Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0044

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.. ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0791 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М..гийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч М.. ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М..

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э.., Г.Э...

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У....,

 

Хэргийн индекс: 128/2022/0543/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0791 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан М.. ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад  холбогдох М.. ХХК-ийн ХV-19909 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нөхөн тооцохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8/210 тоот хариу хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нь нөхөн тооцохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М.. дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чигүүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцпах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” гэж заасан. Харин тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухайд мөн хуулийн 22 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан байна. Нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй учраас энэхүү шүүхийн маргаанаас тусдаа нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0791 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад бүрдүүлэх баримт дутуу гэх үндэслэлээр хариуцагч татгалзаж улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Урьд нь шийдвэрлэгдэж, шүүхээс дүгнэгдсэн асуудлаас энэхүү нэхэмжлэлийг ялгахгүйгээр дүгнэлт хийсэн.

Харин дахин олгох гэдэг энэхүү хууль зүйн нэр томьёоны хүрээнд хариуцагч байгууллага өмнө манай тусгай зөвшөөрлийн 2 дах жилийг нөхөн тооцож өгч байсан. Дахин олгох гэх энэхүү хуулийн зохицуулалт нь сунгахаас ялгаатай болно. Ердийн журмаар зөвшөөрлийн хугацаа дуусаж, түүнийг сунгахад хамаарна. Харин шүүхийн маргаантай холбоотойгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тусгай зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүй үед нөхөн тооцож байгаа нь дахин олгох зохицуулалтад хамаарна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй тохиолдолд буруу тайлбарлан хэрэглэсэн ба 11 дүгээр зүйлийн 11.1.15 дах заалтыг хэрэглэх ёстой байсан.

Тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 03-ний өдөр дуусах байсан. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч руу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2021/01 дугаартай албан бичгийг хүргүүлж улмаар талуудын хооронд шүүхийн маргаан үргэлжилсэн байдаг. Энэ үед хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3-д заасан баримт бичигтэй холбогдуулж тусдаа шүүхийн маргаан хянан хэлэлцэгдэж байгааг мэдсэн. Гэтэл шүүх хавтаст хэргийн 109 дэх талд авагдсан баримтыг үнэлэлгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дугаарт 10 сар 19 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3-д заасан баримт бичигтэй холбогдуулж тусдаа шүүхийн маргаан хянан хэлэлцэгдэж байгааг хариуцагчид мэдэгдсэн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн болно.

Түүнчлэн 3 дах жилийн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн асуудлаар шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааныхэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0791 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. М.. ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулж, “ХV-19909 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нөхөн тооцохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8/210 тоот хариу хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нь нөхөн тооцохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх “...тусгай зөвшөөрлийн төгөлдөр хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болохоор байхад хуульд заасан хугацааны дотор хүсэлтээ ирүүлээгүй, ... 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоо “...шүүхийн маргаантай холбоотойгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тусгай зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүй үед нөхөн тооцож байгаа нь дахин олгох зохицуулалтад хамаарна, нэхэмжлэгч хариуцагч руу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2021/01 дугаартай албан бичгийг хүргүүлж улмаар талуудын хооронд шүүхийн маргаан үргэлжилсэн байдаг. Энэ үед хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3-д заасан баримт бичигтэй холбогдуулж тусдаа шүүхийн маргаан хянан хэлэлцэгдэж байгааг мэдсэн, 3 дах жилийн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн байхад шүүхээс дүгнэлт хийгээгүй” гэж маргажээ.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гээд 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2-д “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж тус тус заажээ.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа тооцох тухай” 127 дугаар шийдвэрээр Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 419 дүгээр тогтоолыг үндэслэн М.. ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019909 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож, 2 дахь жилийн төлбөрийг шилжүүлэн тооцсон байна.

8. Үүний дараа нэхэмжлэгчээс Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан “2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох, уг менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 523 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

9. Дээрх үйл баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч М.. ХХК нь хуульд заасан хугацаанд багтаж Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу өргөдлөө, хавсаргах баримтуудын хамт төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, түүнчлэн нэхэмжлэгчээс “2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг 3 шатны шүүх хянаж, хэрэгсэхгүй болгосноор уг баримтыг хавсаргаж, өргөдлөө гарган хугацааг сунгуулах боломжгүй болсон байх тул нэхэмжлэгчийн ХV-19909 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах үндэслэлгүй байна.

10. Өөрөөр хэлбэл, зөвхөн тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг төлснөөр сунгах үндэслэл болохгүй тул хуульд заасан бусад шаардлагыг хангаагүй байхад “3 дахь жилийн төлбөрийг төлсөн” гэх үндэслэлээр хугацааг нөхөн тооцох боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...3 дах жилийн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн байхад шүүхээс дүгнэлт хийгээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-д заасан “дахин олгох” агуулгад хугацаа нөхөн тооцох багтаж байгаа...” гэх гомдлыг хангах боломжгүй.

11. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0791 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М..гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН       

             ШҮҮГЧ                                                                Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ