Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00974

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00974

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: НГ ОНӨААТҮГ

Хариуцагч: МА ХХК

33.950.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, хариуцагч МА ХХК-ийн захирал Н.Б, өмгөөлөгч Н.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч НГ ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжиж шинээр барих байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн Засаг даргад шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/32 захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зөвлөмжийг үндэслэн НГ нь Мон Арч ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 48.500.000 төгрөгийн үнийн дүн бүхий ХУД .. дугаартай гэрээг байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүрэг Яармагийн зам дагуу Дугуй гүйлтийн зам, тохижилт үйлчилгээний төвийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хуанлийн 90 хоногт багтаан зураг төсвийг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Захиалагчаас гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 14.500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 19.450.000 төгрөг буюу нийт санхүүжилтийн 70 хувь болох 33.950.000 төгрөгийг МА ХХК-нд олгосон. Гэтэл ажил гүйцэтгэгч нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж, үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч нь 2014 онд 3/3236-8, 2015 онд 3/1860, 3/3233, 3/3284, 2016 онд 3/2551, 3/2732 тоот албан бичгүүдээр МА ХХК-нд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан. Ажил гүйцэтгэгч МА ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасан гэрээгээр тохирсон ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, мөн хуулийн 350.1.2-т заасан гүйцэтгэх ажлын мөн чанар ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг биечлэн гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй. Гэрээний хугацааг хоёр тал харилцан сунгаж байсан. Барилгын тухай хуулиар манайх техникийн нөхцөлийг гаргаж өгөх байсан боловч холбогдох газруудаас шалтгаалж хугацаандаа гараагүй удсан. Техникийн нөхцөл болон бусад зүйлтэй холбоотой зурганд өөрчлөлтүүд хийгдэж хугацаа алдаж байсан. Тухайн үед энэ газарт Боловсролын яамнаас өөр төслийн тендэр зарлагдаж сургууль баригдсан. Иймд хариуцагч МА ХХК-наас ажлын хөлс 33.950.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч МА ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал Н.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: НГтай манай компани 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 48.500.000 төгрөгийн үнийн дүн бүхий ХУД .. дугаартай гэрээг байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүрэг Яармагийн зам дагуу Дугуй гүйлтийн зам, тохижилт үйлчилгээний төвийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хуанлийн 90 хоногт багтаан зураг төсвийг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээ хиймэгц хэмжилт, судалгаагаа эхэлж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-нд тохижилт үйлчилгээний төвийн текникийн нөхцөл хүссэн албан бичиг өгсөн. Мөн эскиз зургаа зурж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2014 оны 08 дугаар сарн 18-ны өдөр батлуулахаар өгсөн. Тохижилт үйлчилгээний төвийн барилгын геологийн дүгнэлтээ 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан. Мөн дэвсгэр зургийг Топо мастер ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, НГ, Хан-Уул дүүргийн ЗДТГазруудаар эскиз зургаа батлуулах гэж хөөцөлдсөөр 08 дугаар сарын 18-нд батлуулахаар өгсөн. Эскиз зураг 09 дүгээр сарын дундуур батлагдсан нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас гарах цахилгаан техникийн нөхцөл удсантай холбоотой. Ингээд манай компаниас шалтгаалаагүй хүчин зүйлээс болоод зураг хүлээлгэж өгөх гэрээт хугацаа хойшилсон. Зураг төсөл зохиох бүх материал, санхүүжилт 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шийдэгдсэн тул Хан-Уул дүүрэг Тохижилт үйлчилгээний төвийн барилга, яармагийн зам дагуух дугуй гүйлтийн 6,5 км замын зураг төслөө 2014 оны 12 дугаар сарын 08-нд дуусгаж Онцгой байдлын ерөнхий газарт хянуулахаар албан бичигтэйгээ хүлээлгэж өгөөд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай №632/0-180 тоот дүгнэлт хүлээж авсан. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иж бүрэн зураг төсөл, төсөвөө Улсын экспиртизэд оруулах саналтай байгаагаа .. газрын мэргэжилтэн Б.Пд хэлтэл манай хэлтэс зургийг чинь шалгаж үзнэ гэсний дагуу зураг төсөвөө Б.Пд хүлээлгэж өгсөн. Мэргэжилтэн Б.П зураг төсөл хянана гэж авснаас хойш 1 сарын дараа зураг төсөл яасан бэ гэж асуухад ажлын ачаалал ихтэй байгаа үзэж амжаагүй гэж хариулан түүнээс хойш 14 хоногийн дараа зураг төсөл, төсөвд засвар хийх санал, зөвлөмжийн карт гэдэг хуудсан дээр Барилга архитектурын зурган дээр 9 ширхэг засах зөвлөмж бичсэн, барилгын төсөв дээр 10 ширхэг засах зөвлөмж бичсэн карт өгсөн тул эдгээр ажлын засварыг ажлын 10 хоногт багтаан хийж засаад эргээд аваачиж өгсөн. Гэтэл мөн л шалгана гэж хэлээд 20 орчим хоногийн дараа мөн Барилга архитектурын зурган дээр 10 алдаа, барилгын төсөв дээр 10 гаруй алдаа, халаалт салхивч, цэвэр бохир ус, цахилгаан холбоо дохиолол зэрэг бүх зурган дээр алдаа бичиж үүнийг засч өг гэсэн. Тухайн үед эдгээр зөвлөмжөө нэг мөр бичээд өгөхгүй яасан юм бэ гэхэд Б.П нь инженерүүд завгүй байсан юмаа гэсэн хариу өгсөн. Ингээд 14 хоногийн дараа засвар хийсэн зурагнуудаа Б.Пд чиний засвар хийх зөвлөмжийн дагуу засчихлаа, улсын экспертизээ өгөх үү гэхэд дахиад шалгана гэж авч үлдээд Б.П Хангарьд ордны 7 давхарт байрлах Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржийн өрөөнд орж Дугуй гүйлтийн замын зургаа үзүүлж зөвшөөрөл ав гэсний дагуу орж үзүүлэхэд авто замын зураг биш байна. Авто замын зураг зурдаг тусгай зөвшөөрөлтэй компаниар зуруул гэхээр нь манайх авто зам биш, дугуй гүйлтийн зам гэдгээ хэлэхэд тэр хамаагүй Дугуй гүйлтийн зургийг чинь Авто замын зургийн шаардлагын дагуу авна гэсэн тул Авто замын зураг зурдаг компаниуд хайгаад зургийг 5.000.000 төгрөгөөр зуруулсан. Замын гэрэлтүүлгийн шонгийн зургийг хоршигч байгууллага болох Нью кон ХХК-иар 2.000.000 төгрөгөөр зуруулж холбогдох бүх байгууллагаас нь гарын үсэг зөвшөөрлийг авсан. Ингэж явсаар 2015 оны зун болсон. Мэргэжилтэн Б.Пд зургаа шалгуулахаар өгсөн. Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний зургаа очиж авахад ахиад бүх инженерүүдийн зурган дээр засвар гаргасан байхаар нь Улсын экспертизээр орох зургийг ямар их шалгадаг юм бэ гэж хэлсэн. Сарын дараа авто замын зургийг Дөрвөн тэнхлэг ХХК 6.5 км дугуй гүйлтийн замын зураг чинь дууссан ирж төлбөрөө төлөөд зургаа аваарай гэхээр нь зургаа очиж аваад Авто замын газрын дарга Д.Нанзаддорж дээр орж Дугуй гүйлтийн шинэ зургаа үзүүлтэл шаардлага хангахгүй зас гэхээр нь буцаж Дөрвөн тэнхлэг ХХК-нд хэлэхэд бид зургийг муу зураагүй, мөнгөө төл гэсэн хариу өгсөн. Энэ тухай НХОГын мэргэжилтэн Б.Пд хэлэхэд тэгвэл танай компани авсан санхүүжилт болох 33.465.000 төгрөгтөө ХУД-ийн ТҮТ-ийн зургаа дүйцүүлж өгөөд үлдсэн мөнгөндөө Дугуй гүйлтийн зургаа хаалгах юм уу гэсэн. .. газрын мэргэжилтнүүд маш их хүнд суртал гаргах, хийх ёстой ажлаа цагт нь хийгээгүй. Эргээд мэргэжилтэн Б.Птэй уулзахаар очиход гадаад явсан 1 жил болох байхаа гэж нэг мэргэжилтэн хэлэхээр нь манай зургийг ямар хүн хариуцаж байгаа бол гэхэд мэдэх хүн байхгүй байсан тул буцаж гарч явсан. 2017 оны 02 дугаар сард мэргэжилтэн Б.Уа гэж хүн яриад зураг төслөө аваад ир, уулзана уу гэхээр нь очиж зургаа хүлээлгэж өгсөн. 2-3 хоногийн дараа ярихад ирж зургаа ав гэхээр нь очтол Зураг төсөл, төсөвт засвар хийх санал, зөвлөмжийн карт өгсөн. Түүнд Б.П мэргэжилтэн зурганд 4 удаа засвар оруулсан гэхэд хийх ёстой ажлаа хийж байна гэсэн хариу өгсөн. Ингээд зургаа авч Барилга архитектур, төсөв хоёр дээр орсон өөрчлөлтийг засаад 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б.Уад хүлээлгэж өгөөд НХОГ-ын хууль, хяналтын хэлтсийн дарга Ч.Б, Б.Уа нартай уулзахад удаан хугацаагаар зураг төсвөө хүлээлгэж өгөөгүй байна гээд тохирсон ёсоор зураг төсвөө 2 дахиа засаж өгөхөөр тохиролцож хоршигч байгууллагадаа хэлж засуулаад 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мэргэжилтэн Б.Уад хүлээлгэж өгсөн. Гэтэл дахин зас гэхээр нь хоршигч байгууллагууддаа хэлж, гуйж засуулаад 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зассан зургаа хүлээлгэж өгсөн. Манайх нийтдээ зургийг 7 удаа зассан. Гэтэл дахин намайг дуудаад 3 хуудас 30 орчим засвартай Хяналтын хуудас бэлдчихсэн сууж байсан. Олон удаа зассан одоо Улсын экспертизээр шалгуулна гэхэд Хууль, хяналтын хэлтсийн дарга С.Б одоо танайхаар ахиж засуулахгүй танай зургийн гүйцэтгэл 50% гэж бид тогтоосон, 70%-ийн санхүүжилтийн 20% болох 10.000.000 төгрөгийг буцаагаад төл гэсэн. Дууссан зураг яахаараа 50% гүйцэтгэлтэй байдаг юм ядаж 90% гүйцэтгэлтэй гэхэд танайхыг шүүхэд өгнө гэсэн хариу өгсөн. Манай гүйцэтгэсэн ажил 80%-тай гарсан учир нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөнд дүйцүүлж хэргийг хаалгах хүсэлтэй байна. Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээс татгалзаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч НГ ОНӨААТҮГ нь хариуцагч МА ХХК-нд холбогдох 33.950.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ үүргээ зөрчиж, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр гараагүй тул ажлын гүйцэтгэлд өгсөн 33.950.000 төгрөгийг гаргуулна, хариуцагч нь зураг төсөл зохиох бүх материал санхүүжилт 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн тул зураг төслөө дуусгаж Онцгой байдлын ерөнхий газарт хянуулсан дүгнэлтийг авч нэхэмжлэгчид өгөхөд мэргэжилтэн үзнэ, засна гэсээр хугацаа алдаж байсан. Зураг төсөлд нийт 7 удаагийн засвар хийсэн. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас удааширсан. Бид зургийг 80%-тай гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

Зохигчийн байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Хан-Уул дүүргийн Яармагийн зам дагуу дугуй, гүйлтийн зам тохижилт үйлчилгээний төвийн барилгын ажлыг зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэрээгээр зөвлөх буюу МА ХХК нь Хан-Уул дүүрэг Яармагийн зам дагуу дугуй, гүйлтийн зам, Тохижилт үйчилгээний төвийн барилгын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ХУД2014/ДЗ-ТҮТ дугаартай гэрээг 48.500.000 төгрөгөөр үйлчилгээг үзүүлэхээр зөвлөхийн ирүүлсэн тендерийг хүлээн зөвшөөрч 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож хуанлийн 90 хоногт буюу 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зураг төсвийг захиалгачид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч МА ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эскиз зургаа зурж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт өгч холбогдох техникийн нөхцөл авах, дүгнэлт гаргуулах зэрэг ажлыг хийж эскиз зураг 2014 оны 09 дүгээр сарын дундуур батлагдаж, ажлын тайлангийн хамт захиалагч байгууллагад өгч эхний санхүүжилт 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төслийн 14.015.000 төгрөг захиалагч тал шилжүүлсэн. Үүгээр Хан-Уул дүүрэг Тохижилт үйлчилгээний төвийн барилга, Яармагийн зам дагуух дугуй гүйлтийн 6.5 км замын зураг төсөл гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт хянуулж 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт гарсан. 2 дахь буюу дунд шатны санхүүжилт болох 19.400.000 төгрөгийг захиалагч 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шижлүүлсэн болох нь тогтоогдож байна.

Талууд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний биелэлтийг дүгнэж ажлын зураг дуусан шатандаа, Онцгой байдлын газраар хянагдсан. ОБЕГ-ын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр албажин гарч ирсэн. Цахилгааны техникийн нөхцөл гараагүй. Хариуцагч байгууллагаас шалтгаалаагүй гэрээт хугацаандаа үндсэн ажлаа хүлээлгэж өгөх боломжгүй болсон тул техникийн нөхцөлүүд албажин гарч ирсэн өдрөөс хойш 45 хоногийн дараа зураг төсвийг хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэж 40 хувийн санхүүжилт болох 19.400.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж Гэрээ дүгнэсэн протокол үйлдсэн байна. /хх-57/

Нэхэмжлэгч НГ ОНӨААТҮГ нь Барилгын тухай хуульд заасан техникийн нөхцөлүүдийг гаргуулах албан бичгийг холбогдох байгууллагуудад явуулж, эдгээр техникийн болон бусад нөхцөлүүдтэй холбогдуулан зураг төсөлд удаа дараа өөрчлөлт орж хугацаа алдаж, талууд тохиролцон гэрээний хугацааг сунгаж байсан үйл баримт шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбараар тогтоогдож, энэ тайлбартаа талууд маргаагүй байна. Иймд хариуцагчийг гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч техникийн зүйл болон бусад нөхцөлөөс шалтгаалж зурагт засвар оруулж, хугацаа алдаж байсан, тухайн газар хоёр тендер зарлагдсаны нэг нь Боловсролын яамнаас хэрэгжүүлсэн сургууль, цэцэрлэг барих тендер байсан бөгөөд санхүүжилт нь оны өмнө төсөвт суусан учир давуу эрхээр барилгын ажил нь эхэлсэн. Тухайн үед хариуцагч Мон Арч компани зураг төсөвөө гэрээгээр тохирсон 90 хоногт багтаан хийсэн бол боломжтой байсан байх хэмээн тайлбарласан боловч нэхэмжлэгч талаас гаргах техникийн нөхцөл удаашрах, санхүүжилт хугацаандаа ороогүй зэрэг байдлаас гэрээ хугацаандаа хэрэгжих боломжгүй байсан болох нь нотлогдож байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар А/607 захирамжаар Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын газрын зориулалтаар Хан-Уул дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн давааны гэр хорооллын баруун талд байршуулсан 0,8 га газар эзэмших эрх олгож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар №03 зөвлөмжөөр Тендерийн үнэлгээний хорооны 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл, дүгнэлтийг үндэслэн Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо/ угсралтын ажилд шалгарсан байгууллага болох Даконконстракшн ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг НГт даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Хөрөнгө оруулалтын ажлын зохион байгуулах тухай А/557 захирамжаар Нийслэлийн 2014 оны төсвийн тодотголоор 2014 онд санхүүжих дүнд өөрчлөлт орсон Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын жагсаалтыг хавсралтаар баталж 2014 оноос хэрэгжиж дууссан байна.

Зохигч 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний хугацааг захиалагчийн гүйцэтгэх техникийн нөхцөлөөс шалтгаалж сунгаж, энэ хугацаанд талууд гэрээг дүгнэж нэхэмжлэгч бусад техникийн нөхцөлөөс шалтгаалж ажлын зурагт өөрчлөлт оруулж байсан тул Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгчийг гүйцэтгээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Захиалагч НГ ОНӨААТҮГ нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2, 351.1.3-т заасан гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах, гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг гүйцэтгэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр гэрээнд заагдсаны дагуу 2014 онд зохиогдсон ажлын зургийн дагуу төсөвийг хийж гүйцэтгэсэн. Барилга угсралтын ажлын төсөвийн гүйцэтгэл 80,8%-тай хийгдсэн. Үүнд барилга угсралт 100%, гадна зам талбай тохижилт 100%, гадна бохир ус бохирын цооног 85%, гадна цахилгаан, гадна гэрэлтүүлэг 100%, дэд өртөө 100%, дулаан механик-0%, дундаж 80,8% гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон, гэрээ цуцлахад хариуцагчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлсөн 33.950.000 төгрөгийг шаардах эрхгүй тул хариуцагч МА ХХК-нд холбогдох ажлын хөлс 33.950.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч НГ ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн хөлс 2.112.557 төгрөгний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хүсэлт гаргагч хариуцагч МА ХХК-наас гаргуулж шинжээчид олгох үндэслэлтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулж гэрээ цуцалж, учирсан хохиролд 5.500.000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаас татгалзсан тул хариуцагчийн татгалзлыг баталж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч МА ХХК-нд холбогдох ажлын хөлс 33.950.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч НГ ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч МА ХХК нь нэхэмжлэгч НГ ОНӨААТҮГ-т холбогдуулж гэрээ цуцалж, учирсан хохиролд 5.500.000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаас татгалзсан, татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч МА ХХК-наас шинжээчийн хөлс 2.112.557 төгрөг гаргуулж БХтөвд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА