Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0851

 

 

  

      2022           11           15                                        128/ШШ2022/0851

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И* э*** к*********ХХК /РД: /

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: П.Г*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ү*****, П.Б*******,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б********, Д.Э********,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Д********,

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б********, Д.Э******** нарын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НА-26210000102 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий И* э*** к*********ХХК-ийн нэхэмжлэлтэй татварын маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Г*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү*****, П.Б*******, хариуцагч Б.Б********, Д.Э********, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч И* э*** к*********ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б********, Д.Э******** нарын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НА-26210000102 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

          2.Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б********, Д.Э******** нар нь И* э*** к*********ХХК-ийн 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, 2021 оны 12 сарын 07-ны өдөр НА-26210000102 тоот нөхөн татварын акт үйлдсэн.

          Уг актаар нэхэмжлэгч И* э*** к*********ХХК-ийг таван зөрчил гаргасан гэж үзэн, тухайн зөрчилд нь 155,444,476.4 төгрөгийн нөхөн татвар, 60,482,908.3 төгрөгийн торгууль, 51,322,116.3 төгрөгийн алданги 267,249,501.1 нийт төгрөгийн төлбөр ногдуулсан.

          3.Нэхэмжлэгч И* э*** к*********ХХК нь хариуцагч татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын НА-26210000102 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэнийг нэхэмжлэгч И* э*** к*********ХХК нь эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авч 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн. 

          4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү***** тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн НА-26210000102 дугаар Нөхөн ногдуулалтын акт нь дараах хууль журмыг зөрчиж гарсан. Үүнд:

          Татварын хяналт шалгалтыг журам зөрчиж хийсэн тухай: Татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтыг Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль болон Татварын Ерөнхий газрын даргын 2019 оны А/39 тоот тушаалаар батлагдсан "Татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журам"-д заасан үндэслэл, хэм хэмжээний хүрээнд шалгалтыг хийж гүйцэтгэх ёстой. Гэвч татварын улсын байцаагч нар нь тухайн журмын 6 дугаар зүйлийн 6.6. дахь хэсэгт заасан актын хавсралтыг манай байгууллагын эрх бүхий албан тушаалтанд танилцуулаагүй, тухайн бичиг баримтын бүрдэл нь бүрэн байгаа эсэх нь тодорхойгүй, мөн журамд зааснаар татварын хяналт шалгалтыг зөвхөн тухайн албаны хяналт шалгалт хариуцсан албаны даргын баталсан удирдамжийн дагуу хийх ёстой байтал нөхөн ногдуулалтын актад заагдсан агуулга болон манай байгууллагад танилцуулсан болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан татварын улсын байцаагч нарын тайлбараас харахад Хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Иймд татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхдээ томилолтод заагдсан хугацаанд багтаж хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, хугацааг сунгасан тохиолдолд журмын 3 дугаар зүйлийн 3.15 дахь хэсэгт заасны дагуу сунгасан эсэх талаарх нотлох баримтыг манай байгууллагын эрх бүхий албан тушаалтанд танилцуулаагүй байдаг. Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд гаргаж өгсөн тайлбар болон марган таслах зөвлөлөөс дээрх үйлдлийг хууль зөрчөөгүй нотлох баримт авагдсан гэж дүгнэсэн байх боловч гомдол гаргагчид буюу манай байгууллагад танилцуулаагүй, нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байдаг.

          Мөн түүнчлэн ерөнхий удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн гэж байгаа боловч тодорхой аж ахуйн нэгж дээр хяналт шалгалт хийж байгаа тохиолдолд удирдамж томилолтыг өөрчлөгдсөн тухай бүрт аж ахуйн нэгжид танилцуулахыг татварын байцаагчид үүрэг болгосон байхад тухайн үүргээ биелүүлээгүй зэрэг Захиргааны ерөнхий хуульд болон Татварын ерөнхий газрын даргын А/39 тоот тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журмыг баримтлаагүй, ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байгаа нь тухайн маргаан бүхий акт буюу HA-26210000102 тоот нөхөн ногдуулалтын актыг хууль зүйн хувьд нэг мөр дагаж мөрдөх боломжгүй болгож байна.

          Тогтоосон зөрчлийн тухай: Татварын улсын байцаагч нар нь манай байгууллагыг нийт 5 төрлийн зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд зөрчлийг тодорхойлохдоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хууль тогтоогчоос баталсан үзэл баримтлалын хүрээнд тайлбарлаж хэрэглээгүйгээс манай байгууллагыг хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргасан байна.

          Манай байгууллагыг 2020 оны үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил гаргасан ба энэ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг буюу "Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурьдсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулана:" 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ гэснийг зөрчсөн мөн 2018, 2019, 2020 онуудад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1. дэх хэсэгт заасны тус тус зөрчсөн гэж дүгнэжээ. Манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа барилга угсралтын үйл ажиллагаа бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай байгууллага нь харилцагч байгууллагатай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр урьдчилж буюу Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүй байхдаа тодорхой төлбөрийг урьдчилж өөрийн байгууллагын дансаар хүлээн авсан нь манай байгууллагын дансны хуулга болон тайланд "урьдчилж орсон орлого" гэж тусгагдсан байдаг. Монгол Улсын Иргэний хуульд гэрээний талууд нь гэрээний нөхцөлийг харилцан чөлөөтэйгөөр тохиролцох эрхтэй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан байх бөгөөд манай байгууллага нь харилцагч талтай гэрээгээр тохиролцсоны үндсэн дээр ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байхдаа буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байхдаа төлбөрийг урьдчилж өөрийн дансаар хүлээн авсан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна.

          Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан.... гэх байх бөгөөд борлуулсан гэдэг нь ажлын үр дүнг талууд хүлээн авч талууд гэрээгээр харилцан ямар нэгэн үүрэг хүлээхгүй болсныг ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “Ажил гэж Иргэний хуулийн гучин нэгдүгээр бүлэгт заасан "ажил гүйцэтгэх” гэснийг" гэж тодотгож өгсөөр байтал, Иргэний хуулийн зохицуулалт болон үзэл баримтлалыг буруу тайлбарласан, мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн "8.1.1. ... ажил үйлчилгээний борлуулалтын орлого" гэж заасан бөгөөд ажил үйлчилгээг буюу гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр хуулийн этгээд, иргэн нь орлого болгон өөрийн тайланд тусгах зохицуулалттай, нөгөөтээгүүр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд Албан татвар ногдох орлогыг хэзээ хэрхэн хүлээн зөвшөөрөх талаар зохицуулалтыг оруулсан байх бөгөөд тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт "Ажлыг гүйцэтгэлийн хувиар" хүлээн зөвшөөрөхөөр зохицуулсан. Гэтэл татварын улсын байцаагч нар нь ажлын явцыг шилжүүлсэн төлбөрийн хэмжээгээр үнэлж, барилгын ажлыг хүлээн авах улсын комиссын эрх хэмжээг хэрэгжүүлж буюу өөрт байхгүй эрх эдэлж, ажлын явцыг хувьчилж тооцож гарган, манай байгууллагын дансаар орсон орлого болгонд татвар төлөх ёстой гэж үзэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тодорхой харагдаж байна. Хууль тогтоогчоос татвар ногдох орлогыг тусгайлан тодорхойлсон явдал нь дансаар орсон гүйлгээ болгон нь татвар ногдох орлого биш болохыг давхар тодорхойлсон бөгөөд дансны хуулга болон анхан шатны баримтууд, орлого орох үндэслэл болсон гэрээ хэлцэл, ажлыг хүлээн авсан гэрээний оролцогч, талуудын акт, татварын тайланд орлогыг харилцагч тал хүлээн зөвшөөрч зардлаар бүртгэсэн эсэхийг шалгаж дүгнэсний үндсэн дээр татвар ногдох орлого мөн эсэхийг тодорхойлох нь Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад заасан зарчимд нийцнэ гэж үзэж байна.

          Мөн түүнчлэн харилцагч байгууллага нь өөрийн урьдчилж гарсан зардал хэсэгт тайлагнасан байгаа явдал нь манай байгууллага тухайн орлогыг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн ойлголт биш юм. Нэгэнт талууд иргэний эрх зүйн харилцаанд буюу гэрээний харилцаанд орж байгаа тохиолдолд аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй болох нөхцөл үүсэж талууд гэрээгээр харилцан шилжүүлсэн эд хөрөнгийг буцаах, шүүхэд гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх нөхцөл үүсдэг.

          Хууль тогтоогчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр тайланд өөрчлөлт, засвар оруулах боломжуудыг хуулиар олгосон байдаг. Татварын улсын байцаагч нарын зөрчил гэж үзэж буй орлогууд нь орлого гэж хүлээн зөвшөөрөгдөх болоогүй буюу манай байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй ажлыг бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүй байсан ба ажлыг хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд орлогыг тайланд тухай бүрт нь тусгаж орлогоос ногдох татварыг улсын төсөвт төвлөрүүлж байсан нь шалгалтын явцад тодорхой болсон байдаг. Гэтэл татварын улсын байцаагч нар нь асуудлыг үндсээр нь харалгүй зөвхөн дансны гүйлгээ болон НӨАТ-н баримт зэргийг үндэслэн манай байгууллагыг хууль зөрчсөн гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлгүй байна.

          Татварын маргаан таслах зөвлөлд татварын улсын байцаагч нараас гаргаж өгсөн тайлбар болон татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэгт гэрээлэгч талууд нь тооцоо нийлсэн байх тул тухай бүрт нь орлогыг хүлээн зөвшөөрч тайланд бүртгэх ёстой гэх дүгнэлтийг гаргасан байдаг боловч тухайн дүгнэлт нь хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүй байна. Байгууллагын нягтлан бодогч нар нь харилцан төлсөн төлбөрийг хүлээн авсан эсэх талаар тооцоо нийлсэн боловч барилгын ажлын онцлогоос хамааран төлбөр төлөлт нь ажлын гүйцэтгэлийн явцыг илэрхийлэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Мөн түүнчлэн шалгалтад хамрагдсан хугацаанд Ковид-19 цар тахлын нөлөөллөөс хамааран барилгын ажил зогссон, ажлын явц удааширсан гэдэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, мөн түүнчлэн хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүйгээр нөхөн ногдуулалтын акт тавьсныг Нийслэлийн маргаан таслах зөвлөлөөс тухайн актыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

          Мөн түүнчлэн Нийслэлийн Маргаан таслах зөвлөл нь журмаа зөрчиж, маргаан хянан шалгах ажиллагааны явцдаа татварын хяналт шалгалтын материалыг нөхөн бүрдүүлэх ажиллагаа хийж хэт нэг талыг баримтлан ажилласан нь Татварын ерөнхий хууль болон Маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл мөн.

          Алданги торгуулийн тухай: Нөхөн ногдуулалтын актын торгууль алдангийн хувьд манай байгууллагын зүгээс тооцооллыг тодруулахыг удаа дараа хүссэн боловч нарийвчилсан тооцоолол гаргаж ирээгүй бөгөөд өнөөдрийг хүртэлх байдлаар алданги торгуулийг хэрхэн тооцсон, хэд хоногийн хугацаа хэтрэлттэй, хугацаа хэтрэлтийг хэдний өдрөөс тооцсон зэргийг нарийвчлан гаргаж өгөөгүй. Татварын ерөнхий хууль болон Татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журамд татварын улсын байцаагчийн акт нь ойлгомжтой бөгөөд татвар төлөгчид актыг бүрэн тайлбарлаж өгөхийг журамласан байхад татварын улсын байцаагч нар нь татварын актын тооцооллыг татвар төлөгчид тайлбарлаж өгөлгүйгээр нөхөн ногдуулах акт гаргасан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

          Иймд Баянгол дүүргийн татварын албаны татварын улсын байцаагч Б.Б********, Д.Э******** нарын 2021 оны 12 сарын 07-ний өдрийн № НА-26210000102 тоот акт нь манай байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 07 -ний өдрийн № НА-2610000102 тоот актыг хүчингүй болгож, манай байгууллын зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “2021 онд татварын улсын байцаагч нар манай байгууллагын үйл ажиллагаанд хяналт хийгээд акт гаргасан. Эхний үндэслэл нь татварын хяналт шалгалт явуулах журам зөрчсөн энэ маань хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Үндэслэлгүйгээр хугацааг сунгасан, татвар төлөхөөр шалгалтад оролцож байгаа байгууллага шалгалттай холбоотойгоор татварын хяналт шалгалтын журамд заасан баримт бичгүүдийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй зөрчлүүд байгаа. Энэ нь Татварын ерөнхий газрын даргын А/39 тоот тушаалаар батлагдсан татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журмыг зөрчсөн. Агуулгын хувьд зөрчлүүд яг адилхан. Агуулга нь компанийн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг урьдчилж орж ирсэн орлого гэдэгт бүртгээгүй ногдох татварт төлөөгүй байна гэдэг ийм зөрчил илэрсэн дээр татварын байцаагч нар акт гаргасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуй нэгж байгууллагын албан татварын тухай хуульд заасан орлого орж ирсэн тохиолдолд заавал татвар төлнө гэх заалтыг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр акт гаргасан. Энэ үндэслэлийг манайх хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан борлуулсан орлогоос татвар төлөхөөс заасан. Манай байгууллагын хувьд барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, үнсэн үйл ажиллагаа нь барилга угсралтын үйл ажиллагаа. Энэ маань ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажиллагаа явуулдаг гэсэн үг. Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцох ёстой. Зарим тохиолдолд манайх урьдчилгаа аваад урьдчилж орж ирсэн орлогыг бүртгэсэн. Оны эцэст улсын төсөв хаагдахаар байсан учраас тодорхой эх үүсвэргүй баталгаа гаргаж байгаад банкнаас зээл авах байдлаар энэ мөнгийг оруулж ирж өөрийн орлого болгосон. Энэ нь манайх нэгэнт гүйцэтгээд ажлыг хүлээлгэж өгөөгүй учраас орлогыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан. Ийм учраас урьдчилж орж ирсэн орлого гэдэгт бүртгэхээс өөр аргагүй байсан. Тэгэхээр энэ зөрчлүүд үндэслэлгүй юм. Хамгийн сүүлд нь болохоор алданги торгуультай холбоотой зөрчил тавигдсан байгаа. Алдангийн тооцооллыг бол гаргаж өгөөгүй. Түрүүн миний дурдсан Татварын ерөнхий газрын даргын А/49 дүгээр тоот тушаал батлагдсан хавсралт дээр алдангийн торгууль дээр алдангийн тооцооллыг гаргаж өгөх ёстой . Бид нар бол яг үнэндээ хэдэн төгрөгөөс хэдий хугацаанд ямар үнэ бүхий алданги тооцоод байгаа вэ гэдэг дээр одоогийн байдлаар яг үнэндээ мэдээлэл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хувийн хэргээс авсан материалын дунд үүнтэй холбоотой тооцоолол байхгүй байгаа учраас бид нар энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учраас Баянгол дүүргийн татварын хэсгийн улсын байцаагч Болормаа Энхцолмон нарын 2021 оны 12 сарын 07-ны өдрийн НА-26210000102 тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

          6.Хариуцагч татварын улсын байцаагч Б.Б********, Д.Э******** нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

          “И* э*** к*********ХХК-ийн 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс  2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх 2621902574 тоот томилолтын дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б********, Д.Э******** нар иж бүрэн хяналт шалгалт хийж 2021 оны 12 сарын 07-ны өдөр НА-26210000102 тоот нөхөн татварын актаар 155,444,476.4 төгрөгийн нөхөн татвар, 60,482,908.3 төгрөгийн торгууль, 51,322,116.3 төгрөгийн алданги 267,249,501.1 нийт төгрөгийн төлбөр ногдуулсан.

          Нэг. И* э*** к*********ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 22/01 тоот Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Татварын хяналт шалгалтыг журам зөрчиж хийсэн тухай: Татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтыг Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль болон Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/39 тоот тушаалаар батлагдсан "Татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журам"-д заасан үндэслэл, хэм хэмжээний хүрээнд шалгалтыг хийх гүйцэтгэх ёстой. Гэвч татварын улсын байцаагч нар нь тухайн журмын 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт актын хавсралтыг манай байгууллагын эрх бүхий албан тушаалтанд танилцуулаагүй, тухайн бичиг баримтын бүрдэл нь бүрэн байгаа эсэх нь тодорхойгүй, мөн журамд зааснаар татварын хяналт шалгалтыг зөвхөн тухайн албаны хяналт шалгалт хариуцсан албаны даргын баталсан удирдамжийн дагуу хийх ёстой байтал нөхөн ногдуулалтын актад заагдсан агуулга болон манай байгууллагад танилцуулсан болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан татварын улсын байцаагчийн тайлбараас харахад хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Иймд татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхдээ томилолтод заагдсан хугацаанд багтаж хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, хугацааг сунгасан тохиолдолд журмын 3 дугаар зүйлийн 3.15 дах хэсэгт заасны дагуу сунгасан эсэх талаарх нотлох баримтыг манай байгууллагын эрх бүхий албан тушаалтанд танилцуулаагүй байна. Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд гаргаж өгсөн тайлбар болон маргаан таслах зөвлөлөөс дээрх үйлдлийг хууль зөрчөөгүй нотлох баримт авагдсан гэж дүгнэсэн байх боловч гомдол гаргагчид буюу манай байгууллагад танилцуулаагүй, нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байдаг. Мөн түүнчлэн ерөнхий удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн гэж байгаа боловч тодорхой аж ахуйн нэгж дээр хяналт шалгалт хийж байгаа тохиолдолд удирдамж томилолтыг өөрчлөгдсөн тухай бүрт аж ахуйн нэгжид танилцуулахыг татварын байцаагчид үүрэг болгосон байхад тухайн үүргээ биелүүлээгүй зэрэг Захиргааны ерөнхий хуульд болон Татварын ерөнхий хууль болон ТЕГ-ын даргын А/39 тоот тушаалаар шалгалт хийх үйл ажиллагааны журмыг баримтлаагүй ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байгаа нь тухайн маргаан бүхий акт буюу HA-26210000102 тоот нөхөн ногдуулалтын актыг хууль зүйн хувьд нэг мөр дагаж мөрдөх боломжгүй болгож байна гэжээ.

          Татварын улсын байцаагчийн тайлбар үндэслэл: И* э*** к*********ХХК-ийн 2017-2020 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийх Татварын ерөнхий газрын Эрсдэлийн Удирдлагын газрын эрсдэлд суурилсан 2621902574 тоот томилолт 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Татварын улсын байцаагч Д.Э********, Л.Н******** нарт олгогдсон ба энэ хугацаанд Татварын улсын байцаагч Л.Н******** өөр дүүрэгт сэлгэн ажиллах болсон тул байцаагч Б.Б******** томилогдож шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан ба мөн хугацаанд байцаагч Б.Б******** эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан хугацаанд өвчтэй байсан учраас хяналт шалгалтын томилолтын хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 31-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан болно. Хяналт шалгалтыг хийхдээ Хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Эрсдэлийн Удирдлагын газраас эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх 2621902574 тоот томилолтын дагуу Татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журмыг баримталсан болно. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2. Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ гэж хуульчилсан байгааг дурдах хэрэгтэй байх.

          Нөхөн ногдуулалтын акт нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйл 42.5. Татварын алба, татварын улсын байцаагч нь албан ёсны маягтад эцэслэн баталгаажуулаагүй нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид урьдчилан танилцуулахгүй. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ.”, 42.8. “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.7-д заасны дагуу илгээсэн өдрөөс хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан хугацаанд гардуулсанд тооцно." гэж зааснаар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Татварын улсын байцаагч Б.Б********, Д.Э******** нарын үйлдсэн 26210000102 тоот нөхөн ногдуулалтын актыг И* э*** к*********ХХК-д шуудангаар хүргүүлсэн болно.

          Хоёр. И* э*** к*********ХХК тогтоосон зөрчлийн тухай татварын улсын байцаагчийн тайлбар үндэслэл:

          Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1. “Анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” мөн Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн Албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх 12.1.2. “ажлын гүйцэтгэлийн хувиар”-ийг мөн Нягтлан бодох бүртгэлийн стандарт -18- д Барилгын захиалгын явцад орлого ба ашгийг гүйцэтгэлийн хувийн жинд үндэслэн тайлант хугацаа бүрд хэсэгчлэн хүлээн зөвшөөрнө гэсний дагуу орлогоо хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзсэн ба захиалагч байгууллагатай хийсэн тооцоо нийлсэн актад тусгагдсан олгосон санхүүжилт, ажил гүйцэтгэлийн хувь, татвар төлөгчтэй хийсэн ярилцлага, бусад нотлох баримтад үндэслэсэн болно.

          Хяналт шалгалтад хамрагдах хугацаанд а./ А******* ХХК-н захиалгаар 5,494,990,000.0 төгрөгийн төсөвт өртөг бүхий, барилгын ажил гүйцэтгэсэн бөгөөд ажлын гүйцэтгэл 70 хувьтай 3,496,811,181.18 /нөат-гүй дүнгээр/ төгрөгийн орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнахаас 2,710,080,127.28 /нөат-гүй дүнгээр/ төгрөгийн орлогыг тайлагнасан ба 786,731,690.0 төгрөгийн орлогыг борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрөөгүй урьдчилж орсон орлогоор тайлагнасан дүнг нөхөн ногдуулалтын актын зөрчилд тооцсон. б./ Э* Ж* Э*ХХК-н захиалгаар Аялал жуулчлалын цогцолборын Сингл хаус С3 загвар 6,7,8,9 блокын бүтэц угсралтын 272,000,000.0 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гэрээний дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн боловч 247,272,727.27 /нөат-гүй дүнгээр/ төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнах ёстойгоос 238,423,090.2 /нөат-гүй дүнгээр/ төгрөгийн орлогыг хүлээн зөвшөөрч, 8,849,637.09 төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан дүнг нөхөн ногдуулалтын актын зөрчилд тооцсон. в./Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны захиалгаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт 3,999,813,125.0 төгрөгийн төсөвт өртөг сургуулийн барилгын ажлыг хийж хяналт шалгалтын хамрах хугацаанд 78% гүйцэтгэлтэйгээр гүйцэтгэсэн ба 2,836,231,125.0 /нөат-гүй дүнгээр/ төгрөгийн борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөхөөс 1,351,910,905.0/ нөат-гүй дүнгээр/ төгрөгийн орлогыг борлуулалтын орлогоор зөвшөөрч зөрүү 1,484,320,220.0 / нөат-гүй дүнгээр/ төгрөгийн орлогыг урьдчилж орсон орлогоор бүртгэсэн дүнг нөхөн ногдуулалтын актын зөрчилд тооцсон.

          Дээрх 3 гэрээт ажлын зөрчилд тооцсон дүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйл 10.2. “бараа, ажил үйлчилгээ борлуулсан тухай бурд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно” 10.2.1. “борлуулагч бараа, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр” гэж заасныг баримтлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 7 дугаар зүйлийн 7.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасан заалтыг үндэслэн А******* ХХК-ийн захиалгат ажлаас дутуу тайлагнасан 786,731,690.90 төгрөгийн, Э* Ж* Э*ХХК-ийн захиалгат ажлаас дутуу тайлагнасан 8,849,637.09 төгрөгийн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны захиалгат ажлаас дутуу тайлагнасан 1,484,320,220.0 төгрөгийн борлуулалтын орлогод Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан болно.

          Гурав. И* э*** к*********ХХК-ийн Алданги торгуулийн тухай татварын улсын байцаагчийн тайлбар үндэслэл:

          2018 онд 138,495,653.95 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаандаа төлөөгүй нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасан заалтыг үндэслэн, Зөрчлийн тухай хуулиар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1. “Татварын хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр”, Татварын ерөнхий хууль хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэснийг баримтлан 13,849,565.0 төгрөгийн торгууль, 21,660,975.8 төгрөгийн алданги ногдуулсан болно” гэжээ.

          7.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Татварын хяналт шалгалтын журмыг зөрчсөн томилолтыг танилцуулаагүй гэж нэхэмжлэгч талаас ярьж байна. Томилолтыг тухай бүртээ танилцуулсан. Энэ явцад манай нэг байцаагч ажлаасаа чөлөөлөгдөөд өөр байцаагч томилогдсон. 1 2 ажилтан ажлаасаа чөлөөлөгдлөө гэхэд энэ нь хэрэгт ач холбогдолтой биш. 2 байцаагч байж байгаад 2 байцаагчийн аль нэг нь солигдлоо гэхэд татварын хяналт шалгалт орох санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны тухай баримтад үндэслээд хяналт шалгалт орох тооцоолол гаргах гээд бүх асуудал нь өөрчлөгдөхгүй учраас энэ нь шүүх хуралд ач холбогдолгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д хэсэгт анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг журам стандартын дагуу төлбөрийн баримтыг үндэслэн хөтлөх үүрэгтэй байдаг. Мөн ААНОАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлд албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх гэдэг нь ажил гүйцэтгэлийн хуваарь гэж байгаа, дээр нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт гэж байгаа. Үүнийг татварт төлөгч баримтлах ёстой. Энэ олон улсын стандартын 18 дугаар зүйлд барилгын ажлын явцад орлого ба ашгийн гүйцэтгэлийн хувийн жилд үндэслэн гүйцэтгэлийн 20 жилд үндэслэн тайлант хугацаа бүрт хэсэгчлэн хүлээн зөвшөөрнө гэж заасан. Ийм учраас орлого тухай бүрд нь биш гэрээ ажил гүйцэтгэлийн хувиар нь одоо 2 байгууллагад жилдээ тооцоо нийлсэн ажил гүйцэтгэлийн хувь байгаа тэрний хуваарь дээр нь үндэслээд гаргасан. Энийг нь бол орлогоо хүлээн зөвшөөрсөн гэнэ. 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилт аваад 70 хувийг нь гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт тооцоо нийлсэн акт байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гүйцэтгэлийн 70 хувийн тооцоо нийлсэн акт байсаар байтал хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой байсан. Үүнийгээ тайлагнаагүй. 3 тэрбум 496 сая төгрөг, тайлагнахаас 2 тэрбум 710 сая төгрөг тайлагнаад үүний зөрүү нь 786 сая төгрөгийн зөрүүг тайлагнах ёстой байсан. Энэ нь тайлагнах ёстой байсан тайлан байхгүй.

          Э* Ж* Э*ХХК-тай, 2021 оны 10 сарын 08-ны өдөр 100 хувь тайлагнах ёстой. 272 сая төгрөгийн зөрүүгээс 8.8-ийг тайлагнаагүй аваагүй байсан борлуулалтын орлого гэж бүртгэх ёстой. Мөн Хөвсгөл аймагт сургууль барьсан байгаа. Хөвсгөл аймагт ерөнхий боловсролын сургууль бариад 3 тэрбум 999 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын захиалга авсан боловч яамнаас ирүүлсэн 78 хувийн гүйцэтгэл тооцоололтойгоос энэ нь 2 тэрбум 836 сая төгрөг хүлээн зөвшөөрөх ёстой байснаас 1 тэрбум 351 мянган төгрөгийг тайлагнаад зөрүү 1 тэрбум 484 мянган төгрөг тайлагнаагүй байсан. Тухай бүрдээ үнэн зөвөөр тайлагнах ёстой нийт зөрчлийнхөө нийлбэр дүнгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар ногдуулж татварын улсын байцаагч нар актаа үйлдсэн. Дээрх гурван гэрээ зөрчилд нийт тооцсон дүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу бараа ажил үйлчилгээ борлуулсан тухай бүрд нь албан татвар ногдох хугацаа дор дурдсан аль түрүүнд нь хийгдсэн өдрөөр тооцно гэж заасан.

          Мөн 10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт борлуулагч борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр гэж заасныг баримтлан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил үйлчилгээнд заасан заалтыг үндэслэн компанийн захиалгат ажлаас дутуу тайлагнасан 786 сая төгрөг, Э* Ж* Э*ХХК-аас захиалгат ажлын дутуу тайлагнасан 849 сая төгрөг, БШУ-ны яамны захиалгат тайлан 1 тэрбум 484 сая төгрөгийн борлуулалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, зөрчлийг тавьсан байгаа. Мөн алданги, торгуулийн гурав дахь хэсэгт алданги, торгуулийг ямар үндэслэлээр яаж тавьсан бэ гэж байна. Үүний тухайд нөхөн ногдуулалтын актыг торгууль, алдангийн хувьд манай байгууллагын зүгээс тооцооллыг тодруулахад удаа дараа хийсэн болон нарийвчлан тооцоолол гаргаж өгөөгүй. 2018 онд 138 сая 490 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд нь төлөөгүй. 2018 онд тухайн жилд 138 сая төгрөгийн татварыг заасан хугацаанд төлөөгүй байсан. Үүн дээр Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэл болгоод албан татвар суутган төлөгч нь бараа ажил үйлчилгээ, борлуулсан үйлчилгээнд ногдох албан татварыг дор дурдсан журмаар 5 дугаар сарын 10-ны өдөр төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайланг татварын албанд тушаана гэж заасныг үндэслэсэн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.19 дэх хэсэгт татварын хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийн хэтэрсэн хоног тутамд төлөх бүх 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй албан татварын алданги тооцох гэсэн үг хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ. Уг алдангийн хэмжээ нөхөн төлүүлэх татварын 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг тус тус үндэслээд 13 сая 849 мянган төгрөгийн торгууль, 21 сая 660 мянган төгрөгийн алданги ногдуулсан. Тухай бүрд хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч танилцаад явж байсан боловч тэр үед ковидын нөхцөл байдалтай байсан. Ирж танилцаарай гэхэд ирж танилцаагүй. Тийм учраас баталгаат шуудангаар явуулсан.” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1.И* э*** к*********ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НА-26210000102 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргаан бүхий актыг эс зөвшөөрч маргасан.

1/ Татварын хяналт шалгалтыг хийхдээ журам зөрчсөн.

2/ Манай байгууллага нь харилцагч талтай гэрээгээр тохиролцсоны үндсэн дээр ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байхдаа төлбөрийг урьдчилж өөрийн дансаар хүлээн авсан төлбөрийн хэмжээгээр үнэлж, ажлын явцыг хувьчилж тооцож гарган, манай байгууллагын дансаар орсон орлого болгонд татвар төлөх ёстой гэж үзэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж татвар ногдуулсан.

3/ Торгууль, алданги хэрхэн тооцсон нь тодорхойгүй.

3.Маргаан бүхий акт хуульд нийцэж гарсан байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

3.1.Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2621902574 дүгээр хяналт шалгалт хийх томилолтын дагуу И* э*** к*********ХХК-ийн 2017-2020 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж эхлэх хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, татварын улсын байцаагч нарын хүсэлтээр хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус сунгасан байна.

3.2. Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НА-26210000102 дугаар нөхөн ногдуулалтын актаар И* э*** к*********ХХК-ийн 4,698,298,748.13 төгрөгийн зөрчилд 155,444,476,46 төгрөгийн нөхөн татвар, 60,482,908,33 төгрөгийн торгууль, 51,322,116.35 төгрөгийн алданги, нийт 267,249,501.14 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

3.3.Шалгалтад хамрах хугацаанд И* э*** к*********ХХК-иас А******* ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр барилга угсралтын ажлын 09/18 дугаар Барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ, Э* Ж* Ж* Э* ХХК-тай барилгын блокийн бүтээц угсралтын ажлыг гүйцэтгэх 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 02/19-23 дугаар гэрээ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан. 

3.3.1.А******* ХХК-ийн захиалгаар 5,494,990,000.0 төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгын ажлыг хяналт шалгалтад хамрагдах хугацаанд 70 хувьтай гүйцэтгэж, 3,496,811,181.18 төгрөгийн орлогыг тайлагнахаас 2,710,080,127.28 төгрөгийн орлогыг тайлагнасан. 786,731,690.0 төгрөгийн орлогыг борлуулалтын орлогыг борлуулалтын орлогоор биш урьдчилж олсон орлогоор тайлагнасан.

3.3.2.Э* Ж* Ж* Э* ХХК-ийн захиалгаар 272,000,000.0 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн 247,272,727.27 төгрөгийн борлуулалтын орлогыг 8,849,637.09 төгрөгөөр дутуу буюу 238,423,090.0 төгрөгийн орлогыг тайлагнасан.

3.3.3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг шалгалтад хамрах хугацаанд 78 хувийн гүйцэтгэлтэй гүйцэтгэсний 2,836,231,125.0 төгрөгийн борлуулалтын орлогыг 1,484,320,220.0 төгрөгийн орлогоор дутуу буюу урьдчилж олсон орлогоор бүртгэж, 1,351,910,905.0 төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан зөрчил гаргасан байна.

3.4.Дээрх зөрчлийг дүгнэвэл И* э*** к*********ХХК нь 2018 онд 786,731,690.00 төгрөгийн, 2019 онд 517,835,637.09 төгрөгийн нийт 1,304,567,327.09 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, татвар ногдох орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно;” 7.3.1-д “үйл ажиллагааны орлого”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:” 8.1.1-т “Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг тус тус зөрчсөн.

3.5.Татварын улсын байцаагч нар 2018 оны дутуу тайлагнасан 786,731,690.00 төгрөгийн борлуулалтын орлогоос тайлант хугацаанд урьдчилж гарсан зардлаар бүртгэсэн баримтаар нотлогдож байгаа 757,181,700.55 төгрөгийн, 2019 оны дутуу тайлагнасан 517,835,637.09 төгрөгийн борлуулалтын орлогоос тайлант хугацааны урьдчилж гарсан зардлаар бүртгэсэн баримтаар нотлогдож байгаа 479,387,705.34 төгрөгийн өртгийг хасаж үлдэх 2018 оны 29,549,920.45 төгрөгийн, 2019 оны 38,447,931.75 төгрөгийн нийт 67,997,852.20 төгрөгийн зөрчилд татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.

3.6.Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:” 7.4.1-д “үйл ажиллагааны орлогод", мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдуулсан:” 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг баримтлан зөрчлийн тооцооллыг 2020 оны дутуу тайлагнасан 975,334,220.00 төгрөгийн борлуулалтын орлогоос тайлант хугацааны төлбөрийн баримтаар нотлогдож байгаа 884,394,427.41 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртгийг хасаж үлдэх 90,939,792 60 төгрөгийн зөрчилд нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.

3.7.И* э*** к*********ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2018 онд борлуулалтын орлогыг 786,731,690.00 төгрөг, 2019 онд 517,835,639.09 төгрөг, 2020 онд дутуу тайлагнасан 975,334,220.00 төгрөгийн борлуулалтын орлогоос тайлант хугацааны баримтаар нотлогдож байгаа 884,394,427.41 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртгийг хасаж үлдэх 90,939,792.60 төгрөгийг тусгаагүй нь татварын албанд ирүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нотлогджээ.

3.8.Энэхүү зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна;” 7.1.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж зааснаас үзэхэд Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан байх тул 2018 онд 786,731,690.00 төгрөгийн, 2019 онд 517,835,637.09 төгрөгийн, 2020 онд төгрөгийн 90,939,792.60 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан зөрчилд 139,550,711.97 төгрөгийн нөхөн татвар, 41,865,213.59 төгрөгийн торгууль, 27,196,265.02 төгрөгийн алданги, нийт 208,612,190,58 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

 3.9.Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын хавсралт “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо”, “Хугацаандаа төлөөгүй 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татварт торгууль, алданги ногдуулсан тооцоо”, 2018 оны татвар төлөлтийн баримтаас үзэхэд оны эхэнд төлөгдөөгүй үлдэгдэл дээр тайлант оны ногдлыг нэмж гарсан дүнгээс төлсөн татварыг хасаж сар бүрийн төлөөгүй татварын дунг гаргаж хугацаа хэтрүүлсэн гэж үзэж 13,849,565.40 төгрөгийн торгууль, 21,660,975.80 төгрөгийн алданги, нийт 35,510,541.20 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана", 16.1.1-д "Тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө", Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д "Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт...алданги тооцох ... үндэслэн тогтооно", 73.1.1-д "Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монгол банкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар", 73.2-т "Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно; 73.2.1. татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор” гэж заасантай нийцжээ.

 3.10.Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг "Татварын хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно". Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" гэж заасныг тус тус үндэслэн хуулийн хугацаанд төлөөгүй 13,849,565.0 төгрөгийн торгууль, 21,660,975.80 төгрөгийн алданги, нийт 35,510,541.20 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хуульд нийцсэн байна.

3.11.Ингээд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар И* э*** к*********ХХК-ийн зөрчилд 155,444,476.46 төгрөгийн нөхөн татвар, 60,482,908.33 төгрөгийн торгууль, 51,322,116.35 төгрөгийн алданги нийт 267,249,501.14 төгрөгийн төлбөр ногдуулсан нь дээр дурдсан хуульд нийцжээ.

3.12. Хариуцагч нар нь Хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Эрсдэлийн Удирдлагын газраас эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх 2621902574 тоот томилолтын дагуу Татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журмыг баримталж ажилласан, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Татварын улсын байцаагч Б.Б********, Д.Э******** нарын үйлдсэн 26210000102 дугаар нөхөн ногдуулалтын актыг И* э*** к*********ХХК-д шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хяналт шалгалтын журам зөрчсөн талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр И* э*** к*********ХХК-иас гаргасан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НА-26210000102 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1, 73 дугаар зүйлийн 73.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.3, 8 дугаар зүйлийн 8.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д зааснаар  Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НА-26210000102 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч И* э*** к*********ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН