Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01276

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          “ОИББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01836 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ОИББСБ” ХХК-ийн хариуцагч ............ холбогдуулан гаргасан Ө.А-ийн хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг тус ББСБ-д шилжүүлэх эрхтэй болохыг тогтоох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ө.А-ийн хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг тус ББСБ-тай гэрээ байгуулан шилжүүлэх хүсэлт, гомдлыг удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүй. Барьцааны эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хураах буюу биет байдлаар хураах нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашралгүй түргэн шуурхай явах нөхцөл бүрдэнэ гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, ялагч нь төлбөрөө шилжүүлдэг боловч шийдвэр гүйцэтгэлийн байгууллага 14 хоногийн дотор төлбөрийг өгөхгүй тохиолдолд тухайн хөрөнгийг худалдан авах эрхийг шийдвэр гүйцэтгэх байгууллага авдаг боловч суллах ажиллагаа биет байдлаар хураагаагүй бол тухайн дуудлага худалдаанд орсон этгээдүүд маш удаан хугацаанд өмчилж байсан эд хөрөнгөө хуулийн дагуу захиран зарцуулах эрх сэргэдэггүй. Үүний ард төлбөр авагч төлбөрөө авах гэж маш их цаг хугацаа алддаг учир эд хөрөнгийг биет байдлаар шилжүүлэх үүргийг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгосон. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хийж буй ажиллагаа нь төлбөр гаргуулах ажиллагааны нэг процесс бөгөөд хөрөнгийг битүүмжлэх тогтоол үйлдэж хураадаг боловч үүнийгээ биет байдлаар хураах шаардлагатай. Нэхэмжлэгч нь хариуцагчид хадгалалт хамгаалалт хариуцах гэрээ байгуулж, барьцааны хөрөнгийг хамгаалалтдаа авах  хүсэлт гаргасан боловч төлбөр авагч гэдгээр нь хасаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар шаардсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ө.А-ийн хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг “ОИББСБ” ХХК-д шилжүүлэх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 102/ШШ2021/00389 дугаар захирамжаар Ө.Агаас 19,562,200 төгрөг гаргуулж “ОИББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2021 оны 21250580 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч Ө.А-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ............. хаягт байрлах 29 м.кв 2 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр битүүмжилсэн. “ОИББСБ” ХХК нь барьцааны хөрөнгийг бодит байдлаар хураан авч хадгалалт хамгаалалтыг өөрийн байгууллагад шилжүүлэн авах хүсэлт, гомдлыг 2021 оны 11 дүгээр сарын 30, 2021 оны 12 дугаар сарын 30, 2022 оны 01 дүгээр сарын 21, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус гаргасан. Хариуцагч байгууллага нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4/881, 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 20, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4/45, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4/162 дугаар албан бичгээр хураан авсан орон сууцны хадгалалт хамгаалалтыг Банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлэх боломжгүй талаарх хариу өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу “ОИББСБ” ХХК нь орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийг гаргаж, байрыг суллуулаад өөрсдөө авах хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулсан бусад этгээд гэдэгт өөрсдийгөө хамааруулаад ойлгоод байна. Барьцаа хөрөнгийн хадгалалт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа гэрээтэй байгууллагад шилжүүлнэ гэдэг ойлголтыг Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны алданги тушааж гэрээ байгуулснаараа хамаарна гэдэг утгаараа удаа дараа хүсэлт гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан нөхцөл байдал үүсгээгүй, хэвийн явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хуулийн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийг гаргаад байрыг бүрэн чөлөөлж хүлээлгэж өгөх хүсэлт нь тусдаа гүйцэтгэх ажиллагаа болоод байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар орон сууцыг тусд нь хураах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэн тохиолдолд уг ажиллагааг гүйцэтгэх бөгөөд зөвхөн төлбөр гаргуулах ажиллагаан дээр барьцаа хөрөнгийг шууд чөлөөлөх боломжгүй. Барьцаа хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, үнэлгээ гарсан, дуудлага худалдаанд ороод шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан процессын дагуу явагдаж байхад төлбөр авагч тал ажиллагаанд санаатайгаар саад учруулж, гомдол гаргадаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар ............ холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ө.А-ийн хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг тус ББСБ-д шилжүүлэх эрхтэй болохыг тогтоох нэхэмжлэгч ОИББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, хураасаны дараагаар хадгалалт хамгаалалтыг хэнд шилжүүлэхийг хуульчилсан байна. Иймд хуульд зааснаар чөлөөлж, хураасан хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг өөр бусад этгээдэд шилжүүлэхэд тусад нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэх шаардлагагүй. Хэрэв үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, өөр бусад этгээдэд хадгалалт, хамгаалалтыг шилжүүлэх талаар тусдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гарвал хуульд заагдсан битүүмжлэх, хураах гэх ажиллагааг явуулаад байх шаардлагагүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч тусдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гарч байж хуулийн 56.1 дэх хэсгийг биелэх мэтээр хариу тайлбар өгсөнийг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгийг чөлөөлөх гэдэг нь хураах ажиллагаандаа багтах тул үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар чөлөөлөн хураах ёстой. Шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх, хураах 2 өөр ажиллагааг ямар ч ялгаагүйгээр цаасан дээр хийдэг, үүнийхээ талаар хариу тайлбар гаргаагүй. Шүүхээс үүнийг тодруулахгүйгээр нэхэмжлэлийг хангахаас татгалзсан. Үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг шилжүүлэх ажиллагааг хийсний дараа тогтоол үйлдэх ёстой байхад тогтоол үйлдээгүй.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан дээрх үндэслэлүүдэд хууль зүйн болон бодит үндэслэл, шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар тайлбарлахгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4 дэх хэсгийг зөрчиж байна.

4.3. Шүүх нэхэмжлэгчид барьцаа хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг шилжүүлэхээр хуулинд заагаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгч нь хадгалалт, хамгаалалтыг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй талаар маргаагүй. Харин хариуцагч нь гэрээ байгуулан хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг нэхэмжлэгчид шилжүүлэх эрхтэй болохыг тогтоолгох талаар маргасан. Гэтэл нэхэмжлэлтэй хамааралгүй, эрх зүйн ач холбогдолгүй дүгнэлт гаргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай Ө.А-ийн барьцаа хөрөнгийг хадгалалт, хамгаалалтыг өөртөө шилжүүлэн авах талаар гэрээ байгуулаагуй учир шаардах эрхгүй. Харин гэрээ байгуулснаар хадгалалт, хамгаалалтыг өөртөө шилжүүлэн авах талаар шаардах эрх үүснэ. Тиймээс хариуцагчтай гэрээ байгуулж барьцаа хөрөнгийг өөрийн хадгалалт, хамгаалалтанд шилжүүлэх талаар хүсэлт, гомдлыг удаа дараа хариуцагчид гаргасан боловч “төлбөр авагчид хадгалуулах хуулийн үндэслэлгүй” гэх хариу өгсөн.  Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ө.А-ийн хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг тус ББСБ-д шилжүүлэх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

4.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан бусад этгээд гэдэгт төлбөр авагчийг оролцуулж болохгүй талаар хуульчлаагүй байна. Өөрөөр хэлбэл хуулинд бусад этгээд гэдэгт хэн хамаарагдахыг тайлбарлаагүй. Төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүдээс өөр бусад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулсан этгээдүүдэд үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг шилжүүлж болохоор хуульчилсан ба төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүдэд үл хөдлөх хөрөнгийн хадгалт, хамгаалалтыг шууд шилжүүлнэ. Харин төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүдээс өөр бусад этгээдүүд гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг шилжүүлэн авч болохоор хуульчилсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “ОИББСБ” ХХК нь хариуцагч ............ холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Ө.А-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд хураагдсан ............. хаягт байрлах 29 м.кв 2 өрөө орон сууцны хадгалалт, хамгаалалтыг тус компанид шилжүүлэх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 102/ШШ2021/00389 дугаар захирамжаар Ө.Агаас 19,562,200 төгрөг гаргуулан “ОИББСБ” ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг Ө.А-ийн өмчлөлийн ............. хаягт байрлах 29 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн байна. /хх7-8, 26-31/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийг хадгалалт, хамгаалалтдаа шилжүүлэн авах боломжтой гэж тайлбарласан.

4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч “ОИББСБ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30, 2021 оны 12 дугаар сарын 30, 2022 оны 01 дүгээр сарын 21, 2022 оны 02 дугаар сарын 01, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын гэрээг байгуулан шилжүүлэн өгөх тухай хүсэлт, гомдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагчид хадгалуулах хуулийн үндэслэлгүй, төлбөрт хураагдсан орон сууцыг төлбөр төлөгч иргэн Ө.Ад хадгалуулсан нь хууль зөрчөөгүй, хадгалалтыг шилжүүлэх өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгч байжээ. /хх10-19/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүн, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулсан бусад этгээдэд хадгалж, хамгаалуулахаар шилжүүлнэ” гэж заасан.

Анхан шатны шүүх төлбөрт хураагдсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Гэрээ байгуулсан бусад этгээд гэдэгт төлбөрт хураагдсан эд хөрөнгийг хадгалж хамгаалахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай тухайлан гэрээ байгуулсан хуулийн этгээд хамаарна.

5. Төлбөр авагч нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ............ай Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээг байгуулсан байх ба өөрөөр хадгалалт хамгаалалтын гэрээ байгуулаагүй байна. /хх9/

Төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хэн, хэрхэн хадгалж хамгаалгах, эзэмшиж ашиглах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулсан бусад этгээд гэдэгт төлбөр авагч хамаарахгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “шүүх маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарласан, эрх зүйн ач холбогдолгүй дүгнэлт гаргасан” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                                    А.МӨНХЗУЛ