Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01604

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01604

 

Д.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01772 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.У

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ШШГГ-аас зохион байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: НШШГ газраас Д.У-ын өмчлөлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг * дүгээр хороо ** дугаар байрны ** тоотод байрлах 81.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар өмчлөгчид мэдэгдэлгүйгээр 81,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр НШШГ газрын 171 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.А байрыг худалдаж авсан гэх иргэн С.М нарын хүмүүс ирж байрыг албадан чөлөөлөх болсон талаар болон С.Мы өмчлөлд байрыг шилжүүлэх талаар мэдэгдсэн. Д.У- 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр АНУ явж 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монголд ирсэн. Энэ хугацаанд өөрийн өмчлөлийн байрыг итгэмжлэлээр зээлийн барьцаанд тавьсан асуудал дууссан гэж бодож байсан ба ингэтлээ хүндэрсэн талаар огт мэдээлэлгүй байсан. Уг байрны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч нь байраа 2010 онд худалдаж авснаас хойш амьдарч байна. Энэ байр цаашдаа охинд нь өмчлөгдөж үлдэх ёстой. Удам дамжиж өвлөгдөх гэр бүлийн дундын хөрөнгө юм. Шийдвэр гүйцэтгэлийн газраас урьдчилж мэдэгдсэн бол ямар нэг арга хэмжээ авах боломжтой байсан. Орон сууцыг 100,000,000 төгрөг ч хүрэхгүй үнээр зарсанд гомдолтой байна. НШШГ газар орон сууцны өмчлөгчид мэдэгдэж, хугацаа өгч зах зээлийн үнээр зарах боломжоор хангах ёстой гэж бодож байна. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орон сууцны үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт гарч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д.У-т анхны дуудлага худалдаа болох мэдэгдэлийг мэдэгдсэн. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2 дахь дуудлага худалдаа явагдах тогтоол гарч мөн сарын 09-ний өдөр Д.У-т мэдэгдэл өгсөн гэсэн мэдэгдэл нь хавтаст хэрэгт байгаа боловч Д.У- тухайн үед гадаадад байсан. Цахим хуудас болон мейл хаяг, шуудангаар тухайн үеийн боломжит байдлаар мэдэгдлийг мэдэгдэх зохицуулалт байх ёстой. Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-т зааснаар өмчлөгч, гуравдагч этгээд, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдаа явуулахыг зогсоож болно гэж заасан. Хэрэв Д.У-т мэдэгдсэн бол байрны төлбөр төлөх арга хэмжээг авах боломж байсан. Энэ эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2-т зааснаар шүүх үүрэг гүйцэтгэгчийн төлбөл зохих өрийн шинж чанараас шалтгаалан дуудлага худалдааг явуулах ажиллагааг 6 сар хүртэл хугацаагаар түр хойшлуулж болох байсан. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тул ШШГ тухай хуулийн 122 дугаар зүйлд зааснаар ШШГ газраас зохион байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар Хан-Уул дүүрэг * дүгээр хороо ** дугаар байрны ** тоотод байрлах 81.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөгчид мэдэгдэлгүй 81,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар магадлал, УДШ-ийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор Г.Огоос 284,743,357 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 1,581,667 төгрөгийн хамт гаргуулж О ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Г.Огийн барьцаа хөрөнгө Д.У-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо ХД 66 дугаар байрны 20 тоотод байрлах 81,5 мкв талбайтай 2 өрөө орон сууц, Д.Жы өмчлөлийн Хан-Уул дүүрэг ** дүгээр хороо Зайсан хороолол ** дугаар байрны ** тоот 82.77 мкв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж үнийн санал авахад төлбөр төлөгч Г.О нь Д.Жы өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 289,695,000 төгрөг, Д.У-ын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 285,250,000 төгрөгөөр үнэлсэн бол өмчлөгч Д.У- 135,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Төлбөр авагч О ББСБ ХХК-аас үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, ШШГ тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Х ХХК-аар үнэлгээ тогтоолгоход Д.Жы өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 136,500,000 төгрөг, Д.У-ын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 132,000,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээ тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгч Г.О, өмчлөгч Д.У-, Д.Ж нарт 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Г.О үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, үнэлгээтэй холбоотой маргаан 3 шатны шүүхээр явж Г.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж албадан дуудлага худалдааг нийтэд зарлан төлбөр төлөгч Г.О, өмчлөгч Д.У-, Д.Ж, төлбөр авагч О ББСБ ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус албан бичгээр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан боловч Г.Огийн барьцаа хөрөнгө болох дээрх 2 хөрөнгөнд үнийн санал ирээгүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч Г.О, барьцаа хөрөнгө өмчлөгч Д.У-, Д.Ж, төлбөр авагч О ББСБ ХХК-д тоотоор мэдэгдэж, хэн аль нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаагүй тул дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж С.М дуудлага худалдаанд шалгарсан байна. Д.У- 2 дахь дуудлага худалдааны мэдэгдлийг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч мэдэгдэл шуудангаар хүргэгдсэн тул дуудлага худалдааг мэдэж байсан. Шуудан буцаагдсан тухай баримт манайд ирээгүй тул гэрийн хаягаар нь хүргэгдсэн байна. Дуудлага худалдаа явагдаж байгаа болохыг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Энэ нь Д.У-ын охин У.Номин-Эрдэнэ тухайн дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тэр үед шүүхэд гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр түдгэлзүүлсэн боловч нэхэмжлэлийг нь шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дуудлага худалдааны ялагч тодорсон тул байр шилжүүлэх ажиллагаа хийгдэж 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.У-ынд очиход байрны өмчлөгч Д.У- нь АНУ-д байж байгаад ирсэн, манай эгчийн охин Г.О барьцаанд тавиад ийм асуудал үүссэнийг мэдэж байгаа, байр чөлөөлөх 3 хоногийн хугацаа өгөх боломж байна уу доторх эд зүйлээ нэг газар байрлуулах асуудал байна гэсэн тайлбар өгч, өөрөө хүсэлтээ бичиж, хаалганы голыг сольчих би байрыг чөлөөлж өгнө, өгөхгүй гэж маргахгүй гэж Ж.Мтай тохирч, тайлбар өгсөн байдаг. Нотариатаар баталгаажуулах зүйлийг өөрсдөө л санаачилсан. Энэ байдлыг төлбөр төлөгч Г.Од утсаар мэдэгдэхэд за ойлголоо гэсэн хариу өгсөн. Орон сууцны өмчлөгч Д.У- нь дуудлага худалдааны ялагч С.Мтай байрыг 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор сайн дураар чөлөөлөхөөр тохиролцож баталгаа гарган нотариатаар баталгаажуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: ШШГ тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар НШШГГ холбогдох ШШГ газраас зохион байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар Хан-Уул дүүрэг * дүгээр хороо ** дугаар байрны ** тоотод байрлах 81.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөгчид мэдэгдэлгүй 81,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ШШГ тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлд гуравдагч этгээд нь талуудын эрх, үүргийг эдлэхээр хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Д.У-ын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг худалдахдаа түүнд мэдэгдэлгүйгээр худалдаж, түүний эрхийг зөрчсөн. Энэ талаар ШШГ тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т заасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд буюу өмчлөгч Д.У-ын зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.У- нь хариуцагч НШШГГ- холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр орон сууцыг 81,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

3.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 282 дугаар тогтоолоор хариуцагч Г.Огоос 284,743,357 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.У-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206011496 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, Үйлдвэр /17041/, ХД-66 дугаар байр, ** тоот хаягт байрлах * өрөө, 81,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахыг НШШГГ- даалгаж шийдвэрлэжээ. /хх. 36-44/

4. НШШГ газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дугаар шийдвэр, 2017 оны 04 дүгээр сарын 20ы өдрийн 102/ГХ2017/00593 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь ШШГ тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-т заасанд нийцсэн. /хх, 35/

5.а. Талууд шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа болох Улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, Үйлдвэр /17041/, ХД-66 дугаар байр, ** тоот хаягт байрлах 2 өрөө, 81,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авсан, үнэлгээ тогтоосон болон анхны албадан дуудлага худалдаа явуулсан зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаагүй. Харин 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/18 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ын дагуу мөн сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэх талаар маргажээ.

5.б. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

5.в. ШШГ тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлэх үүрэгтэй байна.

НШШГ газраас 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4-171/2194 дугаартай мэдэгдлээр Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2/18 тоот тогтоол-ыг төлбөр төлөгч Г.О, өмчлөгч Д.У- нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн нь дээрх хуульд заасантай нийцсэн.

5.г. Барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Д.У- нь бие даасан шаардлага гаргах эрхтэй учир ШШГ тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т дуудлага худалдаанд оролцож болохоор заасан, харин энэ талаар мэдэгдэх үүргийг шийдвэр гүйцэтгэгч хуулиар хүлээгээгүй байна. Иймээс ШШГ тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т заасан эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

5.д. Түүнчлэн, нэхэмжлэгч Д.У-ын охин У.Н маргааны зүйл буюу Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах ШШГ ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хариуцагчийн тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2021/02620 дугаар захирамжаар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

5.е. Мөн Д.У- нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр НШШГГ- ...орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор бүрэн сайн дураар чөлөөлөхөөр, хэрэв тогтсон хугацаанд сайн дураар байраа чөлөөлөөгүй тохиолдолд ... албадан чөлөөлөхөд ямар нэгэн гомдол саналгүй гэсэн Байр чөлөөлөх баталгаа гэх баримт бичиж өгчээ. Хэргийн 10 дугаар талд авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд ...Би Америкийн Нэгдсэн Улсад байж байгаад ирсэн, манай эгчийн охин О.О барьцаанд тавиад ийм асуудал үүссэнийг би мэдсэн. Байр чөлөөлөх 3 хоногийн боломж байна уу. Би байрыг чөлөөлж өгч болно гэсэн тайлбар тэмдэглэгдсэн байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Д.У-ын нэхэмжлэлтэй, НШШГГ холбогдох ШШГ газраас зохион байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар Хан-Уул дүүрэг * дүгээр хороо ** дугаар байрны ** тоотод байрлах 81.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөгчид мэдэгдэлгүй 81,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР