Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01335

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01335

 

 

 

 

 

 

                                     “СЖЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/01271 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “СЖЦ” ХХК-ийн хариуцагч “БМ” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 67,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Тус компани нь усны насос худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг. 2018 оны 07 дугаар сараас эхлэн “БМ” ХХК 108,000,000 төгрөгийн үнэтэй усны насос, насосын холбогдох эд ангийг худалдан авч, 40,000,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлөөгүй. Иймд “БМ” ХХК-аас 67,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлд дурдсан насос болон бусад тоног төхөөрөмжүүдийг “БМ” ХХК-д хүлээлгэн өгсөн баримтгүй. Тооцоо нийлсэн гэх баримт нь “БМ” ХХК-д байхгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “БМ” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 67,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СЖЦ” ХХК-д олгож, нэхэмжлэгч “СЖЦ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 492,950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч “БМ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 492,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. “СЖЦ” ХХК, “БМ ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байхад шүүх үүссэн мэтээр дүгнэлт хийсэн. Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Татварын системд худалдан авалтын талаарх ямар нэгэн төлбөрийн баримтын мэдээлэл байхгүй нь талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэдгийг тодорхой харуулж байна. “БМ ХХК нь “СЖЦ” ХХК-д ямар ч мөнгө шилжүүлээгүй байхад шилжүүлсэн мэтээр дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Талуудын хооронд тооцоо нийлсэн акт байхгүй байхад тооцоо нийлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “СЖЦ” ХХК худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 67,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “БМ” ХХК эс зөвшөөрч “насос болон бусад тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн баримтгүй, тооцоо нийлсэн гэх баримт байхгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргасан.

3. Хариуцагчийн татгалзал дараахь үндэслэлээр үгүйсгэгдэж байна.

“БМ” ХХК-ийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 107,000,000 төгрөгийн үнэ бүхий усны насос болон насосын холбогдох эд ангийг худалдан авч 40,000,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт хариуцагч “БМ” ХХК-ийн нягтлан бодогч Г.У-ын өр төлбөрийн тооцооны талаарх цахим зурвас, гэрчүүдийн мэдүүлэг, төлбөр төлсөн баримтууд авагдсан байна. Анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтуудад хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэрэг нь нотолгооны хэрэгсэл болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс “БМ” ХХК-ийн нягтлан бодогч Г.У-ын [email protected] хаягаас нэхэмжлэгч компанийн захирал С.Жанчивдоржийн [email protected] хаяг руу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “нийт худалдан авалт 107,000,000 төгрөг бөгөөд үүнээс 2018.04.10 өдөр 5,000,000 төгрөг, 2018.06.25 өдөр 20,000,000 төгрөг, 2018.11.05 өдөр 10,000,000 төгрөг, 2019.07.26 өдөр 5,000,000 төгрөг тус тус төлсөн” тухай цахим зурвас, төлбөрийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “2018.04.01-2019.09.25 өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд “БМ” ХХК 67,000,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав” гэх тооцоо нийлсэн акт гэх баримтад үзлэг хийж баталгаажуулсан байна. /хх38-64/  Хэдийгээр уг баримтад нэхэмжлэгч тал гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байх боловч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, төлбөрийн талаар тооцоо нийлсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон.

Тухайлбал, гэрч Г.У “.., 2019 оны 09 сарын 25-ны өдөр тооцоо нийлэх гээд цахим шуудангаар тооцоо нийлсэн акт явуулж байсан, надад зөвхөн миний талын баримт байгаа .., нөгөө талаас акт гаргаж өгөөгүй, тооцоо нийлсэн актыг [email protected] хаяг руу явуулсан .., яаралтай лотки авах хэрэгтэй гэсний дагуу хэлсэн данс руу нь мөнгө шилжүүлсэн ..,” гэж, гэрч Ц.Даваадорж “ ... хариуцагч компани тухайн үед уурхайн үйл ажиллагаанд “СЖЦ” ХХК-ийн захирал н.Жанчив гэдэг хүнтэй шууд холбогдож 2018 онд ойролцоогоор 100 гаруй сая төгрөгийн хөдөлгүүр насос зээлээр худалдан авч, буцааж 40 орчим сая төгрөг төлж байсан, тооцоо нийлж байсныг санаж байна, яг хэдэн төгрөг байсныг санахгүй байна, 2019 оны 09 сараас уурхай буугаад тоног төхөөрөмжүүдийг харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэж өгсөн ...” гэж мэдүүлсэн байна. /хх30-31, 69/

Хэдийгээр тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн баримтгүй байх боловч хариуцагч компанийн ажилтан тоног төхөөрөмж худалдан авсан, ашиглаж байгаад харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэн өгсөн тухайгаа мэдүүлсэн байна. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр нотлоогүй.

Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. /хх1-2/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/01271 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦОГТСАЙХАН

                                           ШҮҮГЧИД                                  М.БАЯСГАЛАН

                                                                                              А.МӨНХЗУЛ