Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01597

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Ц гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 200 2 оны 05 сарын 09-ний өдрийн 183/ШШ200 2/01416 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Ц гийн нэхэмжлэлтэй, хариуцагч З ОНӨААТҮГ-т холбогдох, хамтын гэрээнд зааснаар 9,086,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: М.Ц нь З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2001 оны 10 сарын 30-ны өдрийн 00 тоот тогтоолоор орон тооны даргаар сонгогдон 2001 оны 10 сарын 05-ны өдөр бүртгүүлэн ажилласан. З ОНӨААТҮГ-ын дарга Ц.Б нь З ОНӨААТҮГ-ын автобус хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, үйлдвэрчний хороог санхүүгүй болгож, М.Ц намайг цалингүй болгож, байгууллага руу оруулахгүй, гишүүдтэй уулзахад саад болж байна. Хамтын гэрээний 9.4-т ...үндсэн цалин 860,000 төгрөг, ажлын үзүүлэлтийн 40 хувийн нэмэгдэл..., 7.4-т ...хоолны хөнгөлөлт 3,000 төгрөг, унааны хөнгөлөлт 1,000 төгрөг... байхаар тус тус заасан. Иймд 2001 оны 10 сараас 2002 оны 04 сар хүртэлх хугацааны үндсэн цалин 4,300,000 төгрөг, 40 хувийн шагналт цалин 1,720,000 төгрөг, унааны нэмэгдэл 110,000 төгрөг, хоолны нэмэгдэл 330,000 төгрөг, нийт 9,086,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: 2001 оны 06 сарын 25-ны өдөр З ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын хурал болж, З ОНӨААТҮГ-ын ажилтны Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороо, З ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, З ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороодыг татан буулгаж, Ц.А , Н.Т , М.Ц нарыг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлаас чөлөөлсөн тогтоол гарсан. Бүх ажилчдын хурлын шийдвэрээр байгууллагын хэмжээнд нэг үйлдвэрчний эвлэлийн хороотой болсон бөгөөд даргаар Ц.А сонгогдон үйл ажиллагаа явуулж байна. Ингээд 2001 оны 10 сарын 07-ны өдөр 2001-2004 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулан 2001 оны 10 сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар бүртгэгдэж хүчин төгөлдөр үйлчилж байна. 2001-2004 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг ажил олгогч З ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, түүнийг төлөөлөн Ц.А тай байгуулсан бөгөөд үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.А журмын дагуу цалин хөлсөө авч байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хамтын гэрээг 2001 оны 06 сарын 25-ны өдрийн нийт ажилтны хурлаас сонгогдсон үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан нь хуульд нийцэж байгаа. Нэхэмжлэгчийн тухайд 2018 оны 05 сарын 23-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 00 дугаар тогтоолоор З ОНӨААТҮГ-ыг З ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулсан бөгөөд уг тогтоолыг үндэслэн байгууллагын захирлын 2018 оны 08 сарын 21-ний өдрийн А/00 дугаар тушаалаар З ОНӨААТҮГ-рүү ажилтан албан хаагчид, хөрөнгө шилжүүлсэн байдаг. Уг тушаалаар иргэн М.Ц шилжсэнээр манай байгууллагатай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар М.Ц гийн нэхэмжлэлтэй, З ОНӨААТҮГ-т холбогдох, хамтын гэрээний дагуу 9,086,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид 200 1 оны 12 сарын 13-ны өдөр төлсөн 53,606 төгрөг, 2002 оны 05 сарын 03-ны өдөр төлсөн 118,310 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. З ОНӨААТҮГ-ын Эв нэгдэл ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь нийт үйлдвэрчний хороодыг төлөөлж 2017 оны 04 сарын 26-ны өдөр хамтын гэрээ байгуулсан. Уг хамтын гэрээ нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 00 сарын 04-ний өдрийн 0000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2000 оны 04 сарын 01-ний өдрийн дугаар 228 дугаар магадлал, мөн 2000 оны 06 сарын 23-ны өдрийн 100 дугаар шүүхийн тогтоолоор тус тус баталгаажсан. Тус байгууллагын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид болон Эв нэгдэл ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид 2002 оны 06 сарын 16-ны өдөр хамтран хуралдаж 2002 оны 06 сарын 21-ний өдөр бүх гишүүдийн хурлыг нэгтгэн зохион байгуулж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болгосон тогтоол гарсан. Энэхүү тогтоолыг үндэслэн 2002 оны 06 сарын 25-ны өдөр хуралдаж дээрх хоёр хороог нэгтгэж З ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нэртэй болгон нэгтгэж тамга, тэмдэг, гэрчилгээг авсан. Нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын маргааныг гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэж, Ц.А ыг даргаар сонгож хоёр даргын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн.

4.б. З ОНӨААТҮГ-ын автобусны Нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид болон гишүүдээс 2002 оны 06 сарын 25-ны өдрийн хуралд оролцох, хороогоо татан буулгах, хорооны дарга Н.Т ыг чөлөөлсөн, шийдвэр тогтоол хавтаст хэрэгт байхгүй бөгөөд тогтоол, шийдвэр гараагүй. Мөн З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид болон гишүүдээс 2002 оны 06 сарын 25-ны өдрийн хуралд оролцох, хороогоо татан буулгах, дарга М.Ц г чөлөөлсөн шийдвэр тогтоол хавтаст хэрэгт байхгүй бөгөөд тогтоол, шийдвэр гараагүй. Түүнчлэн З ОНӨААТҮГ-ын гуравдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид болон гишүүдээс 2002 оны 06 сарын 25-ны өдрийн хуралд оролцох, хороогоо татан буулгах, дарга Б.Б ыг чөлөөөлсөн шийдвэр, тогтоол хавтаст хэрэгт байхгүй бөгөөд тийм тогтоол, шийдвэр гараагүй. Дээрх хороодыг Улсын бүртгэлийн газраас хассан шийдвэр хэрэгт байхгүй.

4.в. Мөн 2002 оны 06 сарын 16-ны өдөр №0 тоот тогтоолоо илт зөрчиж, утгыг өөрчилсөн 2002 оны 06 сарын 25-ны өдрийн №00 тогтоолыг шүүх үнэлж, З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороотатан буугдсан, М.Ц г ажлаас чөлөөлсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна. З ОНӨААТҮГ-ын Эв нэгдэл ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.А нь 2017 оноос хойш дээрх хороод болон З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагааг зогсоох, мөн татан буугдсан гэх цуурхалыг олон нийтийн хэрэгслээр удаа дараа тарааж байсан нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 01-ний өдрийн 128/ШШ/03392018 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 сарын 15-ны өдрийн 221/МА2018/0444 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 432 дугаар тогтоолоор тус тус батлагдсан бөгөд дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

4.г. З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь улсын бүртгэлд бүртгэгдсэн. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээнд М.Ц г даргаар 2001 оны 10 сарын 05-ны өдөр бүртгэсэн, ажилтан мөн гэдэг нь батлагдаж байхад шүүх уг баримт, З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн 2002 оны 05 сарын 05-ны өдөр бүртгэгдсэн баримт, З ОНӨААТҮГ-ын нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээг байгуулах маргаан үүсгэж З ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга асан Н.Т төлөөлж байгуулсан Хөдөлмөрийн хамтын маргааны арбитрын зөвлөмж гэх баримтуудыг шүүх үнэлээгүй.

4.д. Мөн 1, 2 дугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, З ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны нэгдсэн даргын ажил Ц.А т шилжсэн тул дээрх хороодыг төлөөлж 2001 оны 10 сарын 07-ны өдөр хамтын гэрээ байгуулсан. З ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь нэгдсэн үйл ажиллагаанд төлөөлж оролцдог бөгөөд З ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны нэгдсэн дарга Н.Т ыг томилсон 2015 оны 09 сарын 28-ны өдрийн 00 тогтоолыг шүүх үнэлээгүй. М.Ц гийн ажлаа хийж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад шүүх уг баримтуудыг үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын агуулга тодорхой бус, ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн хороо татан буугдсан эсэх, хамтын гэрээ хэрхэн байгуулагдсан талаар шүүхэд давж заалдах гомдол гаргасан атал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг гомдлын хүрээнд бус өмнө болсон үйл баримтын талаар тайлбарлаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.   Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч З ОНӨААТҮГ-т холбогдуулан, хамтын гэрээнд зааснаар 2001 оны 10 сараас 2002 оны 04 сар хүртэлх цалин 4,300,000 төгрөг, 40 хувийн шагналт цалин 1,720,000 төгрөг, унааны нэмэгдэл 110,000 төгрөг, хоолны нэмэгдэл 330,000 төгрөг, нийт 9,086,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Зохигчдын тайлбарт дурдагдсан үйл баримтууд өөр хоорондоо зөрүүтэй байх тул тэдгээрийг тодруулах шаардлагатай. Үүнд:

 

3.а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Нийслэлийн З ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, З ОНӨААТҮГ болон З ОНӨААТҮГ-ын Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нарын хооронд байгуулагдсан 2001-2004 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ /хх 13-17/ зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн З ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын хувьд цалин, шагналт цалин, нэмэгдэл шаардаж байгаа гэх боловч ямар үндэслэлээр өөр байгууллага буюу З ОНӨААТҮГ-аас өөр үйлдвэрчний хороо буюу З ОНӨААТҮГ-ын Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2001-2004 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ-г үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээ тодорхойлж байгаа нөхцөл байдал ойлгомжгүй, шүүх энэ талаар тодруулаагүй байна.

 

З.б. Хэргийн 81-р талд З ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны 08 сарын 21-ний өдрийн А/00 тоот З ОНӨААТҮГ-т ажилтан, албан хаагчид, хөрөнгө шилжүүлэх тухай тушаал авагдсан, уг тушаалын 3-р хавсралт буюу Шилжүүлж буй шалгагч /кондуктор/ нарын нэрс-ийн 00-д М.Ц гийн нэр бичигджээ.

 

Энэ тохиолдолд З ОНӨААТҮГ-т М.Ц ажиллаж байгаа эсэх, ажиллаж байгаа бол ямар үндэслэлээр өөр байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо буюу Нийслэлийн З ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороонд удирдах албан тушаал эрхэлж, өөр байгууллага буюу З ОНӨААТҮГ-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үндэслэл тодорхойгүй, шүүх энэ талаар тодруулаагүй байна.

 

3.в. Хариуцагч нь татгалзлын үндэлэлээ М.Ц Нийслэлийн З ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байсан бөгөөд уг үйлдвэрчний эвлэл татан буугдсан гэсэн агуулгаар тайлбарладаг.

 

Хэргийн 65-р талд З ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын хурлын 2001 оны 06 сарын 25-ны өдрийн №00 тоот тогтоол, 66-67-р талд З ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын хурал зохион байгуулах ажлын хэсгийн 2001 оны 06 сарын 22-ны өдрийн №00 тоот тогтоол гэх баримтууд авагдсан, эдгээрт Нийслэлийн З ОНӨААТҮГ-ын Эв нэгдэл үйлвэрчний эвлэлийн хороо, Нийслэлийн З ОНӨААТҮГ-ын Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, З ӨНӨААТҮГ-ын Автобусны нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, З ӨНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын ажилтны үйлвэрчний эвлэлийн хороодыг тус тус татан буулгаж буй талаар дурдсан байна.

 

2001 оны 06 сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан гэх бүх ажилчдын хурлын протокол хэрэгт авагдаагүй, дээр дурдсан №00 тоот болон №00 тоот тогтоолуудад татан буулгаж буй үйлдвэрчний эвлэлийн хороодын эрх, үүрэг, хариуцлага аль үйлдвэрчний эвлэлийн хороонд шилжиж байгаа талаар дурдагдаагүй, шүүх энэ талаар тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрчний эвлэлийн хороо шинээр байгуулагдсан эсэх, эсхүл нэгтгэгдсэн эсэх нь хэргийн баримтаар тодорхойгүй байна.

 

4.   Дээрх нөхцөл байдлуудыг тодруулахгүйгээр зохигчдын хооронд үүссэн маргааныг үндэслэл бүхий шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 05 сарын 09-ний өдрийн 183/ШШ200 2/01416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2002 оны 06 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 172,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР