Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 822

 

 

 

 

 

 

 

 

 

Н ОНӨААТҮГ-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/00398 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М ” ХХК-д холбогдох,

 

Гэрээний дагуу шилжүүлсэн 33 950 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Болорчулуун,

Хариуцагчийн төлөөлөгч: Н.Бадрал,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н нь “М ” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 48 500 000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн Яармагийн зам дагуу дугуй, гүйлтийн зам, тохижилт үйлчилгээний төвийн барилгын ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хуанлийн 90 хоногт багтаан зураг, төсвийг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон.

Хариуцагчаас удаа дараа гэрээний үүргийг шаардсан боловч биелүүлээгүй. Захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 14 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 19 450 000 төгрөгийг шилжүүлэн санхүүжилтийн 70 хувь болох нийт 33 950 000 төгрөгийг “М ” ХХК-д олгосон.

Иймд “М ” ХХК-аас гэрээний үүрэгт төлсөн төлбөр болох 33 950 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Н тай 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хиймэгцээ хэмжилт, судалгаагаа эхэлж “УЦТС ” ТӨХК-д техникийн нөхцөл хүссэн албан бичгээ өгсөн.

Мөн эскиз зургаа зурж 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт өгсөн.

“ПТ ” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулж тохижилт үйлчилгээний төвийн барилгын геологийн дүгнэлтээ 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээж авсан, мөн дэвсгэр зургаа “ТМ ” ХХК-иар 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн.

Хамтран ажиллаж байсан “НК ” ХХК-д ажлын хөлсийг өгч чадаагүйн улмаас цахилгаан, холбоо, дохиолол, цэвэр, бохир ус, халаалт, салхивчийн зурагнууд түр зогссон.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Н, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраар эскиз зургаа 2014 оны 09 дүгээр сарын дундуур батлуулсан, үүнээс болж “УЦТС ” ТӨХК-ийн цахилгааны техникийн нөхцөл удааширч 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гарсан.

Манай байгууллагаас үл шалтгаалах нөхцөл байдлаас болж зураг хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон. Зураг төсөл зохиох материал, санхүүжилт 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шийдэгдсэн тул Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн барилга, Яармагийн зам дагуух дугуй, гүйлтийн 6.5 км замын зураг төслөө 2014 оны 12 дугаар сарын 08-нд дуусгаж Онцгой байдлын ерөнхий газарт өгсөн, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт гарсан.

Нэхэмжлэгчээс олгосон эхний болон дунд шатны санхүүжилт 33 465 000 төгрөгийг манай компани хүлээж авсан.

Бэлэн болсон зураг төсөл, төсвөө улсын экспертизэд оруулах саналаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэнд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 40 гаран хоногийн дараа Б.П нь барилгын архитектурын зурган дээр 9 ширхэг, төсөв дээр 10 ширхэг засвар хийх зөвлөмжийг өгсөн. Эдгээрийг ажлын 10 хоногт багтаан засч гүйцэтгээд буцаагаад өгсөн.

Мөн л зураг төсөл, төсөв дээр тус тус 10 ширхэг засвар, холбоо, дохиолол, халаалт, салхивч, цэвэр, бохир ус, цахилгаан гээд бүх зурган дээр алдаа бичиж, үүнийг засч өг гэсэн ба 14 хоногт багтаан засч өгсөн. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн нь дугуй, гүйлтийн замын зургаа Нийслэлийн авто замын газраар хянуул гэж хэлсний дагуу тус газрын даргатай уулзахад “танайх архитектурын компани байна, наад зургаа авто замын зураг зурдаг тусгай зөвшөөрөлтэй компаниар зуруул” гэж хэлсэн тул “Д ” ХХК-аар зуруулж Нийслэлийн авто замын газарт өгсөн, мөн л засвар оруулах шаардлагатай гэж хэлсэн, энэ тухай “Д ” ХХК-д хэлэхэд төлбөрөө нэмж төл гээд дургүйцсэн.

Манай байгууллага гэрээний дагуу зурагнуудаа 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 100 хувь хийж гүйцэтгэж дуусаад тухайн өдрөө хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “М " ХХК -иас 33 950 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ОНӨААТҮГазарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227 700 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх 15441 дүгээр захирамж гарч шүүх хуралдааныг товлон зарласан бөгөөд хариуцагч “М ” ХХК-ийн захирал Н.Б  шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буюу хэлэлцүүлэх захирамж гарахаас өмнө мэдэгдэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн.  

Мөн шүүх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1162 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон ба тус байгууллага нь шинжээчээр ажиллах боломжгүй гэх хариу өгөхөд шүүгчийн 2973 дугаар болон 8922 дугаар захирамжаар шинжээч томилсон захирамжид өөрчлөлт оруулсан нь ноцтой алдаа байна. Мөн тухайн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй боловч гомдол гаргах эрхээр хангаагүй, шинжээчээр томилсон байгууллагад шинжилгээ хийх албан бичгийг шууд хүргүүлсэн.

Шүүх хуралдааны үед удаа дараа шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүгч тодорхойгүй үндэслэлээр хангахаас татгалзсан. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчид нотлох баримтыг хүлээлгэн өгсөн ба шүүгчийн захирамжаар болон нотлох баримт хүлээлцсэн баримтанд тус баримтыг хэдийд буцаан өгөх талаар дурьдаагүй шүүхээс шаардсан тухай ямар нэгэн тэмдэглэл шүүгчийн захирамж гараагүй байхад хариуцагчийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 300 000 төгрөгөөр торгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Шүүх шинжээч томилсон асуудлыг огт харгалзахгүйгээр шүүгчийн захирамжийн биелэлт хангуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь алдаатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н ОНӨААТҮГ нь хариуцагч “М ” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн 33 950 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Хариуцагч “М ” ХХК-ийн төлөөлөгч 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэндээ үзлэгээр бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг гаргуулах, Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Яармагийн зам дагуу мод тарих, 135 дугаар сургууль, 219 дүгээр цэцэрлэгийн барилга барих тендерийн зар, холбогдох бусад нотлох баримтыг гаргуулна уу гэжээ. Анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШЗ2018/01162 дугаар захирамжаар хүсэлтийг шийдвэрлэхдээ үзлэгээр бэхжүүлэгдсэн нотлох баримт гаргуулах хүсэлтийг орхигдуулсан ба шинжээч томилуулах хүсэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн гэж дүгнэхээр байна.

 

Учир нь анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчийн хүсэлтийн дагуу маргаан бүхий тендерийн хувийн хэрэгт үзлэг хийсэн байх боловч уг үзлэгийн тэмдэглэлд баримтын нэр, агуулга тусгагдаагүй байна: Үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан шаардлагыг хангуулсан байдлаар гаргуулсан тохиолдолд үнэлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, бичгийн нотлох баримтыг гаргуулах боломжтой тохиолдолд үзлэгээр бэхжүүлэх шаардлагагүй юм.

 

Мөн шүүгчийн захирамжийн дагуу маргаан бүхий зураг төсөлд хамаарах газарт өөр барилга байгууламж баригдсантай холбоотой баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч холбогдох газруудад уг баримт байхгүй гэсэн хариу албан бичгийн агуулгаар хэргийн 75-76 дах талд авагдсан гэрэл зургаар бэхжүүлсэн баримтыг шууд үгүйсгэх дүгнэлт хийхэд учир дутагдалтай байна.

 

Маргааны зүйл болох зураг төслийн талаар мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргахаас татгалзаж байгаа нь үндэслэлтэй эсэхийг шүүх анхаараагүй байна.

 

Иймд нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/00398 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар ххариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА

 

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА