Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жуумаагийн Кульдана |
Хэргийн индекс | 189/2022/00002/И |
Дугаар | 102/ШШ2022/01562 |
Огноо | 2022-04-27 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2022/01562
2022 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2022/01562 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.З
Нэхэмжлэгч: Г.Э
Хариуцагч: Р.Ц.
Хариуцагч: М.Г
Гэрээний үүргийн биелэлтэд 30.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.З, Г.Э, өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч Б.С, Г.Э, өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.З, Г.Э нар хариуцагч Р.Ц, М.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд
Нэхэмжлэгч Б.З, Г.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мөнгө зээлж хүүнд нь байранд суулгана гэх сонингийн зарын дагуу анх бид байранд очиж үзэхэд Р.Ц, Р.С, А.И, М.Г нар байсан. 20.000.000 төгрөг зээлж байранд суулгана гэхээр нь бид хоёрт бэлэн 15.000.000 төгрөг байна гээд 11.500.000 төгрөгийг нотариатаар гэрээ хийж бэлнээр тоолж өгөөд үлдэх 3.500.000 төгрөгийг Р.Цгийн дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээ 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан. 2017 оны 04 дүгээр сард Р.Ц нөхрийн хамт ажил дээр ирээд 5.000.000 төгрөг нэмээд өгчих байраа 6 сараар сунгаж өгье, Р.С эгчийг дуудаад гэрээгээ үргэлжлүүлье гэсэн боловч Р.С Баганхайгайд байна ирэх боломжгүй гэсэн тул Р.Ц хэдүүлээ гэрээгээ үргэлжлүүлээд хийе та нар 2018 оны 06 дугаар сарын 27-ныг хүртэл хүүхдийн хичээл сургууль амрах үеэр гарахгүй юу гээд 5.000.000 төгрөг нэмж авсан. Ингээд нийт 20.000.000 төгрөг зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулж эгч Р.С дүү чинь 5.000.000 төгрөг нэмж авсан 06 дугаар сарын 27-ныг хүртэл байх юм байна гэхэд эгч нь би очиж амжихгүй дүүд тэгээд өгчихгүй юу даа гэж хэлсэн. Үүнээс хойш бид утсаар ярих тоолонд гэрээний хугацаа дууслаа мөнгөө авъя эсвэл гэрээгээ сунгая гэж олон удаа хүсэлт тавьсан. Тухайн үед Р.Ц гэрээг сунгах боломжгүй байна. Эгч хөдөө байна, хоёулаа хамт байж сунгах юм байна гэхээр нь эгч рүү нь залгаж би гэрээгээ сунгая, эсвэл мөнгөө аваад байраа захиалмаар байна бид анхнаасаа байрны урьдчилгаанд хурааж байсан мөнгөө өгсөн гэдгээ ч хэлсэн. Гэтэл өөдөөс гэрээ хүчин төгөлдөр байгаа юм чинь байрандаа байж бай , одоохондоо мөнгөний боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Бид Цагдаагийн байгууллагад хандахад та нар байранд нь байгаа юм чинь асуудалгүй гэж хэлсэн. 2019 онд Р.Ц, А.И хоёр бидэн дээр ирж удахгүй мөнгө бэлэн болно та нар байраа хайж бай гэж хэлсэн тул 20.000.000 төгрөгөө аваад өгөх юм байна гээд байр хайж байгаад буцаад холбогдоход 7 хоногийн дараа мөнгийг чинь олж өгнө гэхээр нь 7 хоноод залгатал бүх утаснууд нь хаалттай сургаггүй алга болцгоосон. Эгч Р.С рүү нь залгахад дүүтэйгээ тангараг тасраад байна. Байраа зарж л мөнгийг чинь өгье, эгчдээ байрны зургийг дараад явуул гэхээр нь чат руу нь явуулж зар тавьсан. Тухайн үед байрыг зөндөө хүн ирж үздэг байсан. Р.С эгч бас залгаад одоо хүн очиж үзнэ шүү гэдэг байсан. Зар дээр 140.000.000 төгрөгөөр зарна гэж тавьж байсан. Сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зар тавьсан. Р.С байрыг зараад ямар ч байсан та хоёрын мөнгийг өгнө гэсэн тул хүлээж байтал нэг өдөр Р.Ц залгаад Р.С эгчийн 49 хоног өнгөрөөд 50 дахь хоног дээр нь залгаж байна, одоо наад ипотекийн зээлийн байрыг банк хурааж авна бид зээлээ төлөхгүй байгаа. Та хоёрыг нэг өдөр хөөж гаргана шүү, та хоёр наад байрнаасаа гарчих бид түрээслэж байгаад мөнгийг чинь цувуулаад хэдэн жил ч хамаагүй цувуулж өгье гэсэн хүсэлтийг нь хүлээж аваагүй. Учир нь манайх 3 хүүхэдтэй бөгөөд байрны урьдчилгаанд хурааж байсан мөнгөө энэ хүмүүст өгсөн тул гарах боломжгүй. Зээлийн гэрээний 3.6-д зээлэнд хүү тооцохгүйгээр Р.Сий өмчлөлийн орон сууцанд үнэ төлбөргүй 1 жилийн хугацаанд түрээслэн суухаар тохиров гэж бичсэн. Иймд хариуцагч Р.Ц, М.Г нараас зээлийн 20.000.000 төгрөгийг гэрээний 3.5-д зааснаар алданги 10.000.000 төгрөгний хамт 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Р.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.Ц байр түрээслүүлнэ гэх зар тавьж зарын дагуу нэхэмжлэгч нар холбогдож эдний хооронд гэрээ байгуулагдсан. Гэрээ нь зээлийн гэрээ нэртэй боловч орон сууцыг Б.З, Г.Э нарт түрээслүүлж, түрээсийн төлбөрт 15.000.000 төгрөг авахаар тохиролцон, түрээсийн гэрээг сунгаж 5.000.000 төгрөг нэмж авсан. Р.Ц зар тавихдаа тухайн орон сууцыг сарын 1.500.000 төгрөгийн төлбөртэй зар тавьж үүний дагуу гэрээ байгуулагдсан юм. Харицагчийн хувьд байраа анхнаасаа түрээслүүлж түрээсийн төлбөрт 15.000.000 төгрөг авсан. Р.Цгийн хувьд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нар түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойш 20.000.000 төгрөг төлөөд өнөөдрийг хүртэл түрээс төлөхгүй, байрыг чөлөөлж өгөхгүй амьдарсаар байгаа. Гэрээ зээлийн гэрээ нэртэй хийгдсэн боловч харилцаа нь түрээсийн гэрээний харилцаа юм. Орон сууцанд түрээслэж суучхаад мөнгөө нэхэмжилж байгаа тул төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Хариуцагчийн хувьд түрээсийн хугацаа дууссанаас хойших хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч одоог хүртэл төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч М.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, Өвлөх эрхийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 102/ШЗ2022/02019 Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч хариуцагчтай тохиролцож 20.000.000 төгрөг зээлдүүлж, зээлийн хүү тооцохгүйгээр орон сууцанд үнэ төлбөргүй суухаар тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд зээл, алданги 30.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч нар зээлийн гэрээ нэртэй хийгдсэн боловч харилцаа нь түрээсийн гэрээний харилцаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, Өвлөх эрхийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 102/ШЗ2022/02019 Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гэх баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 27, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулагдаж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэхэмжлэгч Б.З, Г.Э нар нийт 20.000.000 төгрөгийг хүүгүй зээлдэж, Р.Сий өмчлөлийн .. улсын бүртгэлтэй орон сууцанд үнэ төлбөргүйгээр 1 жилийн хугацаанд түрээслэн суухаар тохиролцож энэ тохиролцоог Зээлийн гэрээгээр баталгаажуулж зээлийн гэрээний 3.6-д бусад нөхцөлөөр оруулж тохирсон, тус шүүхэд хариуцагч М.Г нь нэхэмжлэгч Б.З, Г.Э нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлдээ Р.Цд мөнгөний шаардлага гарсан тул Г.Э, Б.З нараас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатай 15.000.000 төгрөг зээлж зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Гэрээнд хүү тооцохгүйгээр Р.Сий өмчлөлийн Баянгол дүүрэг 8 дугаар хороо 3 дугаар хороолол .. байр .. тоот орон сууцанд 1 жилийн хугацаанд үнэ төлбөргүй суулгахаар харилцан тохиролцсон гэсэн үндэслэл зааж орон сууц чөлөөлүүлэх, 27.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх тул шүүх хуралдаанд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заасан.
Зээлдэгч нар зээлийн гэрээний зүйл болох 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болохоо зөвшөөрч үнийн дүнд маргаагүй, гэрээгээр нийт 20.000.000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай зээлдэж, гэрээний 3.5-д зээлдэгч зээлдүүлэгчид гэрээнд заасан бол зээлсэн мөнгийг бүхлээр төлнө. Зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар зээлдүүлэгчид алданги тооцно. Зээлдэгч гэрээний үүргийг үл маргах журмаар биелүүлнэ. 3.6-д дээрх зээлэнд хүү тооцохгүйгээр Р.Сий өмчлөлийн .. улсын бүртгэлтэй орон сууцанд үнэ төлбөргүйгээр 1 жилийн хугацаанд түрээслэн суухаар гэрээний нөхцөлийг тохиролцсон тул хариуцагчийн тайлбарласан Гэрээ нь зээлийн гэрээ нэртэй боловч орон сууцыг Б.З, Г.Э нарт түрээслүүлж, түрээсийн төлбөрт 15.000.000 төгрөг авахаар тохирч, түрээсийн гэрээг сунгаж 5.000.000 төгрөг нэмж авсан. Зар тавихдаа тухайн орон сууцыг сарын 1.500.000 төгрөгийн төлбөртэй байхаар зар тавьж үүний дагуу гэрээ байгуулагдсан гэх тайлбар үндэслэлгүй, тайлбарыг нотолсон баримтгүй, хариуцагч М.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн болохыг тайлбарласан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээг тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн болохоо гэрээний 3.4-т заасан ба, хариуцагч нь гэрээний 1.2, 3.2, 3.5, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээний үүргээ үл маргах журмаар биелүүлнэ, гэрээг шударгаар, тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлэх гэсэн үүргээ биеүүлээгүй буруутай тул нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч А...г нэхэмжлэгч нараас 20.000.000 төгрөгийг шилжүүлж авсанг гэрчилж, орон сууцыг түрээслүүлсэн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр мөнгө зээлдүүлж хүү тооцохгүйгээр орон сууцанд үнэ төлбөргүй 1 жилийн хугацаатай түрээслэн суухаар талууд тохирч гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон болно.
Үүрэг гүйцэтгэгч Р.С 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нас барж өвлөгчөөр нөхөр М.Г өвлүүлэгчийн өмчлөлд байсан Баянгол дүүрэг 8 дугаар хороо 3 дугаар хороолол .. байр ..тоот 69 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өвлөгчөөр бүртгэгдэж 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээх үүрэг хүлээсэн тул Р.Сий гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцагч М.Гоос гаргуулах үндэслэлтэй.
Иймд хариуцагч Р.Ц, М.Г нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.З, Г.Э нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан хэлбэрээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Р.Ц, М.Г нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.З, Г.Э нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.Ц, Г.Э нараас 307.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Э, Б.З нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ньз шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА