Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/01624

 

 

 

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/01624

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө, МИС-236 тоот хаягтай, рд:5626919, ************** ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 13 хороо, Хөх сувд хороолол, 502 байр, 34 тоот хаягтай, рд:6253431, ******* ******* ******* ХХК-д холбогдох,

 

ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 22 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* нар оролцож,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* Хайрхан Өргөө ХХК хариуцагч ******* Цохио Констракшн ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд ... ******* ******* ******* ХХК нь 2020 оны 06 сарын 10-ны өдөр Бүргэд ******* ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрнөх хороолол орон сууцны Б блок 450 м.кв барилга угсралтын ажил гүйцэтгэсэн. Захиалагчаар Бүргэд ******* ХХК гүйцэтгэгчээр ******* ******* ХХК оролцох болсон. ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгчээр ажиллах болсон. Гэрээний үнийн дүн 27,000,000 төгрөгөөр ******* ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-тай харилцан тохиролцсон. Уг барилгын ажлыг ******* ******* ******* ХХК нь гэрээнд заасны дагуу чанартай хийж гүйцэтгэсэн болно. Гэтэл ******* ******* ХХК нь гэрээнд заасан төлбөрийн үүргээ биелүүлэхгүй байна. 2020 оны 11 сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг өгсөн бол үлдэгдэл 22,000,000 төгрөгийг төлбөрийг төлөлгүй өдийг хүрч байна. Иймд ******* ******* констрашн ХХК-иас 22,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...манай байгууллага нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Яагаад гэвэл тухайн барилгын ажлын үлдэгдэл төлбөр болох 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөгийн оронд Япон оронд үйлдвэрлэгдсэн гаалийн мэдээлэлтэй алмазан шигтгээтэй бөгжөөр тус төлбөрийг бүрэн тооцохоор харилцан тохиролцож төлбөр барагдуулсан. Тухайн бөгж нь зах зээлийн үнэлгээ нь 25,000,000 төгрөгний үнэ бүхий үнэт эдлэл болно. Тиймээс талууд харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлж нэг талаас гэрээний үүрэг дуусгавар болгохоор тооцож ажлаа хийсэн нөгөө талаас тухайн төлбөрийг бүрэн төлсөн гэдгээ илэрхийлж 2021-12-06-ны өдөр өөрийн гарын үсэгтэй /О.Амартайван/ нь 25,000,000 төгрөгийн бөгж аваад явав гэж баталгаа гаргаж үйлдлээ хийж дуусгавар болгосон тул хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд төлбөр барагдсан гэж үзэж байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/

2020.06.10-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 5-9 дүгээр тал/

2020.09.29-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ /хэргийн 10-12 дугаар тал/

************** ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 13-15 дугаар тал/

Ю.Амартайваны иргэний үнэмлэх /хэргийн 16 дугаар тал/

Ю.Амартайваны Хаан банкны дансны хуулга /хэргийн 17 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 18-19 дүгээр тал/

Мобиком корпораци ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 33 дугаар тал/ нотлох баримтуудыг

 

5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 21 дүгээр тал/

******* Цохио Констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 25 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 26 дугаар тал/

Ю.Амартайваны гар бичмэл /хэргийн 28 дугаар тал/ нотлох баримтууд

 

Шүүхээс бүрдүүлсэн

Үзлэгийн тэмдэглэл /хэргийн 36-59 дүгээр тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... барилгын ажлыг гэрээнд заасны дагуу чанартай хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Гэтэл ******* ******* ХХК нь гэрээнд заасан төлбөрийн үүргээ биелүүлэхгүй, 2020 оны 11 сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөг өгсөн, үлдэгдэл 22 000 000 төгрөгийг төлбөрийг төлөлгүй өдийг хүрч байна. Мөнгө нэхэхээр хариуцагчийн захирал энэ бөгжийг түр авч бай гээд өгсөн болохоос төлбөртөө тооцож авъя гэсэн асуудал яриагүй, энэ бөгжнийхөө асуудлыг шийдье ав гэхээр авахгүй гэдэг.. гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ... тухайн барилгын ажлын үлдэгдэл төлбөр болох 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөгийн оронд Япон оронд үйлдвэрлэгдсэн гаалийн мэдээлэлтэй алмазан шигтгээтэй бөгжөөр тус төлбөрийг бүрэн тооцохоор харилцан тохиролцож төлбөр барагдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. 2020 оны 9 сарын 29-ны өдөр талуудын хооронд Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ************** ******* ХХК Баянзүрх дүүрэг, 19 хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Өрнөх хороолол хотхоны 105 айлын 16 давхар орон сууцны барилгын Б блокын зоорийн давхрын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч буюу хариуцагч ******* ******* ******* ХХК ажлын хөлсийг 1м2 ажлын хөлс 60 000 төгрөгөөр тооцож 450м2 талбай нийт 27 000 000 төгрөгийн хөлсийг ажлыг 100 хувь хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гүйцэтгэгч талд төлөхөөр тохиролцсон нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 10-12 дугаар тал/

 

7. Энэ нь нэхэмжлэгч ************** ******* ХХК, хариуцагч ******* ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

8. Дээрхи гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  талуудын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

9. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

        

10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч буюу хариуцагч ******* ******* ******* ХХК уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй.

 

11. хариуцагч ажлын үр дүн хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... 2020 оны 10 сарын 11 өдөр хүлээлгэж өгөөд тэр өдрөө 5 000 000 төгрөг өгсөн... гэх тайлбараар ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ.

 

12. Нэхэмжлэгч ...ажлын хөлсний үлдэгдэл 22 000 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...25 000 000 төгрөгийн үнэ бүхий бөгж хөрөнгөөр хөлс төлөх үүргээ биелүүлж гэрээг дуусгавар болгосон... гэж тайлбарлан маргаж байна. /хэргийн 26, 28 дугаар тал/

 

13. Энэхүү зохигчдын тайлбар баримтаар талууд ажлын хөлс төлөх хэмжээний талаар маргаагүй, харин хөлс төлөх арга журмын талаар маргасан гэж үзнэ.

 

14. Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 344 дүгээр зүйлийн 344.1, талуудын хооронд байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлд зохигчид ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга журам, хугацааг тохиролцсон байна.

 

15. Тодруулбал гэрээний 3.1-д ...төлбөр тооцооны нөхцөл 1м2 ажлын хөлсийг 60 000 төгрөгөөр компаний гаргасан тарифийг үндэслэн тооцно. Нийт 450м2 талбайн үнэ 27 000 000 төгрөгөөр тооцно..., гэрээний 3.3.-т ...гүйцэтгэлийн төлбөрийг захиалагч тал ажлыг 100 хувь хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гүйцэтгэгч талд олгоно, дээрх хугацаанд үнийн дүнг олгоогүй тохиолдолд захиалагч тал хариуцан алданги дүнтэй нь хохирлыг бүрэн барагдуулна... гэж тохиролцжээ. /хэргийн 10 дугаар тал/

 

16. Гэрээнд ажлын хөлсийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон, ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ажлын хөлсөө гэрээгээр тохиролцсон хэлбэрээс өөрөөр буюу эд хөрөнгөөр гүйцэтгэсэн хариу үүргийг хүлээн зөвшөөрөөгүй, тухайн баримтад ...25-н сая төгрөгийн бөгж аваад явав. 2021.12.06-нд Амартайван.. гэсэн бичилт бүхий баримт байх ба ажлын хөлс төлбөрт тооцсон тухай ямар нэг утга илэрхийлээгүй байх тул хариуцагчийн ...25 000 000 төгрөгийн үнэ бүхий бөгж хөрөнгөөр хөлс төлөх үүргээ биелүүлсэн... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

17. Хариуцагч ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 22 000 000 төгрөгийг төлөөгүй хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гар утас дахь мессэж захидалд үзлэг хийсэн тэмдэглэл баримтаар тогтоогдож байна. /хэргийн 36-59 дүгээр тал/

 

18. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 347 дугаар зүйлийн 347.1, 351 дүгээр зүйлийн 351.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 22 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 267 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

20. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбатад шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд ямар нэг хүсэлт баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв. /хэргийн 84-85 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг ажлын хөлс 22 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 267 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 267 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ