Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2022/01569

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: НС СӨХ

Хариуцагч: Н.Э

Дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 2.717.027.40 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч НС Сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Н.Эд холбогдуулан дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 2.717.027.40 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 2.091.825 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч НС Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: НС Сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 онд байгуулагдаж үйл ажиллагаа эрхлэх дүүргийн Засаг даргаас олгосон гэрчилгээг үндэслэн 1, 2 дугаар байр гэрчилгээнд бүртгэгдсэн. Энэ үеэс Нарны хорооллын бүх байранд манайх үйлчилгээ засварыг тогтмол хийж ирсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрчилгээнд 3-13 дугаар байр нэмж бүртгэгдсэн. Сууц өмчлөгдийн холбоо нь байрны хогийг 7 хоногт 4 удаа ачуулж, хог ачих бүрд хогийн бункерүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 1 давхарын хоёр лифтний голд гар ариутгагч санитолын уусмалыг байршуулж, мэрэгч шавьж устгалын ажлыг тогтмол хийж ирсэн. Мөн цэвэр бохир усны шугам хоолойг солих, дээврээс ус гоождог байруудын дээврийг засах, барилга барьсан компаний усны хаялга буруу хийгдсэнээс газрын гүний буюу хөрсний ус зогсоол доороос гарах, бороо орсон үед хороолол руу орох хэсэгт болон 3 дугаар байрны урд ус тогтоолж явган зорчигч явахад хүндрэлтэй болдог байсныг байнга соруулах замаар шийдвэрлэн, хагарсан шил, толь цонх шатсан гэрэл, эвдэрсэн цоож хаалганы нугас бариул, нэвтрэх систем зогсоолын хаалганы эвдрэл гэмтэл дээврийн усны хаялга, хогийн сав, хүүхдийн тоглоомын талбайн сүүдрэвч тоглоом зэргийг цаг тухай бүрд нь засаж иргэдэд жилд 2 удаа тайлагнан ажиллаж ирлээ. Оршин суугч Н.Э нь тус байрны лифтээр зорчиж СӨХ-ноос авах цэвэрлэгээ үйлчилгээг авч ирсэн. Төлбөрөө төлөх талаар үүдэнд нь мэдэгдэл нааж байсанг өөрөө үгүйсгээгүй. 2019 оноос хойш цар тахалтай холбоотой хаалга дээр нь мэдэгдэл наагаагүй ба банк руу нэхэмжлэх сар бүр явуулж байгаа. Оршин суугч байрны цахилгаан, ашиглалтын төлбөрөө төлөхөд СӨХ-ны нэхэмжлэл давхар гарч байгаа. Бид Хаан банк, Төрийн банк руу сар бүр тогтмол явуулдаг. Энэ айлын сар бүр төлөх төлбөр 27.891 төгрөг юм. Шүүхэд 2014 оны 03 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын төлбөрт нийт 2.717.027.4 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч СӨХ-ны гэрчилгээ гарсан өдрөөс буюу 2015 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын төлбөрт 2.091.825 төгрөгийг хариуцагч Н.Эгаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. НС СӨХ нь анх Хурд группээс байгуулагдсан. Албан ёсоор хурлаа зарлаж бүх гишүүдийн хурал хийгээгүй. Бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн төлбөр зардлыг хуваарилсан хурал хийх ёстой. Хурлын тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тогтоолыг хуурамч гэдэг талаар миний бие өнөөдөр хүсэлт гаргасан. Тогтоолыг 3 дугаар байрны оршин суугчдын группт өнөөдрийг хүртэл амьдраагүй, гадаадад байгаа хүний гарын үсгийг дуурайлган зурсан. Огт ийм хурал болоогүй. Энэ талаар бүх хүмүүсийн санал хүсэлтийг асуугаагүй бөгөөд оршин суугчид миний гарын үсэг биш, дуурайлгаж зурсан байна гэж группт бичсэн байдаг. Үүнд үзлэг хийлгэх гэтэл шүүх ач холбогдолгүй гэлээ. Энэ хэргийг шийдвэрлэхэд гол ач холбогдол бүхий баримт байгаа юм. Хурлын тогтоол нь СӨХ байгуулахаас өмнө хийсэн тогтоол байна. СӨХ нь эхний хурлаараа юуг тогтоох ёстой юм бэ? гэхээр НС СӨХ-ийг байгуулаад дараа нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг тогтоогоод, Сууц өмчлөгчдийн холбоо бүртгүүлсний дараа эрх зүйн статус нь бий болсны дараа оршин суугчдын зардлыг тодорхойлох ёстой. Гэтэл Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй байхад 2015 оны 02 дугаар сард зардлыг шийдвэрлэсэн тогтоол байгаа юм. Энэ тогтоол дээр гарын үсэг зурсан хүмүүс, 3 дугаар байрны оршин суугчдын хурал болоогүйг би маш сайн мэдэж байгаа. Дээрээс нь оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар зурсан байгаад байгаа юм. Цаг хугацааны хувьд Иргэний хуулийн 72 дугаар зүйлд цаг хугацааг тоолох талаар заасан. Тухайн үйл явдал бий болсон он дарааллаар. Гэтэл энэ он дараалалын хувьд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй байх үедээ СӨХ-ийн зардлыг тогтоосон нь үндэслэлгүй. Үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх нотлох баримтаас хасуулах үндэслэл байсан. Нотлох баримт шаардлага хангахгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Цаг хугацааны хувьд өмнө хийсэн тогтоол авчирч өгч байна. Сууц өмчлөгчдийн төлсөн төлбөрөөс сардаа 100.000.000 төгрөг даргын халаасанд орж байна. Ямар ч үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоосон. Нэг байр гэхэд л 240 оршин суугчтай. Нийт 13 байр байгаа, түүнийг Иргэний хуульд зааснаар сууц өмчлөгчдийн нийт тоонд хуваагаад нийт гарсан зардлыг хуваах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл тайлан тооцоогоо гаргаж өгөөгүй. Мөн ашиглалтын зардал, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой засвар хийлгэсэн гэдгээ эднийх нотлох хэрэгтэй. Ядаж засвар хийлгэсэн байгууллагатай гэрээ байгуулсан байх ёстой. Ашиглалтын зардал нэхээд байгаа юм бол цахилгаан сүлжээний газар, дулааны газартай гэрээ байгуулж гэрээний дагуу үнэ хөлс тохирсон байх ёстой. Хэрэгт цугларсан баримтад нэг ч зардлын талаар болон энэ олон хийсэн гээд байгаа ажлын талаар нотлох баримт нэг ч байхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн юмаа нэхэмжилсэн харагдаад байгаа юм. Тэгээд мэдэгдэх хуудас албан ёсоор ч явуулаагүй. 2017 онд нэг удаа мэдэгдэх хуудас явуулж байсан. Тэр нь тамга тэмдэггүй цагаан цаасан дээр бичсэн юм өгч байсан. Сууц өмчлөгчдийн холбооны хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй. Өнөөдөр яг эдний нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа нь ямар мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн юм. Үүнийгээ тайлбарлах ёстой. Нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Ямар ч үндэслэлгүйгээр энэ мөнгийг нэхээд байгаа. Би төлөхгүй гэж ер яриагүй. Төлөх үндэслэлтэй байх хэрэгтэй. Яг ямар гэрээний үндсэн дээр юуг үндэслэж төлөх ёстой юм. Тэр бүгд дээр хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа юм. Хурлын тогтоолд хуурамчаар гарын үсэг зурсан. Хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй. СӨХ тайлангаа тавихгүй хөрөнгөжөөд байгаа тул төлбөрийг төлөхгүй. Манай байрны цэвэрлэгээ, хог, лифт, дундын ашиглалтын гэрэл, тогны мөнгийг нийт оршин суугчид тэнцүү хуваах ёстой гэв.

3. Нэхэмжлэгчээс Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, НС СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын тушаал, нэхэмжлэх, Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны сайхан хорооллын 3 дугаар байрны СӨХолбоо байгуулах бүх гишүүдийн хурлын 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №а/01 протокол, Бүх гишүүдийн хурлын тогтоол, оршин суугчдын ирцийн бүртгэл гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч оршин суугчдын төлсөн төлбөрөөр Нарны хорооллын 1-13 дугаар байруудын цэвэрлэгээ, засвар үйлчилгээг тогтмол хийж ирсэн. Хариуцагч үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг нэхэмжилнэ гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг албан ёсоор хурлаа зарлаж хийгээгүй. Бүх гишүүдийн хурлын тогтоолд айлууд гарын үсэг зураагүй. Засвар хийсэн талаар баримтгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, НС СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын тушаал, нэхэмжлэх, Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны сайхан хорооллын 3 дугаар байрны СӨХолбоо байгуулах бүх гишүүдийн хурлын 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №а/01 протокол, Бүх гишүүдийн хурлын тогтоол, оршин суугчдын ирцийн бүртгэл гэх баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч НС сууц өмчлөгчдийн холбоо нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нарны хорооллын 1, 2 дугаар байрны сууц өмчлөгчдийн өргөдөл, холбогдох материалыг үндэслэн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгогдож, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нарны хорооллын 1-13 дугаар байрны сууц өмчлөгчдийн хурлын өргөдөл, холбогдох материалыг үндэслэн холбооны бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон болох нь дугаар 204, 213 гэрчилгээгээр тогтоогдож байна.

2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №А/01 Баянгол дүүрэг 3 дугаар хороо Нарны хорооллын 3 дугаар байрны СӨХолбоо байгуулах бүх гишүүдийн хурлаар 240 өрхөөс 129 оршин суугч хуралд ирж ирц /50+1/ бүрдсэнээр хурлыг хүчин төгөлдөрт тооцож, гишүүдийн хурлын тогтоолоор Удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож, одоо мөрдөж байгаа үнэ тариф хог 2000, харуул 5000, лифт 9000, цэвэрлэгээ 5000, нийтийн ЭЦД 2000, засвар үйлчилгээ мкв 100 төгрөг, граж өвөл 30.000, зун 20.000 төгрөг байхаар үнэ тарифыг 86 хүний саналаар баталсан болох нь хурлын протокол, ирцийн бүртгэл гэх баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч Н.Э нь Сууц өмчлөгчдийн холбоо хууль бус байгуулагдсан эсэх асуудлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар бүх гишүүдийн хурал буюу оршин суугчдын тайлангийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй тул хариуцагч өөрт оногдох зардлыг төлөхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм.

Хариуцагч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох эрхтэйгээс гадна мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох хуульд заасан үүргийн дагуу 2015 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын төлөгдөөгүй дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хөлсийг хариуцан төлөх үүрэгтэй, хариуцагч шаардаж буй хугацааны төлбөрийг Бүх гишүүдийн хурлын протокол хуурамч, СӨХ хууль бусаар байгуулагдсан гэх тайлбараар дээрх хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Эд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хөлсийг төлөхийг удаа дараа мэдэгдэж мэдэгдэл өгч байсан гэдгийг нотлохоор гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь 2019 оноос өмнө мэдэгдэл нааж мэдэгдэж байсанд маргахгүй гэж тайлбарласан, 2019 оноос хойш улс орон даяар тархсан цар тахалтай холбогдуулан нэхэмжлэгч мэдэгдэл хаалганд наагаагүй нэхэмжлэхийг Хаан банк, Төрийн банкинд сар бүр илгээдэг гэж тайлбарласан, хариуцагч СӨХ-нд төлөх төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүйг зөвшөөрдөг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар нь үндэслэлгүй.

Иймд хариуцагч Н.Эгаас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2015 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт завсар үйлчилгээний хөлс 2.091.825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НС Сууц өмчлөгчдийн холбоонд олгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Н.Эгаас 2.091.825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НС сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эгаас 48.419 төгрөг гаргуулан нэхэмжлэгч НС сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА