Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 355

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/01293/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, харилцах утас ..., О.Д нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, ...  регистрийн дугаартай, харилцах утас ... , Э.О-д холбогдох

 

2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн бага хүү Д.А-г өөрийн асрамжид авах,

 

Хариуцагчийн хүүхдийн асрамж хэвээр үлдээж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б , хариуцагч Э.О , хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд 2001 онд Э.О- тай танилцаад хамт амьдарч байгаад 2002 билүү 2003 онд түүний аав нь Дарханд ирж амьдар гэсэн саналыг тавьдаг байсан. Би өөрөө архи уудаггүй тамхи татдаггүй байсан учир хадмуудын дэмжлэггүй амьдарлаа аваад явж чадна гэж бодоод саналыг дэмжээгүй. Бидний хамтын амьдралын хугацаанд 2010 он хүртэл 2 охин 1 хүү, нийт 3 хүүхэдтэй болсон. 2010 онд Э.О надад огцом шаардлага тавьсан. Ямар шаардлага байсан бэ? гэхээр байшингаа сайжруулмаар байна. Ийм байшинд амьдарч чадахгүй гэсэн. Тухайн үедээ би ажил хийгээд явж байсан. Би ажил хийгээд Э.О гэртээ хүүхдүүдээ хараад байдаг байсан.Э.О “байшингаа сайжруулна” тэгэхгүй бол би аавруугаа явлаа гэсэн. Би зөвшөөрөөд зуслангийн газар аваад 2 давхар байшин барья гэсэн. 2010 оны намар гэр бариад газар хөөцөлдөөд явсан.Э.О зуны улиралд аав ээж дээрээ очиж дэлгүүрт нь тусалъя гэсэн. Э.О хүүхдүүдээ Дарханд сургуульд оруулъя гэхээр нь би зөвшөөрөөд энд оруулсан. Тэгээд би хотод байшингаа барьж эхэлсэн. Байшин барих удаашралтай байсан. Тэр хооронд би Дархан-Улаанбаатар гээд л явдаг байлаа. Намайг очлоо шүү гэхээр ирээд хэрэггүй гэдэг байсан. Хэлэхгүй очихоор дуртай үедээ ирээд явдаг хэн бэ гээд л Э.О уурладаг байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа түүнийг М гэдэг

нэг залуутай болсон гэж би базаасаа сонссон. Намайг очихоор дургүй байдаг нь чөлөөтэй гарч болохгүй хөл хорио хаагдаад байсан юм байна лээ. Хүүхдүүд бол намайг санаад байдаг байсан. Түүнээс хойш одоогийн нөхөр М гэдэг хүнээс жирэмсэн болоод хүүхдийг нь гаргахаар болсон. Тэр нь Дархан гурил тэжээлийн үйлдвэрийн захирал гэж ойлгож байсан боловч үгүй юм шиг байсан. Өөрөө баян хүнтэй суучихлаа л гэж бодсон байх. Тэгээд гэрлэлт цуцлуулах үед охидууд бага байсан. Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд хүүхдүүд эхийн асрамждаа үлдсэн. Э.О-ы төрөх нь дөхөөд байсан учир гэрлэлтээ цуцлуулсан. Би хүүхдүүдтэйгээ ирж уулздаг. Хүү маань юм ярихаар л хоёр эгч нь яриаг нь таслаад байсан. 2018 оны намар улирлын амралтаар ирээд хүүгээ ганцааранг нь аваад явсан. Тэгээд хүүгээсээ асуухад хойд эцэг нь хүүг маань ташуураар цохидог, нэг удаа цохихдоо 10 удаа ташуурддаг. Хойд эцэг, ээж хоёрынх нь дундаас төрсөн хүүхэд нүүрийг нь маажихаар хойд эцэг нь загнадаг гэж хэлсэн. Одоо нүүрээрээ дүүрэн хумсны сорвитой болсон байгаа. Одоо ямар нэг асуудал гарахаар ээждээ хэлдэггүй, хоёр том охин маань бол тухайн асуудалдаа зохицоод сурчихсан байгаа юм. 2018 оны улирлын нэгдүгээр амралтын үед зодуулсан талаар хүү надад ярьсан. Үүнээс хойш зодуулбал хэлээрэй гэж хэлсэн. Тэгтэл 2018 оны 11 сард хүү залгаад хойд аав зодсон гэж хэлэхээр нь 102 дугаарт залгаж гомдол хэлэхэд цагдаагийн байгууллагаас сургуулийн нийгмийн ажилтнаар шалгуулахад биед шарх сорви байхгүй, гэхдээ хүү 10 удаа ташуурдсан гэж мэдүүлсэн байсан. Түүнээс хойш сарын дараа 2018 оны 12 сард хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Би 7037102 дугаартай утасруу залгаад асуухад зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзлаа гээд Д гэдэг хүн хэлсэн. Хүүхдийн хүчирхийллийн асуудал бол маш ярвигтай байдаг. Хүүхэд гэнэт мэдүүлгээ өөрчлөх асуудал байдаг гэж ярьж байсан. Би ахлахынхаа утасны дугаарыг өгөөч гэхэд өгөөгүй. Би Дарханд ирээд Б гэх хошуучид хэргийн талаар дурдаад энэ хэргийг шалгаад өгөөч гэсэн чинь өөрсдөө хэргийн талаар араас нь явах хэрэгтэй гэсэн. Би дахин гомдол гаргатал хэрэг нь Б гэх прокурор дээр байгаа гэж байсан боловч надад мэдэгдэхгүйгээр зөрчлийн хэргийг хаасан байсан. Дараа нь Ээж нь хүүгээ хайхрахгүй байна. А эрүүл мэндийн хувьд асуудалтай байна гэж хэлсэн. Нарийн гэдэсний хана үсэрхэг байх ёстой байтал соривжсон байна. Насан туршдаа эмчийн хяналтад байлгахаар байгаа. Онош нь ходоодны шарх гэсэн. Одоо шүүх цагдаагийн асуудал явж байгаа учир зодуурын асуудал нь намжсан байгаа. Хүү маань аавтайгаа баймаар байна намайг хурдан аваач ээ гэж хүсэж байгаа. Хүүхэд хууль эрх зүйн хамгаалалт байхгүй байна. Иймд хүү Д.А-г миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Э.О миний бие 2003 онд Монгол Улсын их сургууль төгсөх жилээ иргэн О.Д-тай гэр бүл болон амьдарч 3 хүүхэд төрүүлэн өсгөсөн. Энэ үед би Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Дэнжийн гудамж, 438 тоотод амьдарч байсан ба гудамжны болон гэрийн орчин нөхцөл хүүхдүүд амьдрах, тоглох, эрүүл өсч бойжихоор нөхцөл муу байсан тул бид Д-г байраа засварлаж хүүхдүүд өсөх тав тухтай орчныг бий болгох байх гэж санаад 2010 оны 05 дугаар сард бага хүү Д.А-г 10 сартай байхад нь төрсөн эцэг, эхээ бараадан Дарханд 3 хүүхэдтэйгээ ирсэн. Энэ хугацаанд миний төрсөн эцэг, эх О.Д-д Тахилтад хашааны газар авч өгөөд хашаа барих блок, цемент зэргийг авч өгсөн боловч хашаагаа тал бариад орхисон ба бидний амьдарч байсан байрыг газарт орно гээд засаагүй байсан. 2010 оны 9 дүгээр сард том охин Д.А сургуульд, охин Д.Н, хүү Д.А нар цэцэрлэгт орж би эцэг, эхийнхээ үүсгэн байгуулсан Ш ХХК-д менежерээр ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Улаанбаатар хотод амьдарч байхдаа би ажил хийж амьдрал ахуйгаа сайжруулах боломжгүй, хүүхдүүдээ харж гэртээ байдаг байсан ба энэ байдал цаашид ч хэвээр үргэлжлэх нь ойлгомжтой байсан тул эцэг, эхээ бараадахаар шийдсэн.

2014 он хүртэл бидний гэр бүлийн харилцаа хэвийн, тус тусдаа амьдарч байсан ба О.Д-ыг Дарханд ирж хамтдаа амьдрахыг би өөрөө олон удаа гуйсан. Миний төрсөн эцэг Д.Э “Хүүхдүүд өнчрүүлж болохгүй. Дарханд ирээд амьдар, тусд нь байр авч өгье, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь өгч, нэг нэгэндээ дэм болоод хамт амьдар” гэж зөвлөсөн боловч О.Д  Дархан энерги муутай, өндөр тархи ажиллуулдаг газар гэж ойлгомжгүй зүйл ярьж татгалзсан тул 2014 онд гэр бүлээ хуулиар цуцлуулсан. Энэ хугацаанд би эцэг, эхийнхээ дэмтэйгээр 3 хүүхдээ өсгөж, Д-г ажиллах, сурах бүхий л бололцоогоор хангаж, гэр бүлийн зүгээс саад болоогүй. 2003-2014 онуудад хамтран

амьдарсан 11 жилийн хугацаанд О.Д  амьдралдаа ямар ч ахиц гаргаагүй ба үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө ямар ч хичээл зүтгэл гаргахгүй, үр хүүхдээ өсгөхөд халамж анхаарал муу тавьж байсан ба одоо ч энэ байдал хэвээрээ байгаа. Бага хүү Д.А нь төрсөн эцэг О.Д -тай 10 сар хүртлээ хамт амьдарсан ба сургуульд орсон үеэс нь хааяа нэг Дарханд ирж уулздаг байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш би хүүхдүүдээ төрсөн эцэгтэй нь хүссэн үед нь уулзуулж хамт байлгадаг. Иргэн О.Д  нь төрсөн эхэд нь мэдэгдэлгүйгээр 2 удаа хү Д.А-г авч явж биднийг сандаргасан тул би асран хамгаалагчийн хувьд хүүхдүүдтэйгээ уулзахдаа мэдэгдэж байхыг О.Д аас хүссэн. О.Д  нь хүүхдүүдтэйгээ уулзахдаа хүүхдийн хүмүүжилд буруугаар нөлөөлж, хүүхдийг ятган худлаа яриулж, хүүхдийн сэтгэлийг эд зүйлс, мөнгө, тоглоомоор татах гэсэн байдал удаа дараа ажиглагдсан тул би хүүхдүүдэдээ ээждээ үнэнийг хэлж байхыг хүссэн. Хүүхдүүдтэйгээ уулзсан сүүлийн уулзалтын үеэр том охин Д.А-д 200 000 төгрөг өгөөд ээждээ хэлэхгүй байхыг анхааруулсан нь миний сэтгэлийг их эмзэглүүлсэн. Миний хүүхдүүдэд мөнгө, эд зүйлс хэрэггүй, зөвхөн эцгийн хайр л хэрэгтэй байдаг. О.Д  гэрлэлтээ цуцлуулах үедээ цалин багатай ажил хийж, суралцаж байсан тул би амьдрал ахуйд нь хүндрэл үзүүлээд яахав гэж бодоод би хүүхдүүдэдээ тэтгэмж тогтоолгоогүй. Харин хүүхдүүдээ сургууль төгсөөд Улаанбаатарт ирэхэд нь амьдрах байртай л болсон байгаарай гэж хэлсэн боловч одоог хүртэл засвар хийгээгүй байшиндаа амьдарч байгаа. Хүүхдүүдээ өсгөхөд миний төрсөн эцэг, эх тусалж, байнга сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авч, анхаарч байдаг. Би хүүхдүүдэдээ ая тухтай амьдрах нөхцөлийг өөрийн хүчээр бүрдүүлж, суралцах боломжоор хангаж, сонирхолтой дугуйлан, сонгонд төлбөртэй сургадаг. Илүү зүйлд шунаж, эцгийгээ зовоож хэрэгтэй, хэрэггүй зүйл авахуулж болохгүй гэж хүүхдүүдэдээ зөвлөдөг. О.Д ын амьдралыг би сайн мэддэг тул хүндрэл учруулахгүй байх гэсэн миний сэтгэлийг ойлгохгүй, эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхэд саад учруулсан мэтээр ташаа ойлгож, намайг хэл амаар удаа дараа доромжилж, хуурамч дуудлага 7037102 дугаарт хүүхдээ зодсон гэж өгч, миний нэр хүндэд халдан, төрийн ажилд хүндрэл учруулсан. Мөн бага хүү Д.А-н нэр хүндэд нь халдаж, багш, анги хамт олных нь дунд эвгүй байдалд оруулж, хуулийн ажилтнаар байцаалт авахуулж, хүүхдийн сурах үйл ажилд саад болсон. Одоо О.Д  нь О ХХК-д ажил эрхэлж байгаа тул эцэг хүний үүргээ биелүүлж, хүүхдүүдэдээ тэтгэлэг төлөхийг хүсч байна. Тэтгэврийн мөнгийг тус тусын дансанд нь хийж, хуримтлал үүсгэн цаашид сургуульд суралцахад нь зориулна гэв.

 

Хариуцагч Э.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2003 онд О.Д тай гэр бүл болон 2004 онд охин Д.А, 2006 онд охин Д.Н, 2009 онд хүү Л.А нарыг төрүүлэн Улаанбаатар хотод О.Д ынд амьдарч байгаад амьдрал туйлдаж доройтсоны улмаас 2010 оны 5 сард Дарханд шилжин ирж ажилд орон хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулан суурьшин амьдарсан. Энэ хугацаанд О.Д  Улаанбаатар хотод тусдаа ажиллаж суралцаж байсан. 2014 оныг хүртэл тус тусдаа амьдарч байгаад албан ёсоор гэрлэлтээ цуцлуулан миний бие 3 хүүхдээ өөрийн асрамждаа аван О.Д ын цалин багатай ажилтайн хажуугаар сургалтад сууж байсныг нь харгалзан үзэж хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй болно. Өнгөрсөн хугацаанд О.Д  нь хүүхдүүдийг ялангуяа хүү Д.А-г өнгө мөнгөөр хууран, уруу татаж, удаа дараа хүүхдүүдийг худлаа яриулж, ээждээ битгий хэлээрэй гэж мөнгө төгрөг өгч, байсан нь өсвөр насны хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, буруу үлгэр дуурайл болж байгааг хэлэхэд намайг хэл амаар доромжилж, эцэг байх эрхийг нь хааж боогдуулалаа гэв. Иймд О.Д ыг эцэг хүний үүргээ аар саар хүүхдийн сэтгэл хуурсан зүйлээр биш, хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж төлөхийг хүсч байна. Миний амьдрал ахуйн хувьд боломж бололцоо сайтайн дээр 4 хүүхдэдээ тус бүрт нь хугацаатай хадгаламж нээлгэн сар бүр тодорхой хэмжээний мөнгийг байршуулж байдаг бөгөөд хүүхдийн тэтгэмжийн мөнгийг тус тусын дансанд нэмэрлэж ирээдүйн амьдралын баталгаа болгож болно гэв.

 

Нэхэмжлэгч О.Д  сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа:

Миний хувьд Э.О тай танилцаж, нэг гэрт орох хүртлээ аав, ээжтэйгээ амьдарч ахуй амьдралд нь нэмэр болж явсаар тухайн үед хөл дээрээ сайн босоогүй байсан. Зах зээлийн нийгэмд шилжиж аав, ээж минь тэтгэвэрт гарах нас болоогүй, ажилгүй болсон тул тэгэх зайлшгүй шаардлагатай байсан. Харин яг тусдаа гарч өөрөө амьдрал

зохиох боломж гарсан үед Э.О ирж хамт амьдрах санал тавьсан бөгөөд амьдарч байх хугацаандаа хүүхдүүдээ гаргаж бойжуулж, зөвхөн миний цалингаар амьдралаа болгож байсан тул байшин савыг өөд нь татах ямар ч боломж гаргаагүй. Э.О-ы аав, ээж нь ч тухайн үед амьдарлын боломж муу байгаад сүүлд нь 8 нэрийн дэлгүүр нээж, хүн хүч маш их хэрэгтэй болсон үеэс намайг ажлаасаа гарч Дарханд ирж амьдрахыг санал болгох болсон. Тэр саналыг нь хүлээж аваагүй тул хариу болгож зуны амралтаараа очсон. Э.О-ыг зугаацаж, цэнгэж, өөр хүнтэй явахад нь саад хийлгүй, зориуд нөхцөлийг нь бүрдүүлж байсныг би өөрөө харж байсан бөгөөд баз болох хүн ч мэдээлэл өгдөг байсан. Үүнийхээ эцэст аавынх нь надад тавьдаг байсан шаардлага нь өөрөө ирж эхнэрээ хар гэдэг байв. Энэ явдал цааш даамжирсаар гэр бүл салж, одоогийн нөхрөөсөө хүүхэдтэй болж аргагүй миний хувьд ч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн бөгөөд тухайн үедээ хор уршгийг нь гүйцэт ухаараагүй байж. Нөхөр болох М сайн хүн биш болох нь мэдэгдэж байгаа бөгөөд нэг газар жаахан морьтой морь унадаг гэх, миний хүүхэд А-г морины хүүхэд болгоно гэдэг. Морь унаж сурсангүй гэж ташуураар ороолгодог. Тэр зорилгоор биеийг нь хөнгөн, хатингар биетэй болгохын тулд ходоод, хоол боловсруулах эрхтэн системд нь муугаар нөлөөлөх зүйл өгсөн байж магадгүй гэж би хардаж байгаа. Учир нь хамт хоол идмэгцээ эвхрээд хэвтчихдэг болсон байна. Мөн надад нэг удаа ярьж байхдаа аавтай хамт явж байгаад тамхи татахад нь дотор муухайрсан, үүнээс хойш ингэж өвддөг болсон гэж хэлсэн. Бас хойт эцэг М нь ташуурдаж зоддог, ингэхдээ 10 ороолгоно гэх мэт тоо хэмжээ тогтоож байгаад тэр тоондоо хүргэж зоддог. Өөрөө хүү маань ээжийнхээ нөлөөнөөс шалтгаалан надаас тусламж хүсэхээ мэдэхгүй, их удаан явсан байна. Би өнгөрсөн намар ярианы далимаар хэлэхэд нь мэдэж лавшруулж асуусан. Зодох бүрт нь мэдэгдэж байгаарай гэж хэлсэн. 11 сарын 18-нд зодсон тухай нь 20-нд мэдээд Дарханы цагдаад мэдэгдсэн байгаа. Тухайн үед 10 ороолгосон, аймшигтай өвдсөн гэж хэлсэн. Өөрийн төрсөн хүүгээ ийм байдалтай байхыг би хүлээн зөвшөөрч чадахгүй бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлд ахуй байдлаас нь гадна өөрийн саналыг нь голлон авч үзэхийг хүсэж байгаа. Миний хувьд хүүхэд өсгөхөд тохиромжтой гэж үзээд Архангай аймагт хашаа байшин авсан байгаа. Тэнд цаашид амьдарна. Хүүхдийн тэтгэврийн хувьд татгалзах зүйлгүй бөгөөд харин Э.О ы нээлгэсэн дэвтэрт хийх албагүй бөгөөд өөрөө биечлэн дэвтэр нээлгэж, насанд хүрч сургууль соёлд орох үед нь гардуулж өгөхөд бэлэн байна. Мөн бас Улаанбаатарт 2-3 газарт зуслангийн газар худалдаж авсан байгаа бөгөөд насанд хүрч хүнтэй суух үед нь байшин барьж өгөх төлөвлөгөөтэй байгаа. Мөн дээд сургуулийг нь төгсгөж өгнө гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Д  нь хариуцагч Э.О д холбогдуулан Д.А-н асрамж өөрчлөн тогтоолгохыг хүссэн, хариуцагч нь хүүхдийг өөрийн асрамжид байлгаж, Д.А , Д.Н , Д.А нарт тэтгэлэг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.

 

Нэхэмжлэгч О.Д  нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хойд эцэг нь зоддог, ээж нь хайхрахгүй байна, эмнэлгийн хяналтанд байлгах шаардлагатай болсон, хүүхэд өөрөө ээж дээрээ байхыг хүсэхгүй байгаа тул өөрийн асрамжид авна гэж тодорхойлж байгаа болно.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1502 дугаартай шийдвэрээр Э.О ы нэхэмжлэлтэй О.Д д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.А , Д.Н , Д.А нарыг эх Э.О ы асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.О ы хүсэлтээр Д.А-н одоогийн асрамж, ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл байгаа эсэх, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор эцэг, эх хоёрын хэнийх нь асрамжид

байлгах нь хүүхдийн эрх ашигт нийцэхийг тогтоолгохоор Дархан-Уул аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон байх бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Хүүхэд эцэг эхийн харилцааны төлөв байдлыг харьцуулсан психометрик шинжилгээ хийж эцэг эх, асран хамгаалагчийн чадамжийг 11 оношлогоогоор, хүүхдийг 10 багц оношлогоогоор үнэлгээ хийж дүгнэлт ирүүлснийг зохигчдод танилцуулахад хэн аль нь санал хүсэлт гаргаагүй байна.

 

Хариуцагч Э.О нь эрхэлсэн ажил орлоготой, хүүхэд амьдрах таатай орчинг бүрдүүлсэн гэж нотлох баримтаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, автомашины техникийн тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч О.Д ын хойд эцэг Д.М зодсон талаар цагдаагийн байгууллага шалгаж байсан материалыг нотлох баримтаар хэрэгт хавсаргах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд татгалзсан материалаас насанд хүрээгүй хохирогч Д.А-н ...би хавар 2018 оны 5 сард байх би 3 дугаар ангид явж байхдаа М- ын мөнгө хадгалдаг шар уутан дотроос нь таван мянган төгрөг авсан юм тэгээд тэр мөнгө авсныг аав М мэдчихсэн байсан тэгээд намайг ташуураар таван удаа ороолгосон, тэрнээс хойш намайг ороолгоогүй, намайг ороолгох үед өвдсөн, харин ямар нэг мөр гарч хөхрөөгүй, аав Д М- ыг ойрын үед зодож байна уу гэж асуусан тэгэхээр би нээх зодоогүй, сүүлд нэг ташуураар ороолгосон гэж хэлсэн тэгээд аав Д цагдаад хэлсэн байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Н гийн мэдүүлэг, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягтад аюулын зэргийн үнэлгээ бага гарсан гэсэн дүгнэлт болон хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, зөрчлийн шинжгүй гэсэн үндэслэлээр  зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч О.Д ын шүүх хуралдаанд гаргасан ...Д.А-н нүүр болон биед нь үүссэн олон тооны сорви хэрхэн үүссэн болон ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн байгаа эсэх талаар нарийн мэргэшсэн цогц шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 883 дугаартай захирамжаар хангаж, дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнг томилсон байх бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг зохигчдод танилцуулахад хэн аль нь санал хүсэлт гаргаагүй байна.

 

Хариуцагч Э.О нь өөрийн асрамжид байгаа Д.А-г асран халамжлах үүргээ бүрэн биелүүлээгүйгээс эрүүл мэндийн байдалд ноцтой үр дагавар үүссэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ...Д.А-н биед эрүүний сорви, зүүн шуу, нурууны нөсөө бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Д.А нь гэдэсний шарх өвчтэй байна, Д.А-н шээсэнд ТНС олсны ургамал бүхий мансууруулах болон сэтгэц нөлөөлөх бодис илэрсэн гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд Дархан-Уул аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлтээр Эцэг эхийн хүүхэдэдээ хандах хандлагыг багц 3 оношилгоогоор эцэг эхийг дүгнэхэд эхийн зүгээс хандах хандлага нь 2 судалгаагаар илүү буюу давуу талтай гарсан гэж дүгнэсэн боловч хүүхдээс авсан Хүүхдийн эцэг эхдээ хандах хандлага багц 5 оношилгоогоор хүү Д.А 5 судалгаанаас 3 судалгааны дүнгээр аав О.Д д давуу талтай гарсан гэсэн дүгнэлт, Д.А-н ...Д аавтайгаа баймаар байна, аавтайгаа байхаар гоё санагддаг гэсэн санал, эцэг эхийн халамж, хүүхэд аюулгүй орчинд эрүүл саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэх нөхцөл бололцоог харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.А-н асрамжийг өөрчлөн эцэг О.Д ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул эх Э.О аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч О.Д  нь 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Д.А , 2006 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Д.Н  нарын

асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Д.А , Д.Н  нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг О.Д аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.А-н асрамжийг өөрчлөн эцэг О.Д ын асрамжид, 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Д.А , 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Д.Н  нарыг эх Э.О ы асрамжид тус тус үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг О.Д , эх Э.О нараар тэжээн тэтгүүлсүгэй.

2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг О.Д , эх Э.О нарт даалгасугай.

4.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай. .

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нараас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож, нэхэмжлэгч О.Д аас 86 798 төгрөг, хариуцагч Э.О аас 31 492 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА