Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/01836

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/01836

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ОИ Банк бус санхүүгийн байгууллага

Хариуцагч: НШШГГ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ө.Агийн хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг тус ББСБ-д шилжүүлэх эрхтэй болохыг тогтоох нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, А.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ОИ Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч НШШГГт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ө.Агийн хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг тус ББСБ-д шилжүүлэх эрхтэй болохыг тогтоох нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч ОИ Банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүн, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулсан бусад этгээдэд хадгалж, хамгаалуулахаар шилжүүлнэ гэж заасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ө.Агийн хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг тус ББСБ-тай гэрээ байгуулан шилжүүлэн өгнө үү гэх хүсэлт, гомдлыг удаа дараа гаргасан. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагчид хадгалуулах хуулийн үндэслэлгүй байна гэж татгалзсан. Үүнийг бид шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулинд шийдвэр гүйцэтгэлийн газар ямар ямар ажиллагаа хийдэг талаар заасан. Эд хөрөнгө битүүмжилдэг, хураадаг, тухайн хураасан эд хөрөнгөө анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулдаг. Тухайн 2 дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эд хөрөнгийг худалдан авах шилжүүлэх гэдэг ийм процесс бүх үйл ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийдэг. Өнөөдөр Монгол улсад тогтоож байгаа практикийн хувьд битүүмжлэх, хураах гэдэг үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар хийгддэг боловч тухайн эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хураах буюу биет байдлаар хураах нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашралгүй түргэн шуурхай явах нөхцөл бүрдэнэ гэдэг үндсэн дээр нэхэмжлэл гаргасан. Өөрсдийн хурааж аваагүй эд хөрөнгийг биет байдлаар хурааж аваагүйгээс дуудлага худалдаагаар худалдан борлуулсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар орсон ялагч мөнгөө шилжүүлдэг боловч тухайн мөнгийг шийдвэр гүйцэтгэлийн байгууллага 14 хоногийн дотор өгөхгүй тохиолдолд тухайн хөрөнгийг худалдан авах эрхийг алба авдаг боловч суллах ажиллагаа биет байдлаар хураагаагүй бол тухайн дуудлага худалдаанд орсон этгээдүүд маш удаан хугацаанд өмчилж байсан эд хөрөнгөө хуулийн дагуу захиран зарцуулах эрх сэргэдэггүй. Цаана нь төлбөр авагч төлбөрөө авах гэж маш их цаг хугацаа алддаг учир эд хөрөнгийг биет байдлаар шилжүүлэх үүргийг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгосон байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага төлбөр гаргахтай холбоотойгоор эхлээд төлбөр төлөх 30 хоногийн хугацаа олгодог. Тэгээд битүүмжилдэг, сарын дотор хураан авч үнэлгээ тогтоодог. Анхны дуудлага худалдаа, хоёр дахь дуудлага худалдаа гээд дэс дарааллаар явна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Эдгээр нь төлбөр гаргуулах ажиллагааны нэг процесс. Шийдвэр гүйцэтгэх байгууллага хөрөнгийг битүүмжилсэн тогтоол үйлдэж хураадаг боловч үүнийгээ биет байдлаар хураагаач. Тус компаниад үл хөдлөх эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг өгөөч гэдэг хүсэлт гаргаад байгаа юм. Бид хуульд зааснаар танай байгууллагатай хадгалалт хамгаалалт хариуцах гэрээ хийгээд байрыг хамгаалалтдаа авъя гэдэг хүсэлт гаргасан. Гэтэл хариуцагч тал манайхыг төлбөр авагч гэдгээрээ хасаад байна. Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар шаардаж байгаа юм. Иргэний хуульд эрх зөрчигдвөл шүүхэд хандах эрхтэй талаар заасан байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ө.Агийн хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг тус ББСБ-д шилжүүлэх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 102/ШШ2021/00389 захирамжаар хариуцагч Ө.Агаас 19,562,200 төгрөг гаргуулж ОИ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 21250580 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Ө.Агийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 10 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 22 байрны 50 тоот хаягт байрлах 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр битүүмжилсэн. Төлбөр авагч ОИ ББСБ ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх эд хөрөнгийг бодит байдлаар хураан авч хадгалалт хамгаалалтыг өөрийн байгууллагад шилжүүлэн авах тухай хүсэлт, гомдлыг тус газарт 2021 оны 11 дүгээр сарын 30, 2021 оны 12 дугаар сарын 30, 2022 оны 01 дүгээр сарын 21, 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдрүүдэд тус тус гаргаж гомдлын хариуг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4/881, 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 20, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4/45, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4/162 дугаар тоотуудаар хураан авсан орон сууцны хадгалалт хамгаалалтыг Банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлэх боломжгүй байна гэдэг хариуг удаа дараа өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүн, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулсан бусад этгээдэд хадгалж, хамгаалуулахаар шилжүүлнэ гэж заасны дагуу ОИ ББСБ ХХК нь барьцаа хөрөнгийг биет байдлаар өөрсдөө авна гэдэг нь орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийг гаргаж, байрыг суллуулаад өөрсдөө авна гэсэн хүсэлт гаргаад байдаг. Хуульд зааснаар хадгалалт хамгаалалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулсан бусад этгээд гэдэгт өөрсдийгөө хамааруулаад ойлгоод байгаа юм. Хадгалалт хамгаалалтыг хариуцахаар манай байгууллагатай гэрээ байгуулах тусгай хадгалалт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа гэрээтэй байгууллагад шилжүүлнэ гэдэг ойлголтыг Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны алданги тушааж гэрээ байгуулснаараа энд хамаарна гэдэг утгаараа удаа дараа хүсэлт гаргаж байгаа юм. Манай зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан ямар ч нөхцөл байдал үүсгээгүй. Төлбөр барагдуулах ажиллагаа, барьцаа хөрөнгө дээр явагдаж байгаа ажиллагаа хэвийн явагдаж битүүмжилсэн, хураагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т төлбөр авагчид битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан үл хөдлөх хөрөнгийг хадгалж хамгаалуулахаар шилжүүлнэ гэсэн хуулийн үндэслэл байхгүй. Манайхаас явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргаад байгаа хүсэлт нь орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийг гаргаад байрыг бүрэн чөлөөлөөд манайд хүлээлгэж өг гэсэн бас нэг тусдаа гүйцэтгэх ажиллагаа болоод байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар орон сууцыг тусд нь хураахаар албан ёсны шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн тохиолдолд тийм ажиллагаа гүйцэтгэхээс зөвхөн төлбөр гаргуулах ажиллагаан дээр барьцаа хөрөнгийг шууд чөлөөлөх боломжгүй гэдэг байдлаар манайх хариугаа өгсөн. Тухайн барьцаа хөрөнгийн орон сууцанд оршин сууж байгаа төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэвийн явагдаж байна. Байрны оршин суугч хорооны тодорхойлолтоор бага насны буюу 0-1 насны хүүхэдтэйгээ хоёулаа оршин суудаг байна. Барьцаа хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, үнэлгээ гарсан, дуудлага худалдаанд ороод шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан процессын дагуу явагдаж байхад нэхэмжлэгч нь төлбөр авагч тал байж энэ ажиллагаанд санаатайгаар саад хийж үргэлжийн гомдол гаргаж ажил хийлгэдэггүй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргаж байгаа хураасан хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг өөрийн байгууллагын мэдэлд шилжүүлэн өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, захирамжийг албадан гүйцэтгэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас, ОИ ББСБ-ын хүсэлт,

4. Хариуцагчаас шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, ОИ ББСБ-ын хүсэлт, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу албан бичиг зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ө.Агийн хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг тус ББСБ-д шилжүүлэх эрхтэй болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар шаардана гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь төлбөр барагдуулах ажиллагаа, барьцаа хөрөнгө дээр явагдаж байгаа ажиллагаа хууль зөрчигдөөгүй, хэвийн явагдаж битүүмжилэгдэн хураагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т төлбөр авагчид битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан үл хөдлөх хөрөнгийг хадгалж хамгаалуулахаар шилжүүлнэ гэсэн хуулийн үндэслэл байхгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Дугаар 102/ШШ2021/00 Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ОИ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ө.Ад холбогдох хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 19.562.200 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулах, тохирсон хугацаанд барагдуулаагүй тохиолдолд Ө.Агийн өмчлөлийн .. тоот хаягт байрлах 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар эвлэрч, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхүй болгон шийдвэрлэсэн. Захирамжид 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дугаар 2120580 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор төлбөр төлөгч Ө.Ад холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №1411 албан бичгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж тусгай тэмдэглэл хийсэн хариу хүргүүлж, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Ө.Агийн өмчлөлийн орон сууцыг тогтоолоор битүүмжилсэн.

Төлбөр авагч ОИ ББСБ нь 2021 оны 11 дүгээр сарын 30, 2021 оны 12 дугаар сарын 30, 2022 оны 01 дүгээр сарын 21, 2022 оны 02 дугаар сарын 01, 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр тус тус төлбөр төлөгч Ө.Агийн хамаарал бүхий этгээдүүдийг орон сууцнаас нүүлгэн шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ө.Агийн үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг ББСБ-д шилжүүлэх гэрээ байгуулж бодитоор хадгалалтыг шилжүүлэх албан бичиг хүргүүлж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 22, 2022 оны 01 дүгээр сарын 19, 2022 оны 01 дүгээр сарын 26, 2022 оны 03 дугаар сарын 10, 20-ны өдрийн албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүсэлтэд дурдсан битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид хадгалуулах, шилжүүлэх хуулийн үндэслэлгүй гэх хариу албан бичиг тус тус хүргүүлсэн байна.

5. Дээрх үйл баримт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож талууд энэ байдалд маргаагүй байна.

6. Зохигчдын маргааны зүйл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах Ө.Агийн үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг нэхэмжлэгчид шилжүүлэх гэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1-д шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүн, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулсан бусад этгээдэд хадгалж, хамгаалуулахаар шилжүүлнэ гэж заасан ба төлбөр авагч ОИ ББСБ ХХК-нд үл хөдлөх эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг шилжүүлэхээр хуульд заагаагүй гэх үндэслэлээр татгалзсан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүн, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулсан бусад этгээдэд хадгалж, хамгаалуулахаар шилжүүлж болно гэж заасан тул төлбөр авагч ОИ ББСБ нь хуульд зааснаар битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг өөрийн хадгалалт, хамгаалалтанд шилжүүлэхээр шаардах эрхгүй байна.

8. Нэхэмжлэгч нь бусад этгээд гэдэгт нэхэмжлэгч ОИ ББСБ орно гэж тайлбарлаж байгаа боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар ОИ ББСБ ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч ба мөн хуулийн 56.1-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг тал болох төлбөр авагчид үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг шилжүүлэхээр заагаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар шаардах эрхээ тодорхойлсон боловч тус хуулийн зохицуулалт нь иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээтэй холбоотой гомдлыг ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гарган шийдвэрлэх зохицуулалт тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар НШШГГт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ө.Агийн хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг тус ББСБ-д шилжүүлэх эрхтэй болохыг тогтоох нэхэмжлэгч ОИ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА