Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/01772

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/01772

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.У

Хариуцагч: НШШГГ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар .. тоотод байрлах 81.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөгчид мэдэгдэлгүй 81.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О,

хариуцагчийн төлөөлөгч Ц.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч НШШГГт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар .. тоотод байрлах 81.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөгчид мэдэгдэлгүй 81.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: НШШГГаас Д.Уын өмчлөлийн .. дугаарт бүртгэлтэй .. тоотод байрлах 81.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар өмчлөгчид мэдэгдэлгүйгээр 81.500.000 төгрөгөөр худалдан борлуулж, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр НШШГГын 171 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.А байрыг худалдаж авсан гэх иргэн С.М нарын хүмүүс ирж байрыг албадан чөлөөлөх болсон талаар болон С.Мы өмчлөлд байрыг шилжүүлэх талаар мэдэгдсэн. Д.У 2019 оны 12 дугаар сарын 27-нд АНУ явж 2021 оны 10 дугаар сарын 23-нд Монголд ирсэн. Энэ хугацаанд өөрийн өмчлөлийн байрыг итгэмжлэлээр зээлийн барьцаанд тавьсан асуудал дууссан гэж бодож байсан ба ингэтлээ хүндэрсэн талаар огт мэдээлэлгүй байсан. Уг байрны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч нь байраа 2010 онд худалдаж авснаас хойш амьдарч байна. Энэ байр цаашдаа охинд нь өмчлөгдөж үлдэх ёстой. Өөрөөр хэлбэл удам дамжиж өвлөгдөх гэр бүлийн дундын хөрөнгө юм. Шийдвэр гүйцэтгэлийн газраас урьдчилж мэдэгдсэн бол ямар нэг арга хэмжээ авах боломжтой байсан. Орон сууцыг 100.000.000 төгрөг ч хүрэхгүй үнээр зарсанд гомдолтой байна. НШШГГ орон сууцны өмчлөгчид мэдэгдэж, хугацаа өгч зах зээлийн үнээр зарах боломжоор хангах ёстой гэж бодож байна. 2019 оны 03 дугаар сарын 22-нд орон сууцны үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт гарч 2021 оны 01 дүгээр сарын 18-нд Д.Ут анхны дуудлага худалдаа болох мэдэгдэлийг мэдэгдсэн. 2021 оны 02 дугаар сарын 05-нд 2 дахь дуудлага худалдаа явагдах тогтоол гарч 2021 оны 02 дугаар сарын 09-нд Д.Ут мэдэгдэл өгсөн гэсэн мэдэгдэл нь хавтаст хэрэгт байгаа боловч Д.У тухайн үед гадаадад байсан. Цахим хуудас болон мейл хаяг, шуудангаар тухайн үеийн боломжит байдлаар мэдэгдлийг мэдэгдэх зохицуулалт байх ёстой. Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-т зааснаар өмчлөгч, гуравдагч этгээд, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдаа явуулахыг зогсоож болно гэж заасан. Хэрэв Д.Ут мэдэгдсэн бол байрны төлбөр төлөх арга хэмжээг авах боломж байсан. Энэ эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2-т зааснаар шүүх үүрэг гүйцэтгэгчийн төлбөл зохих өрийн шинж чанараас шалтгаалан дуудлага худалдааг явуулах ажиллагааг 6 сар хүртэл хугацаагаар түр хойшлуулж болох байсан. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар .. тоотод байрлах 81.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөгчид мэдэгдэлгүй 81.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд талбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар магадлал, УДШ-ийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор Г.Огоос 284.743.357 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 1.581.667 төгрөгийн хамт гаргуулж ОИ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Г.Огийн барьцаа хөрөнгө Д.Уын өмчлөлийн .. тоотод байрлах 81,5 мкв талбайтай 2 өрөө орон сууц, Д.Жы өмчлөлийн .. 82.77 мкв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж үнийн санал авахад төлбөр төлөгч Г.О нь Д.Жы өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 289.695.000 төгрөг, Д.Уын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 285.250.000 төгрөгөөр үнэлсэн бол өмчлөгч Д.У 135.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Төлбөр авагч ОИ-аас үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлгээ тогтоолгоход Д.Жы өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 136.500.000 төгрөг, Д.Уын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 132.000.000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээ тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгч Г.О, өмчлөгч Д.У, Д.Ж нарт 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдлээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Г.О үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, үнэлгээтэй холбоотой маргаан 3 шатны шүүхээр явж Г.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж албдан дуудлага худалдааг нийтэд зарлан төлбөр төлөгч Г.О, өмчлөгч Д.У, Д.Ж, төлбөр авагч ОИ-д 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус албан бичгээр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан боловч Г.Огийн барьцаа хөрөнгө болох дээрх 2 хөрөнгөнд үнийн санал ирээгүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч Г.О, барьцаа хөрөнгө өмчлөгч Д.У, Д.Ж, төлбөр авагч ОИ-д тоотоор мэдэгдэж, хэн аль нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаагүй тул дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж С.М дуудлага худалдаанд шалгарсан байна. Д.У 2 дахь дуудлага худалдааны мэдэгдлийг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч мэдэгдэл шуудангаар хүргэгдсэн тул дуудлага худалдааг мэдэж байсан. Шуудан буцаагдсан тухай баримт манайд ирээгүй тул гэрийн хаягаар нь хүргэгдсэн байна. Дуудлага худалдаа явагдаж байгаа болохыг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Энэ нь Д.Уын охин У.Нэ тухайн дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тэр үед шүүхэд гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр түдгэлзүүлсэн боловч нэхэмжлэлийг нь шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дуудлага худалдааны ялагч тодорсон тул байр шилжүүлэх ажиллагаа хийгдэж 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.Уынд очиход байрны өмчлөгч Д.У нь АНУ-д байж байгаад ирсэн, манай эгчийн охин Г.О барьцаанд тавиад ийм асуудал үүссэнийг мэдэж байгаа, байр чөлөөлөх 3 хоногийн хугацаа өгөх боломж байна уу доторх эд зүйлээ нэг газар байрлуулах асуудал байна гэсэн тайлбар өгч, өөрөө хүсэлтээ бичиж, хаалганы голыг сольчих би байрыг чөлөөлж өгнө, өгөхгүй гэж маргахгүй гэж Ж.Мтай тохирч, тайлбар өгсөн байдаг. Нотариатаар баталгаажуулах зүйлийг өөрсдөө л санаачилсан. Энэ байдлыг төлбөр төлөгч Г.Од утсаар мэдэгдэхэд за ойлголоо гэсэн хариу өгсөн. Орон сууцны өмчлөгч Д.У нь дуудлага худалдааны ялагч С.Мтай байрыг 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор сайн дураар чөлөөлөхөөр тохиролцож баталгаа гарган нотариатаар баталгаажуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаад паспорт, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байр чөлөөлөх талаар бичсэн баталгаа, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр,

4. Хариуцагчаас тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн УДШ-ийн магадлал, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилж, хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгч, төлбөр авагчийн гаргасан үнийн санал, шинжээч томилох тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 03 дугаар сарын 25-ны огноотой төлбөр төлөгч Г.О, төлбөр авагч ОИ-д анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдэл, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Монголын мэдээ сонинд Д.Уын өмчлөлийн орон сууцны дуудлага худалдаанд орох үнийн саналыг 92.400.000 төгрөг болох тухай зар, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн огноотой анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч Д.У нарт мэдэгдсэн мэдэгдэл, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, уг тогтоолыг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч Д.Ут 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн мэдэгдэл, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өмчлөгч Д.Ут 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх тухай мэдэгдэл, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн огноотой анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.Ут хүргүүлсэн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.Утай ярилцсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГт байр чөлөөлөх талаар баталгаа гаргасан Д.Уын баталгаа зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр орон сууцыг 81.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч Г.О, барьцаа хөрөнгө өмчлөгч Д.У, Д.Ж, төлбөр авагч ОИ-д албан бичгээр мэдэгдэж, хэн аль нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаагүй тул дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан. Д.У 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч мэдэгдэл шуудангаар буцаалт хийгдээгүй, хүргэгдсэн тул дуудлага худалдааг мэдсэн. Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан хэмээн үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талууд .. тоотод байрлах 81.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц битүүмжилж, хураасан, хөрөнгө үнэлэх, хөрөнгийн үнэлгээг талууд болон өмчлөгчид мэдэгдсэн, дуудлага худалдааг нийтэд зарласан, анхны дуудлага худалдаа зохион байгуулагдсан зэрэг үйл баримтад маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь 2 дахь албадан дуудлага худалдаа явагдах мэдэгдлийг өмчлөгчид хуульд зааснаар мэдэгдээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгоно гэж тайлбарласан.

5. Хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар Д.Уын өмчлөлийн орон сууцны анхны дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй тул хоёр дахь дуудлага худалдааг хуульд заасан 30 хоногийн дотор явуулахаар заасан хуулийн хугацааны дотор буюу 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 2/18 Тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын мэдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч Г.О, өмчлөгч Д.У нарт хүргүүлж, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулагдаж .. тоотод байрлах 81.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц 81.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай мэдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Д.Ут 4-171/2492 албан бичгээр хүргүүлжээ.

Дээрх мэдэгдлийг үндэслэн өмчлөгч Д. Уын охин У.Нэ хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 102/ШЗ2021/02620 захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байна. У.Ний нэхэмжлэлтэй уг хэргийг тус шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон талаар шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан болно.

6. Нэхэмжлэгч Д.У 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд АНУ-д байсан боловч түүний оршин суух хаягаар болон төлбөр төлөгч Г.О нарт 2021 оны 02 дугаар сарын 09, 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд мэдэгдэл хүргэгдсэн, мэдэгдлийг үндэслэн Д.Уын охин У.Нэ 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан, НШШГГт байр чөлөөлөх талаар Д.У гаргасан баталгаандаа орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор бүрэн сайн дураар чөлөөлнө, албадан чөлөөлөхөд ямар нэгэн гомдол саналгүй гэсэн баталгааг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж, эгчийн охин Г.О байрыг барьцаанд тавьж ийм асуудал үүсгэснийг би мэдсэн тул байраа өөрөө чөлөөлж өгнө гэх тайлбарыг өгсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгчийн 2 дахь албадан дуудлага худалдааг мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх тул хариуцагч НШШГГт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар .. тоотод байрлах 81.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөгчид мэдэгдэлгүй 81.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэгч Д.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар НШШГГт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар .. тоотод байрлах 81.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөгчид мэдэгдэлгүй 81.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэгч Д.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА