Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/01416

 

 

 

        

      2022 оны 05 сарын 09 өдөр

              Дугаар 183/ШШ2022/01416

                          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: О овогтой, М.Ц-ийн нэхэмжлэлтэй, 

           Хариуцагч: “З” ОНӨААТҮГ-т холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын гэрээнд зааснаар цалин 9.086.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Т.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  М.Ц нь “З” ОНӨААТҮГ-т   холбогдуулан хамтын гэрээнд зааснаар цалин 2.416.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М.Ц нь “З” ОНӨААТҮГ-ын хоёр дугаар баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаар 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот тогтоолоор орон тооны даргаар сонгогдсон. Гэтэл “З” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Б нь”З” ОНӨААТҮГ-ын автобус хоёр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож үйлдвэрчний хороог санхүүгүй болгож, М.Ц намайг цалингүй болгож, байгууллага руу оруулахгүй гишүүдтэй уулзахад саад болж байна. Мөн хамтын гэрээний 9.4-т заасан үндсэн цалин 860.000 төгрөг, ажлын үзүүлэлтийн 40 хувийн нэмэгдэл, 7.4-т заасан хоолны хөнгөлөлт 3000 төгрөг, унааны хөнгөлөлт 1000 төгрөг, нийт 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны үндсэн цалинд 4.300.000 төгрөг, 40 хувийн шагналт цалин 1.720.000 төгрөг, унааны нэмэгдэл цалин 110.000 төгрөг, хоолны нэмэгдэл цалинд 330.000 төгрөг, 9.086.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

2.  Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “З” ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын хурал болж,”З” ОНӨААТҮГ-ын ажилтны Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороо,”З” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо,”З” ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо,”З” ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороодыг татан буулгаж, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Б, Н.Т, М.Ц нарыг Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын ажлаас чөлөөлсөн тогтоол гарсан байдаг. Бүх ажилчдын хурлын шийдвэрээр байгууллагын хэмжээнд 1 үйлдвэрчний эвлэлийн хороотой болсон бөгөөд даргаар нь Ц.Б сонгогдон үйл  ажиллагаа явуулж байна. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2021-2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар бүртгэгдэж хүчин төгөлдөр үйлчилж байна. Нэхэмжлэгч хамтын гэрээний 9.4 дүгээр заалтыг үндэслэн цалинд 2.416.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд 2021-2024 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг ажил олгогч”З” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо түүнийг төлөөлөн Ц.А-тай байгуулсан бөгөөд үйлдвэрчний эвлэлийн хорооны  дарга Ц.А журмын дагуу цалин хөлсөө авч байгаа. Өөрөөр хэлбэл иргэн М.Ц-ийн сонгуульт эрхийн хугацаа дуусгавар болсны дараа буюу үйлдвэрчний эвлэлийн хороог татан буулгасны  дараа 2021-2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг 2021 оны 10 дугаар сарын 07ны өдөр байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн нийт ажилтны хурлаас сонгогдсон Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан нь хуульд нийцэж байгаа. Нэхэмжлэгчийн тухайд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 73 дугаар тогтоолоор “З” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн нэгтгэлийн 3 дугаар баазыг Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулсан. 73 дугаар тогтоолыг үндэслэн байгууллагын захирлын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/64 дугаар тушаалаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ -рүү ажилтан албан хаагчид, хөрөнгө шилжүүлсэн байдаг. Уг тушаалаар иргэн М.Ц шилжсэнээр манай байгууллагатай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс “З” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 000176191 дүгээр улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01-09 дүгээр Хариу хүргүүлэх тухай, “З” ОНӨААТҮГ-ын Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч нарын хамтарсан хулын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2021-2024 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн хамтын маргааны арбитрын зөвлөмж, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн хамтын маргааны зуучлагчийн зөвлөмж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0093 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 228 дугаар магадлал, Монгол Удсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 432 дугаар тогтоол гэсэн баримтыг, хариуцагчаас ”З” ОНӨААТҮГ-ын Бүх ажилчдын хурлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоол,”З” ОНӨААТҮГ-ын Бүх ажилчдын хурал зохион байгуулах ажлын хэсгийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоол,”З” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 000238374 дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021-2022 онд хэрэгжүүлэх байгуулсан хамтын гэрээ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж,”З” ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, хавсралт, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны албан бичиг, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хариу тайлбар хүргүүлэх тухай,”З” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлийн хорооны төлөөлөгчдийн хурлын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоол гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Ц-ийн хамтын гэрээнд заасан цалин 9.086.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “З” ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Ц-д хамтын гэрээний 9.4-т заасан үндсэн цалин 860.000 төгрөг, ажлын үзүүлэлтийн 40 хувийн нэмэгдэл, 7.4-т заасан хоолны хөнгөлөлт 3000 төгрөг, унааны хөнгөлөлт 1000 төгрөг байна гэж заасны дагуу 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны үндсэн цалинд 4.300.000 төгрөг, 40 хувийн шагналт цалин 1.720.000 төгрөг, унааны нэмэгдэл цалин 110.000 төгрөг, хоолны нэмэгдэл цалинд 330.000 төгрөг, нийт 9.086.000 төгрөгийг олгоогүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “З” ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын хурал болж,”З” ОНӨААТҮГ-ын ажилтны Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороо,”З” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо,”З” ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо,”З” ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороог тус тус татан буулгаж,”З” ОНӨААТҮГ-ын Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нэртэй нэг үйлдвэрчний эвлэл байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн, хамтын гэрээ байгуулсан. Харин”З” ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороог татан буулгасантай холбогдуулан үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Ц-г ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн”З” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 000176191 дүгээр улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01-09 дүгээр Хариу хүргүүлэх тухай,”З” ОНӨААТҮГ-ын Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч нарын хамтарсан хулын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2021-2024 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн хамтын маргааны арбитрын зөвлөмж, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн хамтын маргааны зуучлагчийн зөвлөмж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0093 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 228 дугаар магадлал, Монгол Удсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 432 дугаар тогтоол,”З” ОНӨААТҮГ-ын Бүх ажилчдын хурлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоол,”З” ОНӨААТҮГ-ын Бүх ажилчдын хурал зохион байгуулах ажлын хэсгийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоол,”З” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 000238374 дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021-2022 онд хэрэгжүүлэх байгуулсан хамтын гэрээ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж,”З” ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, хавсралт, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны албан бичиг, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хариу тайлбар хүргүүлэх тухай,”З” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлийн хорооны төлөөлөгчдийн хурлын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоол гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

“З” ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар “...З ОНӨААТҮГ-ын ажилтны Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороо,”З” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо,”З” ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо,”З” ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороог тус тус татан буулгаж, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Ц, Н.Төрбат, Ц.Ариунбаатар нарыг ажлаас нь чөлөөлсөн” байх бөгөөд “З” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороог 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэн, уг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Ц.А-ыг томилж, “З” ОНӨААТҮГ болон “З” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хамтын гэрээг байгуулсан нь хуулийн хүчин төгөлдөр байна.  

 

“З” ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар М.Ц-г ”З” ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлаас чөлөөлсөн нь хуулийн хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч М.Ц нь “...хамтын гэрээний 9.4-т заасан үндсэн цалин 860.000 төгрөг, ажлын үзүүлэлтийн 40 хувийн нэмэгдэл, 7.4-т заасан хоолны хөнгөлөлт 3000 төгрөг, унааны хөнгөлөлт 1000 төгрөг байна гэж заасны дагуу 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны үндсэн цалинд 4.300.000 төгрөг, 40 хувийн шагналт цалин 1.720.000 төгрөг, унааны нэмэгдэл цалин 110.000 төгрөг, хоолны нэмэгдэл цалинд 330.000 төгрөг, нийт 9.086.000 төгрөг”-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас шаардах эрхгүй юм.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан М.Ц-ийн нэхэмжлэлтэй, “З” ОНӨААТҮГ-т холбогдох, хамтын гэрээнд зааснаар цалин 9.086.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 53.606 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 118.310 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан М.Ц-ийн нэхэмжлэлтэй, “З” ОНӨААТҮГ-т холбогдох, хамтын гэрээнд заасан цалин 9.086.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 53.606 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 118.310 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД