Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01308

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                      

                         “МӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/01624 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “МӨ” ХХК-ийн хариуцагч “ХЦК” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “ХЦК” ХХК 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “БК” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Баянзүрх дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрнөх хороолол орон сууцны Б блок 450 м.кв барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. “МХӨ” ХХК-ийн хувьд “ХЦК” ХХК-тай барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээг байгуулж, 27,000,000 төгрөгөөр ажлын хөлсийг тохиролцсон. “МХӨ” ХХК барилгын ажлыг гэрээнд заасны дагуу чанартай хийж гүйцэтгэсэн. Гэтэл “ХЦК” ХХК гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 22,000,000 төгрөгийг төлөөгүй. Иймд “ХЦК” ХХК-аас 22,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Барилгын ажлын үлдэгдэл төлбөр 22,000,000 төгрөгийн оронд Япон Улсад үйлдвэрлэгдсэн гаалийн мэдээлэлтэй алмазан шигтгээтэй бөгжөөр төлбөрийг бүрэн тооцохоор харилцан тохиролцож төлбөр барагдуулсан. Бөгжний зах зээлийн үнэлгээ нь 25,000,000 төгрөг бөгөөд талууд харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлж 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “О.А 25,000,000 төгрөгийн бөгж аваад явав” гэж баталгаа үйлдсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:  Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “ХЦК” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг ажлын хөлс 22,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МӨ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 267 950 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 267 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Шүүх иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан атлаа талуудыг ирж уулз гэж удаа дараа шүүгчийн туслахаар яриулсан. Хууль ёсны төлөөлөгч нь байсаар байхад шүүх гэнэт дуудаж уулз гэж байгаа нь шийдвэр гаргах ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

4.2. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С нь шүүгчийн туслах болон нарийн бичгийн даргад уламжлан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон эвлэрүүлэн зуучлах дээр ажиллагаанд байж байгаад гарсан, замдаа явж байна, очиж байна гэж хэлсэн. Замын түгжрэл дунд байгаагаа илэрхийлж хэлсэн боловч шүүх энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авахгүйгээр шийдвэр гаргасан. Хариуцагч талаас тухайн үед гэрч асуулгах хүсэлтээ гаргаж талуудын хооронд байгуулсан гэх гэрээнд гэрчийн мэдүүлэг авахуулах, тухайн төлбөр төлөөгүй үүрэгтэй холбоотойгоор нотолгооны ач холбогдол бүхий гэрчүүдээ аваад очиж байсан. Гэвч шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний талаар шүүх хуралдаан болохоос өмнө дүгнэлт хийчихсэн байгааг харуулж байна.

4.3.  Гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтаар үнэлэгддэг бөгөөд шүүх үүнийг хэргийн материалд цугларсан бусад нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр шүүх хуралдааны нотлох баримт үнэлэх шатанд дотоод итгэлээрээ үнэлнэ гэсэн хуулийг заалтыг ноцтой зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: МӨ ХХК нь ХЦК ХХК-ийн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Хариуцагч талаас ажлын хөлсөнд 25,000,000 төгрөгийн бөгж өгсөн гэж ярьдаг боловч гэрээнд ажлын хөлсийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон. Ажлын хөлсийг гэрээгээр тохиролцсон хэлбэрээс өөрөөр гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч 25,000,000 төгрөгийн бөгжөө буцааж авдаггүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж хэлсэн. Манай талаас эвлэрэх боломжгүй гэдгээ тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            2. Нэхэмжлэгч “МӨ” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “ХЦК” ХХК эс зөвшөөрч маргажээ.

3. “МӨ” ХХК 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “ХЦК” ХХК-тай ...................ийн зоорийн давхрын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тухай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгч, хариуцагч  ажлын хөлс 27,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөг төлсөн нь тогтоогджээ. /хх10-12, 17/

            4. Зохигчид ажлын үр дүнг хүлээн авсан, ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтын талаар маргаагүй, үлдэгдэл төлбөр төлөгдсөн эсэхт маргаантай байна.

            Хариуцагч ажлын үлдэгдэл төлбөр 22,000,000 төгрөгт Япон Улсад үйлдвэрлэгдсэн алмаазан шигтгээтэй бөгжийг өгч төлбөр тооцоог дуусгасан гэж тайлбарласан.

            Хэргийн  28 дугаар талд авагдсан “... 25 сая төгрөгийн бөгж аваад явав, 2021.12.06-нд А гэсэн гарын үсэгтэй” гэх баримтаас тус бөгжийг ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 22,000,000 төгрөгт тооцож авсан гэх агуулга харагдахгүй байна. Мөн гэрээ “МӨ” ХХК, “ХЦК” ХХК-ийн хооронд байгуулагдсан бөгөөд уг баримтад хуулийн этгээдийн албан ёсны тамга дарагдаж, эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй байхын зэрэгцээ гэрээний дагуу ажлын хөлсөнд төлөгдсөн агуулга тусгагдаагүй байна.

           Анхан шатны шүүх дээрх баримтын талаар “ажлын хөлс төлбөрт тооцсон тухай ямар нэг утга илэрхийлээгүй байх тул хариуцагчийн 25,000,000 төгрөгийн үнэ бүхий бөгжөөр хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

            Түүнчлэн шүүхээс талуудын хооронд харилцаж байсан зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэл нь хариуцагчийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт Япон Улсад үйлдвэрлэгдсэн алмаазан шигтгээтэй бөгж өгснөөр төлбөр тооцоо дуусгавар болсон гэх тайлбарт эргэлзээ төрүүлж байна. /хх36-59/

            Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 22,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

             5.а. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С-д 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх84, 85/

             5.б. Уг хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгч, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсан байна. Шүүх хуралдаан талуудын хүсэлтээр удаа дараа хойшлогдож байсан, энэ хугацаанд хариуцагчийн зүгээс гэрч асуулгах, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан байна. Хэргийн оролцогч хуульд заасан эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй явдалд шүүхийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. /хх20, 23/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/01624 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦОГТСАЙХАН

                                           ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

                                                                                              А.МӨНХЗУЛ