Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01272

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01271

 

Н СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/01569 дугаар шийдвэртэй

Н СӨХ-ны нэхэмжлэлтэй Н.Эд холбогдох

Дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 2,717,027.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандал, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандалын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Н СӨХ нь 2014 онд байгуулагдаж үйл ажиллагаа эрхлэх дүүргийн Засаг даргаас олгосон гэрчилгээг үндэслэн 1, 2 дугаар байр гэрчилгээнд бүртгэгдсэн. Энэ үеэс Нарны хорооллын бүх байранд манайх үйлчилгээ засварыг тогтмол хийж ирсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрчилгээнд 3-13 дугаар байр нэмж бүртгэгдсэн. Сууц өмчлөгчдийн холбоо нь байрны хогийг 7 хоногт 4 удаа ачуулж, хог ачих бүрд хогийн бункерүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 1 давхрын хоёр лифтний голд гар ариутгагч санитолын уусмалыг байршуулж, мэрэгч шавж устгалын ажлыг тогтмол хийж ирсэн. Мөн цэвэр бохир усны шугам хоолойг солих, дээврээс ус гоождог байруудын дээврийг засах, барилга барьсан компанийн усны хаялга буруу хийгдсэнээс газрын гүний буюу хөрсний ус зогсоол доороос гарах, бороо орсон үед хороолол руу орох хэсэгт болон 3 дугаар байрны урд ус тогтоолж явган зорчигч явахад хүндрэлтэй болдог байсныг байнга соруулах замаар шийдвэрлэн, хагарсан шил, толь цонх шатсан гэрэл, эвдэрсэн цоож хаалганы нугас бариул, нэвтрэх систем зогсоолын хаалганы эвдрэл гэмтэл дээврийн усны хаялга, хогийн сав, хүүхдийн тоглоомын талбайн сүүдрэвч тоглоом зэргийг цаг тухай бүрд нь засаж иргэдэд жилд 2 удаа тайлагнан ажиллаж ирлээ. Оршин суугч Н.Э нь тус байрны лифтээр зорчиж СӨХ-ноос авах цэвэрлэгээ үйлчилгээг авч ирсэн. 2019 оноос хойш цар тахалтай холбоотой хаалга дээр нь мэдэгдэл наагаагүй ба банк руу нэхэмжлэх сар бүр явуулж байгаа. Оршин суугч байрны цахилгаан, ашиглалтын төлбөрөө төлөхөд СӨХ-ны нэхэмжлэл давхар гарч байгаа. Бид Хаан банк, Төрийн банк руу сар бүр тогтмол явуулдаг. Энэ айлын сар бүр төлөх төлбөр 27,891 төгрөг юм. Шүүхэд 2014 оны 03 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын төлбөрт нийт 2,717,027.4 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч СӨХ-ны гэрчилгээ гарсан өдрөөс буюу 2015 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын төлбөрт 2,091,825 төгрөгийг хариуцагч Н.Эгаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н.Эгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Н СӨХ нь анх Хурд группээс байгуулагдсан. Албан ёсоор хурлаа зарлаж бүх гишүүдийн хурал хийгээгүй. Бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн төлбөр зардлыг хуваарилсан хурал хийх ёстой. Хурлын тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тогтоолыг хуурамч гэдэг талаар миний бие өнөөдөр хүсэлт гаргасан. Тогтоолыг 3 дугаар байрны оршин суугчдын группт өнөөдрийг хүртэл амьдраагүй, гадаадад байгаа хүний гарын үсгийг дуурайлган зурсан. Энэ талаар бүх хүмүүсийн санал хүсэлтийг асуугаагүй бөгөөд оршин суугчид миний гарын үсэг биш, дуурайлгаж зурсан байна гэж группт бичсэн байдаг. Үүнд үзлэг хийлгэх гэтэл шүүх ач холбогдолгүй гэлээ. Энэ хэргийг шийдвэрлэхэд гол ач холбогдол бүхий баримт байгаа юм. Хурлын тогтоол нь СӨХ байгуулахаас өмнө хийсэн тогтоол байна. Гэтэл Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй байхад 2015 оны 02 дугаар сард зардлыг шийдвэрлэсэн тогтоол байгаа юм. Энэ тогтоол дээр гарын үсэг зурсан хүмүүс, 3 дугаар байрны оршин суугчдын хурал болоогүйг би маш сайн мэдэж байгаа. Дээрээс нь оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар зурсан байна. Цаг хугацааны хувьд Иргэний хуулийн 72 дугаар зүйлд цаг хугацааг тоолох талаар заасан. Гэтэл энэ он дараалалын хувьд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй байх үедээ СӨХ-ийн зардлыг тогтоосон нь үндэслэлгүй. Үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх нотлох баримтаас хасуулах үндэслэл байсан. Нотлох баримт шаардлага хангахгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Нэг байр гэхэд л 240 оршин суугчтай. Нийт 13 байр байгаа, түүнийг Иргэний хуульд зааснаар сууц өмчлөгчдийн нийт тоонд хуваагаад нийт гарсан зардлыг хуваах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл тайлан тооцоогоо гаргаж өгөөгүй. Мөн ашиглалтын зардал, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой засвар хийлгэсэн гэдгээ эднийх нотлох хэрэгтэй. Хэрэгт цугларсан баримтад нэг ч зардлын талаар болон энэ олон хийсэн гээд байгаа ажлын талаар нотлох баримт нэг ч байхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн юмаа нэхэмжилсэн байгаа юм. Тэгээд мэдэгдэх хуудас албан ёсоор ч явуулаагүй. 2017 онд нэг удаа мэдэгдэх хуудас явуулж байсан. Тэр нь тамга тэмдэггүй цагаан цаасан дээр бичсэн юм өгч байсан. Сууц өмчлөгчдийн холбооны хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй. Өнөөдөр яг эдний нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа нь ямар мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн юм. Хуульд зааснаар нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй. СӨХ тайлангаа тавихгүй хөрөнгөжөөд байгаа тул төлбөрийг төлөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Н.Эгаас 2,091,825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н СӨХнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эгаас 48,419 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н СӨХнд олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Н.Эгийн давж заалдах гомдлын агуулга: ... Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хурлын тогтоол тэмдэглэл байгаагүй боловч шүүх өөрийн санаачилгаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хойшлуулж уг баримтыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Дараагийн шүүх хуралдаан зарлагдахад Н СӨХ-оос хуурамч гарын үсэг зурсан тогтоол авчирч өгсөн ба энэ тогтоолыг би Нарны хорооллын 3-р байрны оршин суугчдын группэд байршуулж оршин суугчдаас гарын үсгийн талаар асуухад олон оршин суугч хуурамчаар гарын үсэг зурсан талаар мэдээлэл өгдөг ба нотлох баримтаар уг группэд үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхээс үндэслэлгүйгээр хүлээж аваагүй. Мөн Н СӨХ-оос авчирч өгсөн бүх гишүүдийн хурлын тогтоол нь 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тогтоол байсан ба үүгээр СӨХ байгуулах талаар дурдсан байдаг. Гэтэл Н СӨХ нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр албан ёсоор бүртгэгдэж гэрчилгээ авсан байдаг. Гэрчилгээ авснаас хойш хэдэн СӨХ-ны төлбөр хэдэн төгрөг байх талаар бүх гишүүдийн хурал зарлаагүй байдаг. Иргэний хуулийн 71.2 дахь хэсэгт Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно гэж заасан. Үүнээс харахад СӨХ нь албан ёсоор бүртгэгдэж гэрчилгээ авсны дараа үйл ажиллагааны зардал СӨХ-ны төлбөрийн асуудлыг бүх гишүүдийн хурал зарлаж тогтоох ёстой. Гэтэл хэрэгт цугларсан баримтад энэ талаар баримт байдаггүй болно. Миний зүгээс үзэж байгаа бодит гарсан зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн боловч бодит гарсан зардлын талаар нэг ч баримт гаргаагүй. Орон сууц өмчлөгчдөд тайланг мэдээлэх үүргээ биелүүлж байгаагүй болно. Иргэний хуулийн 147.1, 147.2, 147.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн талаас ямар ч баримт байдаггүй. Мөн 147.6 дахь хэсэгт зааснаар ямар нэг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн төлбөр төлсөн талаар баримт хэрэгт өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаж буй зардлыг шаардаж буй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй гэтэл хэрэгт цугларсан баримтаас харахад энэ талаар нотлох баримт нэг ч байхгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн, шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн 2015-2019 оны нэхэмжлэл гарах шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж байгаа нь хуулийн үндэслэлгүй албан ёсоор нэг ч удаа хариуцагчид СӨХ- оос мөнгө шаардсан нэхэмжлэл явуулж байгаагүй ба 2017 онд хаалга дээр тамга тэмдэггүй цаас наасан талаар нэхэмжлэгч хариуцагчийн зүгээс хэн хэн зөвшөөрснийг шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч мэдэгдэх хуудас өгч байсан бол албан хэрэг хөтлөлт архивын тухай хуульд заасны дагуу албан ёсны тамга тэмдэгтэй стандартын дагуу албан бичиг явуулж албан бичиг илгээсэн талаар нотлох үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч албан ёсоор мэдэгдэх хуудас нэхэмжлэл нэг ч удаа нэхэмжлэгчид явуулж байгаагүй талаар өөрөө шүүх хуралдаанд тайлбарладаг. Гэтэл үүнийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаараагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандалын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Н СӨХ нь 3-232 тоотод оршин суугч Н.Эгаас 2015 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарыг дуустал 2,091,825 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь заалтад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заасан байдаг энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй. СӨХ нь өөрөө бүх гишүүдийн хурлын тогтоосон тогтоолын дагуу гаргасан тарифаар гишүүдээсээ төлбөр цуглуулж түүгээрээ үйл ажиллагааны зардлыг хийж явуулдаг. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн барилгын ашиглалтын хугацаа дуусаагүй байхад засвар үйлчилгээ хийсэн гэж байна. Барилгын ашиглалтын хугацаа нь 3 жил болоод дуусдаг. Энэ хороолол баригдаж буюу ашиглалтанд ороод одоо 8 жил болж байна. Ашиглалтын хугацаа дууссанаас хойших засвар үйлчилгээг СӨХ хийж гүйцэтгээд үйл ажиллагаагаа явуулж байна. Н СӨХ нь эхлээд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1, 2 дугаар байр ашиглалтанд ороод СӨХ-ны гэрчилгээ гарч үйл ажиллагаагаа явуулж байсан. Дараагийн ээлжийн байрнууд ашиглалтанд ороход 2015 оны 02 дугаар сард байр, байраар нь хурал хийгээд 3 дугаар байрны оршин суугчдын хурлын тэмдэглэлийг материалд өгсөн. Бусад байрнуудын хурлын тэмдэглэл байгаа хариуцагч 3 дугаар байрны оршин суугч учир зөвхөн 3 дугаар байрны хурлын тэмдэглэлийг өгсөн юм. Анхан шатны шүүх бүх материалыг хянаж үзээд шийдвэрийг гаргасан байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч Н СӨХ нь Н.Эд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 2,717,027 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 14/

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч 2014 оны 03 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын төлбөр нийт 2,717,027.4 төгрөгийг төлөөгүй гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...Хурлын тогтоолд хуурамчаар гарын үсэг зурсан. Хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй. Манай байрны цэвэрлэгээ, хог, лифт, дундын ашиглалтын гэрэл, тогны мөнгийг нийт оршин суугчид тэнцүү хуваах ёстой, 2015-2019 оны нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мэдэгдэх хуудас, нэхэмжлэл нэг ч удаа явуулж байгаагүй гэж тус тус тайлбарласан байна.

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүргийг хуулиар хүлээдэг тул нэхэмжлэгч Н СӨХ нь хариуцагч Н.Эгаас СӨХ-ны төлбөрийг шаардах эрхтэй.

6. Нэхэмжлэгч Н СӨХ-ны 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны төлбөр хог 2,000 төгрөг, лифт 9,000 төгрөг, харуул 5,000 төгрөг, цэвэрлэгээ 5,000 төгрөг, нийтийн ЭЦД 2,000 төгрөг, засвар үйлчилгээний м.кв 100 төгрөг гэж тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хх.32-35/

7. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус заасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн төлбөрийг төлөхгүй гэж тайлбар гаргасныг, нэхэмжлэгч үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй болно.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлага гаргаагүй 2014 оны 03 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

9. Иймд 2019 оны 02 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын зардлыг тооцож хариуцагч Н.Эгаас 1,004,076 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н СӨХ-д олгох нь зүйтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн нэхэмжлэлийн зарим шаардлага хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар гаргасан тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй, төлбөрийг төлөхийг шаардаж байсан гэх байдлаа нотлоогүй, хөөн хэлэлцэх хугацааг 2014 оноос хойш тасалдсан, түр зогссон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Н.Эгаас 1,004,076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н СӨХ-д олгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/01569 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Н.Эгаас 1,004,076 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,712,951 төгрөгт хоблогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ....48,419 гэснийг ...28,647 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 48,419 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ц.ИЧИНХОРЛОО