Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01378

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01378

 

 

 

ЖДҮХС УТҮГ--ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/01321 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ЖДҮХС УТҮГ--ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 55,207,758 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ЖДҮХС УТҮГ- нь Б ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55,207,758 төгрөг гаргуулна. Зээлдэгч С.Баярсайхан нь ЖДҮХС УТҮГ--аас 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр БД2013/01 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 36,402,942 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 2419 хоногоор хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул үндсэн зээл 35,402,941 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх зээлийн хүүд 2,096,847 төгрөг, зээлийн алданги 17,701,470 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 55,207,758 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

Б ХХК нь ЖДҮХС-аас ямар нэг зээл аваагүй бөгөөд түүнтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлд 55,207,758 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЖДҮХС УТҮГ--д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 433,988 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий биш, нэг талыг барьсан, бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

4.б. Хариуцагч Б ХХК нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас ямар нэг зээл аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргасан. Миний бие шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2013 онд үйлчилж байсан төсөл сонгон шалгаруулах журам, зээлийн гэрээний дагуу зээлдэгчид мөнгө шилжүүлсэн санхүүгийн баримт зэргийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч шүүхэд дээрх баримтыг хүндэтгэх шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар нотлох баримт гаргуулах тухай шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 10103 тоот захирамжийн биелэлтийг хангуулах, мөн миний нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх шүүхийн захирамжийн биелэлт хангагдаагүй, зээлийн гэрээний үүрэгтэй холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй атал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд гомдолтой байна.

4.в. Миний бие шүүх хуралдааныг товыг андуурч 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэж хувийн тэмдэглэлдээ тэмдэглэснээр 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй болно. Шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар төлөвлөж улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлж баримтыг бүрдүүлсэн байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хуульд заасан үндэслэлээр шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

3. Нэхэмжлэгч ЖДҮХС УТҮГ--ын хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55,207,758 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ямар нэгэн зээл аваагүй, зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй гэж маргажээ.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгчид мөнгө шилжүүлсэн санхүүгийн баримтуудыг ЖДҮХС УТҮГ--аас гаргуулахаар шаардсан, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2020/10103 дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ./хх125/

 

5. Хариуцагч нь ЖДҮХС-аас ямар нэг зээл аваагүй бөгөөд түүнтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй гэж маргадаг бөгөөд дээрх захирамжид дурдсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

6. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны товыг эндүүрэх, сөрөг нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

 

7. Давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/01321 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

  ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ