Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 56

 

О.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01293/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.О-д холбогдох,

          “Хүүхдийн асрамж тогтоолгох” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “хүүхдийн асрамжийг хэвээр үлдээж, тэтгэлэг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай  иргэний  хэргийг

          Хариуцагч Э.О-ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа нар онлайнаар, хариуцагч Э.О-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч О.Д-аас:

Миний хувьд 2001 онд Э.О-тай танилцаад хамт амьдарч байгаад 2002 билүү 2003 онд түүний аав нь Дарханд ирж амьдар гэсэн саналыг тавьдаг байсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2010 он хүртэл 3 хүүхэдтэй болсон. 2010 онд Э.О- байшингаа сайжруулмаар байна. Ийм байшинд амьдарч чадахгүй гэсэн. Тухайн үедээ би ажил хийгээд Э.О- гэртээ хүүхдүүдээ хараад байдаг байсан. 2010 оны намар гэр бариад газар хөөцөлдөөд явсан. Э.О- зун аав ээж дээрээ очиж дэлгүүрт нь тусалъя, хүүхдүүдээ Дарханд сургуульд оруулъя гэхээр нь би зөвшөөрөөд энд оруулсан. Тэгээд би хотод байшингаа барьж эхэлсэн. ... Тэгтэл хэсэг хугацааны дараа түүнийг Мөнгөншагай гэдэг нэг залуутай болсон гэж би базаасаа сонссон. ... Түүнээс хойш одоогийн нөхөр М- гэдэг хүнээс жирэмсэн болоод хүүхдийг нь гаргахаар болсон. ...Тэгээд гэрлэлт цуцлуулах үед охидууд бага байсан. Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд хүүхдүүд эхийн асрамждаа үлдсэн. ...2018 оны намар улирлын амралтаар ирээд хүүгээ аваад явсан. Тэгээд хүүгээсээ асуухад хойд эцэг нь хүүг маань ташуураар цохидог, 1 удаа цохихдоо арван удаа ташуурддаг. Тэгтэл 2018 оны 11 дүгээр сард хүү залгаад хойд аав зодсон гэж хэлэхээр нь 102 дугаарт залгаж гомдол хэлэхэд цагдаагийн байгууллагаас сургуулийн нийгмийн ажилтнаар шалгуулахад биед шарх сорви байхгүй, гэхдээ хүү 10 удаа ташуурдсан гэж мэдүүлсэн байсан. Түүнээс хойш сарын дараа 2018 оны 12 дугаар сард хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Би 7037102 дугаартай утас руу залгаад асуухад зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзлаа гээд Д- гэдэг хүн хэлсэн. ... А- эрүүл мэндийн хувьд асуудалтай байна гэж хэлсэн. Нарийн гэдэсний хана үсэрхэг байх ёстой байтал сорвижсон байна. Насан туршдаа эмчийн хяналтад байлгахаар байна. Онош нь ходоодны шарх гэсэн. Одоо шүүх цагдаагийн асуудал явж байгаа учир зодуурын асуудал нь намжсан байгаа. Хүү маань аавтайгаа баймаар байна намайг хурдан аваач ээ гэж хүсэж байгаа. Хүүхдэд хууль эрх зүйн хамгаалалт байхгүй байна. Иймд хүү Д.А-ыг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.О-аас:

Миний бие Улаанбаатар хотод амьдарч байсан ба гудамжны болон гэрийн орчин нөхцөл хүүхдүүд амьдрах, тоглох, эрүүл өсч бойжихоор нөхцөл муу байсан тул бид Д-ыг байраа засварлаж хүүхдүүд өсөх тав тухтай орчныг бий болгох байх гэж санаад 2010 оны 05 дугаар сард бага хүү А-ыг 10 сартай байхад нь төрсөн эцэг, эх нь О.Д-д Тахилтад хашааны газар авч өгөөд хашаа барих блок, цемент зэргийг авч өгсөн боловч хашаагаа тал бариад орхисон ба бидний амьдарч байсан байрыг газарт орно гээд засаагүй байсан. 2010 оны 09 дүгээр сард том охин Д.А- сургуульд, охин Д.Н-, хүү Д.А- нар цэцэрлэгт орж би эцэг эхийнхээ үүсгэн байгуулсан Шинэгэгээн ХХК-д менежерээр ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

2014 он хүртэл бидний гэр бүлийн харилцаа хэвийн тус тусдаа амьдарч байсан ба Д-ыг Дарханд ирж хамтдаа амьдрахыг гуйсан боловч ойлгомжгүй зүйл ярьж татгалзсан тул 2014 онд гэр бүлээ цуцлуулсан. Энэ хугацаанд би эцэг, эхийнхээ дэмтэйгээр 3 хүүхдээ өсгөж, Д-ыг ажиллах, сурах бүхий л бололцоогоор хангаж, гэр бүлийн зүгээс саад болоогүй. 2003-2014 онуудад хамтран амьдарсан 11 жилийн хугацаанд О.Д- амьдралдаа ямар ч ахиц гаргаагүй ба үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө ямар ч хичээл зүтгэл гаргахгүй үр хүүхдээ өсгөхөд халамж анхаарал муу тавьж байсан ба одоо ч энэ байдал хэвээрээ байгаа. Бага хүү Д.А- нь төрсөн эцэг О.Д-тай 10 сар хүртлээ хамт амьдарсан ба сургуульд орсон үеэс нь хааяа нэг Дарханд ирж уулздаг байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш би хүүхдүүдээ төрсөн эцэгтэй нь хүссэн үед нь уулзуулж хамт байлгадаг. Иргэн О.Д- нь төрсөн эхэд нь мэдэгдэлгүйгээр 2 удаа хүү Д.А-ыг авч явж биднийг сандаргасан тул би асран хамгаалагчийн хувьд хүүхдүүдтэйгээ уулзахдаа хүүхдийн хүмүүжилд буруугаар нөлөөлж, хүүхдийг ятган худлаа яриулж, хүүхдийн сэтгэлийг эд зүйлс, мөнгө, тоглоомоор татах гэсэн байдал удаа дараа ажиглагдсан тул би хүүхдүүддээ ээждээ үнэнийг хэлж байхыг хүссэн. Хүүхдүүдтэйгээ уулзсан сүүлийн уулзалтын үеэр том охин Д.А-д 200.000 төгрөг өгөөд ээждээ хэлэхгүй байхыг анхааруулсан нь миний сэтгэлийг их эмзэглүүлсэн. Мөн хүүхдээ зодсон гэж өгч, миний нэр хүндэд халдан, төрийн ажилд хүндрэл учруулсан. Мөн бага хүү Д.А-ын нэр хүндэд нь халдаж, багш, анги хамт олных нь дунд эвгүй байдалд оруулж, хуулийн ажилтнаар байцаалт авхуулж, хүүхдийн сурах үйл ажилд саад болсон. Одоо О.Д- нь Оюутолгой ХХК-д ажил эрхэлж байгаа тул эцэг хүний үүргээ биелүүлж, хүүхдүүддээ тэтгэлэг төлөхийг хүсч байна. Тэтгэврийн мөнгийг тус тусын дансанд нь хийж, хуримтлал үүсгэн цаашид сургуульд суралцахад нь зориулна гэжээ.

Хариуцагч Э.О- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2003 онд О.Д-тай гэр бүл болон 2004 онд охин Д.А-, 2006 онд охин Д.Нолжирмаа, 2009 онд хүү Л.А- нарыг төрүүлэн Улаанбаатар хотод О.Д-ынд амьдарч байгаад амьдрал туйлдаж доройтсоны улмаас 2010 оны 05 дугаар сард Дарханд шилжин ирж ажилд орон хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулан суурьшин амьдарсан. Энэ хугацаанд О.Д- Улаанбаатар хотод тусдаа ажиллаж суралцаж байсан. 2014 оныг хүртэл тус тусдаа амьдарч байгаад албан ёсоор гэрлэлтээ цуцлуулан миний бие 3 хүүхдээ өөрийн асрамждаа аван О.Д-ын цалин багатай ажилтай нь хажуугаар сургалтад сууж байсныг нь харгалзан үзэж хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй болно. Өнгөрсөн хугацаанд О.Д- нь хүүхдүүдийг ялангуяа хүү Д.А-ыг худлаа яриулж, ээждээ битгий хэлээрэй гэж мөнгө төгрөг өгч, байсан нь өсвөр насны хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, буруу үлгэр дуурайл болж байгааг хэлэхэд намайг хэл амаар доромжилж, эцэг байх эрхийг нь хааж боогдууллаа гэв. Иймд О.Д-ыг эцэг хүний үүргээ хүүхдийн сэтгэл хуурсан зүйлээр биш, хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж төлөхийг хүсч байна. Миний амьдрал ахуйн хувьд боломж бололцоо сайтайн дээр 4 хүүхдэдээ тус бүрт нь хугацаатай хадгаламж нээлгэн сар бүр тодорхой хэмжээний мөнгийг байршуулж байдаг бөгөөд хүүхдийн тэтгэмжийн мөнгийг тус тусын дансанд нэмэрлэж ирээдүйн амьдралын баталгаа болгож болно гэжээ.

Нэхэмжлэгч О.Д- сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа:

...Э.О- ирж хамт амьдрах санал тавьсан бөгөөд амьдарч байх хугацаандаа хүүхдүүдээ гаргаж бойжуулж, зөвхөн миний цалингаар амьдралаа болгож байсан тул байшин савыг өөд нь татах ямар ч боломж гаргаагүй. Э.О-ы аав, ээж нь ч тухайн үед амьдарлын боломж муу байгаад сүүлд нь 8 нэрийн дэлгүүр нээж, хүн хүч маш их хэрэгтэй болсон үеэс намайг ажпаасаа гарч Дарханд ирж амьдрахыг санал болгох болсон. Нөхөр болох М- сайн хүн биш болох нь мэдэгдэж байгаа бөгөөд нэг газар жаахан морьтой морь унадаг гэх, миний хүүхэд А-ыг морины хүүхэд болгоно гэдэг. Морь унаж сурсангүй гэж ташуураар ороолгодог. Тэр зорилгоор биеийг нь хөнгөн, хатингар биетэй болгохын тулд ходоод, хоол боловсруулах эрхтэн системд нь муугаар нөлөөлөх зүйл өгсөн байж магадгүй гэж би хардаж байгаа. Хойд эцгээ зодох бүрт нь мэдэгдэж байгаарай гэж хүүдээ хэлсэн. 11 сарын 18-нд зодсон тухай нь 20-нд мэдээд Дарханы цагдаад мэдэгдсэн байгаа. Тухайн үед 10 ороолгосон, аймшигтай өвдсөн гэж хэлсэн. Миний хувьд хүүхэд өсгөхөд тохиромжтой гэж үзээд Архангай аймагт хашаа байшин авсан байгаа. Тэнд цаашид амьдарна. Хүүхдийн тэтгэврийн хувьд татгалзах зүйлгүй бөгөөд харин Э.О-ы нээлгэсэн дэвтэрт хийх албагүй бөгөөд өөрөө биечлэн дэвтэр нээлгэж, насанд хүрч сургууль соёлд орох үед нь гардуулж өгөхөд бэлэн байна. Мөн Улаанбаатарт 2-3 газарт зуслангийн газар худалдаж авсан байгаа бөгөөд насанд хүрч хүнтэй суух үед нь байшин барьж өгөх төлөвлөгөөтэй байгаа. Мөн дээд сургуулийг нь төгсгөж өгнө гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар шийдвэрээр:

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2,  дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.А-ын асрамжийг өөрчлөн эцэг О.Д-ын асрамжид, 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Д.А-, 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Д.Нолжирмаа нарыг эх Э.О-ы асрамжид тус тус үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг О.Д-, эх Э.О- нараар тэжээн тэтгүүлж, 

            Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг О.Д-, эх Э.О- нарт даалгаж,

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 574  дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нараас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож, нэхэмжлэгч О.Д-аас 86798 төгрөг, хариуцагч Э.О-аас 31.492 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.О-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ...хүү Д.А-ын асрамжийг өөрчлөн эцэг О.Д-ын асрамжид ... үлдээж, эх Э.О- нараар тэжээн тэтгүүлсүгэй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. О.Д-ын үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх тухай байсан гэтэл шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэж Э.О-д холбогдуулан тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх О.Д- хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, тэмдэгтийн хураамж төлөөгүй, уг асуудлаар маргаагүй байхад дээрх шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шийдвэр гаргасан.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д ...зааснаар хүүхдийн асрамжийг шийдвэрлэх гол нөхцөл бол эцэг, эхийн ахуйн нөхцөл, бололцоо байна. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхтэй гэтэл О.Д- нь өөрийгөө Оюу толгой ХК-д ажилладаг, 3-4 сая төгрөгийн цалинтай, Архангай аймагт хашаа байшин худалдаж авсан, Улаанбаатарт 2, 3 зуслангийн газар худалдаж авсан гэх боловч О.Д- нь өөрийн гэсэн ямар нэг өмч хөрөнгө, газар байхгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг нь тодорхойгүй хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Мөн хуульд асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн насыг харгалзаж үзнэ. Д.А- нь одоо 9 настай өөрөөс нь санал асуухад аавтайгаа байна гэж хэлдэг боловч өөрийнх нь мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр аавтайгаа байнга утсаар ярьдаг, дуртай тоглоомыг нь байнга авч өгдөг талаар мэдүүлдэг. Эцэг, эхийн хэний асрамжид үлдвэл өөрийнх нь эрх ашиг, ирээдүйд сайнаар нөлөөлөхийг ойлгох чадваргүй шилжилтийн насан дээрээ явж буй бага насны хүүхэд юм.

З....Э.О- нь өөрийн асрамжид байгаа Д.А-ын асран халамжлах үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзсэн нь буруу юм. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн баг нь тухайн асуудлыг бодитой дүгнээгүй, нотлох баримтыг харж үзээгүй, асуулт хариулт маягаар эцсийн дүгнэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд дээд гэдэсний шарх өвчтэй байсан нь Э.О- нь өмнө нь эмнэлэгт үзүүлж байсан бөгөөд ямар нэгэн өвчин зовиургүй эрүүл гэсэн эмчийн тодорхойлолт байдаг. Э.О- нь Д.А-ыг төрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл өсгөж хүмүүжүүлээд ирсэн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны хувьд асуудалгүй байхад хүүхдийг цаашид хэрхэн өсгөж хүмүүжүүлэх нь баталгаагүй мөн хамтран амьдрагчтай 4 сартай хүүхэдтэй О.Д-ын асрамжид Д.А-ыг үлдээсэн нь цаашид хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хүү Д.А-ыг эх Э.О-ы асрамжид үлдээж эцэг О.Д-аас тэтгэлэг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.                       

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Д-ыг хариуцагч Э.О-д холбогдуулж хүү Д.А-ын асрамж өөрчлүүлэх нэхэмжлэл, хариуцагч Э.О- хүүхдүүдийг өөрийн асрамжинд хэвээр үлдээж, төрсөн эцэг О.Д-аас тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх хүү Д.А-ын асрамжийг өөрчилж, эцэг О.Д-ын асрамжид, охин Д.А-, Д.Н- нарыг эх Э.О-ы асрамжид тус тус үлдээж, эцэг эхээс нь сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг хариуцагч Э.О- эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2003 онд гэр бүл болж, 2006 онд гэрлэлтээ батлуулсан байх бөгөөд тэдгээрийн дундаас 2004 онд охин Д.А-, 2006 онд охин Д.Н-, 2009 онд хүү Д.А- нар төрсөн, 2014 онд гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхэд эх Э.О-ы асрамжид үлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар нотлогдох бөгөөд энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч О.Д- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрлэлт цуцлуулснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрч, гэрлэлтээ цуцлуулж байх үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байх магадлалтай гэж тодорхойлжээ.

Тодруулбал: Хүү Д.А-ын хувьд эрүүл мэндийн хувьд болохгүй зүйл байгаа нь анзаарагдсан, ямар нэг хэмжээгээр зодуур, сэтгэл санааны дарамт хүчирхийлэлд байгаа шинж тэмдэг илэрсэн, өөрөө эцэг эхийнхээ хэнтэй нь амьдрахаа илэрхийлэх насанд хүрсэн байдал зэргийг харгалзан үзэж, хүүхдүүдтэй мэргэшсэн сэтгэл зүйчийн оролцоотой ярилцаж, ямарваа нэгэн хүчирхийллийн хэлбэр байгаа эсэхийг тодруулж, шаардлагатай гэж үзвэл эмнэлгийн нарийн үзлэг шинжилгээ хийлгэх, хүү Д.А-ын хоол боловсруулах эрхтэн системийн хордлого болсон бол тодруулах боломжтой эсэх гэжээ.

Шүүх хариуцагч Э.О-ы  хүү Д.А-ын одоогийн асрамж, ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл байгаа эсэх, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор эцэг, эх хоёрын хэнийх нь асрамжид байлгах нь хүүхдийн эрх ашигт нийцэх эсэхийг тогтоолгох тухай хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, хүүхэд, эцэг, эхийн харилцааны төлөв байдлыг харьцуулсан психометрик шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахад эцэг эхийн хүүхдэдээ хандах хандлагыг 3 төрлийн оношилгоогоор дүгнэж эхийн зүгээс хандах хандлага 2 судалгаагаар давуу талтай, хүүхдийн эцэг эхдээ хандах хандлагыг 5 төрлийн судалгаагаар дүгнэж 3 судалгааны дүнгээр эцэг О.Д-д давуу талтай гэсэн дүгнэлт гарсан байна.

Мөн нэхэмжлэгч О.Д-ын хүү Д.А-ын нүүр болон биед нь байгаа олон тооны сорви хэрхэн үүссэн, ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн эсэх талаар нарийн мэргэшлийн цогц шинжилгээ хийлгэх тухай хүсэлтээр  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд тус дүгнэлтээр Д.А-ын биед эрүүний сорви, зүүн шуу, нурууны нөсөө бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээд гэдэсний шарх өвчтэй, шээсэнд нь ТНС олсны ургамал бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн   гэсэн дүгнэлт гарсан байна.

Нэхэмжлэгч О.Д-ын хүү Д.А-ыг хойд эцэг Д.М- зодсон талаарх гомдлыг  Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар хүлээн авч шалгаад хэргийн материалд авагдсан баримтуудаар хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулгүйн зэргийн үнэлгээ бага, баримтаар тогтоогдоогүй, зөрчлийн шинжгүй гэсэн үндэслэлээр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх дээрх дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Э.О- нь өөрийн асрамжид байгаа Д.А-ыг асран халамжлах үүргээ бүрэн биелүүлээгүйгээс эрүүл мэндийн байдалд ноцтой үр дагавар үүссэн, цаашид эцэг эхийн халамж, хүүхэд аюулгүй орчинд эрүүл, саруул сурч хүмүүжих эрхээ эдлэх нөхцөл бололцоо, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан  нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийгөө Оюу-Толгой ХХК-нд ажилладаг, 7 хоног амарч, 14 хоног ажилладаг ажлын горимтой, 3-5 сая төгрөгийн цалинтай, Архангай аймагт хашаа байшинтай, ам бүл гурвуул амьдардаг бөгөөд ахуйн хувьд хүү Д.А-ыг өөрийн асрамжид авах бүрэн бололцоотой гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Шүүх шинжээчдийн дүгнэлтэнд тулгуурлаж, хүүхдийн асрамжийн асуудлыг өөрчлөхдөө Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан   хүүхдэд тавих эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал зэрэг зайлшгүй харгалзан үзэх  баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг ойлгоно гэж заасан бөгөөд хүү Д.А-ыг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.

Хэрэгт авагдсан баримтаар хүү Д.А-ын асрамжийг өөрчлөх зайлшгүй нөхцөл байдал үүссэн байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.

Хариуцагч Э.О- холбогдох нотлох баримтын үндсэн дээр хүүхдүүдийн тэжээн тэтгэх тэтгэмжийн талаар тусдаа бие даасан нэхэмжлэлийн шаардлага жич гаргах эрхтэй болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Д-ын хүүхдийн асрамж өөрчлүүлэхийг хүссэн үндсэн нэхэмжлэл, хариуцагч Э.О-ы хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч Э.О-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.700 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

     

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                        ШҮҮГЧИД                                   С.ЭНХЖАРГАЛ                                         

                                                                                                            Л.АМАРСАНАА