, Э.Г нарын хийсэн Холимог нүүрсээр ажилласнаар зуух №5-8-д гарсан үр ашгийн тооцоог шүүхийн журмаар цуглуулсан. Мөн шинжээч Атен ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021/001 дүгээр шинжээчийн дүгнэлт, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК-д холбогдуулан оюуны өмч ашигласны төлбөрт 395,929,283 төгрөг гаргуулах, патент ашиглах лицензийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийн 4542 дугаартай патентийг Л.Г миний бие 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/627 дугаар тушаалаар авсан. Атен ХХК, Д.Барсболд нарын Шүүхийн шинжилгээний хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/114/141 тушаалаар батлагдсан Эдийн засгийн шинжилгээ хийх журам, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 231 дугаар тогтоолоор батлагдсан Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал, бусад хууль тогтоомжийг баримтлан шинжилгээ хийж гаргасан №2021/001 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 9/11 дүгээр хуудсанд байгаа тооцооллын дагуу цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн ашиг (2016-аас 2020 онуудын 1 жилийн дундаж) жил бүр 206,030,561 төгрөг, тоног төхөөрөмжийн гэмтэл буурсанаар жил бүр гарч байгаа хэмнэлт (2016-аас 2020 онуудын 1 жилийн дундаж ) жил бүр 160,570,627 төгрөг байна гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд: Д.Д.Ц.С ТӨХК-ийн 1-4 дүгээр зууханд Багануурын нүүрс, 5-8 дугаар зууханд Шивээ-Овоо-гийн нүүрс түлдэг байсан. 2014 оны 11 дүгээр сард Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийн дагуу Багануур, Шивээ-Овоогийн нүүрсийг холих аргачлалыг ашиглаж 1-8 дугаар зууханд холимог нүүрсийг татаж ашиглаж байна. Нэхэмжлэгч Л.Г нь Д.Д.Ц.С ТӨХК-ийн Судалгаа, хөгжлийн албаны инженер Э.Гын хийсэн тооцоог суурь болгон ашигласан гэж байна. Энэ тооцоо нь зөвхөн 5-8 дугаар зуухан дээр хийгдсэн тооцоо тул эрчим хүчний үйлдвэрлэл, тоног төхөөрөмжний эвдрэл буурсан ашигтай гарна. Учир нь 5-8 зууханд Шивээ-Овоо-гийн нүүрс түлдэг байсан, нүүрсний илчлэг нэмэгдэж, чийглэгийг бууруулснаар дундаж ачаалал авалт нэмэгдсэн. Гэвч Багануурын нүүрс түлдэг байсан 1-4 зуухыг тооцоогүй, 1-4 дүгээр зуухны хувьд нүүрсний илчлэг буурч, чийглэг нэмэгдсэн, үүний үр дагаварт дундаж ачаалал авалт буурсан. Нүүрсийг холих арга нь өндөр илчлэгтэй, чийг багатай нүүрсийг бага илчлэгтэй, чийг ихтэй нүүрстэй хольж энэ 2 хольсон нүүрсний дундаж илчлэг, чийгтэй нүүрсийг зууханд түлэх зарчимтай. Иймээс зуухны дундаж ачаалалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл нүүрсэнд ямар нэгэн боловсруулалтын арга хэрэглээгүй учраас илчлэг нэмэгдэхгүй, чийглэг буурахгүй гэсэн үг юм. Ингэснээр 1 тонн нүүрсээр үйлдвэрлэх уурын хэмжээ нэмэгдэхгүй. Манай станцад хэрэгжсэн бүх төсөл хөтөлбөрүүд нь зуухны уурын хувийн зарцуулалтыг бууруулах, 1 тонн нүүрсээр үйлдвэрлэх уурын хэмжээг нэмэгдүүлэх, 1 квт/ц цахилгаан эрчим хүч боловсруулахад шаардагдах уурын зарцуулалтыг бууруулах, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлэхэд чухал нөлөөлсөн үзүүлэлтүүд юм. Зөв бүтэцтэй нүүрс хэрэглэснээр тоног төхөөрөмжийн гэмтэл буурсан. Зуухны үнс тогтолт нүүрсийг хольж түлсэн ч үүсч байгаа. Энэ асуудлыг шийдэх гарц нь үнс үлээлгийн төхөөрөмжийг суурилуулах явдал байсан. Япон улсын 1,700,000,000 төгрөгийн зээлээр хэрэгжүүлсэн төслийн явцад үнс үлээлгийн төхөөрөмжийг суурилуулсанаар зуухны экран хоолой болон уур халаагчинд тогтсон үнсийг тогтмол цэвэрлэж үүний үр дүнд үнс унах, гэмтлээр зогсох зогсолт буурсан. Зөвхөн Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийн аргачлалыг ашигласнаар зуухны найдвартай ажиллагаа дээшилсэн гэж үзэх ямар ч боломжгүй. Бид жил бүр 2 зууханд их засвар, 2 зууханд дунд засвар хийдэг.

 

Патентийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д шинэ бүтээлийн анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө амаар, бичгээр эсхүл бусад хэлбэрээр Монгол улсад болон гадаад улсад нийтлэгдсэн, хэрэглэгдэж ирсэн, эсхүл нийтэд илэрхий болсон шийдэл, эсхүл мэдлэг нь шинэ шийдэлд тооцогдохгүй гэж заажээ. Гэтэл энэхүү нүүрс холих арга нь Хятад, Солонгос, Япон зэрэг эрчим хүч импортлодог орнуудад хэрэгжиж байгаа арга бөгөөд Монгол үндэстний ахуйд гэр, байшингаа галлах хамгийн энгийн амьдралын бодит байдал дээр энэ арга хэрэглэгдсээр ирсэн нийтэд илэрхий болсон шийдэл гэж үзэж байна. Патентын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д Ажлын байран дахь шинэ бүтээл, ашигтай загварын патент авах эрхийг ажил олгогч эдэлнэ гэж заасан байна. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 Патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашиглуулах лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй учир төлбөр нэхэмжлэх эрх үүсэхгүй байна гэжээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шинэ бүтээлийн патент /4542/, 72 цагийн иж бүрэн туршилт амжилттай дуусч, турбоагрегат түүний иж бүрдэл тоног төхөөрөмжийг баталгаат хугацаан, үйлдвэрийн ашиглалтанд хүлээн авах акт, Улаанбаатар хотын Д.Д.Ц.С ТӨХК-ний БКЗ-420-140 зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд өөрчлөлт хийн 500 т/ц болгох дулаан техник, гидродинамик, аэродинамикийн тооцоо, Эрчим хүчний барилга, байгууламжийг ашиглалтанд оруулан улсын комиссын акт, Д.Д.Ц.С ТӨХК-ийн Техникийн зөвлөлийн хурлын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10/19 тэмдэглэл, Л.Г-ын хөдөлмөрийн гэрээ, нүүрс боловсруулах аргачлал, шинжээч Атен ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021/001 дүгээр дүгнэлт, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбараар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Л.Г нь /М.А-гийн хамт/ Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийн 4542 дугаартай патентийг Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр А/627 дугаар тушаалаар авсан ба уг 4542 тоот патентийн хавсралтад томъёолол: 1. Нүүрс боловсруулах аргын ялгаа нь илчлэг өндөртэй, чийглэг багатай нүүрсийг илчлэг багатай, чийглэг ихтэй нүүрсийг тус тусад нь туузан дамжуулгаар тээвэрлэн, буух хоолойгоор дамжуулан нэг туузан дамжуулагч дээр 70:30, 50:50, 30:70 харьцаагаар буулган, анхан болон хоёр дахь шатны бутлагчаар дамжуулан 200-250 микрометр голчтой болтол нунтаглан, холих бөгөөд нүүрсний орцын хувийг туузан дамжуулга бүрд байрлуулсан туузан жингийн заалтаар хянана. 2. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь нүүрсний жинг мөн туузан дамжуулагчийн цахилгаан хөдөлгүүрт гүйдэл, хүчдэл, давтамжийг тохируулах инверторыг суурилуулж хурдыг өөрчлөх замаар хянана. 3. Аргын томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь анхан шатны боловсруулалтанд холимог нүүрсийг алхан тээрэмд оруулж 20 мм голчтой болтол нунтагласан байна. 4. Аргын томъёоллын ялгаа нь алхан тээрмээс гарсан нүүрсийг нүүрс хуримтлуулах бункерт хийж, нүүрс тэжээгчээр тээвэрлэн бултай эсвэл үрлэн тээрэмд нунтаглан хоёр дахь шатны боловсруулалтыг гүйцэтгэнэ гэж томъёолсон. Хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК нь нүүрс боловсруулах аргыг 2014 оноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаандаа нэхэмжлэгч Л.Г-ын шинэ бүтээл болох Нүүрс боловсруулах арга-ыг хэрэглэж нүүрс хольж түлснээр 2016-2020 онуудад уур үйлдвэрлэл нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний илүү үйлдвэрлэлээс 1,030,152,808.02 төгрөгийн, мөн тоног төхөөрөмжийн гэмтэл буурснаас 802,853,140.32 төгрөгийн хэмнэж ашигтай ажилласан нь Атен ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021/001 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч Л.Г нь ... хариуцагч нь миний зохиосон нүүрс боловсруулах аргыг 2016-2020 оны хооронд хэрэглээд олсон ашгийн 18 хувийг нэхэмжилж байна гэж шаардлагаа тодорхойлсныг хариуцагч үгүйсгэж маргаагүй болно.

 

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, мөн 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК нь 2016-2020 онуудад нэхэмжлэгч Л.Г-ын шинэ бүтээлийн 4542 дугаар бүхий патентаар баталгаажсан Нүүрс боловсруулах арга-ыг ашиглаж Багануур, Шивээ-Овоогийн нүүрсийг хольж түлснээр цахилгаан эрчим хүчний илүү үйлдвэрлэлээс олсон 1,030,152,808.02 төгрөгийн ашгийн 18 хувьтай тэнцэх 185,427,505.1 төгрөг, тоног төхөөрөмжийн гэмтэл буурснаас хэмнэсэн ашиг болох 802,853,140.32 төгрөгийн 18 хувь буюу 137,313,565.1 төгрөг, нийт 322,741,070.2 төгрөгийг нэхэмжлэгч Л.Гд төлөлгүйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзлээ. Харин Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчилсан бөгөөд аливаа гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хүсэл зоригийн илэрхийлэлээр байгуулагддаг тул нэхэмжлэлийн шаардлагаас патент ашиглах лицензийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах гэх хэсгийг хангах үндэслэлгүй байна.

 

7. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК-иас 322,741,070.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 73,188,212.8 төгрөгт холбогдох хэсгийг болон патент ашиглах лицензийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах гэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,701,455 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,771,655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн Нүүрс боловсруулах арга нь нүүрсэнд ямар нэгэн байдлаар боловсруулалт хийхгүйгээр илчлэг багатай, чийглэг ихтэй нүүрсийг илчлэг ихтэй, чийглэг багатай нүүрстэй хольж хэрэглэдэг, Судалдгаа, хөгжлийн албаны инженер Э.Гын хийсэн тооцоо нь зөвхөн 5-8 дугаар зуухан дээр хийгдсэн ашигтай гарсан тооцоо, харин 1-4 дүгээр зуухан дээр энэ аргыг хэрэглэхэд эрчим хүчний үйлдвэрлэл ашиггүй гарсан. Харин манай станц дээр хэрэгжсэн олон удаагийн төслүүд, түүний дотор Япон улсын 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зуухнууд дээр үнс үлээлгэх төхөөрөмж суурьлуулснаар зуухнуудын ашигтай ажиллагаа нэмэгдсэн, зогсолт, гэмтэл буурснаар ашиг гарсан. Патентийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д зааснаар энэхүү нүүрс холих арга нь Хятад, Солонгос, Япон зэрэг эрчим хүч импортлодог орнуудад хэрэгжиж байгаа арга бөгөөд Монгол үндэстний ахуйд гэр, байшингаа галлах хамгийн энгийн амьдралын бодит байдал дээр энэ арга хэрэглэгдсээр ирсэн нийтэд илэрхий болсон шийдэл тул шинэ бүтээл биш, мөн Патентын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 51 дүгээр зүйлийн 51.2 заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд өнгөрсөн хугацаанд патент ашиглах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй тул төлбөр нэхэмжлэх эрх үүсэхгүй байна гэх татгалзал үндэслэлгүй. Учир нь төрийн эрх бүхий байгууллагаас Л.Г-ын санаачилсан Нүүрс боловсруулах арга-д шинэ бүтээлийн патентийг олгосон, энэхүү патент нь одоогийн байдлаар хүчин төгөлдөр байгаа, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн шинэ бүтээлийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба ийнхүү ашигласнаар эрчим хүчний үйлдвэрлэлд ашиг гарсан, тоног төхөөрөмжийн гэмтэл буурсан нь Атен ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэдийгээр зохигчдын хооронд патент ашиглах гэрээ байгуулагдаагүй боловч хариуцагч тухайн аргыг үйл ажиллагаандаа хэрэглэж ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.

 

10. Тус шүүхийн шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдсон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн Дулааны инженерийн салбарын эрхлэгч Доктор /Ph.D/ А.Түмэнбаяр, Монгол Улсын Зөвлөх инженер С.Цэцгээ нарын 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтэд ... нүүрс боловсруулах арга хэмээх энэхүү аргачлал нь нүүрсний чанарыг дээшлүүлэх зорилго бүхий боловсруулалтын арга биш болно. Учир нь нүүрсийг боловсруулах технологиуд нь механик, нойтон, дулааны, гүн боловсруулалтын зэрэг арга технологиудыг ашиглан түүний чанарыг дээшлүүлдэг. Гэтэл энэ аргын хувьд нүүрсний гол техник үзүүлэлт болсон илчлэг, үнслэг, чийглэг, дэгдэмхий эд гэсэн үндсэн үзүүлэлтүүд нэмэгдэж, дээшилсэн зүйлгүй зөвхөн механик холилт хийсэн холих арга юм, энэ шинэ бүтээлийг ашигласнаар нүүрсний хэмнэлт гарахгүй гэж дүгнэсэн нь нэгэнт патентийн эрхээр хамгаалагдсан шинэ бүтээлийг үгүйсгэсэн, мөн тухайн шинэ бүтээлийг ашигласнаар нүүрсний хэмнэлт гарахгүй, цахилгаан, дулааны эрчим хүчний боловсруулалтын хэмжээ нэмэгдэхгүй гэх дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй тул энэ дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүхээс үзсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК-иас 322,741,070.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гд олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх 73,188,212.8 төгрөгт холбогдох хэсгийг болон патент ашиглах лицензийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах гэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,701,455 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,771,655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР