Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01486

 

 

 

 

 

 

 

 

Г.Б , Ч.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/01457 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б , Ч.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н т холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.Б ы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01182 дугаар шийдвэрээр Г.Б миний бие 214,417,229 төгрөгийг Н ХХК-д, 328,783,503 төгрөгийг НТТБ ХХК-д төлөх үүрэг хүлээсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 4-000/0000, 0000 тоот Төлбөр төлөгчид мэдэгдэх тухай албан бичгүүдтэй нэхэмжлэгч бид 2021 оны 01 сарын 18-ны өдөр танилцаад Г.Б гийн өмчлөлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй ...  хаягт байрлалтай 38.1 м.кв орон сууцыг 84,535,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Ч.Б ы өмчлөлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй ... хаягт байрлалтай 3 өрөө орон сууцыг 145,300,000 төгрөгөөр үнэлсэн болохыг олж мэдлээ. М ХХК-ийн дээрх үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй хэт багаар үнэлсэн байгаа тул зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус хэт их нуршсан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж, М ХХК-ийн дээрх үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01182 дугаар шийдвэрээр Г.Б гаас 214,417,229 төгрөг гаргуулж Н ХХК-д, 328,783,503 төгрөг гаргуулж НТТБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Ч.Б ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй ... тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 00000000/00 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 00000000/00 тоот тогтоолоор хураасан. Мөн Г.Б гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй ... хаягт байршилтай 38.1 м.кв талбайтай орон сууцыг 2021 оны 11 сарын 16-ны өдрийн 00000000/00 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 00000000/00 тоот тогтоолоор хураан авсан. Г.Б , Ч.Б нарт 2021 оны 12 сарын 27-ны өдрийн албан бичгээр 2021 оны 12 сарын 31-ний өдөр тус газарт ирж үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг харилцан тохиролцож тогтоож болохыг мэдэгдсэн. Ч.Б нь ... байрлах орон сууцыг 260,000,000 төгрөгөөр үнэлж байгаа тухай бичиг ирүүлсэн. Г.Б нь ... байрлах орон сууцыг 160,000,000 төгрөгөөр үнэлж байгаа тухай бичиг ирүүлсэн. Уг хүсэлтийг төлбөр авагчид танилцуулахад 2022 оны 01 сарын 03-ны өдрийн албан бичгээр харилцан тохиролцож үнэлгээг тогтоох боломжгүй тул шинжээч томилуулж, үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн. Иймд ... байрлах орон сууцны үнэлгээг тогтоолгохоор Ф ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход орон сууцны зах зээлийн үнийг 145,300,000 төгрөгөөр, ... байрлах орон сууцны үнэлгээг тогтоолгохоор М ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход 84,535,200 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шинжээч нар хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус 2022 оны 01 сарын 14-ний өдөр ирүүлсэн. Үнэлгээний тайлангуудыг өмчлөгч Ч.Б д 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 0-000/0000 тоот албан бичгээр түүний оршин суух хаягийн дагуу баталгаат шуудангаар хүргүүлж, утсаар ярьж тэмдэглэл хөтөлсөн. Мөн төлбөр төлөгч Г.Б болон Ч.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М д 2022 оны 01 сарын 18-ны өдөр үнэлгээний мэдэгдлүүдийг өгч, хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтийг танилцуулж шүүхэд гомдол гаргах болон өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах эрхтэй болохыг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ...  байрлалтай 3 өрөө орон сууц, ... тоотод байрлалтай 1 өрөө орон сууцыг Ф ХХК, М ХХК нараар үнэлүүлж зах зээлийн ханшаар 145,300,000 төгрөг, 84,535,200 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд манай зүгээс үнэлгээнд маргахгүй. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг өөрсдөө цуглуулж, гаргах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Б , Ч.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5.   Нэхэмжлэгч Ч.Б ы гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 гарсантай холбоотой Монгол Улс хилээ хаасан бөгөөд дотооддоо цар тахлыг алдаагүй байсан бөгөөд гадаад улсад сурч, амьдарч байсан Монгол хүмүүс эх орондоо ирснээр үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш даруй хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

5.б. Ф ХХК, Ф ХХК-иудын гаргасан үнэлгээ нь зах зээлийн өнөөгийн ханшаас хэт бага үнэлгээ байна. Тодруулбал, ... тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ ханшийг 145,300,000 төгрөг, ... тоот 1 өрөө байрны зах зээлийн үнэ ханшийг 84,535,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн үнэ ханшид нийцэхгүй байсан тул дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж байсан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргасан боловч хүлээн аваагүй.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/01457 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдол нь хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн талаар тодорхойгүй, мөн нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн нотлох баримтыг гаргаж байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилготой гаргасан нэхэмжлэл юм. Иймд давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Г.Б , Ч.Б нар хариуцагч Н т холбогдуулан ... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 145,300,000 төгрөгөөр үнэлсэн Ф ХХК-ийн 2022 оны 01 сарын 12-ны өдрийн үнэлгээ, мөн ... хаягт байрлах 38.1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 84,535,200 төгрөгөөр үнэлсэн М ХХК-ийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт багаар үнэлсэн, үнэлгээ хийсэн аргачлал тодорхойгүй, хэт их нуршсан, ойлгомжгүй... гэж тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... гэж тайлбарласан байна.

 

3.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01182 дугаар шийдвэрээр хариуцагч Г.Б гаас 282,063,860 төгрөгийг гаргуулан Н ХХК-д, 326,990,600 төгрөгийг гаргуулан НТТБ ХХК-д тус тус олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 24-ний өдрийн 1157 дугаар магадлалаар хариуцагч Г.Б гаас 213,193,313 төгрөгийг гаргуулан Н ХХК-д, 326,990,600 төгрөгийг гаргуулан НТТБ ХХК-д тус тус олгосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн байна. /хх 42-47, 48-56/

 

4.   Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2021 оны 10 сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 57/, нэхэмжлэлд дурдагдсан 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 11 сарын 23-ны өдөр битүүмжилж, 2021 оны 12 сарын 23-ны өдөр хураан авч, мөн 38.1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2021 оны 11 сарын 16-ны өдөр битүүмжилж, 2021 оны 12 сарын 23-ны өдөр хураан авсан нь тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцжээ. /хх 62-64, 65-67, 68-70, 71-73/

 

5.   Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар саналаа өгөхийг төлбөр төлөгч, өмчлөгч Г.Б , өмчлөгч Ч.Б нарт мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч, өмчлөгч Г.Б нь барьцаа хөрөнгө болох 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 260,000,000 төгрөгөөр, 38.1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 160,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн тухай үнийн санал гаргасан бол өмчлөгч Ч.Б нь үнийн санал ирүүлээгүй байна. /хх 74, 75, 76/

 

Төлбөр авагч Н ХХК, НТТБ ХХК нар дээрх үнийн саналыг эс зөвшөөрч, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу хариуцагч байгууллагаас 2022 оны 01 сарын 05-ны өдөр Ф ХХК, М ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ. /хх 79, 104/

 

6.   Сангийн Яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд болох Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц, М ХХК-ийн үнэлгээчин Б.Э нарт шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 01 сарын 05-ны өдөр хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгчээ. /хх 80-81, 101, 105-106, 138/

Шинжээчээр томилогдсон Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц , М ХХК-ийн үнэлгээчин Б.Э нар Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүрэн тусгаж /ашиглалтад орсон он, байршил, бүтээц, талбай, дотор засал, ашиглалтын байдал, төвийн шугамд холбогдсон байдал г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул үнэлгээний тайлангуудыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. /хх 82-103, 107-138/

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан ...үнэлгээ хийсэн аргачлал тодорхойгүй, хэт их нуршсан, ойлгомжгүй... гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

 

7.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий орон сууцнуудын зах зээлийн үнэлгээг шинжээч нар 145,300,000 төгрөг, 84,535,200 төгрөгөөр тус тус үнэлснийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 01 сарын 18-ны өдөр төлбөр төлөгч, өмчлөгч Г.Б , өмчлөгч Ч.Б нарт мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл хөтөлсөн байна. /хх 143, 144, 145/

 

8.   Нэхэмжлэгч Г.Б , Ч.Б нар ...зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт багаар үнэлсэн... гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч нар уг үүргээ биелүүлээгүй

Нэхэмжлэгч нарын гаргасан зах зээлийн үнэ ханшаас хэт багаар үнэлсэн гэх тайлбар нь нийтэд илэрхий үйл баримт-аар нотлогдох үндэслэл биш тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Б ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/01457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Б ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР