Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/01321

 

 

 

   

      2022 оны 04 сарын 27 өдөр

              Дугаар 183/ШШ2022/01321

                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Ж” УТҮГ-ын нэхэмжлэлтэй, 

           Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох   

       

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55.207.758 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц .

(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.) 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” УТҮГ нь “Б” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55.207.758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч С.Б нь “Ж”-аас 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр БД2013/01 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 36.402.942 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 2419 хоногоор хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул үндсэн зээл 35.402.941 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх зээлийн хүүд 2.096.847 төгрөг, зээлийн алданги 17.701.470 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 55.207.758 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

 

2. Хариуцагч “Б” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б” ХХК нь Ж-аас ямар нэг зээл аваагүй бөгөөд түүнтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 02140 дүгээр шийдвэр, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн БД2013-01 дүгээр Зээлийн гэрээ, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, компанийн дүрэм, Засгийн газрын тогтоол гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Ж” УТҮГ-ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55.207.758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 1. Зээлдэгч С.Б нь “Ж”-аас 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр БД2013/01 тоот зээлийн гэрээ байгуулан 36.402.942 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 2419 хоногоор хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул үндсэн зээл 35.402.941 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх зээлийн хүүд 2.096.847 төгрөг, алданги 17.701.470 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 55.207.758 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 0                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Б” ХХК нь Ж-аас зээл аваагүй бөгөөд зээлийн гэрээ байгуулаагүй гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 02140 дүгээр шийдвэр, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн БД2013/01 дүгээр Зээлийн гэрээ, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, компанийн дүрэм, Засгийн газрын тогтоол гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

“Ж” УТҮГ, “Б” ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан БД2013-01 дүгээр “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Ж” УТҮГ нь 36.402.942 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэгч “Б” ХХК-д зээлдүүлэхээр тохиролцжээ.

 

Уг гэрээний дагуу зээлдүүлэгч “Ж” УТҮГ-иас 36.402.942 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, гэрээний хугацаа 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болоход зээлдэгч “Б” ХХК нь зээлд 35.402.941 төгрөг, зээлийн хүүд 2.096.847 төгрөг, нийт 37.499.789 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар “Ж” УТҮГ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлд 35.402.941 төгрөг, зээлийн хүүд 2.096.847 төгрөг, нийт 37.499.789 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.

 

Мөн гэрээний 2.1.4, 6.1.1-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт зээлийн үлдэгдлийн 0.1 хувиар алданги тооцно” гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 35.402.941 төгрөгийн 0.1 хувиар алданги тооцон 17.701.470 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

 

Хариуцагч тал “...зээл аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Мөн хариуцагчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилсон хэдий боловч хариуцагч тал нь шинжээчид “...шинжилгээ хийхэд шаардлагатай гарын үсгийн загвар, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй” зэргийг харгалзан үзэж, түүнийг хүсэлтээ дэмжихгүй байна гэж шүүхээс дүгнэн, шинжээч томилох шаардлагагүй гэж дүгнэсэн.

  

Хариуцагчаас нэхэмжлэлийн “...нотариатын зардал 6500 төгрөг гаргуулах” тухай шаардлагад хариу тайлбар шүүхэд гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцов.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Б” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлд 35.402.941 төгрөг, зээлийн хүүд 2.096.847 төгрөг, алдангид 17.701.470 төгрөг, нотариатын зардалд 6500 төгрөг, нийт 55.207.758 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж” УТҮГ-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 433.988 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлд 55.207.758 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж” УТҮГ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 433.988 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.СЭМЖИД