Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/MA2017/0307

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0307

Улаанбаатар хот

 

Эх, хүүхдийн эрүүл мэндийн

үндэсний төвийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Анхбаяр, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Буянт нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар, 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар, 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжуудын тус тус Баянгол эмнэлэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 79723 м.кв газрын талбайн хэмжээгээр газрын кадастрын зургийг зөвтгөж, мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Анхбаяр, С.Буянт, Ц.Монгол нар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь хүүхдийн эмнэлэг баригдан үйл ажиллагаа явуулсан 12 жилийн хугацаанд эрх нь зөрчигдсөн талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй 2010 онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан.

... Бид Нийслэлийн Засаг даргын шийдвэрүүд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ, албан бичгүүдийг үндсэн дээр газраа зориулалтын дагуу эзэмшиж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хуралдаан завсарлахаас өмнө бичгээр 7 хуудас тайлбарт хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс танилцах, түүнтэй холбогдуулан хариу тайлбар гаргах боломж олгоогүй.

Нэхэмжлэгчийн “Топ сүрвей” ХХК-аар гаргуулсан кадастрын зургийн магадлалыг хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хууль сануулсны үндсэн дээр гаргадаг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлсэн. Тус төв нь 2003 оноос хойш гэрээгээ шинэчлэн байгуулаагүй, гэрчилгээ нь хүчингүй болоод 9 жилийн хугацаа өнгөрсөн, ... газар эзэмших эрх дуусгавар болсон тул уг ашиглалтгүй газрыг бусдад эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд тус төвийг газар эзэмшигч гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.

Иймд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв газар эзэмших эрхээ алдсан, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байсан нь илт байсан тул ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй.

... Нийслэлийн Засаг дарга 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 782 дугаар Захирамж гаргахдаа 2007 оны 326 дугаар Захирамжийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдох заалтыг хүчингүй болгоогүй, техникийн алдааны улмаас өөр 298 дугаар Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгохоор зааж андуурсан.

Үүнийг Захирамжаар залруулах бүрэн боломжтой, тийм эрх нь Нийслэлийн Засаг даргад байгаа бөгөөд нэхэмжлэгч, газрын төлбөр тооцооны асуудлыг нягтлан тооцож илүү төлөгдсөн Газрын төлбөрийг дараагийн төлбөрт суутган тооцоо нийлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан. Гэтэл газрын төлбөрөө дутуу төлсөн байхаар нөхцөл байдал үүсэхэд нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэж байна

... “Топ сүрвей” ХХК-ийн кадастрын магадлал, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн зэрэг олон зургууд хоорондоо зөрүүтэй тул шинжээч томилох зайлшгүй шаардлагатай.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, зарим гэрчийг асуугаагүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй байсан зэрэг шалтгааны улмаас гуравдагч этгээд “Юнимед интернейшнл” ХХК-ийн эрх зөрчигдсөн гэж үзэж гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж үнэлэлт дүгнэлт өгөөгүй, дутуу нотлох баримтаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн талаар дүгнэлт өгсөн байна.

Учир нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв  нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 180 дугаар захирамжаар 87542 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 290 дүгээр захирамжаар 85142 м.кв газрыг эзэмшиж байсан.

Гэтэл 2007 оны захирамжаар 2004 оны захирамжийг хүчингүй болгоогүй нь бас алдаатай захиргааны акт гэж үзэхээр байтал энэ актад үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна.

Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2003 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн ба хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцааг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар журмаар нарийвчлан зохицуулж газар зохион байгуулалт хийж ирсэн. 2008 оны 83 дугаар журам нь хэдийгээр 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан хэдий ч 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн ба энэ журмаар нарийвчлан зохицуулсан хээрийн судалгаа, бүртгэлийн мэргэжилтний үйл ажиллагаа зэргийг маргаан бүхий акт болох 2008 оны 298 дугаар захирамж гарах үед мөрдөж хэрэгжүүлэх боломж байгаагүй болох нь харагдаж байна.

Тухайн үед дүүрэг хариуцаж байсан газар зохион байгуулагчид удаа дараа солигддог, захиргааны акт гаргахад нарийвчилсан зохицуулалтгүйн улмаас техникийн алдаа гаргаж байсан байна. Энэ нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн 2007 оны 326 дугаар захирамжид ч бас тодорхой харагдаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 298 дугаар захирамж нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан журмаас өмнө 06 дугаар сард гарсан байх тул журмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль бус болжээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 298 дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй, техникийн алдаатай захирамж гэж үзэх үндэслэлтэй.

Захиргааны хэргийн шүүх өөрийн харьяаллын бус маргааны талаар дүгнэлт хийсэн хууль зөрчсөн үйлдэл. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт бүрэн цуглуулах үүргээ гүйцэтгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анх “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжийн Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон “Баянгол” эмнэлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжаар олгосон 79.723 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжийн “Баянгол” эмнэлэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”[1],

мөн “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох[2], уг захирамжийг үндэслэн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 782, 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”,

 “эзэмшил газраас үндэслэлгүйгээр хассан газрын хэмжээг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжид заасан хэмжээгээр мэдээллийн санд нэмж оруулж, үнэн зөв бүртгэхийг Нийслэлийн газрын албанд даалгах” гэх зэргээр нэмэгдүүлж болон өөрчилж ирсэн бөгөөд шүүх нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тодруулснаар “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 298, 2010 оны 782, 2011 оны 293 дугаар захирамжуудын “Баянгол” эмнэлэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн кадастрын мэдээллийн санд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшил газраас үндэслэлгүйгээр хассан газрын хэмжээг нэмж оруулан, кадастрын зургийг зөвтгөж бүртгэхийг Нийслэлийн газрын албанд даалгах” шаардлагыг хянан шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг  тодруулаагүй нь буруу байна.

Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх захиргааны акт илт хууль бус байх нөхцөлүүд буюу маргаан бүхий актууд гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд, түүний дотор нэхэмжлэгчээс тодорхойлж байгаа үндэслэлд дүгнэлт хийх, үүний тулд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг заавал тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү тодруулалгүй тухайн үндэслэлийг шүүх өөрөө тодорхойлж Газрын тухай хууль тогтоомжоор газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох Нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамжуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамааруулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн тайлбараас харвал тэрээр хариуцагч албан тушаалтны Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эзэмшил газрын хэмжээг багасгаж, “Баянгол” эмнэлгийн эзэмшил газрыг томсгосон захиргааны актуудтай анх маргасан бөгөөд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжийн “Баянгол” эмнэлэгт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бусд тооцуулснаар тухайн захирамжийн өөрт нь холбогдох хэсэг буюу Эх нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвийн газрыг 77775 м.кв болгон багасгасантай маргаж буй эсэх нь тодорхойгүй болсон, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаас нь үзвэл тухайн хэмжээгээр газар эзэмшүүлснийг зөвшөөрч маргаагүй мэт, шүүхэд тэрхүү хэмжээгээр эзэмшүүлснийг зөвшөөрөөгүй агуулгатай тайлбар гаргаж байгаа нь хоорондоо зөрүүтэй байна.

Энэ тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан үүргийн хүрээнд энэ асуудлыг зайлшгүй тодруулж, дүгнэлт өгөх шаардлагатай.

Нийслэлийн газрын алба Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг хэрэгжүүлэгч агентлагийн хувьд Засаг даргын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж газрын кадастрын мэдээллийн санд мэдээлэл оруулдаг, өөрөөр хэлбэл, бие даан бусдад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэдэг буюу захиргааны акт гаргах эрх хэмжээтэй этгээд биш бөгөөд шүүх нэхэмжлэгчийн Нийслэлийн газрын албанд холбогдуулан даалгах шаардлага гаргасантай холбогдуулж тус албаны ямар эс үйлдэхүйг хууль бус гэж үзсэн, тэр нь захиргааны акт болох эсэхэд дүгнэлт өгөх, үүний тулд энэ талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зайлшгүй тодруулахаар байна.

Үүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэгч Эх, хүүхдийн эрдэм шинжилгээний үндэсний төвийн эзэмшил газрын хэмжээ Газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөгдсөнтэй холбогдуулж тухайн үйл баримтын талаар мэдэх этгээдүүдийг гэрчээр асуух шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж, зарим этгээдийг гэрчээр асуусан атлаа тухайн тодруулах гэж байгаа нөхцөл байдлыг мэдэх гэрчүүдийг асуулгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд дээрх ажиллагааг гүйцэтгээгүй тохиолдолд хэргийг давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 


[1] Хэргийн 1 дэх хавтас, 202 дахь тал

[2] Хэргийн 1 дэх хавтас, 236 дахь тал