Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/01271

 

 

 

 

 

 

                     2022           04             27

                                              183/ШШ2022/01271

                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

           Хариуцагч: “Б” ХХК-ийн холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 67.000.000 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч.Б.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д.

Гэрч Ц.Д-ийн хүсэлт болон зохигчийн зөвшөөрлөөр түүнийг цахимаар оролцуулав.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 67.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай компани нь усны насос худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд насосыг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд худалдан авдаг. 2018 оны 7 дугаар сараас эхлэн “Б” ХХК нь манай компаниас нийт 108.000.000 төгрөгийн үнэ бүхий усны насос болон насосын холбогдох эд ангийг худалдан авсан ба 40.000.000 төгрөгийг буцаан төлөлт хийсэн ба үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлөөгүй. Тиймээс “Б” ХХК-иас 67.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.  Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан насос болон бусад тоног төхөөрөмжүүдийг Б” ХХК-д хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Мөн тооцоо нийлсэн баримт гэдэг боловч уг баримт нь “Б” ХХК-д байхгүй. Түүнчлэн уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Төлбөр нэхэмжлэх тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.У, Ц.Д нараас мэдүүлэг авсан, Төлбөрийн баримтын нэгдсэн систем програмд “Б” ХХК-ийн “С” ХХК-тай худалдан авалт хийсэн НӨАТ бичилт хийсэн эсэхэд үзлэг хийсэн тэмдэглэл, “Б” ХХК-ийн нягтлан бодогч Г.У-ын цахим хаягаас 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Тооцоо нийлсэн акт гэсэн баримтыг файлаар “С” ХХК-ийн захирал С.Ж-ийн цахим хаягруу явуулсан баримтад үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүх бүрдүүлэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 67.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “С” ХХК-иас 2018 оны 7 дугаар сараас эхлэн “Б” ХХК нь нийт 108.000.000 төгрөгийн үнэ бүхий усны насос болон насосын холбогдох эд ангийг худалдан авсан. Уг төлбөрөөс 40.000.000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл төлбөр 67.000.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Үүнд: Нэхэмжлэлд дурдсан насос болон бусад тоног төхөөрөмжүүдийг “Б” ХХК-д хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Мөн тооцоо нийлсэн баримт гэдэг боловч уг баримт нь “Б” ХХК-д байхгүй. Түүнчлэн уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төлбөр нэхэмжлэх тухай баримт, гэрч Г.У, Ц.Д нарын мэдүүлэг, Төлбөрийн баримтын нэгдсэн систем програмд “Б” ХХК-ийн “С” ХХК-тай худалдан авалт хийсэн НӨАТ-ын бичилт хийсэн эсэхэд үзлэг хийсэн тэмдэглэл, “Б” ХХК-ийн нягтлан бодогч Г.У-ын цахим хаягаас 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Тооцоо нийлсэн акт гэсэн баримтыг файлаар “С” ХХК-ийн захирал С.Ж-ийн цахим хаягруу явуулсан баримтад үзлэг хийсэн тэмдэглэл гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            “С” ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийт 107.000.000 төгрөгийн үнэ бүхий усны насос болон насосын холбогдох эд ангийг “Б” ХХК-д шилжүүлсэн, “Б” ХХК нь хэлэлцэн тохирсон үнэ 107.000.000 төгрөг төлөхөөс 40.000.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “С” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба талуудын тооцоо нийлсэн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход гурван жил өнгөрөөгүй болно.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт худалдан авагч “Б” ХХК нь хэлэлцэн тохирсон үнэ 107.000.000 төгрөгийг худалдагч “С” ХХК-д төлөхөөс 40.000.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 67.000.000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 492.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 492.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 67.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 492.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 492.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.СЭМЖИД