Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/01457

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/01457

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б

Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч: НШШГГ

Гуравдагч этгээд: Но ХХК, Н ХХК.

  Үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг, нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч, гуравдагч этгээдийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б, Ч.Б нар нь хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Г.Б, Ч.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/0.. тоот шийдвэрээр Г.Б би 214.417.229 төгрөгийг Но ХХК-нд, 328.783.503 төгрөгийг Н ХХК-нд төлөх үүрэг хүлээсэн болно. Дээрх төлбөрийн үүргийн дагуу НШШГ Газрын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №4-149/1015, 1014 тоот Төлбөр төлөгчид үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгүүдтэй нэхэмжлэгч бид 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр танилцаад Г.Бгийн өмчлөлийн ..дугаарт бүртгэлтэй УБ, байрлалтай 38.1 мкв өрөө орон сууцыг 84.535.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Ч.Бы өмчлөлийн ..дугаарт бүртгэлтэй УБ БГД тоот байрлалтай 3 өрөө орон сууцыг 145.300.000 төгрөгөөр үнэлсэн байхыг олж мэдлээ. М трейд ХХК-ийн үнэлгээ зах зээлийн бодит ханшинд нийцээгүй хэт багаар үнэлсэн байгаа тул зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус хэт их нуршсан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж, М трейд ХХК-ийн дээрх үнэлгээнүүдийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/0.. дугаар шийдвэрээр Г.Бгаас 214.417.229 төгрөг гаргуулж Но ХХК-нд, 328.783.503 төгрөг гаргуулж Н ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Г.Бгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.Бы өмчлөлийн .. 5 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21370630/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21370630/08 дугаар тогтоолоор хураасан. Г.Бгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг ..хаягт байрлах 38.1 мкв талбайтай орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21370630/01 тоот тогтоолоор битүүмжилж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21370630/07 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Г.Б өмчлөгч Г.Б нарт 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус газарт ирж үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг харилцан тохиролцож тогтоож болохыг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ирээгүй бөгөөд өмчлөгч Ч.Бы Баянгол дүүрэг 14 дүгээр хороонд байрлах орон сууцыг 260.000.000 төгрөгөөр үнэлж байгааг албан бичгээр ирүүлж Г.Бгийн зүгээс үнийн санал ирүүлээгүй. Г.Бгийн зүгээс Хан-Уул дүүрэг 16 дугаар хороонд байрлах орон сууцыг 160.000.000 төгрөгөөр үнэлж байгаа тухай бичгийг тус газарт ирүүлсэн. Уг хүсэлтийг төлбөр авагчид танилцуулахад 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр харилцан тохиролцож үнэлгээг тогтоох боломжгүй тул шинжээч томилсон үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар Баянгол дүүрэг .. тоотод байрлах орон сууцны үнэлгээг тогтоолгохоор Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход орон сууцны зах зээлийн үнийг 145.300.000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг ... хаягт байрлах орон сууцны үнэлгээг тогтоолгохоор .. ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 84.535.200 төгрөгөөр үнэлж хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн. Үнэлгээний тайлангуудыг өмчлөгч Ч.Бд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4-149/1011 тоот албан бичгээр түүний оршин суух хаягийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4-т зааснаар баталгаат шуудангаар хүргүүлж, утсаар ярин тэмдэглэл хөтөлсөн. Мөн төлбөр төлөгч Г.Б болон Ч.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р... 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний мэдэгдлүүдийг өгч, хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтийг танилцуулж мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргах болон тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах эрхтэй болохыг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Но ХХК, Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүрэг ... тоотод байрлалтай 3 өрөө, Хан-Уул дүүрэг .. хаягт байршилтай 1 өрөө орон сууцыг .., М трейд ХХК-иар үнэлүүлж зах зээлийн ханшаар 145.300.000 төгрөг, 84.535.200 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд манай зүгээс үнэлгээнд маргахгүй. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг өөрсдөө цуглуулж, гаргах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний аргачлал тодорхой бус, хэт нуршсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт багаар үнэлсэн, хийсэн аргачлал нь тодорхой бус, хэт их нуршсан гэсэн үндэслэлээр шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох

Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хууль заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хэмээн шаардах эрх, үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар 102/ШШ2021/0.. шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 1157 магадлалаар Г.Бгаас 213.193.313 төгрөг гаргуулж Но ХХК, 326.990.600 төгрөг гаргуулж Н ХХК-нд тус тус олгож, барьцааны гэрээний зүйл болох Ч.Бы ... болон барьцааны бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэж, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 21370630 тогтоолоор үүсгэж, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барьцаа хөрөнгө болох орон сууц, хувийн сууц гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж албан бичгийг Баянгол, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, эд хөрөнгийг хураан битүүмжилж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нартай харилцан тохиролцож үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч талууд үнийн саналд тохиролцоогүй тул 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор .. ХХК, М трейд ХХК-ийг орон сууцны үнэлгээ тогтоох шинжээчээр томилж, шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хүлээх хариуцлагыг тайлбарлан тэмдэглэл үйлдсэн байна.

Шинжээчийн .. ХХК-ийн дүгнэлтээр Баянгол дүүрэг .. өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 145.300.000 төгрөг, М трейд ХХК-ийн дүгнэлтээр ..Буянт-Ухаа 250 дугаар байрны 2 тоот 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 84.535.200 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №4-149/1011 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Өмчлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгээр төлбөр төлөгч Г.Б, Ч.Б нарт мэдэгдэл хүргүүлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнгөнтуулын ..., Ч.Бы ... дугаарын утсанд холбогдон үнэлгээг танилцуулж тэмдэглэл үйлдэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнгөнтуул 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр НШШГГт очиж мэдэгдлийг хүлээн авсан болох үйл баримт хэрэгт авагдсан /хх-36-146/ баримтуудаар тогтоогдож, энэ үйл баримтад талууд маргаагүй байна.

Хөрөнгийн үнэлгээний Файн Эстимэйт ХХК, М трейд ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн Баянгол дүүрэг ...40 мкв 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг .... 1 өрөө орон сууцыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргасан болох нь Хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Тус Хөрөнгө үнэлгээний компаниуд нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, ҮОУС105, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г.Б, Ч.Б нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар 102/ШЗ2022/02060 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч Г.Б, Ч.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар 102/ШЗ2022/02060 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА